Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00718

 

 

 

 

 

 

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/00718

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б

 

Хариуцагч: Э.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5 055 000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч Э.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б  нь Э.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 055 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Би 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Э.Т т 4 000 000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Уг зээлийн гэрээгээр Э.Т  4 000 000 төгрөгийг хүүгүй, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатайгаар хоног тутамд 66 000 төгрөгийг төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 алданги төлөхөөр харилцан зөвшилцсөн. Гэрээнд заасны дагуу би 4 000 000 төгрөгийг Э.Т ийн Хаан банкны 00000000 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Э.Т  нь өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 370 000 төгрөг, алданги 1 685 000 төгрөг, нийт 5 055 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Надад зээлдүүлсэн 4 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу миний данс руу шилжүүлээд, тэр дор нь өөрийн хамтрагч болох Б.А-ын дансанд шилжүүл гээд өөрөө харж байгаад шилжүүлж авсан. Энэ үед түүний хамтрагч А.Н байсан. Надад 4 000 000 төгрөгийн зээлийг авах хүсэл зориг байгаагүй. Өмнө нь А.Н-с  1 500 000 төгрөг зээлж, 2 600 000 төгрөг болгон буцааж өгсөн. М.Б  нь А.Н-ийн  зээлсэн мөнгөний алдангийг төлөхийг шаардсан бөгөөд би дахиж төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд М.Б  чамайг хаа байгаа газраас чинь хэдэн залуучууд явуулаад олж мөнгөө авч чадна шүү гэхэд нь би айсан. Тэгээд А.Н намайг алданги 2 750 000 төгрөгийг төлөхийг шаардсан бөгөөд түүнийг нь төлөөд явж байсан. Гэтэл удалгүй алдангитайгаа нийт 3 000 000 төгрөг болсон гэж хэлсэн бөгөөд  2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр М.Б  нь зээлийн гэрээ хийе тэгвэл А.Номуундарьд төлөх алданги хаагдана гэсэн. Ингээд миний Хаан банкны 00000000 тоот дансанд 4 000 000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад АТМ-ээс шилжүүлээд 3 минутын дотор буюу 16 цаг 04 минутад Б.А-ын Хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүл гээд буцааж шилжүүлж авсан. Үнэн хэрэгтээ надад 4 000 000 төгрөгийг М.Б  зээлээгүй бөгөөд А.Н-ийн  зээлийн алдангид тооцсон 4 000 000 төгрөгийг надаас авахын тулд зээлсэн мэтээр хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөн зээлийн гэрээг надад уншуулаагүй, нэг хувийг ч өгөөгүй. М.Б  нь дээрх 4 000 000 төгрөгийг тэр дор нь Б.А-ын дансанд шилүүлэхийг шаардсан учраас мөнгийг тэр дор нь буцаалаа гэж ойлгож байсан юм. Гэтэл шүүхэд зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөг, алданги 1 685 000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...2019 онд би Нисэхийн халуун усны газарт үсчнээр ажилладаг байсан бөгөөд халуун усны газрын эгч зээл гаргадаг А.Номуундарь, Б.А  нарын нэрийн хуудсыг надад өгч, нэрийн хуудсан дээрх 8899-5586 дугаарын гар утас руу холбогдоход Б.А , А.Н нар манай ажил дээр ирж надтай уулзсан. Үүнээс хойш үе үе зээл авч, зээлээ хугацаанд нь хүүтэй хамт төлдөг байсан. Зээл авахдаа 300 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлж авдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг хүү 500 000 төгрөгийн хамт буюу нийт 2 000 000 төгрөгийг А.Оюундарь гэх хүний Хаан банкны 5400460047 данснаас миний Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн. Гэсэн ч тухайн өдөр хүү болох 500 000 төгрөгийг А.Н нь Хаан банкны 000000000 гэсэн данс руу намайг шилжүүл гэсэн бөгөөд би шилжүүлсэн. Уг гэрээний хугацаа нь 1 сар бөгөөд зээлийн хүүг 500 000 төгрөг гэж бодсон. Үүнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл над руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5400450047 тоот данс руу 873 500 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр 06-ны өдрийг хүртэл Б.Номуундарийн Хаан банкны 5300584158 тоот данс руу 617 500 төгрөг буюу нийт 1 491 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн хүүхдийн данс болон өөрийн 5019897989 тоот халамжийн данснаас 600 000 төгрөгийг А.Н руу шилжүүлсэн. Ингээд би А.Н-с  зээлсэн 1 500 000 төгрөгийг хүү 500 000 төгрөгийн хамт нь бүрэн төлж дууссан. А.Н нь миний Хаан банкны 00000000 тоот данс руу мөнгө шилжүүлж оруулж гаргуулдаг байсан юм. Үүний нэг адил 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А.Н нь Хаан банкны 5300584158 тоот данснаас 2 700 000 төгрөгийг над руу 19 цаг 15 минутад шилжүүлж буцаагаад 4 минутын дараа буюу 19 цаг 19 минутад М.Б ын Хаан банкны 000000000 дансаар буцааж авсан. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад М.Б  нь өөрийн Хаан банкны 5042147960 дугаарын данснаас миний Хаан банкны 00000000 данс руу 4 000 000 төгрөг шилжүүлчхээд 16 цаг 04 минутад 4 000 000 төгрөгийг буцаагаад Б.А  гэх хүний Хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүлж М.Б  нь буцааж авсан. М.Б  нь надад “...чи А.Н-ийн  3 сарын алдангийг төлнө шүү” гээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед миний бие өвдсөн, толгой тархи эргэсэн, бодит нөхцөл байдлыг ухаарах сөхөөгүй, хүний ярьсан хэлснийг ч сайн ойлгохгүй байсан тул түүний гарын үсэг зур гэсэн цаасан дээр гарын үсэг зурсан. Түүнээс хойш М.Б ын хэлснээр 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл А.Н-ийн  алданги гээд 570 000 төгрөгийг өдрийн орлогоосоо хийсэн. Бодит байдал дээр надад 4 000 000 төгрөгийг М.Б  зээлээгүй харин А.Н-ийн  зээлийн алдангид тооцон 4 000 000 төгрөгийг надаас авахын тулд зээлсэн мэтээр хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан байна. М.Б  гэх хүнээс 1 ч төгрөг зээлж аваагүй харин түүний хэлснээр тухайн өдөр 4 000 000 төгрөгийг өөрийн дансаар оруулж гаргаж өгсөн байдаг ба 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ нь намайг хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь надад хэлцэл буюу гэрээг хийх хүсэл зорилго байгаагүй бөгөөд А.Номуундарьд өгөх алданги гэж хуурч намайг мэхэлж миний бие муу байгаа байдлыг далимдуулж гарын үсэг зуруулсан нь хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэж байгаа юм. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Хариуцагч Э.Т ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1980 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус үндэслэн М.Б , Э.Т  нар харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээнд оролцогч талуудад зээлийн гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт, шахалт, бусад хүчин зүйлд автахгүйгээр, бидний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд Ж.Наранцацрал түүний дэргэд гарын үсэг зурсан болно хэмээн бичсэн нь тус гэрээг хуулийн дагуу ямар ч дарамт шахалтаас ангид зээлдэгч Э.Т  нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж М.Б той байгуулсан. Э.Т  нь тайлбартаа энэхүү гэрээгээр зээлсэн мөнгөө минутын дараа буюу Б.А  гэх хүний данс руу шилжүүлсэн гэдэг. Гэвч зээлдэгч Э.Т  нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 4 000 000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан нь нэхэмжлэгч М.Б т хамаагүй юм. Мөн хариуцагч нь дээрх зээлийн гэрээний 3.6-д заасан эргэн төлөх нөхцөл нь нэг өдрийн төлөлт 67 000 төгрөг болно гэж заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 10 удаагийн гүйлгээгээр 630 000 төгрөгийг “Joohnoo” гэх гүйлгээний утгатайгаар М.Б ын дансанд шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан үйлдлээс харахад зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байна” гэх тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч талаас, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1980 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6. Хариуцагч талаас, Э.Т ийн Хаан банк дахь 00000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, хариуцагчийн хүсэлтээр, Хаан банк ХХК-иас А.Н-ийн  Хаан банк ХХК дахь 5300584158 тоот дансны 2021 оны 3 дугаар сарын 06-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны, А.Оюундарийн Хаан банк ХХК дахь 5400460047 тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны, Б.А-ын Хаан банк ХХК дахь 000000000 тоот дансны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны,  М.Б ын Хаан банк ХХК дахь 000000000, 5042147960 тоот дансны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Э.Т т 4 000 000 төгрөгийг хүүгүй, 60 хоногийн хугацаатай, хоног тутамд 67 000 төгрөгийг төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 алданги төлөхөөр харилцан зөвшилцөж зээлийн гэрээ байгуулан, нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу 4 000 000 төгрөгийг Э.Т ийн Хаан банкны 00000000 тоот дансанд шилжүүлэн хүлээлгэж өгсөн. Гэтэл Э.Т  нь зээлийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 370 000 төгрөг, алданги 1 685 000 төгрөг, нийт 5 055 000 төгрөгийг гаргуулна” гэв. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр М.Б  нь зээлийн гэрээ хийе тэгвэл А.Номуундарьд төлөх алданги хаагдана гээд миний Хаан банкны 00000000 тоот дансанд 4 000 000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад шилжүүлээд 3 минутын дотор буюу 16 цаг 04 минутад Б.А-ын Хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүл гээд буцааж шилжүүлж авсан. Үнэн хэрэгтээ надад 4  000 000 төгрөгийг М.Б  зээлээгүй бөгөөд А.Н-ийн  зээлийн алдангид тооцсон 4 000 000 төгрөгийг надаас авахын тулд зээлсэн мэтээр хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөн зээлийн гэрээг надад уншуулаагүй, нэг хувийг ч өгөөгүй. Гэтэл шүүхэд зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөг, алданги 1 685 000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад М.Б  нь өөрийн Хаан банкны 5042147960 дугаарын данснаас миний Хаан банкны 00000000 данс руу 4 000 000 төгрөг шилжүүлчхээд 16 цаг 04 минутад 4 000 000 төгрөгийг буцаагаад Б.А  гэх хүний Хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүлж, буцааж авсан. М.Б  нь надад “...чи А.Н-ийн  3 сарын алдангийг төлнө шүү” гээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед миний бие өвдсөн, толгой тархи эргэсэн, бодит нөхцөл байдлыг ухаарах сөхөөгүй, хүний ярьсан хэлснийг ч сайн ойлгохгүй байсан тул түүний гарын үсэг зур гэсэн цаасан дээр гарын үсэг зурсан. Түүнээс хойш М.Б ын хэлснээр 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл А.Н-ийн  алданги гээд 570 000 төгрөгийг өдрийн орлогоосоо хийсэн. Бодит байдал дээр надад 4 000 000 төгрөгийг М.Б  зээлээгүй харин А.Н-ийн  зээлийн алдангид тооцон 4 000 000 төгрөгийг надаас авахын тулд зээлсэн мэтээр хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан байна. М.Б  гэх хүнээс 1 ч төгрөг зээлж аваагүй харин түүний хэлснээр тухайн өдөр 4 000 000 төгрөгийг өөрийн дансаар оруулж гаргаж өгсөн байдаг ба надад гэрээг хийх хүсэл зорилго байгаагүй, А.Номуундарьд өгөх алданги гэж хуурч намайг мэхэлж миний бие муу байгаа байдлыг далимдуулж гарын үсэг зуруулсныг хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1980 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус үндэслэн М.Б , Э.Т  нар харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээнд оролцогч талуудад зээлийн гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн. Э.Т  нь хариу тайлбартаа энэхүү гэрээгээр зээлсэн мөнгөө минутын дараа буюу Б.А  гэх хүний данс руу шилжүүлсэн гэдэг. Гэвч зээлдэгч Э.Т  нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 4 000 000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан нь нэхэмжлэгч М.Б т хамаагүй юм. Мөн хариуцагч нь дээрх зээлийн гэрээний 3.6 дугаар зүйлд заасан эргэн төлөх нөхцөл нь нэг өдрийн төлөлт 67 000 төгрөг болно гэж заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 10 удаагийн гүйлгээгээр 630 000 төгрөгийг “Joohnoo” гэх гүйлгээний утгатайгаар М.Б ын дансанд шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан үйлдлээс харахад зээл авснаа хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1980 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр М.Б  нь 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлийн буцаан төлөлтийг нэг өдөрт 67 000 төгрөг байхаар, тус төлөлтийг М.Б ын Хаан банк дахь 5042147960 тоот дансанд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, мөн өдрөө хариуцагч Э.Т ийн Хаан банкны 00000000 тоот данс руу 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд хариуцагч зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан эсэхэд маргаагүй.

 

Хариуцагч Э.Т ийн Хаан банк дахь 00000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад Б оос зээлэв гэсэн агуулгатай 4 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн өдрийн 16 цаг 04 минутад joohnoo гэсэн утгатай 4 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдох боловч тус 4 000 000 М.Б  буцаан авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь гэрээнд тусгасан, нэхэмжлэгч М.Б ын Хаан банк дахь 5042147960 тоот данс руу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр joohnoo2 гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр joohnoo3 гэсэн утгатай 60 000 төгрөг, мөн нэхэмжлэгч М.Б ын Хаан банк дахь 5300772877 тоот данс руу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр joohnoo1 гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр joohnoo гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр joohnoo гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр joohnoo гэсэн утгатай 40 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр joohnoo гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр joohnoo гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр joohnoo гэсэн утгатай 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр joohnoo гэсэн утгатай 50 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтаар хариуцагчийн “...Би М.Б  гэх хүнээс 1 ч төгрөг зээлж аваагүй харин түүний хэлснээр тухайн өдөр 4 000 000 төгрөгийг өөрийн дансаар оруулж гаргаж өгсөн” гэх тайлбар няцаагдсан, нийт 630 000 төгрөгийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч зөвшөөрчээ.  

 

Хуульд заасан, нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэлд зээлийн гэрээний харилцаа хамаарахгүй боловч талууд тус зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байх тул хариуцагч гэрээний үр дагаврыг ойлгосон байх боломжтой, мөн тус гэрээнд А.Н-ийн  алдангийг төлөх талаар тусгагдаагүй байх тул хариуцагч Э.Т ийн гаргасан “...М.Б  ...чи А.Н-ийн  3 сарын алдангийг төлнө шүү гээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Зохигч талууд зээлийн гэрээний 3.7 дахь заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцжээ.  

 

8. Иймд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан, тус хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэж хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 370 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан алданги 1 685 000 төгрөг, нийт 5 055 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

9. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тус хэлцлийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 830 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б т олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Т ээс 5 055 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Б т олгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Т ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1980 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 830 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ