Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00575

 

 

 

 

 

 

2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/00575

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ё.М

 

Хариуцагч: Б.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 80 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.М  нь Б.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Б.Х  нь надтай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 107 тоот зээлийн гэрээг байгуулж, 35 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Дээрх зээлийг хямд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэрэг гараад байна, түүнийг аваад нэрээ шилжүүлээд шууд банкинд тавьж, зээл авч, буцаан төлнө гэж авсан. Хариуцагч нь хугацаандаа мөнгө, хүүгээ өгч амжихгүй байна гээд зээлийн гэрээний хугацааг сунгах санал гаргасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг сунгасан. Гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлнө гэсэн боловч зээл хөөцөлдөж байна, газраа зарж байна, энэ сардаа бүтнэ гэх мэтээр аргацааж сүүлдээ утсаа авахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Б.Х аас үндсэн зээлийн төлбөр 35 000 000 төгрөг, 8 сарын зээлийн нийт хүү 28 000 000 төгрөг, зээлийн эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 17 500 000 төгрөг, нийт 80 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.М гаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 35 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн бөгөөд тухайн сарынхаа хүүг төлсөн. Үүнээс хойш зээлээ төлөх боломжгүй болж Ё.Мөнзаяад “зээлээ төлж чадахгүй нь газар авах уу, би газраа таны нэр лүү шилжүүлээд өгье, аль эсвэл газраа зараад мөнгийг нь өгье” гэсэн саналыг тавьсан боловч зөвшөөрөөгүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 9 дүгээр сард Б.Х ыг лагер дээрээ байхад Ё.М  нь очиж, зээлийн гэрээний сунгалт дээр хүчээр гарын үсэг зуруулсан. Тиймээс үндсэн зээл 35 000 000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

  1.  Нэхэмжлэгч талаас, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 107 дугаар зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21/09 дүгээр зээлийн гэрээний сунгалт, тус гэрээний хавсралт, Ё.М гийн Хаан банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, бараа худалдан авсан баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Х  нь надтай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 107 тоот зээлийн гэрээг байгуулж, 35 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч нь хугацаандаа мөнгө, хүүгээ өгч амжихгүй байна гээд зээлийн гэрээний хугацааг сунгах санал гаргасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг сунгасан. Иймд Б.Х аас үндсэн зээлийн төлбөр 35 000 000 төгрөг, 8 сарын зээлийн нийт хүү 28 000 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг, нийт 80 500 000 төгрөгийг гаргуулна” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Үндсэн зээл 35 000 000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 9 дүгээр сард хариуцагч Б.Х ыг лагер дээрээ байхад нэхэмжлэгч Ё.М  нь очиж, зээлийн гэрээний сунгалт дээр хүчээр гарын үсэг зуруулсан” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 107 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Ё.М  нь 35 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй Б.Х зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд хариуцагч гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний зүйлийг хүлээн авсан эсэхэд маргаагүй. 

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. 

 

Талууд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг сунгасан агуулга бүхий хэлцэл байгуулж, “...зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаагаар зээлийн хүүг үндсэн гэрээний дагуу сарын 10 хувийн хүүтэйгээр, ...сунган байгуулав” гэж тохиролцсоныг шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв. 

 

Мөн талууд зээлийн гэрээний сунгалтын 1.4 дэх заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Х аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 35 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл буюу 8 сарын хүү 28 000 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг нийт 80 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 560 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.М д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Х аас 80 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.М д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 560 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.М д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ