Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004250374 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт байрлах *******ийн гэрт хүүхэд эндсэн гэх шалтгаанаар маргалдаж *******ийг газарт унагаан чирч, нуруу хэсэг газарт 2-3 удаа цохиж, шилбэ хэсэг газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн эрхий хурууны хумсны шарх, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун суга, зүүн суга, баруун өвдөг, зүүн шагайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагийн үед хадам ээжийн гэрт очсон чинь хадам ээж гэртээ ганцаараа байж байсан, тэгээд би хадам ээжтэй уулзаад “лам намайг хараал хийгээд байна гэж хэлсэн юм уу, ламаар үзүүлсний төлөө та нар хүний амьдралыг ингэж шийдэж болдог юм уу, яагаад эхнэрийг надаас салгах гээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг “яв зайл” гээд хөөгөөд миний хажуугаар гарах гэхээр нь би хадам ээжийн ар нуруу талын мөрнөөс татсан чинь хадам ээж арагшаа бөгсөөрөө суусан, намайг тэгж татахад хадам ээжийн цамц нь мөр хэсгээрээ урагдсан чинь хадам ээж “намайг аллаа, хядлаа” гээд орилоод байхаар нь би тавьсан чинь хадам ээж гараад гүйхээр нь би бас гэрээс гараад гэр лүүгээ явж байсан чинь цагдаагаас намайг дуудахаар нь би өөрөө цагдаа дээр яваад очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай охин 2024 оны 07 дугаар сарын 09-ний шөнө төрөөд хүүхэд нь эндсэн юм тэгээд би охиноо хараад эмнэлэг дээр байж байгаад гэртээ хариад байж байсан чинь манай хүргэн үүрээр согтуу ирээд “та нарыг хэзээ нэгэн цагт ална хүүхдийн цогцсыг чиний гар дээр тавина" гээд баахан агсам согтуу тавиад байсан тэгээд би эмнэлэг рүү охины хоолыг хийгээд хүргэнийг дагуулаад эмнэлэг дээр очоод байж байхад хүргэн эмнэлэг дээрээс яваад өгсөн байсан, тэгээд 2024 оны 07 дугаар сарын 14-ний орой хүргэн согтуу ирээд “цагдаа дуудвал ална шүү" гээд гэрийн хаалга дотроос нь түгжээд “би чамайг алах гэж ирлээ” гээд миний гар утсыг булааж аваад намайг газар унагаад чирэхээр нь би хаалга руу зүтгээд хаалганаас татаад байсан чинь хаалга онгойхоор нь гарж зугтаад гүүрний ард байдаг постны хүнийг гуйж цагдаад дуудлага өгсөн. Хүргэн намайг газар унагаад чирээд нуруу руу 2-3 удаа цохиод шилбэ рүү 1 удаа өшиглөөд газар намайг чирч байхад нь миний баруун хөлийн эрхий хурууны хумс хугарсан. Тухайн үед манай 6 настай зээ хүү гадаа тоглож байсан гэрт өөр хүн байгаагүй. Би 6 настай зээ хүүгийнхээ хамт амьдардаг, хүргэн охин хоёр Баянхонгор аймгийн 3 дугаар халуун усны хавьд л амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

4. Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 18-ны ******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бусдад зодуулсан, бөгсөн бие хумс өвдөнө гэсэн зовуурьтай үзүүлсэн, үзэхэд баруун хөлийн эрхий хурууны хумс хөндийрсөн 3-ний 1 нь хугарч унасан шархтай зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун суга зүүн суга, баруун өвдөг, зүүн шагайнд зулгаралт гэмтэл учирсан байсан дээрх гэмтэл нь нийтдээ хохирлын хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хэн учруулсныг шинжээч эмч тогтоохгүй. Шинжээч эмч гэмтлийн шинж байдал хэлбэр хэмжээ, өнгө, үүсгэгдсэн хүчин зүйлийг тодорхойлно....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

5. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн:

1.2. *******ийн биед баруун хөлийн эрхий хурууны хумсны шарх, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун суга, зүүн суга, баруун өвдөг, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 28-29/, гэх дүгнэлт  болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт байрлах *******ийн гэрт хүүхэд эндсэн гэх шалтгаанаар маргалдаж *******ийг газарт унагаан чирч, нуруу хэсэг газарт 2-3 удаа цохиж, шилбэ хэсэг газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн эрхий хурууны хумсны шарх, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун суга, зүүн суга, баруун өвдөг, зүүн шагайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******ийн мэдүүлэг, шинжээчийн 391 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.******* нь хохирогч *******ийн хүргэн гэх бөгөөд гэр бүлийн таарамжгүй харьцаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас маргалдаж улмаар шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Оюунчимэг нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.******* нь ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул энэ гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.

Харин шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 13 дугаартай магадлалаар уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнссэн тул уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо.

Харин шүүх шүүгдэгч Г.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9.8.1а тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг  Баянхонгор сумын 9 дүгээр багийн “Гүнж” хүнсний дэлгүүр, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Гурван билэг аз жаргал” ХХК-ын ажлын байр зэргээр  зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт  даалгалаа.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.*******ын өмнөх хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил нэг сар  / 01 жил  01 сар /  -ын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9.8.1а тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг  Баянхонгор сумын 9 дүгээр багийн “Гүнж” хүнсний дэлгүүр, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Гурван билэг аз жаргал” ХХК-ын ажлын байр зэргээр  зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.*******ын цагдан хоригдсон дөчин дөрөв / 44 / хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцсугай.

9. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ