Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00689

 

 

 

 

 

 

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/00689

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Ч

 

Нэхэмжлэгч: Т.С

 

Нэхэмжлэгч: Б.Т

 

Хариуцагч: У ТӨХК

 

Хариуцагч: О ОНӨААТҮГ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1 422 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч У  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, С.Н,

Хариуцагч О ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Иргэдийн төлөөлөгч О.Х,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Ч , Т.С , Б.Т  нар нь хариуцагч У  ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуй удирдлагын газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 1 422 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Баянгол дүүргийн ................байранд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цахилгаан хүчдэлийн улмаас тог тасарсан. Ингээд тог ирэхдээ маш олон айлын цахилгаан хэрэгсэл шатаж эвдэрсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч байгууллагуудад хандан учирсан хохирлыг барагдуулах гомдлыг бичгээр гаргасан боловч 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/361 дугаар албан бичигтээ хариуцахгүй гэсэн. Нэхэмжлэгч нарын хувьд хөргөгч, плитка, нөүтбүүк, юнивишны адаптор зэрэг цахилгаан хэрэгсэл эвдэрч засварын газраар засуулсан бөгөөд Б.Т т 265 000 төгрөг, О.Ч д 641 000 төгрөг, Т.С т 516 000 төгрөгийн буюу нийт 1 422 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллагуудын хэн буруутайгаас нь 1 442 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан. 

 

2. Хариуцагч У  ТӨХК хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нарт учирсан хохирол, үнэлгээний талаар маргах зүйлгүй. Харин тус гэм хорын хохирол манай байгууллагын буруугаас учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар тогтоолоор УБЦТС ТӨХК болон Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсний тарифыг баталсан. Уг тогтоолын дагуу УБЦТС ТӨХК болон ОСНААУГ ОНӨААТҮГ-уудын хооронд жил бүр гэрээ байгуулж ажилладаг бөгөөд сүүлийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/396 дугаартай үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээг байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалт “Б /ОСНААУГ ОНӨААТҮГ/ талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гарсан саатал, гэмтэл, аваар болон бусад нөхцөл байдлаас үүссэн хохирлыг А /УБЦТС ТӨХК/ тал хариуцахгүй”, 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Дүрэм шинэчлэн батлах” тухай 97 дугаар тогтоолоор цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 10.5-д “Орон сууцны ерөнхий щит, магистрал шугам, давхар дундын щитэнд гарсан гэмтлээс шалтгаалсан болон засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүдэн гарах хохирлыг тухайн шугам тоноглолыг хариуцагч хариуцна” гэж заасан байдаг тул тухайн асуудлыг ОСНААУГ-ын ХҮТ-14 хариуцах нь зүйтэй юм. Энэ асуудлын хүрээнд хэрэглэгчийн хохирлыг барагдуулах тухай манай компанийн Баруун түгээх төвөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 31/361 дугаар албан бичгээр ОСНААУГ ХҮТ 14-д мэдэгдсэн. Тус газар “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.8.2, 4.8.3, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу байгууллагын эзэмшлийн зааг тул манай байгууллага оршин суугчдын хохирлыг хариуцахгүй” гэсэн хариу ирүүлсэн. Улмаар УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвөөс 2020 он 9 дүгээр сарын 30-ны өдөр 388 дугаартай албан бичгээр өөрийн ашиглалтын шугам тоноглолд засвар, үзлэг үйлчилгээ хийж, цахилгааны ерөнхий щит болон хөдөлгүүрүүдийн газардуулах байгууламжуудыг шинээр угсарч, стандарт хэмжээнд байлгах, хэт өндөр хүчдэлээс хамгаалах тоног төхөөрөмж тавихыг зөвлөсөн албан бичгийг ОСНААУГ-ын ХҮТ 14-д хүргүүлсэн. Тухайн 44б байрны ерөнхий щитийг сольсон боловч газардуулах байгууламжтай 2 цэгийн холбоос байхгүй, газардуулга хэмжүүлсэн протокол байхгүй байсан. Цахилгаан дамжуулах кабель шугам нь манай байгууллагын эзэмшил бөгөөд гэмтэл гарахад тус байрнуудын газардуулах байгууламж нь хамгаалах үүрэгтэй байдаг. Ашиглалтын зай гэдгийг тайлбарлавал, кабель газарт байрлах бөгөөд кабельд гэмтэл гараад буцаагаад залгахад эндээс өндөр хүчдэл очсон тохиолдолд байрны хамгийн наад захад ерөнхий щит гэж зүйл байгаа. Ерөнхий щитэнд газардуулга нь тэрхүү ирж байгаа өндөр хүчдэлийг зогсоож, багасгаж байх үүрэгтэй. Газардуулга өөрөө ажиллахгүй тохиолдолд айлууд руу өндөр хүчдэл очоод айлуудын цахилгаан барааг шатаасан хэрэг гараад байгаа юм. Цахилгааны кабель бол манайх, ерөнхий щит нь Орон сууцны конторт хамаарна гэж гэрээнд заасан байдаг. Ерөнхий щитний өөрийнх нь нэг хэсэг нь газардуулга бөгөөд газардуулга байхгүйгээс үүссэн эрсдэлийг манайх хүлээхгүй. Кабель бол ямар ч байдлаар гэмтэх боломжтой ч гэсэн хэрэглэгчдэд хохирол учруулдаггүй. Харин ерөнхий щитны бүрэн бүтэн байдлаас хамаарч ямар нэгэн асуудал гардаг. Тиймээс ерөнхий щитийг манайх хариуцахгүй талаар Орон сууц нийтийн аж ахуй удирдлагын газартай гэрээ хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

3. Хариуцагч О ОНӨААТҮГ хариу тайлбартаа: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 44а, 44б байруудаас дуудлага ирсний дагуу манай цахилгааны инженер болон цахилгаанчид газар дээр нь очиж ерөнхий щит болон хэрэглэгчийн эзэмшлийн давхар дундын самбаруудад үзлэг хийсэн. Тухайн үед тоног төхөөрөмжид болон цахилгаан утсанд ямар ч гэмтэл гараагүй байсан бөгөөд У  рүү дуудлага өгч ХПП317 буюу ДП дээр үзлэг хийлгэсэн. Тэр гэмтэл бол ДП дээр 0-ын утас төгсгөл дээрээ хайлчихсан байсныг фото зургаар баталгаажуулаад Орон сууцны хэрэглэгчдэд үйлчлэх төв гаргаж өгөөд засвар үйлчилгээг хийсэн. Ерөнхий щитний засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг манайх хангах үүрэгтэй байдаг. У  ТӨХК-тай хийсэн гэрээнд манай эзэмшлийн ерөнхий щитээр дамжуулж цахилгааныг хэрэглэгчдэд түгээж байгаа шимтгэлийн гэрээ байгаа. Газардуулгын хувьд У  нь тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд өөрсдөө мэргэжлийн байгууллага гэж явдаг. Манай байгууллагад газардуулга хийх зөвшөөрөл байдаггүй. “У ” төрийн өмчит хувьцаат компани нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл, мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийн хүрээнд цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл болон цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчтэй байгуулан хангагчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг, 19.1.4 дэх заалт Орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах гэж зааснаар У  төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгчдэд учирсан хохирол хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

  1. Иргэдийн төлөөлөгч “...Талуудын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг гэм буруутай гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрээгээр бүх ашиглалттай холбоотой асуудлыг хариуцна гэж гэрээ хийсэн. Газардуулга байхгүй байсан бол өөрсдөд нь эрсдэл үүсэх атал зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан байна. Газардуулга байхгүй байна гээд, эх үүсвэрийг нь ямар ч байдлаар шаардаад тавиулж болох байсан байна. Тиймээс хохирлыг О хариуцах үүрэгтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч талаас, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14 салбарын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 273 дугаар хариу хүргүүлэх албан бичиг, Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК Баруун түгээх төвийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 31/361 дүгээр хохирол барагдуулах тухай албан бичиг, ТВПЛТЧ ХХК-ийн 2020.09.04, 2020.09.06-ны өдрүүдийн зарлагын баримт, Хүлгийн жолоо ХХК-ийн 2020.09.12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Гэрэлт наран софтын 2020.09.15-ны өдрийн зарлагын баримт,  Нэкст Моторс энд Сервис ХХК-ийн 2020.09.28-ны өдрийн нэхэмжлэл, кассын зарлагын ордер, НӨАТ-ын баримт, БСБ элекстроникс ХХК-ийн 2020.09.28-ны өдрийн гэмтэлтэй барааны тодорхойлолт, Сансар кабель ХХК-ийн 2020.09.04-ний өдрийн орлогын баримт, Түвшин элекстрониксийн 2020.09.06-ны өдрийн баталгаат засварын хуудас, Эко элекстрониксийн 2020.09.03-ны өдрийн орлогын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч О ОНӨААТҮГ-аас, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 03/290 тоот албан бичиг, хариуцагч У  ТӨХК-иас, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 4/12 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 297 тоот тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 388 дугаар албан бичгийн хариу, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 272 тоот мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичиг, УБЦТС ТӨХК, ОСНААУГ ОНӨААТҮГ нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2019/396 дугаар үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээ, Үйлчилгээний төлбөр төлөх гэрээг дүгнэсэн протокол, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

  1.   Нэхэмжлэгч нар дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ....байранд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цахилгаан хүчдэлийн улмаас тог тасарч, ирэхэд нь маш олон айлын цахилгаан хэрэгсэл шатаж эвдэрсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч байгууллагуудад хандан учирсан хохирлыг барагдуулах гомдлыг бичгээр гаргасан боловч 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/361 дугаар албан бичигтээ хариуцахгүй гэсэн. Нэхэмжлэгч нарын хувьд Иймд хариуцагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллагуудын хэн буруутайгаас нь 1 442 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан. 

 

  3. Хариуцагч У  ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Ерөнхий щитний өөрийнх нь нэг хэсэг нь газардуулга бөгөөд газардуулга байхгүйгээс үүссэн эрсдэлийг манайх хүлээхгүй. Кабель бол ямар ч байдлаар гэмтэх боломжтой ч гэсэн хэрэглэгчдэд хохирол учруулдаггүй. Харин ерөнхий щитны бүрэн бүтэн байдлаас хамаарч ямар нэгэн асуудал гардаг. Тиймээс ерөнхий щитийг манайх хариуцахгүй талаар Орон сууц нийтийн аж ахуй удирдлагын газартай гэрээ хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

  1.    Хариуцагч О ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...У  ТӨХК-ны эзэмшил дэх дэд станц дээр цахилгаан тэжээлийн шугамын “0” буюу нейтраль утас гэмтсэн улмаас нийтийн зориулалтай орон сууцны оршин суугч хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэлд хохирол учирсан байна. Ерөнхий щитний засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг манайх хангах үүрэгтэй байдаг. Гэхдээ У  ТӨХК-тай хийсэн гэрээнд манай эзэмшлийн ерөнхий щитээр дамжуулж цахилгааныг хэрэглэгчдэд түгээж байгаа шимтгэлийн гэрээ байгаа. Газардуулгын хувьд У  нь тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд өөрсдөө мэргэжлийн байгууллага гэж явдаг. Манай байгууллагад газардуулга хийх зөвшөөрөл байдаггүй. Иймд У  төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгчдэд учирсан хохирол хариуцах үндэслэлтэй байна” гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 44а, 44б байруудын цахилгаан тасарч ирэх үед 44б байрны 12, 16 тоотын оршин суугч, нэхэмжлэгч О.Ч , Т.С , Б.Т  нарын хөргөгч, плитка, нөүтбүүк, юнивишны адаптор зэрэг цахилгаан хэрэгсэл эвдэрч, нэхэмжлэгч Б.Т т 265 000 төгрөг, О.Ч д 641 000 төгрөг, Т.С т 516 000 төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14 салбарын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 273 дугаар хариу хүргүүлэх албан бичиг, Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК Баруун түгээх төвийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 31/361 дүгээр хохирол барагдуулах тухай албан бичиг, ТВПЛТЧ ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04, 06-ны өдрүүдийн зарлагын баримт, Хүлгийн жолоо ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Гэрэлт наран софтын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт,  Нэкст Моторс энд Сервис ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэл, кассын зарлагын ордер, НӨАТ-ын баримт, БСБ элекстроникс ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэмтэлтэй барааны тодорхойлолт, Сансар кабель ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орлогын баримт, Түвшин элекстрониксийн 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталгаат засварын хуудас, Эко элекстрониксийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн орлогын баримт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан эсэх, нэхэмжлэлээр шаардаж үнийн дүнгийн талаар болон ерөнхий щитийг хариуцагч О ОНӨААТҮГ хариуцдаг эсэх, ерөнхий щитний нэг хэсэг болох газардуулга байгаагүйн улмаас хэрэглэгчдэд өндөр хүчдэл очиж, хохирол учирсан талаар тус тус маргаагүй.

 

Харин хариуцагч У  ТӨХК нь хариуцагч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2019/396 дугаар үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээ, Үйлчилгээний төлбөр төлөх гэрээг дүгнэсэн протокол зэрэгт үндэслэж О ОНӨААТҮГ тус хохирлыг хариуцах үүрэгтэй гэж, хариуцагч О ОНӨААТҮГ нь уг барилга анхнаасаа газардуулгагүй байсан, манай байгууллагад газардуулга хийх зөвшөөрөл байдаггүй тул хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.  

 

6. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байхаар хуульчилсан байх бөгөөд У  ТӨХК нь хэрэглэгчийг цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ...хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах, ... хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн хангасан түвшинд зохион байгуулах үндсэн чиглэл бүхий байгууллага болох нь тус компанийн дүрмээр тогтоогддог.

 

Хариуцагч У  ТӨХК нь О ОНӨААТҮГ-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 2019/396 дугаар “Үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээ”-ний 1.3 “...А тал нь Б талын хариуцсан тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийн цахилгаанаар хангасан, мөн Б тал орон сууцны ерөнхий щитэнд засвар, үйлчилгээ хийсний төлбөрт Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 97 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу нийт 98 408 /өрх/ хэрэглэгчийн 81 186 600 төгрөгийг нэг сараар тооцож гэрээний биелэлтийн дүгнэлтийг улирал бүр гаргасныг, гэрээ дүгнэсэн протоколыг үндэслэн тус тус өгч байна...”, 2.1 “А талтай цахилгаанаар хангах гэрээ байгуулсан хэрэглэгчдийг Б талын хариуцсан тоног төхөөрөмжөөр дамжуулан цахилгаанаар хангах эрхтэй”, 2.4 “Б талын буруутай үйл ажиллагаанаас гарсан саатал, гэмтэл, аваар болон бусад нөхцөл байдлаас үүссэн хохирлыг А тал хариуцахгүй”, 3.1 “Б тал нь өөрийн хариуцсан тоног төхөөрөмжөөр А талын гэрээ бүхий хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан, мөн орон сууцны ерөнхий щитэнд засвар, үйлчилгээ хийсэн төлбөрийг гэрээнд заасан хэрэглэгчийн тоогоор ЭХЗХ-ны баталсан тарифаар тооцон А талаас нэхэмжилж авах эрхтэй”, 3.6 “Б тал нь ерөнхий щитний цэвэрлэгээ, үзлэг, үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу аюулгүй байдлыг ханган гүйцэтгэж, ...”, 4.1 “Талууд өөрсдийн хариуцсан ашиглалт, засвар үйлчилгээний заагаар үйлчилгээг хариуцна. Б тал нь улирал бүр орон сууцны ерөнхий щитэнд засвар, үйлчилгээ хийсэн тайлан мэдээг гэрээнд заасан хуваарийн дагуу гаргаж ирүүлээгүй нь А тал төлбөр төлөхгүй байх үндэслэл болно” гэх заалтуудаар өөрийн үүргийг О ОНӨААТҮГ-т шилжүүлжээ. 

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч У  ТӨХК нь улирал бүр орон сууцны ерөнхий щитэнд засвар, үйлчилгээ хийх, ерөнхий щитний цэвэрлэгээ, үзлэг, үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх үүргийг О ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлж, хариуд нь төлбөр төлж байгаа нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 210 дугаар зүйлийн 210.1-д заасантай нийцэж байна.

 

7. Иймд О ОНӨААТҮГ-ын хариуцсан ерөнхий щитний бүрдэл хэсэг болох газардуулга байхгүйгээс нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан, тус газрын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан хохирлыг У  ТӨХК хариуцахгүй талаар талууд гэрээний 2.4 дэх заалтаар харилцан тохиролцсон байх тул, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О ОНӨААТҮГ-аас 265 000 төгрөг гаргуулан Б.Т т, 641 000 төгрөг гаргуулан О.Ч д, 516 000 төгрөг гаргуулан Т.С т тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

8. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 292 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч О ОНӨААТҮГ-аас 38 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ. 

 

10. Шүүх тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч О ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүхэд мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, талууд ирцийн талаар хүсэлт гаргаагүй, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содномсүрэн нь “...түгжрэлийн улмаас Д.Гансүх төлөөлөгч хурлаас хоцорч байна. Хуралдааны дундуур ирэх боломжтой, хуралдааныг үргэлжлүүлье” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг үндэслэж хэргийг Д.Гансүхийн эзгүйд хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О ОНӨААТҮГ-аас 265 000 төгрөг гаргуулан Б.Т т, 641 000 төгрөг гаргуулан О.Ч д, 516 000 төгрөг гаргуулан Т.С т тус тус олгож, хариуцагч У  ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 292 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч О ОНӨААТҮГ-аас 38 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

 

          ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЖАРГАЛ

 

                           ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД