| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03828/И |
| Дугаар | 183/ШШ2022/00340 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/00340
022 оны 02 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2022/00340 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .........., өөрийн байранд байрлах НХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .........д байрлах Ц ХХК /РД:............/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......тоотод оршин суух ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б овогт Б-ийн М /РД:........../ нарт холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.596.420 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч НХХК-ийн төлөөлөгч М.Х-гт мэдэгдэхэд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан, хариуцагч болон хариуцагч ЦХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мшүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч НХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, ликор зэрэг согтууруулах ундааг импортоор оруулан Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Хан-Уул дүүргийн .........................дугаар байранд байрлах ЦХХК-ийн Кинг супермаркет нь манай компаниас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3.163.620 төгрөгийн бүтээгдэхүүнийг захиалан худалдан авсан юм. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 500.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 2.596.420 төгрөгийг төлөөгүй. Төлбөрийн үлдэгдлийн талаар тооцооны үлдэгдлийн баталгааг удаа дараа гаргуулан төлбөр төлөх боломж, хугацааг олгосон боловч төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй байна. Ц ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Иймд Ц ХХК, түүний хувьцаа эзэмшигч Б.М нараас 2.596.420 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч НХХК-аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын гүйлгээний түүх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Ц ХХК, Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М нарт холбогдуулан худалдан авсан барааны төлбөр 2.596.420 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.396.420 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 200.000 төгрөгийн болон хариуцагч Цагаадай мандуул ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах худалдах авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Ц ХХК-д 3.163.620 төгрөгийн үнэ бүхий дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, архи, ликор зэрэг согтууруулах ундааг нийлүүлсэн байх ба хариуцагч Цагаадай мандуул ХХК нь уг бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс 700.000 төгрөгийг төлж, 67.200 төгрөгийг борлуулалтын буцаалт хийж, үлдэгдэл 2.396.420 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, авлагын гүйлгээний түүх, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр нотлогдож байна.
3. Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээс үзэхэд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнд гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй тул хэлцэлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.
4. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зохицуулж өгсөн тул Цагаадай мандуулХХК-ийн
саналыг хүлээн зөвшөөрч 3.163.620 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундаа нийлүүлсэн НХХК-ийн үйлдлийг гэрээ хийснийг нотлох нотолгоо гэж үзэх бөгөөд талуудын хооронд хийгдсэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч ЦХХК нь 2.596.420 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталснаас хойш 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг төлөгдсөн болох нь авлагын гүйлгээний түүхээр нотлогдож байх тул бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 2.396.420 төгрөг үлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
5. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2.396.420 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Нөгөөтэйгүүр хариуцагч Цагаадай мандуулХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
7. Нэхэмжлэгч НХХК нь дээрх төлбөрийг хариуцагч ЦХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-ээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зааснаар ЦХХК-ийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2.596.420 төгрөгийг ЦХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мдавхар хариуцах үндэслэлгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.292 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦХХК-аас 2.396.420 /хоёр сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Нн болон хариуцагч ЦХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 53.292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР