Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0352

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: Д.Агар

шүүгдэгчийн   өмгөөлөгч:  И.Хонгор

Хохирогч Э.Энхбаатар

шүүгдэгч: Ц.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цэрэндоржийн Анхбаярт холбогдуулж яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013814  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэрэндоржийн Анхбаяр, 1980  оны  9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор  суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, Уянга гурван Эрдэнэ ХХК-д мужаан ажилтай,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн  хамт Дархан-Уул аймгийн Шарын гол  сумын  1 дүгээр баг Хайрхан 45 дугаар байрны 4-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна, 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн  182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан  РД:ТК80092418,

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Анхбаяр нь   2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар бусдыг илтэд үл хнүдэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Э.Энхбаатарын хүзүүг зүсэж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

     Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

  Шүүгдэгч  Ц.Анхбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой найз Батаагийнхаа дуудсанаар Сансарын баарнаас найз Батааг авч гарсан. Гарч явж байхад зам дээр 2 залуу нэг эмэгтэйг унагаасан байхаар би очиж салгасан. Тэрний улмаас маргаан үүссэн. Тэгээд замын цаана байсан 2 залуу ирээд дөрөвүүлээ хоорондоо зодолдсон. Тэгээд миний толгой руу пивоны шилээр цохих гэж байхад би гараагаа хаасан. Тэгээд манай найз Батаа салгах гэж ирээд түүний бас зодож эхэлсэн. Тэгээд хагархай пивоны шил газарт байхаар нь авч эргүүлж шидсэн. Хэнийг оносон талаар мэдээгүй. Хүний хүзүүг шилээр хатгачихлаа гээд эд нартай хамт явж байсан нэг найз нь намайг барьж авсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг баригдсан гэв.

 Хохирогч Э.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2 цаг би ажлаа гарч хороололд 2 найзтайгаар хоол идээд  буцаж ажил руугаа орж орой 5.30-ийн үед Цайзын тэнд манай найзын төрсөн өдөр болоход орчиж баяр хүргэсэн. Би пиво уудаггүй учраас хамт байж байсан. Тэгээд Сансарт тавуулаа Окланд гэх бааранд орсон. Нилээн хэдэн шил архи уусан. Оройны 00 цаг болж байхад баарнаас гарч явж байхад би эхнэртэйгээ урд түрүүлж явсан. Тэгээд арагшаа харахад манай дөрвөн найз хоёр залуутай зодолдож байсан. Би очиж салгаад явах гэхэд нэг хүн араас зүссэн. Тэгээд ухаан алдаж эмнэлэгт сэрсэн. Эрүү зүссэнээс болж ам бурийсан. Одоо гэхдээ гомдол санал байхгүй гэв.    

        Хохирогч  Э.Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Миний бие хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байгаад өдөр 14.00 цагийн орчимд ажлаасаа гараад найз Нямкагийн байрных нь гадаа түүнтэй уулзах гээд 18.00 цагийн үед очсон чинь Нямка гэрийнхээ гадаа Нямдаваа, Давка нарын хамт машиндаа сууж байсан. Тэгээд бид 4 нийлээд юм яриад сууж байгаад тэр гурав 2.5 литрийн хэмжээтэй хоёр Нийслэл пиво уусан. Би өөрөө архи дарс уудаггүй болохоор тэр гуравт хань болоод л сууж байсан. Бид нарыг сууж байхад Нямаа, Цэндээ хоёр Нямаагийн улаан өнгийн Приус 20 маркийн авто машинтай хүрээд ирэхээр нь бид 4 Нямаагийн машинаар Баянцээлийн буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оакланд гэдэг баарны гадаа хүргүүлсэн. Тэгтэл Нямаа, Цэндээ хоёр хамт бааранд орохгүй ажилтай гээд яваад өгсөн. Бид нар тус бааранд ороод хүн тус бүрийн 3 шил пиво, 1 шил Болор архи аваад сууцгаасан. Тэгж байтал төд удалгүй гаднаас Нямкагийн найз Дөк, Энхүүш нар хүрээд ирсэн. Ингээд тэд нар авсан архи пивоо уугаад би архи уухгүй гээд авсан пивоо уугаад байж байтал шөнийн 00.00 цаг болоод тус баар хаахаар болсон ба би тухайн үед өөрийн эхнэрлүүгээ яриад Нямка бид хоёрыг хүрч ирээд аваатах тэгэхгүй бол хамт явж байгаа хүмүүс нь явуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар уг баарнаас гараад байж байтал манай эхнэр болон Нямкагийн эхнэр нь ирчихсэн байж байсан. Би тухайн үед эхнэрээ дагуулаад шууд харих гээд дээшээ КТМС-ийн зүг рүү явж байтал манай эхнэр би Нямкагийн эхнэрт утсаа үлдээчихсэн байна би утсаа авчихаад ирье гээд явсан. Би тэгэхээр нь тамхиа асаачихаад эргээд харсан чинь манай найзууд болох Нямка, Дөк хоёр Тунелийн нүхэн гарцны хажууд үл таних хоёр хүнтэй заамдалцчихсан зогсож байхаар нь очоод Дөкийг салгаж аваад байж байтал манай эхнэр чи яах гээд наад хүмүүстэйгээ орооцолдоод байгаа юм гээд гэрлүүгээ явья гээд намайг татаж аваад тунелийн зүг явж байтал араас нэг хүн миний хүзүүн тус газарт цохих шиг болсон. Тэгэхээр нь би хүзүүгээ дараад эргэж хартал шаргал цамцтай, 30 гаран насны 165-170 орчим өндөртэй дунд зэргийн махтай залуу миний хойно зогсож байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм нэг мэдсэн чинь ухаан балартаад уначихсан байсан. Нэг сэртэл ГССҮТ байсан гэжээ.  /хх-н 22-25/                                                                                                                                                                                                                                                                                            

        Э.Энхбаатарын Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гарсган өргөдлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна./ хх-н 1,6-7/

Э.Энхбаатар, Л.Батаа, П.Уламбаяр, нараас асууж авсан тайлбарууд /хх-н 9-15/

  Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 19/ 180.000 төгрөгийг Э.Энхбаатарт Ц.Анхбаяр өгсөн баримт.

   Гэрч  Г.Даваасүрэн мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө найз Энхбаатар, Нямдорж, Нямдаваа нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Окланд бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 00.00 цагийн үед гарсан. Би баарнаас гараад гадаа тамхи татаад байж байтал миний зогсож байсан газрын баруун талд замын цаана манай найз Энхбаатар газарт уначихсан байсан. Энхбаатарын хажууд түүний эхнэр мөн нэг саарал цамцтай залуу байж байхаар нь би тэр залууг зөрүүлээд цохиод авсан чинь цагдаагийн машин хүрч ирээд намайг барьж аваад машиндаа суулгачихсан. Тэгэхээр нь би цагдаа нарт наад саарал цамцтай залуу чинь манай найзыг цохисон шүү дээ гэсэн чинь цагдаа нар тэр залууг машинд суулгасан. Тэгээд цагдаа нар орж ирээд танай найзын чинь хоолойг зүсчихсэн байна түргэн дуудчихсан гэж хэлсэн. Тэр залуу бид хоёрын араас Нямдорж, Нямдаваа хоёрыг суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би Энхбаатарыг ямар асуудлаас болоод хэнтэй маргалдсаныг мэдээгүй. Энхбаатар архи уудаггүй болохоор эрүүл байсан байх. Бодвол тэр хоёр маргалдсан юм байлгүй би тэр талаар мэдэхгүй байна. Баарнаас эхлээд Энхбаатар гарсан би араас нь гарсан юм гэжээ.  /хх-н 26-27/

            Гэрч Д.Нямдорж мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:Миний бие 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө найз Энхбаатар, Даваасүрэн, Нямдаваа нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Окланд бааранд орсон. Бид нар бааранд ороод нийт 1 шил 0.75 литрийн Болор архи, 2 шил пиво уусан. Ингээд бид нар баар хаагаад шөнийн 00.00 цагийн үед баарнаас гарснаа санаж байна. Би баарнаас гараад болсон явдлын талаар санахгүй байгаа юм нэг сэргэсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр Энхбаатарын ах, эхнэр зэрэг хүмүүстэй нь хамт байж байсан. Би гэмтлийн эмнэлэгээс шөнийн 02.00 цаг өнгөрч байхад гараад гэрлүүгээ шууд харьсан. Энхбаатар ямар хүнтэй юунаас болж маргасан талаар надад мэдэх юм алга байна. Нямдаваагийн ярьж байгаагаар Энхбаатар хоёр ахимаг насны залуутай маргалдсан гэсэн тэгээд тэр хоёрыг цагдаагийн машинд суулгасан гэж байсан гэжээ.  /хх-н 28-29/

     Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Гудамжинд эргүүл хийгээд явж байхад хүмүүс маргалдаад зодолдоод байна гэж явуулын хүмүүс дуудлага өгсөн. Түүний дагуу Сансарын нүхэн гарцны зүүн талд очиход нэг залуу дээшээ хараад хэвтсэн, найз хүүхэн нь хүзүүн дээр нь дарчихсан хөдөлгөхгүй байж байсан. Мөн хохирогч залуугийн найз гээд нэг хүн байсан. Шил барьж танхайрч хатгасан залууг гудамжинд явж байсан танихгүй 2 залуу бариад авчихсан байхаар нь нөгөө залууг  алаг тэргэнд суулгаад эргээд харахад тэр хоёр залуу яваад өгсөн байсан.   Танхайрсан залуу болох Анхбаяр гэгчийг барьж байсан хоёр залуу нэр болон утсаа өгөөгүй. Тэр хоёр залуугийн хэлж байгаагаар нь Анхбаяр гартаа шилээ барьчихаад тэр хоёр залууг хатгах гэж дайрсан, мөн савхин хүрэмнийх нь энгэр хэсэгт хатгасан ором байсан. Тэр хоёр залуу ингэж хатгасан гээд энгэрээ үзүүлж байсан. Анхбаяртай хамт явж байсан залуу нь танхайраагүй юм шиг байсан. Хохирогч залуугийн найз нар нь шууд Анхбаяр луу заагаад энэ залуу шилээр хүзүү рүү нь хатгасан гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 30-31/

        Гэрч  Б.Өсөхжаргал  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Намайг Оакланд баарны орчимд эргүүл хийгээд явж байхад нөхөн нарцны зүүн талд хүмүүс зодолдох гээд байна гэж явуулын иргэн мэдээлсэний дагуу очиж шалгахад хохирогч гэх залуу газар хэвтсэн, хамт явж байсан эхнэр нь болон найзууд нь хүзүүн дээр нь гараараа дараад сандарсан тэвдсэн орилсон байдалтай байж байхаар нь 103 дуудаж ирүүлээд хохирогч Энхбаатар гэх залууг эхнэрийх нь хамт 103.т хүлээлгэн өгсөн. Манай цагдаа ахлах ахлагч Б.Ганбат нь надаас түрүүлж тухайн дуудлага дээр очиж машинд хохирогч гэх залуугийн хүзүүг зүссэн гэх Анхбаяр, Батаа гэх хүмүүсийг албаны алаг тэргэнд суулгасан байсан. Холбогдогч хоёр залууг  жижүүрт хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч М.Отгончимэг  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Анхбаяр бид хоёр 2013 оноос танилцсан. Бид хоёр хамт амьдраад 4 жил болж байна. Анхбаяр архи дарс хэрэглээд байх нь бага хүний төлөө уурлаж үг хэлдэг зантай. Өөрийнхөө санаанд нийцэхгүй юманд их дургүй, шууд л уурладаг юм. Ер нь жоохон ууртай талдаа. Бас их хартай. Анхбаяр эхээс 5-уулаа айлын том хүүхэд. Ар гэр нь дундаж л амьдралтай. Хөдөө байдаг ээжийх нь бие муудаад хэд хоног хөдөө байж байгаад ирсэн. Оргож зугтсан зүйл ерөөсөө байхгүй гэжээ.  /хх-н 34-35/

Гэрч Л.Батаа  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Тахилтад ажилтай явж байгаад найз Анхбаяртай утсаар ярьсан. Тэгээд бид хоёр Саппоро дээр уулзаад тэндээсээ такси бариад Сансар луу явж Казино бааранд орсон. Бид хоёр уг бааранд ороод 1 шил 0.5 литрийн архи захиалаад уусан. Тухайн үед Анхбаяр маргааш ажилтай гээд архи уухгүй байсан. Ингээд баарнаас гараад харих гээд Сансарын тунелийн автобусны буудал орчим явж байтал Анхбаяр миний архан талд явж байснаа хүүе энэ охиныг зодоод байгаа юм биш үү гэхээр нь би хая хая гээд чигээрээ алхсан. Тэгтэл миний ард шил дуугархаар нь хартал хэсэг залуучууд манай найз Анхбаярыг газарт унагаачихсан өшиглөж байсан. Би Анхбаярыг авах гээд очтол нэг залуу миний өмсөж явсан куртикны юүдэнгээс татаж унагаачихаад намайг өшиглөөд байсан. Тэгээд миний ухаан балартаад нэг сэрсэн чинь Анхбаяр бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байсан. Би тухайн орой нилээн уусан байсан болохоор согтуу байсан. Би Анхбаяртай уулзахаасаа өмнө архи уучихсан байсан юм. Би Анхбаяраас түрүүлээд явж байсан болохоор зодооныг сайн хараагүй. Тэнд ямар маргаан болсоныг ч мэдээгүй. Анхбаяр нэг их архи уудаггүй юм. Хааяа л уудаг юм. Уусан үедээ янз бүрийн зан гаргаад байдаггүй юм гэжээ.  /хх-н 36-37/

          Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 38, 40/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт  14502 дүгнэлтэд:

          1.Энхбаатарын биед хүзүүний баруун хэсгийн гүн хатгагдсан шарх, доод уруулын мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо

          2.Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна.

           5.Энхбаатарын доод уруулын мурийлт нь нүүрний ямар мэдрэл, булчинг гэмтээснийг тогтоосон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ байхгүй тул дүгнэлт өгөх боломжгүй гэжээ. /хх-ийн 41/

         Нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 42/

         Нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 278 тоот  Дүгнэлтэд:  

1.Э.Энхбаатарын биед хүзүүний баруун хэсэгт гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулын мурийлт гэмтлүүд тогтоогдсон ба тус тусад нь гэмтлийн зэрэг  тогтоохгүй.

2.Хүзүүний баруун хэсэгт гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлээс доод уруулын мурийлт үүсэх боломжтой бөгөөд уг мурийлт нь нүүрний ямар мэдрэл, булчин, гэмтсэнээс үүссэнийг тогтоосон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ байхгүй тул дүгнэлт өгөх боломжгүй байна гэжээ. /хх-ийн 44/

Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 45-46/

          Э.Энхбаатарын өвчний түүхийх хуулбар/хх-н 92-98/, эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 99-108/

         Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 45-46/

        Оршин суугаа газраасаа гадагш явахгүй байж дуудсан цагт ирэх тухай үй тухай баталгаа авах таслан сэригйилэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 47-48/        

        Ц.Анхбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 49-54/,

       Ц.Анхбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 55 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /57/ , шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 58-63/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 64-77/  зэрэг болно.

         Ц.Анхбаяр нь   2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар Э.Энхбаатарын хүзүүг пивоны хагархай шилээр  зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

       Хохирогч Энхбаатарын биед хүзүүний баруун хэсгийн гүн хатгагдсан шарх, доод уруулын мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шижээчийн дүгнэлт.

          Хохирогч Э.Энхбаатарын өгсөн… Би тухайн үед эхнэрээ дагуулаад шууд харих гээд дээшээ КТМС-ийн зүг рүү явж байтал манай эхнэр би Нямкагийн эхнэрт утсаа үлдээчихсэн байна би утсаа авчихаад ирье гээд явсан. Би тэгэхээр нь тамхиа асаачихаад эргээд харсан чинь манай найзууд болох Нямка, Дөк хоёр Тунелийн нүхэн гарцны хажууд үл таних хоёр хүнтэй заамдалцчихсан зогсож байхаар нь очоод Дөкийг салгаж аваад байж байтал манай эхнэр чи яах гээд наад хүмүүстэйгээ орооцолдоод байгаа юм гээд гэрлүүгээ явья гээд намайг татаж аваад тунелийн зүг явж байтал араас нэг хүн миний хүзүүн тус газарт цохих шиг болсон. Тэгэхээр нь би хүзүүгээ дараад эргэж хартал шаргал цамцтай, 30 гаран насны 165-170 орчим өндөртэй дунд зэргийн махтай залуу миний хойно зогсож байсан гэсэн мэдүүлэг

         Гэрч  Г.Даваасүрэнгийн  мөрдөн байцаалтад  өгсөн …  Би баарнаас гараад гадаа тамхи татаад байж байтал миний зогсож байсан газрын баруун талд замын цаана манай найз Энхбаатар газарт уначихсан байсан. Энхбаатарын хажууд түүний эхнэр мөн нэг саарал цамцтай залуу байж байхаар нь би тэр залууг зөрүүлээд цохиод авсан чинь цагдаагийн машин хүрч ирээд намайг барьж аваад машиндаа суулгачихсан. Тэгэхээр нь би цагдаа нарт наад саарал цамцтай залуу чинь манай найзыг цохисон шүү дээ гэсэн чинь цагдаа нар тэр залууг машинд суулгасан гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/

    Гэрч Б.Ганбатын  мөрдөн байцаалтад  өгсөн .. Гудамжинд эргүүл хийгээд явж байхад хүмүүс маргалдаад зодолдоод байна гэж явуулын хүмүүс дуудлага өгсөн. Түүний дагуу Сансарын нүхэн гарцны зүүн талд очиход нэг залуу дээшээ хараад хэвтсэн, найз хүүхэн нь хүзүүн дээр нь дарчихсан хөдөлгөхгүй байж байсан. Мөн хохирогч залуугийн найз гээд нэг хүн байсан. Шил барьж танхайрч хатгасан залууг гудамжинд явж байсан танихгүй 2 залуу бариад авчихсан байхаар нь нөгөө залууг  алаг тэргэнд суулгаад эргээд харахад тэр хоёр залуу яваад өгсөн байсан.  Хохирогч залуугийн найз нар нь шууд Анхбаяр луу заагаад энэ залуу шилээр хүзүү рүү нь хатгасан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 30-31/

           Шүүгдэгч Ц.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …Гарч явж байхад зам дээр 2 залуу нэг эмэгтэйг унагаасан байхаар би очиж салгасан. Тэрний улмаас маргаан үүссэн. Тэгээд замын цаана байсан 2 залуу ирээд дөрөвүүлээ хоорондоо зодолдсон. Тэгээд миний толгой руу пивоны шилээр цохих гэж байхад би гараагаа хаасан. Тэгээд манай найз Батаа салгах гэж ирээд түүний бас зодож эхэлсэн. Тэгээд хагархай пивоны шил газарт байхаар нь авч эргүүлж шидсэн. Хэнийг оносон талаар мэдээгүй. Хүний хүзүүг шилээр хатгачихлаа гээд эд нартай хамт явж байсан нэг найз нь намайг барьж авсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг барьсан гэсэн  мэдүүлэг зэрэг болно.

        Ц.Анхбаяр нь баарнаас гараад явж байсан Э.Энхбаатартай ямар нэгэн маргаан хийгээгүй байж араас нь пивоны шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

        2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зөвхөн бүлэглэж үйлдсэн тохиолдолд нийтийн хэв журмыг зөрчих гэмт хэрэг болохоор, мөн зэвсэг гэдэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж заасан учраас пивоны хагархай шилийг тусгайлан бэлтгэсэн зүйл гэж үзэхгүй тул Ц.Анхбаярт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Боржигон овогт Цэрэндоржийн Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүх хуралдаанаас өмнө хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

   Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

Ц.Анхбаяр нь энэ хэрэгт шалгагдаж байхдаа цагдан хоригдоогүй байна.

 Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй .

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлээс  36.10 дугаар зүйлүүдийг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Цэрэндоржийн Анхбаярт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Цэрэндоржийн Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутай болохыг  тогтоосугай.

3. 2017 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Анхбаярыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Анхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ц.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Ц.Анхбаярт бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Ц.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг   дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН