Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2022/0038

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М  Ө  (РД:..........),

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хоорондын төрийн албаны хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Өлзиймөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Содбаяр /бүгд цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан, тус газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дахь ажилгүй байсан хугацааг “2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцно” гэж шүүх хуралдаанд тодруулжээ. (хэргийн IV хавтасны 163 дахь талд)

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. М.Ө.....ийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.3.2 заалтыг баримтлан, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /албан үүргийнх нь зэрэгцээ/-ээр томилсон.

2.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар, ажлын зайлшгүй шаардлагыг харгалзах гэсэн үндэслэлээр, түүний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхийг дуусгавар болгож, үндсэн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлөөр хангаж, мөн өдрийн Б/70 дугаар тушаалаар, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болох хүртэлх хугацаанд О.Б....ыг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилсон байна.

2.3. Хариуцагчийн зүгээс, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, санхүүгийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан болох нь байгууллагын Дотоод хяналт шалгалтын багийн хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлт, албан хаагчдын мэдүүлгээр; төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор тус тус тогтоогдсон гэж дүгнэж, М.Ө...д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.4. Маргаан бүхий Б/41 дүгээр тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Ө....д танилцуулсан бөгөөд тэрбээр дээрх тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасны дагуу гаргасан гомдолд нь Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2221 дүгээр албан бичгээр, шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэх хариуг өгчээ. М.Ө. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлийн өргөдөлд дараах байдлаар тодорхойлно:

3.1.1. Намайг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 8 сарын сүүлээр ажилдаа орж ирсэний дараахан дуудаад надад Дотоод хяналт шалгалтын багийн хяналт шалгалтын танилцуулгыг танилцуулна гэдэг байдлаар Даргын зөвлөлийн хуралд оруулаад, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийсэн гэдэг асуудлыг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр анх танилцуулсан бөгөөд надтай холбоотой гэх асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэлээ гэдэг.

3.1.2. Дээрх асуудлаар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Прокурорын газар, Авлигатай тэмцэх газарт хандсан атлаа эрх бүхий байгууллагаас асуудлыг шалгаж шийдвэрлээгүй байхад байгууллагын Дотоод хяналтын багийн хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэж ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан хуулийн дагуу төрийн алба хаах эрх, баталгааг алдагдуулсан.

3.1.3. Уг тушаалыг гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4, 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийг зөрчсөн.

3.1.4. 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг үндэслэл болгосон гэх ч зөрчил хэзээ гарсныг тогтоогоогүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

3.1.5. Тушаалд дурдсан зөрчлийн шинж байдлыг зөв тогтоогоогүй, эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй, Дотоод хяналтын баг нь зөрчлийг тогтоох эрхгүй. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-г зөрчсөн, сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан.

3.2. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлийг, шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дараах байдлаар тодорхойлно:

3.2.1. Нэхэмжлэгч М.Ө. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/69 тушаалаар орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон.

Түүнийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт шалгалтын багийн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд зааснаар Дотоод хяналт шалгалтын баг төлөвлөгөөт хяналтыг хийсэн бөгөөд ингэхдээ 17/27 дугаартай удирдамжийн дагуу шалгалтыг 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулахдаа байгууллагын 2020 он, 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтыг санхүүгийн тайлангийн баримтад үндэслэн дотоод хяналтыг хийж шалгалтаар 19 зөрчил, дутагдлыг ирүүлсэн тухай 17/27 дугаартай хяналт шалгалтын танилцуулга хуудсаар танилцуулан, хамт олны хурлаар болон 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, энэ хуралд нэхэмжлэгч болон нягтлан бодогч С.Сэлэнгэ нар биечлэн оролцсон. Сонсох ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийг нь оролцуулан, холбогдох албан тушаалтныг байлцуулж хийсэн. Зөрчлийнх нь талаар түүнд хэлж, тайлбар гаргах боломжийг бүрдүүлсэн.

3.2.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.8, 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.11, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2, 3.1.2.а, 3.1.1.е, 3.1.2.в, 3.1.3.б, 3.1.5.а, 3.1.5.б, 3.1.7.а, 3.1.7.г, 3.1.7.ё, 5.1.1.е, 5.1.1.ж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.5, 5.1.1.б, 5.1.7.ё, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны А/34 тушаалын хавсралтаар батласан Хөдөлмөрийн  дотоод журмын 8.1.в, 8.1.г, 8.1.и, 8.2, 8.4, 8.5-д заасныг зөрчсөн гэдэгт:

- Удирдлагадаа ажиллаж байгаа нягтлан бодогч, нярав, бусад албан хаагчдыг удирдан чиглүүлж, 2019 оны 11, 12 дугаар сард хуурамч тушаал гаргаж, төсвийг хууль бусаар зарцуулсан. Санхүүгийн анхан шатны баримтуудыг хуурамчаар үйлдүүлдэг, илүү цагийн хөлс олгосон тушаал нөхөж хийхийг шаардсан.

- Авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ умартан 2020 онд нэр бүхий ажилтнуудын дансанд цалин, томилолт гэж олгон, няравын дансаар буцаан авч байгууллагын баяр ёслол, өр төлбөрийг барагдуулахад зарцуулсан гэж тайлбарласан нь төсвийн мөнгийг буюу цалин томилолт, шатахууны зардлаас хууль бусаар гаргасан үйл баримт тогтоогдсон.

- Нэхэмжлэгч гаргасан зөрчил дутагдлаа шударгаар хүлээн зөвшөөрөхийн оронд зөрчил дутагдлыг илрүүлсэн Дотоод хяналтын баг болон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг буруутгадаг хандлага нь шударга ёсыг дээдэлж хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хэм хэмжээг зөрчсөн.

- төсвийн хөрөнгөөр 2020 оны 12 сард 17,000,000 төгрөгийн үнэтэй чингэлэг худалдан авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд түүнийг юунд ч ашиглаагүй бөгөөд цаашид юунд ашиглах нь тодорхойгүй, төсвийн хөрөнгөөр бараа худалдан авч үр ашиггүй зарцуулсан.

- Мэдлэг чадвар, хууль зүйн мэдлэгээ дээшлүүлээгүйн улмаас ёс зүйн зөрчил гаргасан, түүнийгээ хүлээх чадваргүй байгаа нь албан хаагчдын дунд илт дургүйцэл төрүүлсэн. Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, албан тушаалын байдлаа ашиглан удирдлагадаа байгаа албан хаагчдаар санхүүгийн анхан шатны хуурамч баримт үйлдэж, байгууллагын данснаас мөнгө гарган зарцуулсан. 2020 оны 12 дугаар сарын бараа материал худалдан авч, агуулахад хүлээн аваагүй барааг авсан мэтээр хэлүүлж, хожим нь шалгалтаар илэрмэгц нөхөж авчруулах арга хэмжээ зохион байгуулж байгаа, мөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд байгууллага байнга өртэй байсан, байцаагч нараар шатахууны цайралт хийлгэсэн олон удаагийн үйл баримтаар харагдана. Эндээс төсвийн сахилга бат муу, хийсэн ажлынхаа гүйцэтгэл үр дүнг хариуцаж чадахгүй байгааг нь нотолж байна.

- М.Чинзориг, Б.Хүрэлбаатар нарыг буруутгах зорилгоор 2021 оны 06 сард байцаагч Дэлгэрмандах, Дулмаа, Мөнхцэцэг нарын нэрийн өмнөөс Хүний эрхийн үндэсний комисст өөрсдөд нь мэдэгдэлгүй тэдний нэрээр “гомдол” гэгчийг хуурамчаар үйлдэж, энэ үйлдлийг нь байгууллагын Ёс зүйн зөвлөл шалгаад М.Өлзиймөнх нь ёс зүйн зөрчилтэй гэж тогтоон хамт олны өмнө уучлал гуйлгах шийдвэр гаргасан байхад “би буруугүй, зөвшөөрөхгүй” хэмээн Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж хамт олноосоо уучлал гуйгаагүй.

- Албан хаагчдыг хавчин гадуурхах үйлдлээ бусдаар гүйцэлдүүлэх замаар хийж байсан нь байцаагч Б.Хүрэлбаатарыг байгууллагынхаа талаарх мэдээллийг болон байцаагчдын талаар баримт цуглуулж яруу найрагч Батсайханд өгдөг гэж гүтгэсэн болох нь Батсайхан, Хүрэлбаатар нарын тайлбараар нотлогддог.

- Ц.Оюунцэцэгийг өвчтэй байхад өөртэй нь тохиролцохгүйгээр, тушаалгүйгээр 2020.05.20-ноос 2020.10.01 хүртэл аймгийн төвд сэлгэн ажиллуулсныг дарамт гадуурхал гэж үздэгээ Ц.Оюунцэцэг байцаагч бичсэн байсан, Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Чинзоригийг хууль бусаар ажлаас 2 удаа халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

- М.Ө...ийн нөхөр байгууллагын Ниссан патрол машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж яваад эвдсэн нь жолооч Мөнхням, жижүүр С.Амарбаатарын тайлбараар нотлогдоно.

- Байгууллагын аваргыг шударга бусаар шалгаруулсан, илүү цагийн мөнгийг шударга бусаар олгож ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан, цахим орчинд бусдыг доромжилсон зэрэг ёс зүйн зөрчил гаргасан зэргийг хамааруулсан.

3.2.3. Ёс зүйн зөвлөл нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.1.е-д “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх”, 5.1.7.а-д “Удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх” гэж заасныг зөрчсөнийг тогтоосон.

3.2.4. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний хувьд, М.Ө..ийн зарим тодорхой үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа учраас хариу иртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байх талаар Дотоод хяналтын багийнхантай ярилцаж тохирсон байсан. Гэвч М.Ө. нь байгууллагын дотор таагүй сөрөг уур амьсгал бүрдүүлж хамт олныг хагалан бутаргах, ажилтнуудыг авлига авсан, өгсөн гэж гүтгэн, гутаах, бусдыгаа тагнах чагнах, хамт ажиллаж байгаа хүмүүстээ элдэв дарамт үзүүлж байцаагч Т.Соёлцэцэг, Бямбасүрэн нартай хамт нэг өрөөнд суудаг ч ороод очихоор нь ярьж байсан яриагаа зогсоох, О.Б-д хов зөөдөг гэх мэтээр гаргаагүй, хийгээгүй үйлдлийнх нь төлөө тэднийг гадуурхан хавчиж байсныг тэдгээр байцаагч нар ярьж халахаас аргагүй байдалд хүргэсэн гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлно.

3.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/69 дүгээр тушаалын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болж, үргэлжлүүлэн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүргээр дангаар нь хэрэгжүүлэх болоход шинээр томилогдсон газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч нь энэ нөхцлийг хангаагүй. Байгууллага дээр ирсэн манай хэлтэст холбоотой албан тоотуудыг тус хэлтсийн хүнсний чанар, стандартын улсын байцаагч Т.Амарбатад цохох, Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралд Т.Амарбатыг оролцуулах зэргээр түүгээр миний хэлтсийн даргын ажлыг хийлгэж, би хэлтсийн байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, мөн даргын зөвлөлийн хуралд оролцох эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Дотоод хяналт шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн гэдэг асуудлыг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр анх танилцуулсан. Ингэж танилцуулахдаа М.Ө-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэгэнт шалгуулахаар шийдвэрлэсэн учраас танилцуулга дээр гомдол гаргаагүй байж байтал 10 дугаар сарын 08-ны өдөр намайг дахин дуудсан. Энэ өдөр дуудахдаа ёс зүйн зөрчил гаргасан, хэлтсийнхээ дотоод чат дээр ёс зүйгүй мессеж бичсэн байна гэдэг байдлаар дуудсан. Ингээд даргын зөвлөлийн хурал ёс зүйтэй холбоотой асуудлаар хэлэлцээд дуустал, 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах тушаал танилцуулаад, 10 дугаар сарын 08-ны өдрийн огноотой сонсох ажиллагааны тэмдэглэл гэдэг зүйлтэй танилц гэсэн. Энэ тэмдэглэл нь ямар нэгэн байдлаар надад арга хэмжээ авах гэж байгаа байдлаар тушаалтай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. 10 дугаар сарын 08-ны өдөр өөр асуудал яригдсан учраас энэ сонсгох ажиллагааны тэмдэглэл дээр би гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй. О.Б  даргын хувьд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу хурал хийсэн өдрөө намайг 10-аад удаа өрөөндөө дуудсан байдаг. Цаашлаад даргын зөвлөлийн гишүүдтэй хамтатган дуудсан. Ингэхдээ 9 дүгээр сарын 06, 08, 13-ны өдөр гээд нилээн олон удаа ганцаарчлан дуудаж уулзсан. Ингэж дуудахдаа чамд 2 боломж байна. Нэгдүгээрт нь өргөдлөө өгөөд ажлаас гарах боломж байна. Хэрвээ ингэвэл чиний нэрд цэвэр, 2 хүүхдэд чинь хэрэгтэй гэсэн асуудал ярьсан. Хоёрт нь чамайг хангалттай ялтан болгох баримт цугласан болохоор холбогдох хууль хяналтын байгууллагад өгнө. Ингээд чи хэрэгт холбогдоод, ялтан болж ажлаас халагдах 2 боломж байна гэсэн шаардлагыг надад тулгасан. Миний бие ямар ч гэсэн хууль хяналтын байгууллагад шалгуулна, үнэн зөвөө тогтоолгоно гэдэг хүсэлтээ удаа дараа хэлсэн.

Ёс зүйн асуудал гээд байгаа зүйл дээр Хүний эрхийн үндэсний комисст би өөрөө хүсэлт, гомдол гаргасан байдаг. Дэлгэрмандах, Дулмаа нарын өмнөөс гээд байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхээр би тэр хоёрын өмнөөс гарын үсэг зурж, гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл Хүний эрхийн үндэсний комиссын манай аймаг дахь комиссар надад юу гэж зөвлөсөн бэ гэхээр танай байгууллагад танаас гадна эрх нь зөрчигдөж байгаа хүн байвал та хөндлөнгөөс мэдээлэл өгч болно гэдэг ойлголтыг өгсөн учраас энэ хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа шүү гэдэг байдлаар мэдээллийг би хөндлөнгөөс гаргасан. Гэтэл надад тэр хүмүүс мэдээлэл өгөхдөө бид нарын эрх зөрчигдөөд байна, хэлтсийн дарга намайг ингээд байна, бид нарт дарамт шахалт үзүүлээд байна гэдэг мэдээлэл өгч байснаа яг явцдын дунд ямар асуудал гарсаныг мэдэхгүй, татгалзаад бид нарын өмнөөс гомдол гаргачихсан гэсэн зүйлийг ярьсан.

Дотоод хяналт шалгалт гэдэг нь Засгийн газрын 2011 оны 311 дугаар тушаалаар байгууллагын аж ахуйн нэгж, байгууллага болгон өөрийгөө хянах үүрэгтэй дотоод хяналт, шалгалтын баг байх ёстой гэж оруулж өгсөн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар ерөнхийдөө дотооддоо ямар нэгэн эрсдэл үүсэхээс сэргийлээд үзлэг шалгалт хийгээд, гэхдээ мэргэжлийн хүмүүс, шаардлага хангасан хүмүүс, хэрвээ санхүү шалгах гэж байгаа бол санхүүгийн мэргэжлээр мэргэшсэн, шалгах эрх авсан хүн тухайн бүрэлдэхүүнд нь оролцож, санхүүгийн асуудлыг шалгаад, ийм эрсдэл гарч болох болзошгүй юм байна, дараа оны аудит ирэхээс өмнө бид нар үүнийгээ засая гэдэг байдлаар өөрийнхөө байгууллагын эрсдлийг өмнө нь арилгах зорилгоор дотоод хяналт, шалгалтын баг ажилладаг. Дотоод зөрчлөө арилгах зорилготой болохоос хэн нэгэн хүн рүү чиглээд, хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулаад санхүүгийн зөрчил нь ийм байна гээд шууд шийдэх эрх хэмжээтэй биш” гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Ө-ийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацааны санхүүгийн зөрчилтэй холбогдуулж ажлаас халах тушаалыг гаргахдаа энэ хүнийг Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн даргын улсын байцаагчийн ажлаас нь халсан. Гэтэл энэ хүний үндсэн ажлын байран дээр нь санхүүгийн хариуцлагыг, байгууллагын хэмжээнд санхүүгийн чиг үүргийг хариуцах чиг үүрэг огт байхгүй. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтонд заагаагүй чиг үүрэгтэй холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 дүгээр тушаал нь нилээн олон хууль тогтоомжийг баримтласан ба Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 31.2, 37.1.7, 37.1.8, 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.11 гэсэн холбогдох заалтуудыг яаж зөрчсөн болохыг тушаалын үндэслэлд тодорхой заагаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл 48.6, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1, 2.2, 2.3, 2.5, 3.1, 3.10 зэрэг холбогдох заалтыг зөрчсөн.

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас тус Мэргэжлийн хяналтын газрын 2020, 2021 оны санхүүгийн тайланд аудит хийгээд санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргачихсан байхад дахиад хяналт шалгалт явуулж байгаа нь ойлгомжгүй. Дотоод хяналт шалгалтын багийн танилцуулгыг хэлэлцсэн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл 2-3 удаа хэрэгт авагдсан. Тэмдэглэлийн агуулга болоод ирц, баталгаажуулалтын хэсэг, гаргасан гэх зөрчлийн дүн нь хоорондоо зөрүүтэй. Дотоод хяналт шалгалтын багийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг гаргахын өмнө 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас удирдамж гаргадаг. Дахиад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дахиад удирдамж гаргадаг. Гэтэл энэ нь тодорхой бус. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу танилцуулах ёстой байтал энэ удирдамжийг нэхэмжлэгч М.Ө-д танилцуулаагүй. Эдгээр удирдамжуудыг танилцуулаагүй, мэдэгдээгүй, яг юу шалгах гэж байгаа нь тодорхойгүй, хяналт шалгалт явуулахдаа нэхэмжлэгчээс тайлбар авах ажиллагаа хийгээгүй. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн удирдамж нь 2 хоногийн хугацаанд шалгах ёстой байсан. Тухайн удирдамжаар яг юу шалгаж, юу тогтоож, юу илрүүлсэн талаар огт баримт байхгүй. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17/27 дугаартай удирдамжаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байгаа. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх, шалгалт хийх чиглэлийн хамрах хүрээ нь 2020, 2021 оны эхний хагас жилийн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал татан авалт, зарцуулалт, 2020, 2021 оны эхний хагас жилийн ажилчдын цалин, хөлс, томилолт, бензин шатахууны зарцуулалт, Экспорт, импорт, хорио цээр, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн 2020, 2021 оны эхний хагас жилийн ариутгалын орлогын бүрдүүлэлт, коронавирусын цар тахлын хандив, тусламжийн орлого, зарцуулалтын хэрэгжилтийг тус тус шалгана гэж зааж өгсөн байгаа. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд 2019 оны асуудлуудыг шалгасан байгаа. Тэгэхээр энэ нь удирдамжид заасан асуудлаас өөр асуудлыг шалгажээ. Мөн хяналт шалгалтын хугацаа дууссаны дараа дахин хугацааг сунгасан, хууль бус бүрэлдэхүүнээр хяналт шалгалтыг гүйцэтгэсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн.

Тухайн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоол нь уг тушаалыг гаргах үндэслэл болсон гэдэг. Энэ тогтоолоор нэхэмжлэгч М.Ө-ийг ёс зүйн асуудлаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ёс зүйн зөвлөлийн хурлаар байгууллагынхаа ажилчдын өмнө уучлалт гуйлгуулах шийтгэл ногдуулсан. Гэтэл дахин энэ тогтоолыг үндэслэл болгоод Б/41 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 218 дугаартай М.Ө-д хаягласан албан бичгийг түүнд хүргүүлээгүй, байгууллагын нууцын зэрэглэлд хамааралтай материал гээд тухайн хяналт шалгалтын баримтыг түүнд танилцуулахаас татгалзсан, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэдэг нь нотлогдож байна. Сонсох ажиллагаа явуулахдаа оролцогчийн тайлбар, санал гаргах хугацаагаар хангах ёстой. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сонсох ажиллагаа хийж байна гэдэг ч  ямар ч боломжоор хангаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт М.Ө-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2021 оны Б/41 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн тухайд, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 113/ШЗ2022/0078 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 113/ШЗ2022/0115 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг товлон зарласан.

5.1. а/ Хариуцагч өөрийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт товлосон шүүх хуралдаанд цахимаар оролцсон ба хүсэлт гаргагч О.Б-ын “гуравдагч этгээдээр оролцох” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан гомдол гаргах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

б/ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цагт товлосон шүүх хуралдаанд хариуцагч цахимаар оролцох хүсэлт гаргасан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба хэргийг хянан хэлэлцэж, нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

в/ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт товлосон шүүх хуралдааныг мөн хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж, хойшлуулсан.

г/ 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13.30 цагт товлосон шүүх хуралдааныг хариуцагчаас ирүүлсэн “гэнэт өвдөж, эмнэлэгт хэвтсэн” тухай эмнэлгийн магадлагааг үндэслэж, бусад оролцогчийн тайлбарыг харгалзан, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, дахин хойшлуулсан байна.

5.2. Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16.38 цагт цахимаар ирүүлэхдээ, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч С.Лхасүрэнгийн үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагааг хавсаргажээ.

5.3. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 2.1-д эмнэлгийн магадлагааны төрлийг тодорхойлсон бол 4.1-д “Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна”, 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасан.

5.4. Хариуцагчийн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн дээрх эмнэлгийн магадлагаанд, “элэгний архаг үрэвсэл” гэх онош тавьсан буюу тус магадлагааг олгосон эмчлэгч эмчийн албан тушаал бичигдээгүй /тус Эрүүл мэндийн төвийн олон нийтэд нээлттэй мэдээлэлд “II амбулторийн мэс заслын эмч” гэж бичсэн/, хариуцагч “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэх боловч эмнэлгийн магадлагаанд энэ тухай тэмдэглээгүй, мөн эмнэлгийн байгууллагын тэмдэг дарж баталгаажигдаагүй зэргээс эмнэлгийн магадлагаа нь ойлгомжтой тодорхой байхаар тогтоосон шаардлагад нийцэхгүй байх тул түүний хүндэтгэн үзэх шалтгааныг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “эмнэлгийн магадлагаанд Ерөнхий эмчийн тамга, эмнэлгийн тэмдэг дарсан байх ёстой, шаардлагыг хангахгүй байна” гэх тайлбар үндэслэлтэй.

5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “шүүхийн шийдвэрийг дагах тул цахимаар оролцоно” гэж тайлбарлан шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан, зарим тохиолдолд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн биечлэн оролцох хүсэлт удаа дараа гаргасныг шүүхээс хүлээн авч, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрх, мэтгэлцэх зарчмыг хангахаар товлон зарласан шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж байжээ.

5.6. Дээрх нөхцөл байдлыг, нэмж цуглуулсан нотлох баримтыг хариуцагчид цахим шуудангаар хүргүүлж танилцуулсан, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр гаргасан хүсэлт болон хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

“Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, .../ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасныг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, М.Ө-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий Б/41 дүгээр тушаалын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны актын шинжийг агуулахаас гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан болох нь тогтоогдсон байх хуульд заасан урьдчилсан нөхцлийг зэрэг хангасан тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдэх тул хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзалд холбогдох дараах үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.

8. Маргаан бүхий захиргааны акт нь нэгд, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр болохын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан хэм хэмжээнд нийцэх; хоёрт, захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны шийдвэр болохын хувьд түүнийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагаас хамаарч түүнийг хуульд нийцсэн, алдаагүй захиргааны актын шинжийг хангасан гэж үзнэ:

9. Нэг. Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д зааснаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь “төрийн жинхэнэ албан тушаал”, уг албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, төрөөс цалин хөлс авч байсан М.Ө  нь “төрийн жинхэнэ албан хаагч” тул тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа түүнд нэгэн адил хамаарч, эрх бүхий албан тушаалтнаас хөдөлмөрлөх эрхэд нь халдсан аливаа шийдвэр гаргахад энэ хуулийг баримтлана.

10. Маргаан бүхий актаар нэхэмжлэгч М.Ө-ийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6, 16.5.7, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6–д зааснаас гадна Төрийн албаны зөвлөл, Засгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон холбогдох дүрэм, журмыг баримтлан (А) Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, санхүүгийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан, (Б) төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

11. Харин нэхэмжлэгч, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тогтоож, сонсох ажиллагаа явуулаагүй, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах журмыг мөрдөөгүй, газрын даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэдгийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй байхад хэлтсийн даргын албан тушаалаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, Дотоод хяналтын баг нь хууль бус бүрэлдэхүүнээр хяналт шалгалт явуулсан бөгөөд сахилгын зөрчлийг шалган тогтоох эрхгүй зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлж, маргажээ.

12. (А) Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан, тус газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 дүгээр тушаалд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албаны нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлс, 48 дугаар зүйлийн 48.1.3-д[1] төрийн албанаас халах үндэслэлийг л тодорхойлсноос бус сахилгын болон ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахад хуулиар тогтоосон холбогдох журмыг захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа баримтлах шаардлага нь дараах эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдоно.Үүнд:

13. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... /-ны/ шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.

14. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийн үндэслэлийг шалгах, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой аливаа харилцаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам үйлчилнэ.

15. Тус журмын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримт бичгийг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-т “... албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.3-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно”, 2.5-д “Шалгагч ... сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцууна:”, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна” гэж зохицуулжээ.

16. Хариуцагчаас “М.Ө  нь Төрийн албаны тухай хуульд заасан хориглох хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, Б/41 дүгээр тушаалд тодорхойлсон зөрчлийг байгууллагын Дотоод хяналтын баг, Ёс зүйн зөвлөл шалгаж тогтоосон”[2] гэж тайлбарлана. 

17. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг баталсан. 

18. Уг журмын 1.1-д “... байгууллагын сахилга, дэг журмыг бэхжүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах зорилгоор дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, үр дүнг нэгтгэн танилцуулах, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулна” гэж зааснаас гадна дотоод хяналт шалгалтыг, уг журмаар тогтоосон чиглэлийн дагуу Дотоод хяналт шалгалтын баг гүйцэтгэж, гарсан үр дүнг хэрхэн шийдвэрлэх талаар 3.1, 4.1, 5.1, 5.2-т тус тус заасан байна. 

19. Улмаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу даргын үүргийг орлон гүйцэтгэгч /О.Балжинням/-ийн баталсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17/27 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу М.Чинзориг, Г.Сугараа, Г.Гэрэлцацрал, Г.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй[3] Дотоод хяналт шалгалтын багаас 2020-2021 оны үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал худалдан авалт, зарцуулалт, цалин хөлс, шатахууны зарцуулалт, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ариутгалын орлогын бүрдүүлэлт болон Коронавируст халварын цар тахлын үеийн хандив тусламжийн орлого, зарцуулалтын хэрэгжилтийг шалгах чиглэлээр хамрах хүрээг тодорхойлжээ.

20. Хяналт шалгалтыг ажлын 7 өдрийн хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон ч 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын 25 өдрөөр сунгаж, бүрэлдэхүүнд Г.Гэрэлцацрал, Э.Сансартайван нарыг нэмж, Г.Оюунсүрэн, Т.Соёлцэцэг нарыг хассан тухай тэмдэглэлийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн. Дотоод хяналт шалгалтын багийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай танилцуулгыг Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга  М.Чинзориг, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.Сугараа, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гэрэлцацрал, авто замын хяналтын улсын байцаагч Б.Баатарцогт нар бичсэн байдаг.

21. Дотоод хяналт шалгалтын багийг, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар М.Чинзориг, Т.Соёлцэцэг, Г.Сугараа, Б.Баатарцогт, Г.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар М.Чинзориг, Б.Баатарцогт, Г.Гэрэлцацрал, Э.Сансартайван, Г.Сугараа нарын бүрэлдэхүүнтэй болгон өөрчсөн бол, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар мөн бүрэлдэхүүнийг өөрчилж, М.Чинзориг, Б.Баатарцогт, Г.Гэрэлцацрал, М.Алтанцэцэг, Г.Сугараа нар байхаар шийдвэрлэсэн ба Дотоод хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүнийг өөрчлөх бүрт өмнөх тушаалыг хүчингүй болгожээ.(хэргийн I хавтасны 51-59, 194, IV хавтасны 98 дахь талд)

22. Хэрэгт цуглуулсан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Дотоод хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүнийг томилсон тушаалууд, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр баталсан 17/27 дугаартай хяналт шалгалтын удирдамж, Дотоод хяналт шалгалтын багийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай шалгалтын танилцуулга, гэрч М.Чинзориг, Б.Баатарцогт, Г.Гэрэлцацрал, Г.Сугараа нарын “Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу, даргын баталсан удирдамжийн хүрээнд байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийсэн” гэх мэдүүлэг (хэргийн III хавтасны 110-112,127-129, 135-136, 149-150  дахь талд) зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл эдгээр албан хаагчдын бүрэлдэхүүнтэй байгуулсан Дотоод хяналт шалгалтын багаас, 17/27 дугаар удирдамжийн дагуу байгууллагын үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалт, түүний хүрээнд үйл баримт бичгийг маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон М.Ө-д холбогдох сахилгын болон ёс зүйн зөрчлийг, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон холбогдох журмын дагуу шалган тогтоосон үйл ажиллагаа, сахилгын зөрчлийг тогтоосон нотлох баримт гэж үзэхгүй.

23. Учир нь тухайн тохиолдолд байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт явуулах болсон хууль зүйн үндэслэл ба уг үйл ажиллагаанд удирдлага болгосон хууль журмын зохицуулалт, Дотоод хяналтын багийн удирдамжид заасан хяналтын шалгалтын хамрах хүрээ ба чиглэл, хяналт шалгалтын хугацаа, хяналт шалгалтын танилцуулга, гаргасан дүгнэлт, түүний үр дагавраас үзэхэд төрийн албан хаагчийн сахилгын болон ёс зүйн зөрчлийг шалган тогтооход бус, харин Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан байгууллагын үйл ажиллагаан дахь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа байжээ.

24. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 300 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн Дотоод хяналт шалгалтын багийн “2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай танилцуулгад цаашид авах арга хэмжээний саналыг Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралд оруулсан” гэх тайлбар, багийн гишүүдийн өгсөн гэрчийн мэдүүлгүүд үүнийг мөн нотолно. 

25. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын удирдамж, чиглэл, Дотоод хяналтын багаас явуулсан хяналт шалгалтын хугацаа, танилцуулга, түүнд тодорхойлсон санал дүгнэлт зэрэг нь бүхэлдээ “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-2.6-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоохтой холбоотой тогтоосон хугацаа, гүйцэтгэх ажиллагаа, түүний хүрээнд бүрдүүлбэл зохих баримт хийгээд сахилгын зөрчлийг шалган тогтоох үндсэн зарчимд нийцэхгүй ба тус журмын 1.6-д заасан “... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж заасныг хангахгүй.

26. Тиймээс нэхэмжлэгчийн “Дотоод хяналтын баг нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчлийг шалган тогтоох эрхгүй” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй, харин хариуцагчийн “Б/41 дүгээр тушаалд тодорхойлсон зөрчлийг байгууллагын Дотоод хяналтын баг шалгаж тогтоосон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

27. Энэ тохиолдолд тус байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн Дотоод хяналтын багийн бүрэлдэхүүнийг тус газрын даргын тушаалаар баталгаажуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан “Дотоод хяналтын баг нь хууль бус бүрэлдэхүүнээр хяналт шалгалт явуулсан” гэх тайлбар үгүйсгэгдэх ба энэ нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй юм.

28. Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд М.Ө , С.Сэлэнгэ нарт хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн боловч С.Сэлэнгэд ямар нэг сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь түүний “ажилд орсноос хойш сахилгын шийтгэл хүлээж байсан тохиолдол байхгүй” гэх гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны “Б” тушаалын бүртгэлд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон бол Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналты газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 220 дугаар албан бичгээр тус аймгийн Прокурорын газарт гаргасан гомдлыг Авлигатай тэмцэх газраас харьяаллын дагуу хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалган ажиллагаа явуулж /дуусаагүй/ байгаа болох нь Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/754, Авлигатай тэмцэх газрын Мөрдөх шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/14595 дугаартай албан бичгээр тус тус нотлогдоно. (хэргийн III хавтасны 152-153, 168, 226, IV хавтасны 29 дэх талд)

29. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт, М.Ө-ийн 2019 онд үйлдсэн гэх зөрчлийн хувьд Дотоод хяналт шалгалтын багийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/27 дугаартай танилцуулга, дүгнэлтээр илрүүлсэн гэж дурдах ба зөрчлийг илрүүлнээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй нь үнэн боловч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 48 дугаар зүйлийн 48.5-д  заасан “... зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн зохицуулалт үйлчилнэ. Зөрчил үйлдэгдсэнээс хойш нэгэнт нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно.  

30. (Б) Хариуцагчаас маргаан бүхий Б/41 дүгээр тушаалд тодорхойлсон “М.Ө  нь Төрийн албаны тухай хуульд заасан хориглох хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэх үндэслэлийг тайлбарлахдаа  “Дэлгэрмандах, Дулмаа, Мөнхцэцэг нарын нэрийн өмнөөс Хүний эрхийн үндэсний комисст өөрсдөд нь мэдэгдэлгүй тэдний нэрээр гомдол гэгчийг хуурамчаар үйлдсэн, мэдлэг чадвар, хууль зүйн мэдлэгээ дээшлүүлээгүйн улмаас ёс зүйн зөрчил гаргасан, илүү цагийн мөнгийг шударга бусаар олгож ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан, цахим орчинд бусдыг доромжилсон, байгууллагын дотор таагүй сөрөг уур амьсгал бүрдүүлж хамт олныг хагалан бутаргах, ажилтнуудыг авлига авсан, өгсөн гэж гүтгэн, гутаах, бусдыгаа тагнах чагнах, хамт ажиллаж байгаа хүмүүстээ элдэв дарамт үзүүлсэн” зэрэг үйлдлийг үүнд хамааруулна гэжээ.

31. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2, 5.4, 6.1, 6.3, 6.5-д тухайн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээ, баримтад дээд шатны албан тушаалтан, эсхүл дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан шалгалт явуулах, ингэхдээ ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэн оролцуулж, тайлбарыг сонсох; ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан, Ёс зүйн зөвлөлд хүргүүлж шийдвэрлүүлэх; Ёс зүйн зөвлөл нь шалгагчийн танилцуулга, бүрдүүлсэн баримт, зөрчлийн шинж байдлыг харгалзан хариуцлага ногдуулахаар; харин ёс зүйн зөрчил нь сахилгын, эсхүл гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулахаар тус тус заасан.

32. Ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Амарбат, Б.Ариунтуяа, Б.Батцэцэг, Ш.Түвдэндорж, Н.Цолмонтуяа нарын “Ёс зүйн зөвлөл нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Дэлгэрмандах, Дулмаа нарын гаргасан М.Өлзиймөнхийг хүний өмнөөс Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн. М.Ө-ийн талаар үүнээс өөр асуудал хэлэлцсэн, шийдвэр гаргасан асуудал Ёс зүйн зөвлөлд байхгүй” гэх гэрчийн мэдүүлгийг, шүүхээс тус Ёс зүйн зөвлөлийн ажлын тайлан материалд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хэргийн III хавтасны 123-124, 132-133, 140-141, 147-148, 160-161, 168 дахь талд) болон бичгийн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, Б/41 дүгээр тушаалд зөрчил гэж тодорхойлсон “илүү цагийн мөнгийг шударга бусаар олгож ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан, цахим орчинд бусдыг доромжилсон, байгууллагын дотор таагүй сөрөг уур амьсгал бүрдүүлж хамт олныг хагалан бутаргах, ажилтнуудыг авлига авсан, өгсөн гэж гүтгэн, гутаах, бусдыгаа тагнах чагнах, хамт ажиллаж байгаа хүмүүстээ элдэв дарамт үзүүлсэн” зэрэг үйлдлүүдийг ёс зүйн, эсхүл сахилгын зөрчил мөн эсэхийг Дотоод хяналт шалгалтын баг, Ёс зүйн зөвлөлөөр шалган тогтоож, шийдвэрлүүлэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулжээ.

33. Энэ нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2, 5.4, 6.1, 6.3, 6.5, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6, 2.5, 2.6, 3.1-д заасан эрх зүйн зохицуулалтад үл нийцнэ.

34. Захиргааны албан тушаалтны зүгээс төрийн албан хаагчид холбогдох сахилгын болон ёс зүйн холбогдох зөрчлийг Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтран баталсан дүрэм, журамд заасан тодорхой ажиллагаа явуулж, шалган тогтоосны үндсэн дээр хариуцлага ногдуулах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд сахилгын зөрчлийг тогтоохын тулд /шийдвэр гаргахын өмнө/ тухайн албан хаагчаас тайлбар аваагүй, дээрх журамд заасан ажиллагааг явуулсан, мөн цуглуулсан гэх нотлох баримтад дүн шинжилгээ хийсэн талаар баримтжуулсан зүйлгүй тул ингэж дүгнэх үндэслэлтэй.

35. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газрын тогтоолоор баталсан байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулахтай холбоотой нийтлэг журмын дагуу хийсэн дотоод хяналт шалгалтын бүрэлдэхүүн, хамрах хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн сахилгын зөрчлийг тогтоож, шийтгэл ногдуулах харилцаа хамааралгүй болно.

36. Хоёр. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.4-д заасан захиргааны албан тушаал, гаргасан шийдвэр нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон захиргааны акт болох учраас тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах журам мөн үйлчлэх бөгөөд зөрчсөн тохиолдолд захиргааны акт хууль бус байх үндэслэл бүрдэнэ.

37. Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодохойлсон зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, санал тайлбарыг нь сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; бодит нөхцөл байдлаар хуулиар тогтоосон журмын дагуу бүрэн тогтоох” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ. Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий “хуульд үндэслэх зарчим” хийгээд 4.2.5-д заасан шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ.

38. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг гаргахдаа М.Өлзиймөнхөд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь тодорхойгүй, сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуульд заасан агуулга, шаардлагын дагуу үйлдээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ:” гэж заасныг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэл, нэр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

39. Тухайлбал, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд: О.Б, М.Ө нарын /хэлсэн гэх/ зарим тайлбар өөр өөрөөр тэмдэглэгдсэн, сонсох ажиллагаанд тэмдэглэлийн баталгаажуулалт  зөрүүтэй, тэмдэглэл үйлдсэн гэх Н.Дариймаагийн “Даргын зөвлөлийн хурлаас өөр сонсох ажиллагаа гэж зохион байгуулсан зүйл байхгүй. Хурлын тэмдэглэлээс М.Ө-тэй холбоотой хэсгийг хуулж тавиад өөрт нь сонсох ажиллагааны тэмдэглэл гэж танилцуулсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг би боловсруулаагүй, хүргүүлж гардуулах ажиллагаанд оролцоогүй” гэх гэрчийн мэдүүлэг (I хавтасны 69-71, 204-207, III хавтасны 99-101 дэх талд), мөн гэрч Г.Сугараагийн “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн даргын зөвлөлийн хурал дээр сонсох ажиллагаа явуулж, өөрт нь танилцуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 02, 06-ны өдрийн даргын зөвлөлийн хурлаас Ө, Сэлэнгэ нарыг хуулийн байгууллагаар шалгуулах, хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн”, гэрч Т.Амарбатын “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өөр сонсох ажиллагаа хийсэн зүйл байхгүй”, гэрч М.Чинзоригийн “даргын зөвлөлийн хурал дээр сонсох ажиллагаа хийгээд,сонсох ажиллагаа хийж байна гэдгийг өөрт нь танилцуулсан, газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 228 дугаартай албан бичгийг боловсруулахад оролцсон, гардуулах ажиллагаанд оролцоогүй”, гэрч Х.Сумъяагийн “228 дугаартай албан бичгийг О.Балжинням дарга өөрөө боловсруулсан, би хэвлэж өгөөд М.Өлзиймөнх даргад өгөх үү гэхэд, болоогүй надад өгчих гээд аваад үлдсэн” гэх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл сонсох ажиллагааны мэдэгдлийг М.Ө-д хүргүүлсэн, сонсох ажиллагааг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу зохион байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан “сонсох ажиллагаанд оролцуулсан, зөрчлийнх нь талаар түүнд танилцуулж, тайлбар гаргах боломжийг олгосон” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

40. Сонсох ажиллагааны зорилго, ач холбогдол нь захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө санал тайлбар болоод нотлох баримт гаргах гаргаж өгөх боломжит хугацааг захиргааны актын үйлчлэл чиглэгдэж буй этгээдэд олгох агуулгатай ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг “М.Ө-ийн зарим тодорхой үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа учраас хариу иртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байх талаар Дотоод хяналтын багийнхантай ярилцаж тохирсон байсан, хамт ажиллаж байгаа хүмүүстээ элдэв дарамт үзүүлж, тэднийг гадуурхан хавчиж байсныг тэдгээр байцаагч нар ярьж халахаас аргагүй байдалд хүргэсэн” гэх тайлбартай харьцуулан дүгнэхэд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмы дагуу явуулаагүй гэж үзэхээр байна.

41. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмын агуулгаар тайлбарлавал захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актаас гадна уг шийдвэрийг гаргах ажиллагаа (процесс) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй нь захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж тооцох үндэслэл болох бол тус зүйлийн 4.2.5-д захиргааны байгууллагын шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий тушаалд гаргахдаа үндэслэл болгосон баримтыг хянан шалгаагүй /шалган тогтоох үүргээ биелүүлээгүй/, үүнээс үүдэх хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцахаар байна.

42. Уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг тогтооосон журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

43. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нь нэхэмжлэгч М.Ө-ийг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, Б/41 дүгээр тушаалд заасан зөрчилд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журмын дагуу зөрчлийг шалган тогтоох ажиллагааг бүрэн явуулаагүй, зөрчилд холбогдсон гэх зарим албан хаагчдад хариуцлага ногдуулаагүй, зөрчилд хамаарах зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарах эсэхийг тогтоолгохоор гомдол мэдээлэл гаргасан атлаа түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс зөвтгөх боломжгүй, захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна гэж дүгнэв.

44. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь бүр болон түр чөлөөлөх, халах зэрэг тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон байх учиртай, ингэснээр төрий жинхэнэ албан хаагчийг өөр бусад субъектив шалтгаанаар төрийн албанаас халахгүй байх бодит баталгаа хэрэгжих ба маргаан бүхий Б/41 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн уул эрхэд халдаж, хязгаарласан байх тул М.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 

М.Ө  нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-7-5 шатлалын 924,456 төгрөгөөр цалинжиж, түүн дээр нэг сарын үндсэн цалингийн 15 хувиар тогтоосон төрийн алба хаасан хугацааны, 28 хувиар тогтоосон зэрэг дэвийн нэмэгдэл авч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар цуглуулсан 2021 оны цалингийн дэлгэрэнгүй картаар тогтоогдож байна. (хэргийн IV хавтасны 118 дахь талд)

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-д “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, ... тооцож болно”, 2.3-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:” гээд 2.3.5-д “хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Ө-д олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 14 сар 1 хоног (2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл)

Сүүлийн 3 сард бодогдсон цалинг авч үзвэл: 2021 оны 7 дугаар сард 1,431,694 төгрөг, 2021 оны 8 дугаар сард 1,584,580 төгрөг, 2021 оны 9 дүгээр сард 1,354,972 төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 4,371,196 төгрөг:3 сар=1,457,065 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 1,457,065 төгрөг:21 хоног=69,384 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааны дундаж цалин хөлсний олговор нь 1,457,065*14 сар=20,398,910 төгрөг, 69,384*1 хоног=69,384 төгрөг буюу нийтдээ 20,468,294 төгрөг байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр аждын байранд нь эгүүлэн тогтоосон бол ... өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 14 сар 1 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 20,468,294 (хорин сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун ерөн дөрвөн) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан М.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “М.Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Ө-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20,468,294 (хорин сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун ерөн дөрвөн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж М.Ө-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.3, 44.3.5, 45 дугаар зүйлийн 45.1.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүхээс үзлэг хийх, гэрчүүдийн мэдүүлгийг очиж авсан зардал болох 980,000 /есөн зуун наян мянган/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100220005401 тоот дансанд оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ

 

                  

 

 

[1] Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн төрөл болох “төрийн албанаас халах” эрх зүйн хэм хэмжээ нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үед 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт байсан бол 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 48.1.4 болж, заалтын дугаар өөрчлөгдсөн.

[2] Хариуцагч нь Дотоод хяналт шалгалтын багийн тогтоосон зөрчлүүдэд энэ шийдвэрийн “Тодорхойлох нь” хэсгийн 3.2.2, 3.2.3-д дурдсан зөрчлийг хамааруулсан гэж тайлбарласан болно.

[3] 17/27 дугаартай удирдамжид зааснаар