| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, *** настай, дээд боловсролтой, Түүх нийгмийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЕ*** регистрийн дугаартай, Д овгийн Н-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01 цагийн үед *** УВА улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1.1. Гэрч Ц.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 04 дүгээр сарын 02-ноос 2025 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 01 цаг 55 минутын үед *** багийн *** арын замд *** УВА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зогсоон бичиг баримтыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер багаж үлээлгэхэд 1.76 хувийн согтолттой байсан тул тэмдэглэл хөтөлж цагдаагийн бүртгэлд оруулж, тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулж ажилласан. Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 04 цаг хүртэл хувиар томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Би Н.Б гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Н.Б гэх хүнийг *** регистрийн дугаараар X-Cover торгуулийн багажаар шалгахад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
1.2. Гэрч Ч.Цэнддоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг. Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 04 дүгээр сарын 02-ноос 2025 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 01 цаг 55 минутын үед *** арын замд *** УВА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зогсоон цагдаагийн ахлах ахлагч Ц.Батчулуун шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер багаж үлээлгэхэд 1.76 хувийн согтолттой байсан тул тэмдэглэл хөтөлж цагдаагийн бүртгэлд оруулж, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд түр саатуулж ажилласан. Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 04 цаг хүртэл хувиар томилгооны дагуу цагдаа, зохицуулагч ахлах ахлагч Ц.Батчулууны хамт үүрэг гүйцэтгэж байсан. Би Н.Б гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Н.Б гэх хүнийг /***/ регистрийн дугаараар X-Cover торгуулийн багажаар Ц.Батчулуун шалгахад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Тухайн өдөр аймгийн төвд шугам замд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батчулууны хамт үүрэг гүйцэтгэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...." /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
1.3. Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтан Ц.Батчулууны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
1.4. Шүүгдэгч Н.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 / тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар шийтгэл оногдуулсан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1145 дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.
Шүүгдэгч Н.Б-ийн тухайд өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Н-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ