Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/00335 

 

2022 оны 02 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2022/00335 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ..................... оршин суух Я овогт Т-ын Б /РД:............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Бовогт А-ны О /РД:............../-д холбогдох

гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б-ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Бадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2007 онд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Есүйдарь төрсөн. 2015 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Эвлэрэх хугацаа авах хүсэлгүй. Мөн эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн маргаангүй. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 онд охин Б.Е төрсөн. Бид бие биенээсээ хол амьдардаг байсан учир салах болсон. 2015 оноос хойш тусдаа амьдарч, одоо хэн аль нь өөр хүнтэй амьдарч байгаа учир эвлэрэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч Т.Б-аас зохигчдын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б х нь хариуцагч А.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.Б, А.Онар 2005 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Е төрсөн төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

3.Гэрлэгчид бие биенээсээ хол амьдардаг байсны улмаас тэдний хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар 2015 оноос хойш тусдаа амьдарч, энэхүү хугацаанд хэн аль нь өөр хүнтэй амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

4.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан охин Б.Е-йг эх А.О-гийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

Зохигчид хүүхдийн саналыг асуухгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүнчлэн гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул шүүх хүүхдийн саналыг зайлшгүй асуух шаардлагагүй гэж үзэв.

5. Хариуцагч А.О хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

6.Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я овогт Т-ын Б, Б овогт А-ы О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Е-ийг эх А.О-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Хариуцагч А.О нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-агаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-ад олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ