Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/00684

 

 

 

 

 

 

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/00684

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Г

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГ,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Г ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г  нь НШШГГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие О ББСБ ХХК-иас 2020 онд 130 000 000 төгрөгийн зээлийг авахдаа ............... тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Монгол улсад Ковид-19 цар тахал гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, уг зээлийг төлөхөд хүндрэл учирсан. Уг зээлд барьцаалсан орон сууцны зах зээлийн үнэлгээ 1 м.кв талбай нь 2 500 000 төгрөг бөгөөд 250 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэвч уг орон сууцыг хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаагаар 120 650 000 төгрөгөөр зарсан бөгөөд миний бие албадан дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээ, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1349 дугаар захирамжаар Ц.Г аас 141 056 008 төгрөгийг гаргуулж О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21260613 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Г д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206051498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж 49/2 байрны 43 тоот хаягт байршилтай 93.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21260613/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21260613/9 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ц.Г д мэдэгдэхэд, Ц.Г  нь 363 519 000 төгрөгөөр, төлбөр авагч О ББСБ ХХК нь шинжээч томилуулах санал ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/231 дүгээр шинжээч томилох тогтоолоор Г ХХК-ийг томилоход орон сууцыг 170 151 261 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-186/18327 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-186 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/738 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө-Эстэймэт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1349 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 775 дугаар гүйцэтгэх хуудас, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21260613 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зарлан дуудах болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21260613/6 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21260613/9 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч Ц.Г ын НШШГГт гаргасан үнийн санал, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн О ХХК-ийн хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/231 дүгээр шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, хууль тайлбарласан тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Г ХХК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн тайлан, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-186/18327 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Монгол улсад Ковид-19 цар тахал гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, уг зээлийг төлөхөд хүндрэл учирсан. Уг зээлд барьцаалсан орон сууцны зах зээлийн үнэлгээ 1 м.кв талбай нь 2 500 000 төгрөг бөгөөд 250 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэвч уг орон сууцыг хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаагаар 120 650 000 төгрөгөөр зарсан бөгөөд миний бие албадан дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/231 дүгээр шинжээч томилох тогтоолоор Г ХХК-ийг томилоход орон сууцыг 170 151 261 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-186/18327 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

Хэргийн баримтаас үзвэл, Улсын бүртгэлийн Ү-2206051498 дугаартай, №000688046 тоот гэрчилгээний дугаартай, .................тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Г  байх бөгөөд Ц.Г , О ББСБ ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Зээлдэгч Ц.Г  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч О ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01349 дүгээр захирамжаар хариуцагч Ц.Г аас 140 069 258,05 төгрөгийг гаргуулан О ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 101/ГХ2021/00775 тоот гүйцэтгэх хуудас олгож, НШШГГ дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/231 дүгээр тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Г ХХК-ийг шинжээчээр томилж, Г ХХК нь дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 170 151 261 төгрөгөөр тогтоосон байна.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/231 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Улмаар НШШГГ нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-186/18327 тоот “...Ц.Г ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын Ү-2206051498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн :::::тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ...170 151 261 төгрөгөөр үнэлэгдсэн” талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид мөн өдрөө хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ