| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн *** сумын *** дүгээр багт 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр хохирогч Д.О-ийн зүүн шилбэнд хутгаар зүсэж биед зүүн шилбэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Б** сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ бусадтай маргалдах үедээ гартаа барьсан хутгаар Д.О-ийн зүүн шилбэнд зүсэж, биед нь зүүн шилбэнд сорви бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н-гийн өгсөн: “…мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.О-ийн өгсөн: “...2025 оны ** дугаар сарын **-ны өдөр би болон манай нөхөр бид нар гэртээ байсан чинь манай хажуу талын айл болох Н.Ү нь манай нөхөр И.А бид хоёрыг орж ирж цай уу гээд бид хоёр гэрт нь орсон тэгээд бид нар хоол цай идэж уугаад даалуу тоглоод сууж байсан чинь Н.Үгийн гэрт гаднаас Н.Үгийн ах нь болох жижиг Г.А гэж дууддаг залуу согтуу орж ирсэн тэгээд бид нар дээшээ суу гээд сууж байсан чинь Н.Ү өөрийн төрсөн ахтайгаа юм ярьж байгаад хоорондоо муудалцаад бид нар болиулах гээд байж байсан чинь Н.Ү нь хутга аваад та нар намайг хүн гэж бодохгүй байгаа бол би өөрийгөө та нарын нүдэн дээр өөрийгөө алаад өгье гээд өөрийнхөө хоолой руу тулгаад нэг бол жижиг Г.А гээд залуу руу бас дайраад байсан. Г.А нь ахын дүү одоо болно гээд байсан чинь Н.Үгийн хутгыг манай нөхөр И.А нь гартаа нь давхар бариад болиулах гэсэн хутгаа тавихгүй тэр хоорондоо ноцолдоод гар нь дээр барьж байгаад доошоо болохдоо миний сууж байсан ширээний хажуу тал руу гар нь явахдаа л миний хөлөнд хүрэх шиг болсон тэгээд би хүүхдээ аваад гэртээ орсон нөхөр харин Н.Үгийн гэрт үлдсэн. Тэгээд би гэртээ орж ирээд хүүхдүүдээ унтуулах гээд байж байсан чинь миний зүүн хөл их эвгүй болсон байсан тэгсэн чинь манай дунд охин болох С.А нь ээжээ таны хөл яасан юм бэ гээд би харсан чинь миний хөлнөөс цус гарч байсан тэгээд би аавдаа хэл гээд нөхөр орж ирээд том охин нөхөр бид сумын эмнэлэг орж үзүүлж оёо тавиулсан тэгээд өнгөрсөн. Манай нөхөр би Н.Ү эхнэртэйгээ Н.Үгийн эхнэрийн найз гээд нэг эмэгтэй хүүхдүүдтэйгээ байсан. Пиво л уусан тэрнээс тийм аймар бол согтуу байгаагүй бүгд бараг эрүүл байсан. Ганаас орж ирсэн гээд байгаа Г.А гээд залуу бол их согтуу орж ирсэн тэр залуу орж ирж л ийм болсон. Би зүүн хөлөндөө 12 оёо тавиулсан байгаа. Намайг яг бол санаатай хутгалаагүй манай нөхөр хутгыг нь булааж авах гээд тэр 2 хоорондоо ноцолдож байгаад ийм зүйл болсон. Надад зовиур энэ тэр бол байхгүй. Намайг ямар санаатай хутгалсан биш дээ надад гомдол санал байхгүй... Одоо надад гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй.. Дээрх 2 хүний тухайд манай гэр орон шатахад тусалж байсан ааш зан сайтай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12 тал/,
Гэрч Б.И.Агийн өгсөн: “...2025 оны ** дугаар сарын **-ны орой байхаа бид нарыг гэртээ байхад хөрш айл болох Н.Үгийнд орж ирж цай уу гээд би эхнэр хүүхдүүдтэйгээ хамт орсон бид нарыг орох үед Н.Үгийн гэрийнхэн мөн манай нутгийн У.Р эхнэрийн хамт байсан бид нар цай хоол болоод дараа нь даалуу тоглоод шинэ сар болж байгаа болохоор бага зэрэг пиво ууж байсан тэр үед гаднаас Н.Үгайн ах болох Г.А гэдэг залуу орж ирээд бид нартай мэндлээд цай уугаад сууж байхдаа Н.Ү нь Г.А гэдэг залуутай хэл амаараа маргалдаад байсан тэгээд бид нар болиулаад сууж байсан чииь Н.Ү босож ирээд би тэгүүл үхээд өгье гээд гэрийнхээ хөргөгчин дээрээ байсан жижиг тонгорог хутга аваад шууд гэрийнхээ хойморт гараад өөрийнхөө хоолойг бараг зүсэх гээд байсан тэр үед нь би хажууд байж таараад хутгатай гарыг нь аваад доош нь хутгийн салгах гээд дарсан тэр үед нөгөө барьж байсан хутгаараа манай эхнэрийн зүүн булчин хэсгийг зүсээд өнгөрсөн юм шиг байгаа юм тэр үедээ бол мэдэгдээгүй харин нөгөө хутга бол Н.Үгийн гарт байсан юм тэгээд манай эхнэр болох О.Э Н.Үгийн гэрээс гараад харин би тэнд үлдсэн. Тэгээд би удалгүй араас нь гэртээ орох гээд хашаандаа орж явсан чинь манай машин ухраад ирэхээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь манай эхнэр О.Э болон манай дунд охин хоёр ээжийн хөл зүсэгдсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “...Д.О эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 27.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 27.500 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
Гэрч Э.З-ийн өгсөн: “... 2025 оны ** дугаар сарын **-ний өдөр манай найзууд болох Н.Р эхнэр С.А нар нь ирсэн байсан тэгээд бид нар цай хоол ид гэж байхад гаднаас манай хөрш болох И.А ах орж ирэхээр нь манай нөхөр Н.Ү та гэр бүлээрээ орж ирээд цай уучих гэж хэлсэн чинь И.А ах нь манай гэрээс гарч яваад эхнэр 2 хүүхдийн хамт орж ирээд хоол цай идэж уугаад даалуу тоглож байсан юм. Тэр үед гаднаас манай нөхрийн ах нь болох Г.Б буюу Г.А ах согтуу орж ирээд цай ууж байхдаа манай нөхөрт хандаж чи аавгүй өссөн бид нар чамайг өсгөсөн гэх мэтээр хэрүүлийн чанартай зүйл яриад байсан юм тэгсэн манай нөхөр би та нарт илүүдээд байгаа бол үхээд өгье гээд хөргөгчнөөс жижиг тонгоргон хутга аваад гэрийн хойморь хэсэгт очоод өөрийнхөө хоолойд тулгаад зүсэх гээд байсан чинь И.А ах гүйж очоод хутагтаа байсан гарыг нь барьж аваад салгах гээд доош нь татаад тэгээд би шууд гүйж очоод нөгөө хутгыг нь гарнаас нь авсан. Тэгээд бид нар бөөндөө тайвшраад байж байхад О.Э эгч охинтойгоо унтана гээд манай гэрээс гараад явсан тэгээд манайд ирсэн байсан хүмүүс яваад бид нар гэртээ байж байсан чинь И.А ахын охин нь орж ирээд энд юу болсон юм бэ ээжийг хутгалсан байна гээд тэгээд бид нар мэдсэн. Бид нар тийм аймар бол уугаагүй ганц хоёр пиво ууж л байсан. Санаатай хутгалсан тийм зүйл бол огт байхгүй хутгыг нь салгах үед л тийм зүйл болсон тэр үед нь О.Э эгч гэрийн баганы хажууд сууж таарсан юм тэгээд шууд гэртээ унтана гээд манайхаас гараад явсан тэр үедээ бол юм хэлээгүй харин гэртээ ороод л мэдсэн гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай Д.О биед зүүн шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 26-27 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Д.О-ийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 2-3 тал/,
Прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, /хх 55 тал/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56 тал/,
Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58 тал/,
Шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны ** дугаар сарын **-ний оройн 19-20 цагийн орчим манай хөрш айлын хүн болох И.А өөрийн гэр бүлийн хүн болох О.Э нар 2 хүүхдийнхээ хамт манайд ирсэн. Дээрх хүмүүсийг манайд ирэхэд эхнэр бид 2 хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд эхнэр маань тухайн хүмүүст хоол цай хийж өгөөд И.А ах, түүний эхнэр О.Э, манай гэр бүлийн хүн З.А бид дөрөв даалуу тоглосон. Бид нар тоглож байхдаа 2,5 литрийн Сэнгүр нэртэй 2 ширхэг пиво, 0,75 литрийн Агар нэртэй архи уусан. Бид нарыг тоглоод сууж байхад оройн 21 цагийн орчим миний нагац ах Н.Т орж ирээд намайг архи дарс уулаа гэж загнасан. Тухайн үед би архи бага зэрэг уусан байсан учир согтож нагац ахынхаа урдаас хэрэлдэж “би та нарт илүүдээд байгаа бол үхээд өгье” гэж хэлээд хөргөгчин дотор байсан шар бариултай ивхдэг тонгоргийг аваад хоолойндоо тулгасан. Тэгсэн И.А ах миний хажууд сууж байгаад миний гарнаас татаад боль ахын дүү гэсэн. Тэгээд И.А ах миний гартай ноцолдож байх үед манай эхнэр З.А хутгыг миний гарнаас салгаж авсан. Удаагүй тухайн хүмүүс гэртээ харьж амарлаа гээд гараад явсан. Гарч явснаас хойш 30-40 минутын дараа И.А ахын том охин С.А манайд гүйж орж ирээд ээжийн хөлийг зүсчихсэн байна, Танайд хутга шөвөгний зүйл болсон юм уу гэж бид нар О.Э эгчийн хөлийг хутгаар зүссэн талаар мэдсэн. Ямар нэгэн шалтгаан байхгүй. И.А ахыг надаас хутга булааж авах гээд ноцолдож байхад зүсчихсэн юм шиг байсан. О.Э эгчийн биед гэмтэл учруулсан хутга шар өнгийн бариултай эвхэгддэг жижиг тонгорог хутга байгаа. Одоо манай гэрт байгаа. Одоогоор ямар нэгэн эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг нотлох баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан: “...Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ** сумын 4 дүгээр багт 2025 оны ** дугаар сарын **ны өдөр хохирогч Д.О-ийн зүүн шилбэнд хутгаар зүсэж биед зүүн шилбэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.О, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч Б.И.А, Э.З нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Б.Х сумын ** дүгээр багт байх өөрийн гэртээ бусадтай маргалдах үедээ гартаа барьсан хутгаар Д.О-ийн зүүн шилбэнд зүсэж, биед нь зүүн шилбэнд сорви бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч О.Нгийн хохирогч Д.О-ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н нь хохирогч Д.О-ийн бие эрх чөлөөнд нь халдаж, зүүн шилбэнд хутгаар зүсэж хохирогчийн биед сорви бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч О.Нгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч О.Нгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.О нь: “..гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 12 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч О.Нг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.О-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 27.500 төгрөгийг шүүгдэгч О.Нгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч О.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан нийт 27.500 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ******* дугаартай дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч О.Н-г энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч О.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 27,500 төгрөгийг төлж барагдуулсан баримтаа гаргаж өгсөн зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Н-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн хутгийн бариулын урт 7 см, ажлын хэсгийн урт нь 5 см урттай, Stianless гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Нд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн хутгийн бариулын урт 7 см, ажлын хэсгийн урт нь 5 см урттай, Stianless гэсэн бичиглэлтэй хутга 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН