Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
Хэргийн индекс | 2009009380246 |
Дугаар | 2021/ДШМ/291 |
Огноо | 2021-03-23 |
Зүйл хэсэг | 27.10.2.4., |
Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/291
2021 3 23 2021/ДШМ/291
Б.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч Ш.Ба, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Атын өмгөөлөгч А.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Ба-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Сд холбогдох эрүүгийн 2009 00938 0246 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Б-ны С, ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Заан” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл ............. хамт ...................... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “World Market” худалдааны төвийн доод давхарт байрлах “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байрлуулсан Ш.Ба-ын эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас угаалгахаар байрлуулсан Э.Бо-ийн эзэмшлийн “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай, Ш.Ба-ын эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эзэмшлийн “Hyundai Elentra” загварын, 51-29 УБӨ улсын дугаартай, “И трейд” ХХК-ийн эзэмшлийн “Nissan Sunny” загварын, 92-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 62.281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н овогт Б-ны Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ны Сд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийтгэж, шүүгдэгч Б.Сд шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дугаар хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “И трейд” ХХК-иас 2.490.000 /хоёр сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.А-д олгон, хохирогчийн нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 7.794.101 /долоон сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Ш.Ба давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Сд оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдол, санал байхгүй. Харин иргэний хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэл /хохирол/-ийг хэрэгсэхгүй болгосон, хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Шүүгдэгч Б.С, иргэний хариуцагч Д.Ат нартай байгуулсан “Эвлэрлийн гэрээ” гэдэг нь зөвхөн 20.180.000 төгрөгийн үнэлгээнд үндэслэж хийгдсэн. Гэрээнд заасан хугацаа хуваарийн дагуу төлөх 1 тохиролцоо юм. Түүнээс биш өмнөх шүүх хурал дээр нэхэмжилж байсан 46.936.620 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээс татгалзаж гэрээ байгуулаагүй. Харин ч эсрэгээрээ би зээлийн үлдэгдэлтэй, машингүй, байр барьцаанд үлдлээ. Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн хүүгээ гаргуулна гэж хэлж байсан. Үүнийг иргэний хариуцагч шүүх хурал дээр өөрөө гэрчилсэн. Хүүнд төлсөн 7.794.101 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөг, нийт 9.794.101 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулан шийдвэрлээгүй шийтгэх тогтоолд гомдолтой байна. Машин хэвийн ажиллаж өдөр болгон олох орлогоо олж байсан бол надаас ийм хохирол нэмж гарахгүй, эсрэгээрээ зээлээ төлчихөөд машинаа өмчлөөд дээр нь тогтмол орлоготой ямар ч асуудалгүй байх байлаа. Харин ч энэ асуудлаас болж стресстэж, бухимдаж эрүүл мэндээрээ хохирсноо нэхэмжлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 9.794.101 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ш.Ба-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Ба нь 2019 онд “Үнэнч итгэл” банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн байрыг барьцаалж “Таван толгой” ХХК-тай өдрийн 150.000 төгрөгийн хөлсөөр машин түрээсэлж ажил үйлчилгээ явуулах зорилгоор “Toyota Land cruiser 100” загварын автомашиныг худалдаж авсан. Энэ машинаар ажил, үйлчилгээ гүйцэтгэж орлого олж явсан нь дансны хуулгаар бүрэн тогтоогдож байна. Зээлийн дансны хувьд ямар хугацаатай ямар хэмжээний зээл авч хэдэн төгрөг төлөх талаар бичсэн байгаа. Үндсэн мөнгийг нэхэмжлээгүй зөвхөн хүү төлсөн, хугацаа хэтэрсэн мөнгийг нэхэмжилсэн. Осол гарсан 3 сараас хойш зээлийн гэрээ доголдож ийм нөхцөл байдал бий болсон. Б.Сийн гэм буруутай үйлдэл, иргэний хариуцагчийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон. Иргэний хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байгаа эвлэрлийн гэрээ гэдэг нь зөвхөн автомашины хохирол дээр тохиролцсон тохиролцоо байгаа юм. Прокурорын зүгээс автомашины хохирлыг төл гэсэн шаардлагын үүднээс 14.680.000 төгрөгийн хохирол дээр тохиролцож хугацаа тохирч гэрээ байгуулсан. Өөр бусад олох ёстой орлого, учирсан хохирол зэрэгтэй холбоотой гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “иргэний хариуцагч банк бус санхүүгийн байгууллагын хүү бусад хохирлыг танаар гаргуулна” гэж ярьж байсан. Өмгөөлөгчийн 2.000.000 төгрөгийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж үүний дагуу 2.000.000 төгрөг төлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогчид гаргах ёстой төлбөр байхад гаргаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 9.794.101 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Атын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ат Төв аймагт байдаг тул анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, эвлэрлийн гэрээг 3 тал харилцан тохиролцож хуулийн дагуу нотариат дээр байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Гэрээнд гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж хохирлын мөнгө хүлээн авах тухай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гараар бичсэн нотариатаар батлуулсан гэрээгээр Ш.Ба өөрөө бичиж гарын үсэг зурсан. Гэрээг байгуулсны дараа хэн нэг тал нь өөрөөр тайлбарлах нь утгагүй. Ийм учраас гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул 9.794.101 төгрөгийг нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Баримтаас үзэхэд энэ хохирол нь үндэслэл бүхий бодит хохирол мөн эсэх нь эргэлзээтэй. Иргэний хариуцагч тал ямар нэг гомдол санал гаргаагүй. Хохирогч гомдол гаргасан тул иргэний хариуцагч мөн биш эсэх асуудалд товч тайлбар хэлмээр байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан. Үүнийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээ буюу алба тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн заавар журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байгаа үйл явцыг ойлгодог. Ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад хамаарах бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй үүрэгт хамаарахгүй гэсэн тайлбар байна. Машин угаагчийн ажлын байранд ажиллаж цалин авч байсан Б.С нь ажилтны хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй ажил буюу угаалгаж байсан тээврийн хэрэгслийг эзэн нь түлхүүрээ түүнд шилжүүлсэн учир энэ гэмт хэргийг үйлдсэн. Түүнд хамааралгүй угаагч ажилтай машин хөдөлгөх эрхгүй хүн байсан. Иймд Иргэний хуулийн тайлбараар бол Д.А иргэний хариуцагч мөн биш эсэх асуудал нь эргэлзээтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэх заалтаар хариуцлагаас чөлөөлж болно. Хохирогч өөрөө машинаа угаалгад оруулчихаад түлхүүрээ угаагч Б.Сд өгөөд явсан. Энэ үйлдлээс болж энэ хэрэг гарсан гэж үзэх үндэслэл бодит байдалд харагдаж байна. Иргэний хуулийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх ёстой байсан. Түлхүүрээ шилжүүлсэн машин эзэмшигч өөрөө сайн дураараа түлхүүрээ өгч хөдлөхийг зөвшөөрсөн байхад энэ хүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа бол хохирогч өөрөө хохирогч биш иргэний хариуцагч байх боломжийг шүүх харгалзаж үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг мөн эсэх эргэлзээтэй. Прокуророос эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байж болох юм үүнийг шалгаарай гэхэд үүнийг мөрдөгч шалгаагүй. Эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүх хуралдаанд дээр яригдсан Ш.Батай холбоотой баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж шийдвэрлэсэн. Тухайн баримтад хохирогчийн олж болох байсан орлогыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь энэ хүний эрх зүйн байдал болон хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гарсан гэж үзэж байна. Б.Сийн ажиллаж байсан “Заан” авто угаалгын газрыг иргэний хариуцагчаар татсаныг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ш.Ба-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “World Market” худалдааны төвийн доод давхарт байрлах “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байрлуулсан Ш.Ба-ын эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас угаалгахаар байрлуулсан Э.Бо-ийн эзэмшлийн “Lexus 570” загварын, 10-26 УБӨ улсын дугаартай, Ш.Ба-ын эзэмшлийн “Toyota Land cruiser 100” загварын, 48-88 УБК улсын дугаартай, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эзэмшлийн “Hyundai Elentra” загварын, 51-29 УБӨ улсын дугаартай, “И трейд” ХХК-ийн эзэмшлийн “Nissan Sunny” загварын, 92-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 62.281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ш.Ба-ын “...Тэгтэл 11 цагийн үед угаалга хариуцдаг залуу нь утсаар яриад ороод ирээч жижигхэн асуудал гарчихлаа гэхээр нь яваад ортол миний “Toyota Land cruiser 100” загварын авто машинаар урд талд зогсож байсан “Lexus 570” загварын авто машиныг мөргөөд урд талд байсан 2 суудлын машиныг мөргөж хохирол учруулсан байсан...” /хх 32-33/,
хохирогч О.Ч-ний “... Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн.. машин болох “Nissan Sunny” загварын 92-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Заан” авто угаалгын газар угаалгах гээд оруулж тавьсан. Цагийн дараа машинаа авах гээд ирэхэд мөргүүлж цагдаа нар ирсэн байсан...” /хх 43/,
иргэний нэхэмжлэгч Б.З-О-ын “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 11 цагийн орчим албаны хэрэгцээнд унаж ашигладаг “Hyundai Elentra” загварын 51-29 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгахаар “Заан” авто угаалгад оруулж өгсөн. ...Тэгтэл 11 цагийн үед угаалга хариуцдаг залуу нь утсаар яриад ороод ирээч жижигхэн асуудал гарчихлаа гэхээр нь яваад ортол угаалгаж байсан “Toyota Land cruiser 100” загварын авто машин хөдлөөд урд талынхаа машиныг мөргөөд уг машин нь урагшаа болж миний машины араас мөргөөд зогсоолд зогсож байсан машины баруун хаалга руу нь миний машин мөргөсөн байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /8-16/,
зам тээврийн осол, хэргийн үзлэгээр нөхөн тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /96-99/,
камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар өнгийн жийп машины зүүн урд талын хаалга онгойж жолооч нь сууж машин урагшаа хөдлөх үед ...эхний хөдөлсөн хар өнгийн жийп машины араас мөргөж урдаа зогсож байгаа хар өнгийн суудлын автомашины араас мөргөж байгаа нь ...хар өнгийн суудлын автомашины урдаа хөндлөн зогсож байсан цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөж байгаа нь тус тус бичигдсэн байлаа...” /хх 19/ гэх тэмдэглэл,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх 52-57, 65-66/,
“Кости-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх 58-62/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Хохирогч Ш.Ба “...зээлийн хүү болон өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 9.794.101 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгын газраас баталсан журмын дагуу төсвөөс санхүүжигдэх зардал тул дээрх талуудын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг энэхүү зардалд хамааруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх хохирогч Ш.Ба-ын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 7.794.101 төгрөгийг “...олох ёстой байсан орлого...” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Ба-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Ба-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ