| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03263/И |
| Дугаар | 102/ШШ2022/01583 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/01583
| 2022 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2022/01583 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэйтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Б Д П Г
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг өөрийн байр Б Д Н Д Х
Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо тоотод оршин суух Т овогт Ч Н /РД: /
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо тоотод оршин суух Ш овогт Намнангийн Л /РД: /
39,921,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, Г.Б, Б.Б, Д.У, хариуцагч Н.Л, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч П.С, иргэдийн төлөөлөгч Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б Д П Г, Б Д Н Д Х нь хариуцагч Н.Л, Ч.Н нарт холбогдуулан төрд учирсан хохиролд 39,921,064 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч Н.Л нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчин хариуцагч Ч.Над үндэслэлгүй тэтгэвэр тогтоож төрд 39,921,064 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актаар тогтоогдсон.
1.2. Дээрх хохирлын 10 хувь буюу 3,992,106 төгрөгийг үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон буруутай этгээд болох хариуцагч Н.Л төлөх үүрэгтэй. Харин тэтгэврийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн хариуцагч Ч.Н хохирлын 90 хувь буюу 35,928,958 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй гэжээ.
2. Хариуцагч Н.Л дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:
2.1. Тухайн үеийн архивын лавлагаа болон баримтуудаар Ч.Н нь цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн байсан, улсын байцаагчийн тэтгэвэр тогтоолтын хуудсыг ахлах байцаагч, байгууллагын дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Иймд Ч.Нын тэтгэврийг зөв тогтоосон.
3. Хариуцагч Н.Лын өмгөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. Үүнд:
3.1. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актыг үндэслэн гэм хорын хохирол шаардаж байх ба уг хохирол нь 21 жилийн өмнө үүссэн. Иймд гэм хорын хохирол үүссэн цагаас эхэлж шаардах эрх үүсэх бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу хохирлыг нийгмийн даатгалын байгууллага төлөх үүрэгтэй гэж маргасан байна.
4. Хариуцагч Ч.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Тэтгэврийг үнэн зөв тогтоож, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргаад шийдвэрлэж өгөөгүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Иймд шаардаж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үндэслэлгүй олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт, Зэвсэгт хүчний төв архивын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1337 дугаар лавлагаа, Батлан хамгаалах төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 290 тоот албан бичиг, мөн архивын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 481 дугаар лавлагаа, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1389 дугаар лавлагаа, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1427 дугаар лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1925 дугаар лавлагаа, тэтгэвэр тогтоолтын хуудсууд, Ч.Нын цалингийн тодорхойлолт, шимтгэл төлсөн жилийн тодорхойлолт, Ч.Нын тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, тэтгэврийн дэвтэр, Барилгын цэргийн ерөнхий газрын 1976 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тушаал, Тэтгэвэр тогтооход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ, хувийн хэргийг шалгасан тухай тэмдэглэл, Ч.Нын илүү авсан тэтгэврийн тооцоолол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 120-160, 175-178 дугаар тал/
6. Хариуцагч Н.Лаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: Үүнд: Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8571 дугаар лавлагаа /ХХ-ийн 103 дугаар тал/
7. Хариуцагч Ч.Наас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зарим хариуцагчид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ч.Над Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад хариуцагч Н.Л нь тэтгэврийг буруу тогтоосны улмаас төрд 39,921,064 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актаар тогтоогдсон гэжээ.
3. Хариуцагч Н.Л, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсзөвшөөрсөн. Үүнд: Тухайн үеийн архивын лавлагаа болон баримтуудаар Ч.Н нь цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн байсан, улсын байцаагчийн тэтгэвэр тогтоолтын хуудсыг ахлах байцаагч, байгууллагын дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг тул Ч.Нын тэтгэврийг зөв тогтоосон. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг ажиллуулж байгаа байгууллага хүлээнэ гэсэн байна.
4. Хариуцагч Ч.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна. Үүнд: Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан, шийдвэрлэж өгөөгүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Н.Л нь Б Д Н Д Хт байцаагчаар ажиллаж байхдаа хариуцагч Ч.Ныг цэргийн албанд 21 жил 1 сар 10 хоног ажилласан үндэслэлээр 2001 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, уг тэтгэврийг Ч.Н нь 2001 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд авсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дугаар тушаалаар Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах ажлын хүрээнд хийсэн шалгалтаар Ч.Н нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсээгүй байсан зөрчил илэрч, уг зөрчилд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын байцаагчийн акт тогтоосон гэж нэхэмжлэгч тал тайлбарлав.
Тухайн актад “шалгалтаар: Өндөр насны тэтгэвэр авагч Ч.Нын цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлэн өгсөн Зэвсэгт хүчний төв архивын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1337 тоот лавлагааг дахин магадлахад Батлан хамгаалах яамны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0481 дугаартай лавлагаагаар цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй нь нотлогдож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчиж үндэслэлгүй тэтгэвэр олгосон зөрчил илэрлээ” гэжээ. Дээрх зөрчлийн үр дагавар болох Ч.Над 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тэтгэвэрт олгосон 39,921,064 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу тухайн үед тэтгэвэр тогтоож олгосон байцаагч Н.Лаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.Л “төлбөр тогтоосон актын талаар тухайн үед мэдэгдэж байгаагүй, танилцаагүй” гэсэн тайлбарыг гаргаж байсан байна. Н.Л нь уг акттай холбоотой гомдлыг Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргажээ. Түүний гомдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07/12 дугаар албан бичгээр хариу өгсөн байх ба энэ баримтыг нэхэмжлэгч тал хэрэг хэлэлцэх ажиллагааны өмнө нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Энэхүү албан бичгийг хариуцагч Н.Л хүлээн авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 6.1.1-д нийгмийн даатгалын байцаагчийн актыг тухайн нийгмийн даатгалын байгууллагын даргын шийдвэрээр төлбөр төлөгчийн гомдлыг үндэслэн өөрчлөх, хүчингүй болгох талаар заасан байх ба мөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь Н.Лыг улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаарх зарчмыг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 5.2-т “Шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч нь нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актыг хариуцагч Н.Л биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр 39,921,064 төгрөгийн 10 хувь болох 3,992,106 төгрөгийг хариуцагч Н.Лаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл болон холбогдох баримтуудыг үндэслэн шийдвэрлэнэ. Иймд Ч.Нын цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримтуудыг хянаж, зөрчил /баримтууд зөрүүтэй/ байгаа бол зөрчлийг арилгуулж, түүний тэтгэвэр авах эрх нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль үндэслэлд хамаарах болох, цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэх үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас олгосон тэтгэврийг хүлээн авсанд Ч.Ныг буруутгах /бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан/ үндэслэлгүйгээс гадна буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай албан тушаалтан хариуцах болохыг материаллаг хуульд тухайлан зохицуулсан байна. Иймд төрийн байгууллага, түүний албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас олгогдсон тэтгэврийг авсан этгээдээс буцаан шаардах эрхгүй гэж үзэв. Иймд хариуцагч Ч.Над холбогдох 35,928,958 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Талуудын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарахгүй, харин хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Уг хугацаа Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар үүснэ. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс тоологдох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Нэхэмжлэлийг Б Д П Г гаргаж, уг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн Н.Мөнгөнсүх, Д.Батзаяа нар гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэлд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Г.Б нар гарын үсэг зурсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэлийг Б Д Н Д Х хамтран гаргасан гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Д П Г нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нэхэмжлэгч Б Д П Г зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгал хэлтэс хамтран нэхэмжлэгчээр оролцсон болно.
Иргэдийн төлөөлөгч “баримт байгаа тохиолдолд хохирлыг хариуцагч нар хариуцах ёстой” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Лаас 3,992,106 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 78,824 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Лаас 3,992,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Д П Г, Б Д Н Д Хт олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч Над холбогдох 35,928,958 төгрөг гаргуулах тухай Б Д П Г, Б Д Н Д Х нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид 357,555 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Лаас улсын тэмдэгтийн хураамжид 78,824 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Ш.ОЮУНТУУЛ