Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Хохирогч Р.Б ийн өмгөөлөгч Л.Бор

Яллагдагчийн  өмгөөлөгч Ц.Мөнхтуул

          Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

                          

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн  шүүгчийн 2021/ШЗ/65 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан давж заалдах гомдлоор Н.Д д холбогдох эрүүгийн 2014004510441 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, овогт Н.Д, 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Н.Д  нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Р.Б ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг Төрийн банк ХХК-д тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Н.Д д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэтэл шүүгдэгч Н.Д д холбогдох хэрэгт дээрх хуульд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн эсэхийг нэг мөр шалгаж тогтоогүй үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

Тухайлбал хохирогч Р.Б ийн ... Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны үед ямаагаа самнаж ноолуураа Н.Д д өгсөн. Тэгээд ноолуурынхаа мөнгийг авч хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтөө хийх гэхэд “Төрийн банк” хаасан байсан. Тухайн үед Н.Д гаас мөнгө авчихсан байсан. Тэгээд цаг орой болж “Чи маргааш миний зээлийн мөнгө хийчих үү” гэхэд “Тэгье” гэж хэлээд надаас төгрөг өгсөн юм ... Эхнэр Балжмаа нь тухайн үед хамт байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9-10, 12, 14/, хохирогч Р.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2019 оны 05 сард хүүхдийн хадгаламж барьцаалж зээл авсан байсан. 1.548.000 гээд байгаа нь хүүтэйгээ тийм мөнгө болсон байсан. Эхлээд ноолуур аваачиж өгсөн. Маргааш нь ярьсан чинь хийсэн гэсэн. Орой очсон чинь банкны зээлгүй юм байна гэсэн. Малчны зээл гэж ойлгосон гэсэн. Уг нь хүүхдийн хадгаламжийн зээл авсан. Энэ хоёр цуг байсан ... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Б.Балжмаагийн ... тухайн үед Р.Б  манайд ноолуур тушааж 7 сая төгрөг авч надад 1.500.000 төгрөг үлдээж банканд тушаачих гэж хэлсэн юм. Тэгээд би мөнгө тушаах гэсэн боловч банканд Батцэнгэл өөрөө хэд хэдэн зээлийн төлөлттэй байсан. Би Батцэнгэлийн утасруу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нөхөр Далайд хэлж манайд машины тооцоо болох 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй учир энэ мөнгийг өөрсдөө зарцуулья гэж хэлсэн. Манай нөхөр Далай өөрөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины мөнгө гэж бодоод авчихсан юм. Тухайн асуудал 2019 оны 05 сард Баянхонгор аймгийн Өлзийт суманд болсон. Манай нөхөр мөнгө авч өгөөгүй Батцэнгэл өөрөө мөнгө надад өгсөн юм. Тухайн өдөр ноолуур өгөх үед байхгүй байсан. Батцэнгэл хоёр удаа ноолуур өгсөн. Эхний удаад бол манай нөхөрт өгсөн. Сүүлд нь надад өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, шүүгдэгч Н.Д н ... Би хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би мөнгө хүлээж аваагүй ... Машины эд анги муу байсан гэж хэлээд үлдэгдэл мөнгө өгөхгүй байхаар нь манайх хүртэл машины мөнгө шилжүүлэхгүй өдий хүрсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, шүүгдэгч Н.Д н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Р.Б  намайг байхгүй хойгуур манай эхнэрт ноолуур өгчхөөд явсан байсан. Орой гол дээр таарсан. Архи уугаад сууж байсан. Гэртээ очсон чинь Цэнгэл 1.500.000 төгрөг үлдээсэн гэж ярьж байсан. Түүнээс би аваагүй гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн мэдүүлгүүдээс үзвэл хохирогч Р.Б ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1.548.000 төгрөгийг шүүгдэгч Н.Д  түүний эхнэр гэрч Б.Балжмаа нар нь хамтран завшсан байж болох үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Р.Б  нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг “Төрийн банк”-нд тушаах гэсэн боловч банк хаасан учир шүүгдэгч Н.Д  түүний эхнэр гэрч Б.Балжмаа нарт банк онгойхоор тушаалгахаар итгэмжпэн хариуцуулсан, шүүгдэгч Н.Д  түүний эхнэр гэрч Б.Балжмаа нар нь уг итгэмжлэн хариуцуулсан “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг банканд тушаалгүй урьдын өр төлбөрт авахаар харилцан тохиролцсон талаарх үйл баримт хэрэгт цугларсан байхад шүүгдэгч Н.Д  түүний эхнэр гэрч Б.Балжмаа нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн эсэхэд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

 

Мөн тухайн хэрэгт үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газарыг бичилгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан шаардлагыг хангаагүй ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолж тогтоогоогүй гэж үзэх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/65 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахдаа нэмэлт ажиллагаа хийлгэх талаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өөрөө мөнгө хүлээж аваагүйг нотлох ягаан өнгийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шинээр гаргаж өгсөн энэхүү баримтыг бэхжүүлэх үзлэг хийх талаар ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцахад прокурор болон мөрдөгчөөс зөвхөн захирамжид заасан ажиллагааг хийдэг тул энэ талаар шүүхээс хэрхэн шийдвэрлэх талаар тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсанаар үйл явдал болоход буюу мөнгө үлдээгээд явахад Далай эхнэрийн хамт байсан гэдэг, Далай нь би байгаагүй мөнгө төгрөг хүлээж аваагүй гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байхад тухайн цаг хугацаанд Далай байсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлага үүссэн байна.

 

Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэж байгаа бөгөөд хохирогч Батцэнгэл нь Далайгаас авто машин худалдаж авч байсан, төлбөр тооцоо дуусаагүй байсан гэх үйл баримтыг тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

 

Иймд дээрх шүүгчийн захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж ажиллагааг нэмж хийлгэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ;Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тус хэрэг нь иргэний хэргийн шинжтэй буюу   авто машин худалдах, худалдан авах гэрээтэй  холбоотой  нөхцөл байдал байгаа. Хэргийг буцаах саналтай гэв.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Н.Д н өмгөөлөгч Ц.Мөнхтуулын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн   шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Б , гэрч Б.Балжмаа нарын  мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, яллагдагч Н.Д н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо  эрс зөрүүтэй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад  бүрэн нотлон тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Мөн Прокурор яллах дүгнэлтийн  тэмдэглэх хэсэгт яллаж байгаа  гэмт хэргийн гэмт хэрэг  үйлдсэн газар, цаг хугацааг... орхигдуулан гэмт хэргийн товч утгыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасныг зөрчсөн алдаа болно.

 

Харин яллагдагчийн өмгөөлөгчийн “...ягаан өнгийн дэвтрийг нотлох баримтаар бэхжүүлэх, үзлэг хийх, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, хохирогч Батцэнгэл нь Далайгаас авто машин худалдаж авч байсан, төлбөр тооцоо дуусаагүй байсан гэх үйл баримт зэрэг хэргийн нөхцөл байдлыг  тогтоогоогүй...” гэх гомдол үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд  заасны дагуу  мөрдөгч, прокурор нь  нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй  тул   анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/65 дугаар захирамжийг  хэвээр үлдээх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр  зүйлийн 22.4.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн   1.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/65 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Н.Д д холбогдох 2014004510441 тоот хэргийг Прокурорт буцаасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.