| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/109 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхэт-тамч 5 дугаар багийн нутаг “Суугийн улаан авдарт” гэх газарт иргэн *******тэй бэлчээрийн маргааны улмаас маргалдаж түүнийг хөлөөрөө дэгээдэж унагааж, зүүн талын шанаа хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж, толгойгоор нь газар мөргүүлж, дал, нуруу хэсэг рүү гараараа цохиж, зүүн талын бөөр хэсэгт өшиглөж, толгой хэсэг рүү чулуугаар цохих зэргээр биед халдсаны улмаас түүний эрүүл мэндэд дагз, зүүн чамархайд шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хурдан шийдэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг / хх-ийн 89 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би үхэрт явж байсан чинь н.Гомбосүрэн ах манай үхрийг хөөгөөд явж байсан. Та яаж байна гээд яваад очсон чинь үхрээ аваад зайл гэсэн. Хэд хоног бэлчээрлүүлье гэж н.Гомбосүрэн ахад хэлэхэд намайг эхлээд цохисон. Би тонгойсон чинь эрүү рүү цохисон. Би зөрүүлээд 2 цохисон, тэгээд салсан гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би урьд гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон явдлын талаар Манайх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхэт-тамч 5 дугаар багийн нутаг “Суугийн улаан авдарт" гэх газар хаваржаан дээрээ өвөлжиж байна. Манай саахалтын айлууд манай өвөлжөө рүү 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үхэр, малаа оруулчхаад авахгүй байгаад байсан. Тэгээд би “үхрээ ав” гэж хэлхээр хэрэлдээд байгаад байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 11цагийн үед манай саахалт айлын айлуудын 5 айлын нийлсэн үхэр манай өвөлжөө рүү орж ирсэн идэш идчихээд манай хаваржаа руу орж ирээд байхаар нь үхрийг нь гэрээсээ өнгөрөөж доош нь тууж явж байсан чинь банди буюу ******* арынхаа үхрийнхээ дэргэд хэвтэж байснаа өөр газар явж байсан үхрээ туугаад ирсэн. Тэгээд над дээр ******* ирээд чи яасан баяжсан пизда вэ, яагаад мал хөөж элдээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар өвөлжөө идээд дуусгачихлаа одоо хавар мал идэх бэлчээрийг үхрээрээ идүүллээ арай хэтэрч байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл намайг үг хэлээр доромжилж барьж авахаар нь би зөрүүлж барьж авсан чинь намайг тонгорч унгаад доороо хийж дээр сууж байгаад зүүн талын шанаа руу хоёр удаа цохиод, толгой дарж байгаад газар мөргүүлээд дал, нуруу хэсэг рүү гараараа цохиж аваад зүүн талын бөөр хэсэгт нэлээн хэдэн удаа өшиглөөд байсан. Тэгээд арай хийж бос ч ирээд миний ард зогсож байхаар нь би хөл хэсэг рүү өшиглөж авсан. Тэгтэл ******* газраас хоёр гартаа чулуу аваад нэг чулууг нь над руу шидсэн ба толгойн зүүн талын дагз хэсэгт оноод би газар сөхрөөд унасан. Тэгтэл дахиж ирээд намайг толгой руу дахиж чулуугаар цохиод дээрээс дараад байхаар нь би хөлөөс нь татсан чинь миний хажууд хойшоо суусан. Тэгээд би салаад жаахан зайтай болоод би чамайг цагдаад хэлнэ намайг яагаад ингэж зодож байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл намайг чи цагдаад хэлсэн байгаад үзээрэй би чамайг гэрт чинь очоод хутгалаад алчихна шүү гэж заналхийлээд байсан. Тэгээд би зодуулсан газраасаа 500 метр орчим газар гэр лүүгээ арай хийж очоод утсаа аваад эхнэртээ залгаад болсон зүйлийн талаар хэлээд “түргэн дуудаад ир миний толгой хагарсан, ухаан балартаад ярих тэнхэлгүй байна” гэж хэлээд утсаа таслаад орон дээрээ хэвтсэн. Тэгээд орон дээрээ хэвтээд унтсан юм уу, ухаан алдсан ч юм мэдэхгүй 4-5 цаг болсон байсан. Тэгээд нэг мэдсэн утас дугарахаар нь гараа сунгаад авсан чинь эхнэр залгаад ирж байна гэж хэлсэн. Тэгээд босох гэсэн чинь толгой эргээд хөдөлж чадахгүй байхаар нь тэр чигтээ хэвтсэн. Тэгээд түргэн ирж эмчилгээ хийгээд аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Миний толгой их өвдөж байгаа, амьсгаа авахад цээжний дотор хатгаж өвдөж байгаа. Толгой дагз хэсэгт хагарсан хажуу талдаа хоёр удаа шалбарсан байгаа мөн толгойн дагз хэсэгт хавдсан байгаа. Мөн зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрч, хавдсан.Тухайн үед ******* бид хоёр л байсан. Би Шүүх шинжилгээний албанд үзүүлж дүгнэлт гаргуулан. Би өмнө нь *******тай хэрэлдэж, маргалдаж байсан зүйл байхгүй. Саяны хувьд 2021 оны зуднаар мал идэх идэшгүй болоод отроор Архангай аймгийн нутаг руу явсан биз дээ. Одоо энэ жил тэр адилхан болох гээд байна гэж хэлснийхээ төлөө тухайн *******ад сая зодуулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байна..гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /,
.... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 10 цаг орчимд айлуудын үхэр манай “Улаан авдарт” гэх хаваржаа руу манай гэрээс өнгөрөөд бэлчиж байсныг нь би бөөгнүүлж туугаад гэрээсээ доош нь буцааж эргүүлээд туугаад явж байсан чинь ******* манай гэрийн урд уул руу гарсан байсан үхрээ туугаад явган өөдөөс ирсэн. Тэгээд бид хоёр таараад би өвөлжөө идүүлчихлээ, одоо хаваржаа байна хавар манай үхэр мал өвсгүй хэцүүднэ гэж хэлсэн. Тэгтэл ******* чи яасан баяжсан пизда вэ, чиний өвөлжөө, хаваржаа гэж юу байдаг юм, манай мал орж идэлгүй яадаг юм гэж хэлээд намайг барьж аваад тонгорч унагаад газарт биеийн хажуу талаар дээрээс өвдөглөж дарж байгаад миний зүүн талын шанаа, нүд хэсэг рүү хоёр удаа цохиж авсан. Тэгээд би доороос нь тийчилж байгаад өндийгөөд босох явцад дахиж шилэн хүзүүнээс барьж газар руу дарж байгаад толгойн ард хэсэг рүү 2,3 удаа цохиж, нуруу бөөр хэсэг рүү цохиж өшиглөөд байсан. Тэгэхээр нь би босоод хөл хэсэг рүү нь хальт өшиглөж авсан. Тэгтэл хоёр гартаа чулуу барьж аваад толгойн дагз хэсэгт 2,3 удаа цохиж авсан. Тэгээд би чамайг чулуугаар толгой хага цохиж зодлоо чамайг цагдаад хэлнэ гэж хэлсэн чинь хэлж л байхгүй юу, би чамайг гэрт чинь очоод хутгалж ална шүү нааш ир гээд байхаар нь би гэр лүүгээ алхаад яваад өгсөн. Тэгээд гэртээ ороод утсаар эхнэр лүүгээ яриад намайг цагаан банди буюу ******* зодчихлоо түргэн дуудаадах гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ утсаар ярьчхаад орон дээрээ хэвтсэн ухаан алдаад 5-6 цаг орон дээрээ бос ч чадахгүй босох гэхээр толгой эргээд, даагдахгүй хий огиулаад хэвтэж байсан. Тэгээд түргэн ирж үзээд эмчилгээ хийж аймгийн төв рүү авч орж ирсэн. Тэгээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан чинь толгойны өвчин дарагдахгүй байхаар нь Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь оочир байхгүй өөр хувийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд тухайн хувийн эмнэлэгт очиж үзүүлж хэвтэж эмчлүүлсэн. Би Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлэхдээ 200,000 төгрөг хувиасаа төлсөн. Улаанбаатар хотод Анд медикал эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн ба 598,000 төгрөг хувиасаа төлсөн. Мөн 1,000,000 гаруй төгрөгөөр компьютер томографын зураг авхуулсан. Надад эмчилгээ болон үзүүлсэн эмнэлгийн баримт сэлт байна. Би тухайн үед *******ын хамар луу цохиж, сууж байхад нь эрүү лүү нь өшиглөж авсан зүйл байхгүй. Одоогоор надад 2,000,000 орчим төгрөгийн зардал гарсан ба тухайн зардлуудаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө үнээгээ сааж байхад *******ын үхрүүд манай хаваржаа руу ороод ирсэн байсан. Үхрээ ирж авах байх гээд хараад байсан. Би үнээгээ саагаад дуусахад үхрээ авахгүй байсан. Би хараад байсан чинь нэг мотоциклтой хүн ирж байсан. Тэгээд би саасан сүүгээ гэртээ оруулчхаад гараад ирсэн чинь мотоциклтой хүн жалга даваад явчихсан. Үхрээ тууж, бэлчээчхээд гэрийн хойгуур байсан *******ын үхрүүдийг бөөгнүүлээд уруудуулаад туугаад явж байсан чинь урд талын араас үхэр туугаад нэг хүн ирсэн. Тэгээд ******* хүрж ирээд юундаа үхэр хөөгөөд байгаа баян пизда вэ гээд над руу дайрсан. *******ын үхэр 2024 оны 10, 11 сард манай өвөлжөөг идээд дууссан. Би тэр үед юу ч хэлээгүй. Тэгээд хаваржаа руу үхэр нь гарч ирсэн болохоор би доошлуулаад туугаад явж байсан. Би өөрт нь хэлсэн. Тэгсэн чинь манайх өвс байхгүй гэж над руу дайраад, би мориноос буусан. Тэгээд жоохон маргалдаад байж байсан чинь намайг хавсарч шидээд, шанаа руу 2,3 удаа цохиод авсан. Тэгээд ноцолдож байсан нуруу,нугас руу дараад шилэн хүзүү рүү цохиод байхад нь арай гэж салаад, босож ирсэн. Босож ирээд би нэг өшиглөсөн чинь ******* миний толгой руу шууд чулуу шүүрч аваад цохисон. Толгой руу 2,3 удаа цохиход миний толгой дүүрээд, цус их гарч байсан. Би *******ад цагдаад хэлнэ шүү гэж хэлсэн чинь намайг цагдаад хэлэх юм бол хутгалаад ална гэсэн. Би өөр юм хэлээгүй, гэр рүүгээ алхсан. Замдаа амарч яваад арай гэж гэртээ ороод түргэн дуудсан. Би гэртээ ганцаараа байсан, эхнэр байхгүй байсан гэв.
5. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Цагдаагийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн 33а/328 дугаартай албан бичгийн дагуу хохирогч *******гийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс хойш нийт 2,133,328 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 2,133,238 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
6. Шинжээч Т.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..*******гийн биед учирсан дагз, зүүн чамархайн шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн бусад гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн:.....1. *******гийн биед дагз, зүүн чамархайд шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн:.....*******гийн нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 69-70/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт / хх-ийн 53 /, гэх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 72-81/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 93/, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх-ийн 121-123/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 116/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч шинээр 5 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 6 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Эрхэт-тамч” 5 дугаар багийн нутаг “Суугийн улаан авдарт” гэх газарт иргэн *******тэй бэлчээрийн маргааны улмаас маргалдаж түүнийг хөлөөрөө дэгээдэж унагааж, зүүн талын шанаа хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж, толгойгоор нь газар мөргүүлж, дал, нуруу хэсэг рүү гараараа цохиж, зүүн талын бөөр хэсэгт өшиглөж, толгой хэсэг рүү чулуугаар цохих зэргээр биед халдсаны улмаас түүний эрүүл мэндэд дагз, зүүн чамархайд шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч *******гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, шинжээчийн 90, 12, 93 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар нь малын бэлчээр булаацалдаж улмаар маргалдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд газар түүний хэвлий дэх баялаг нь ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх бөгөөд бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно гэж Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 3-д заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь 5.000.000 төгрөг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2.133.238 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2.133.238 төгрөг тушаасан баримтыг гаргаж тус тус ирүүлсэн тул шүүгдэгч *******г иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нар нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан зардал зэрэгт нийт дөрвөн сая / 4.000.000 / төгрөг өгөх, авахаар харилцан тохирсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар илэрхийлсэн тул шүүх шүүгдэгч *******аас дөрвөн сая / 4.000.000 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас дөрвөн / 4.000.000 / сая төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ