Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002230367 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* / /,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 4-11 гудамжинд байсан иргэн *******ы эзэмшлийн 22-81 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр байсан түүний эзэмшлийн цагаан дөрөөтэй, ногоон гөлөмтэй морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:....Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 79-80 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт хэдэн малаа авч ирээд өвөлжсөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед эхнэртэйгээ аймгийн төв орж ирээд Баянхонгор аймгийн 4 дүгээр баг 4-11 дүгээр гудамжинд манай хадмын гэр байдаг гэрт нь ороод хоол идчихээд гараад ирсэн чинь миний 22-81 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр байсан цагаан дөрөөтэй, ногоон гөлөмтэй эмээл байсан чинь алга болсон байсан. Тэгэхээр нь гудам уруудаад явсан чинь ******* гэх хүнтэй таарсан тухайн хүн нэлээн согтуу намайг хараад газар унаад өгсөн. Би очоод “миний машин дээр байсан эмээл харсан уу” гэсэн чинь би шороонд яваад ирлээ гэж байснаа надад “би авсан харин хаана өгсөн өө санахгүй байна “Дунд зах дээр өгсөн байх одоо санахгүй байна гэсэн тэгсэн биед нь 10 гаран мянган төгрөг байхаар нь чи энэ мөнгөөр өгсөн үү гэсэн чинь тэгсэн гэж надад хэлсэн. Тэгээд байж байсан чинь өөдөөс гэдэг хүн ирсэн ээ наад ******* чинь яасан бэ гэхээр нь харин миний машин дээр байсан эмээл алга болчихлоо гэсэн чинь ямар эмээл байсан юм ногоон гөлөмтэй эмээл мөн үү гэхээр нь тийн гэсэн чинь наадах чинь сая барьцан явж байсан гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн..гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,

....1990 онд хүнээс адуугаар сольж худалдаж авч байсан. Минийх ногоон өнгийн гүлэмтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

....Наранбаатар тухай үед андуурсан байх тэр өдөр ******* Наранбаатартай тааралдаад ногоон гүлэмтэй эмээл бариад явж байсан гэж хэлсэн гудамжинд өөр ямар нэгэн эмээл барьсан хүн байгаагүй миний эмээл мөн надтай тааралдах үедээ авсан гэж хэлж байсан. Би алдсан эмээлээ олж авсаар байна аль эсвэл 550,000 төгрөгийн үнэлгээ гарсан тэр мөнгөө нэхэмжилмээр байна. Надтай таарах үедээ эмээл авсан хүнд өгсөн гэж хэлсэн хаана өгсөн би өөрөө мөнгийг нь өгөөд авий гэсэн чинь санахгүй байна гэсэн утгатай юм яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Миний хохирлыг төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх  зүйл байхгүй гэв.

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би нэг хэдэн адуутай юм аа тэгээд цас ороод идэш ногоо байхгүй болохоор нь би хүргэн ахынхаа хашаанд адуугаа тэжээдэг байсан. Манай хүргэн ахын хашаа Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 4-11 дүгээр гудамжинд байдаг. Тэгээд өглөө нь хэдэн адуугаа гол руу гаргаад идүүлж байгаад орой нь хашаандаа авч ирж хураадаг. Тэгээд би хашаандаа очих гээд явж байсан чинь нэг эмээл тэвэрсэн байдалтай хүн гудамжид алхаж явсан. Хашаад байсан миний эмээл биш биз дээ гээд очсон чинь ногоон гөлөмтэй, хар дөрөөтэй, ягаанаар будсан эмээлийн модтой тийм эмээл байсан. Тэгээд миний эмээл биш байна гэж бодоод яваад өгсөн.Тэгээд хашаандаа ирчхээд эргээд дэлгүүр орох гээд явж байсан чинь манай хамар хашааны *******тай тааралдсан тэгсэн чинь эмээлээ машин дээрээс алдчихлаа гэхээр нь сая нэг хүн ногоон гөлөмтэй эмээл барьчихсан согтуу хүн байна лээ гээд хэлсэн тэгээд би дэлгүүр орчхоод гараад ирсэн чинь гудмын үзүүр дээр ******* нөгөө согтуу *******ыг бариад авчихсан зогсож байсан тэгээд уулзсан чинь энэ нөхөр 20,000 мянган төгрөг нэг шил архи биед нь байна энэ нөхөр архинаас өгчихсөн юм шиг байна гэж хэлээд зогсож байсан.....гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 /,

6. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн:... Морины эмээл /хуучин / 500.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 500.000 /Таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 63/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 4-11 гудамжинд байсан иргэн *******ы эзэмшлийн 22-81 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр байсан түүний эзэмшлийн цагаан дөрөөтэй, ногоон гөлөмтэй морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 500,000 / таван зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч  *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******ы морины эмээлийг шунахай сэдэлтийн улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ******* нь алдагдсан морины эмээлийн үнийг хүлээн авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж 5 сар 04 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийсэн үндэслэлээр тус шүүхийн  2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 24 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 04 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 05 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон байна.

Шүүгдэгч ******* нь дээрх хорих ялаас 02 сар 02 хоногийн хорих ялыг эдэлсэн бөгөөд түүний эдлээгүй үлдсэн ял 03 сар 02 хоног байна.

Иймд шүүгдэгч *******ад энэ гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 03 сар 02 хоногийн хугацааны хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 04 сар 02 хоногийн хугацаагаар тогтоолоо.

Энэ хэргийн учир  шүүгдэгч *******ын 52 хоног  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн гурван сар хоёр хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн сар хоёр / 04 сар 02 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан дөрвөн сар хоёр / 04 сар 02 хоног / хоногийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон тавин хоёр / 52 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ