Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/01568

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

            Дугаар 102/ШШ2022/01568

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо тоотод оршин суух Д овогт Т М /РД: /

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Б З /РД: /

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Т.М, хариуцагч Б.З

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Б.Зт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

1.1. Хариуцагч нь 2021 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү З.Быг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байна гэжээ.   

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Гурван санчир” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, З.Бы төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Үүнд: Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30-44 дүгээр тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргасан. Зохигчид тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.   

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

Т.М, Б.З нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү З.Б, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү З.Б нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.   

 

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хүүхэд эцгийн нэрийг авна” гэж зааснаар хүү З.Б эцгийн нэрийг авсан байх ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Хүү З.Б-г тэжээн тэтгэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх ба энэ асуудлаар зохигч маргаагүй. Харин хүү З.Бы асрамж болон тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлаар маргасан ба шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзвэл зохих нөхцөл байдлыг тогтоолгохоор хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон байна. Дээрх асуудлаар зохигчид тохиролцож, хүү З.Быг эх Т.Мын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан журмаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэв.       

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Заас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү З.Быг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт эцэг, эхийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүлээх үүргийг заажээ. Иймд хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах, тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эхийн анхаарал халамжид байх, эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр саад учруулах, хориглохгүй байхыг зохигчид даалгаж, мөн хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал үүсгэхгүй байх, хэн алинд нь эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Быг эх Т.Мын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Заас 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Быг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь үндэслэлгүйгээр саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг зохигчдод хориглосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч Б.Заас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА