| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/00151/И |
| Дугаар | 102/ШШ2022/01684 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/01684
| 2022 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2022/01684 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух Ш овогт Б Д /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Л овогт Ж Г /РД: /
137,030,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ж.Гт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Д нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Гтой 70,000,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаатай, хүүгүй зээлэх гэрээ байгуулсан.
1.2. Хариуцагчтай хамтран бизнес эрхлэхээр тохирч, адил хэмжээний хөрөнгө гаргахаар тохирсон боловч хариуцагч талаас хөрөнгөө гаргаагүй тул хамтран ажиллахаас татгалзаж, буцааж мөнгөө авахаар болж дээрх зээлийн гэрээг байгуулсан.
1.3. Дээрх гэрээний үүргээ хариуцагч биелүүлэлгүй 2015 оны 10 дугаар сараас хойш сураггүй болсон. Хариуцагчийг Монгол Улсад ирсэн гэснээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөг, энэ хугацаанд арилжааны банкны хадгаламжид хадгалуулж олох байсан орлого 59,620,630 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан ажлын хөлс 7,000,000 төгрөг, нотлох баримтуудад орчуулга хийлгэсний төлбөр 410,000 төгрөг нийт 137,030,630 төгрөг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй, уг гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгчтэй хамтран бизнес эрхлэхээр тохирч байгаагүй гэж маргав.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, “Г” ХХК, “К” ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлгүүд, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2021/05373 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эрх зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, Б.Д, Ж.Л нарын гэрлэлтийн гэрчилгээ, Англи болон Хятад хэлнээс орчуулсан орлогын баримт, зарлагын баримт, бараа илгээсэн баримтууд /ХХ-4, 5, 42, 43, 64, 66-73, 120-126, 164-173, 175-177, 179, 181, 191, 193-249 дугаар тал/
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын албан тоот, Хаан банкны зарлагын болон орлогын мэдүүлэг, “И И ” ХХК-ийн арилжааны баримт, бэлэн мөнгөний орлогын баримтууд, кассын зарлагын ордерууд, орлогын ордерын тасалбар, валют худалдаж авсан баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, “Г Т” ХХК-ийн албан тоот /ХХ-ийн 138-140, 164-176, 182 дугаар тал/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Б, Ж.Л нараас гэрчийн мэдүүлэг, Ж.Гийн Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 49-50, 146-154 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай хамтран бизнес эрхлэхээр тохирч, адил хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаар тохирсон боловч хариуцагч хөрөнгө оруулалтаа оруулаагүйгээс хамтран ажиллахаас татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан, тухайн гэрээний дагуу хариуцагч мөнгөө өгөлгүй 2015 оны 10 дугаар сараас сураггүй болсон. Иймд өгсөн мөнгө болох 70,000,000 төгрөг, уг мөнгөний хадгаламжийн хүү 59,620,630 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан ажлын хөлс 7,000,000 төгрөг, орчуулгын зардал 410,000 төгрөг нийт 137,030,630 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй, тухайн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар, хүүгүй зээлэхээр тохирчээ. Энэхүү гэрээг байгуулсан асуудлаар хариуцагч маргаагүй, харин гэрээний дагуу нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг хүлээж аваагүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.
Дээрх гэрээг байгуулах болсон шаардлагаа нэхэмжлэгч тал “гар утас, түүний дагалдах хэрэгслийн дэлгүүрийн бизнес эрхлэхээр хариуцагчтай хамтран ажиллахаар тохирч, 2 талаасаа 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар болсон, энэ тохиролцоогоор 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Г нь бараагаа авахаар Ж.Б-тай хамт Хонконг явсан, авсан барааны баримтуудыг үзэхэд хариуцагч хөрөнгө оруулалт оруулаагүй байсан тул хамтран ажиллахаас татгалзаж, мөнгөө буцааж авахаар болсон, хариуцагч нь бараагаа зараад мөнгийг өгөхөөр тохирч 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нь “нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохироогүй, нэхэмжлэгчийн эхнэрийн дүү Ж.Бтай гар утас, дагалдах хэрэгслийн дэлгүүр хамтран ажиллуулахаар ярилцсан ба бизнесээ танилцуулах зорилгоор түүнтэй хамт 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хонконг явсан, ирээд нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр болж авсан бараа, бүтээгдэхүүний баримтыг нэхэмжлэгчид танилцуулж 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж байсан” гэж тайлбарлажээ.
Талуудын дээрх тайлбараар 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Г нь нэхэмжлэгчийн эхнэр Ж.Л дүү Ж.Б хамт Хонконг явж, гар утас, түүний дагалдах хэрэгсэл авсан, уг бараа, бүтээгдэхүүний зарлагын баримтуудыг нэхэмжлэгчид илгээсэн үйл баримт тогтоогдож байх ба Ж.Б 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, Ж.Г 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад ирсэн болох нь тэдний гадаад паспортаар тогтоогдож байна.
Хариуцагчийн авсан бараа, бүтээгдэхүүний зарлагын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж буюу эх хувиар болон нотариатчаар гэрчлүүлсэн хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй, компьютерийн хард дискэнд хадгалагдаж байгаа үндэслэлээр тухайн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан ба үзлэгийн ажиллагаагаар 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэсэн хавтаст хадгалагдаж буй гадаад хэл дээр бичигдсэн 29 ширхэг баримтад үзлэг хийж, хэрэгт хавсаргав. Уг үзлэгийн ажиллагаагаар хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулжээ.
Дээрх баримтууд нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 158,552.6 юань, 247,304 хонконг доллараар худалдан авалт хийсэн зарлагын баримтууд байна. Энэхүү бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс мөнгө авч аваагүй /дэлгүүрийн бараа татах зориулалтаар мөнгө зээлж байгаагүй/, хариуцагчийн бусад хүмүүстэй хамтран компьютер худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “К” ХХК, “Г” ХХК-иас олгосон 40,000,000 төгрөгийн санхүүжилтээр авсан гэж хариуцагч тал тайлбарлаж байх ба уг тайлбартайгаа холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “К М” ХХК-иас санхүүжилт утгаар гарсан 20,000,000 төгрөгийн зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Г Т” ХХК-д санхүүжилт утгаар орсон 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “И И ” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 29,995,000 төгрөгөөр 17,500 ам доллар, 10,004,040 төгрөгөөр 35,400 юань худалдан авсан баримт, “Г Т” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
“К М” ХХК-иас гарсан 20,000,000 төгрөг нь бараа, бүтээгдэхүүн авах зориулалтаар хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, “И И ” ХХК-иас авсан гадаад валютыг хариуцагч худалдан авсан эсэх нь тодорхойгүй байх ба “Г Т” ХХК-ийн баримт нь тус компаниас зарлага гараагүй, харин 20,000,000 төгрөгийн орлого хүлээн авсаныг илэрхийлж байна. Мөн “Г Т” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтод “дэлгүүрийн бараа таталтыг Ж.Г хариуцаж байсан ба ямар нэг зээлийн бараа борлуулж байгаагүй, дэлгүүрийн бараа таталтанд зориулж хувь хүнээс зээл авч байгаагүй” гэжээ. Уг тодорхойлолтод агуулагдаж буй мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, маргаж буй цаг хугацаанд хамааралтай тухайн компанийн бараа худалдан авалт, борлуулалт, ашиг, орлоготой холбоотой санхүүгийн ямар нэг баримт гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл тодорхойлолтод агуулагдсан мэдээллийн эх сурвалж байхгүй, тодорхойгүй тохиолдолд тухайн мэдээллийг бодит байдалд нийцсэн гэж үзэхгүй.
Иймд 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хонконг явж авсан бараа, бүтээгдэхүүнийг “К М” ХХК, “Г Т” ХХК-иас авсан 40,000,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн тайлбараа хариуцагч талыг нотолж чадаагүй гэж үзэв. Мөн “Г Т” ХХК-ийн тодорхойлолт нь тухайн компани бараа татах зориулалтаар бусдаас зээл авч байгаагүйг буюу компанийн хүсэл зоригийг илэрхийлсэн байх ба Ж.Гийг хувь хүнийхээ хувьд бусдаас зээл авч байгаагүй үйл баримтыг нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Л, Ж.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан ба Ж.Лгийн мэдүүлэгт “Ж.Гтой хамтарч гар утас, сэлбэгийн дэлгүүр нээж бизнес хийе, мөнгөө 2 талаасаа адилхан гаргана гэж тохирсон, мөнгөө өгч явуулах үед гэр бүлийн хүн ажилтай байсан учаас дүүгээ хамт явуулсан, авчирсан барааг тооцож үзэхэд зөвхөн манай өгсөн мөнгөөр бараа авсан байсан, өөрийнхөө талаас тохирсон мөнгөө гаргаагүй байсан, бид хамтарч дэлгүүр нээхээ болъё мөнгөө буцааж авъя гэхэд 1 сарын хугацаа өгөөч бараагаа зараад мөнгийг өгнө гэсэн, явахынх нь урьд өдөр мөнгөө бэлнээр өгсөн” гэж, гэрч Ж.Бын мэдүүлэгт “2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу хагас сайн өдөр мөнгө өгөх үед би хамт байсан, бүтэн сайн өдөр нь би Ж.Гтой хамт Хонконг явсан, би тэнд 4 хоноод барааных нь хагасыг аваад ирсэн, мөнгийг Peace tower-н гадаа машины зогсоол дээр Ж.Гт өгсөн, очоод ихэнх бараагаа надаар өгч явуулсан, Ж.Г өөрөө н.Энхээ гэдэг хүнтэй уулзана гээд үлдсэн” гэжээ.
Гэрч Ж.Л нь нэхэмжлэгч Б.Дийн эхнэр, гэрч Ж.Б нь гэрч Ж.Лгийн төрсөн дүү болох нь талуудын тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба тэднийг ашиг сонирхол бүхий этгээдүүд гэсэн үндэслэлээр гэрч нарын мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй гэж хариуцагч тал маргасан. Хариуцагч нь гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй буюу тэдний мэдүүлэгт авагдсан мэдээллийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын баримтуудын зарим нь хариуцагчийн илгээсэн баримтууд мөн, зарим нь биш гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргасан боловч хариуцагчийн илгээгүй буюу хэрэгт хамааралгүй гэж үзэж буй баримтуудыг нэг бүрчлэн зааж /аль нь мөн, аль нь хамааралгүй болохыг/, тэдгээр баримтыг хариуцагчаас нэхэмжлэгчид илгээгүй болохыг баримтаар нотлоогүй. Иймд тухайн баримтууд нь хариуцагчийн Хонконг явсан цаг хугацаанд хамааралтай, бараа, бүтээгдэхүүн нь хариуцагчийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд хамааралтай байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв. Эдгээр баримтаар авсан бараа, бүтээгдэхүүний үнийг 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн /хариуцагчийн явахын өмнөх өдөр/ Монгол банкны зарласан валютын ханшаар тооцвол 98,536,156 төгрөг болж байна. Иймд дээрх бараа, бүтээгдэхүүнийг “К М” ХХД, “Г Т” ХХК-иас олгосон санхүүжилтээр авсан болохоо хариуцагч нотлож чадаагүй, гэрч нарын мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудтай /зээлийн гэрээ, зарлагын баримтууд/ тохирч байгаа зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид 70,000,000 төгрөгийг өгсөн байна гэж үзэв.
Гэрч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй бөгөөд тэдний мэдүүлгийг бодит байдалд нийцэхгүй болохыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тэдний мэдүүлэгт агуулагдсан мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад баримттай тохирсон тул гэрч нарын мэдүүлгийг бодит байдалд нийцсэн гэж үнэлэв.
Хариуцагчийн гаргаж өгсөн бусад баримтууд болох “К М” ХХК-ийн зарлагын баримтууд, “Г Т” ХХК-ийн орлого, зарлагын баримтууд, валют худалдаж авсан баримтуудыг маргааны зүйлтэй хамааралгүй, харин хариуцагчийн эрхэлж буй бизнес 2013 оны 6 сард эхэлж, үйл ажиллагаа нь тогтвортой болсныг нотлох зорилготой гэж хариуцагч тал тайлбарласан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар 70,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг бүхий харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба уг үүргийн харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэж зааснаар дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл талууд өмнөх үүргийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээр сольж дуусгавар болгосон байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгоно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргийг шаардах эрхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаанд нэхэмжлэгч хэрэгжүүлэх ба уг хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Шаардах эрх үүсэх үеийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх байжээ. Энэ хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сараас хойш хариуцагч сураггүй болсон, гадаад улсад амьдардаг гэж сонссоноор зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах боломжгүй болсон гэж байна.
Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар Ж.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын хилийн гадна байсан болох нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ өөрөөс үл хамаарах шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэл тогтоогдож байх ба хариуцагчийн талаарх нэхэмжлэгчийн олж авсан мэдээлэл үнэн байсан байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг хариуцагчаас хамаарал бүхий шалтгаанаар хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй буюу үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй байсан нөхцөл байдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт заасан “бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-ийн харилцаанд хамааруулах үндэслэлтэй. Энэхүү үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 70,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан. Үүнээс үзвэл шилжүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шим, олсон орлогыг шаардах эрхтэй гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу хадгаламжийн хүүгийн орлого, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан ажлын хөлс, гадаад хэл дээрх нотлох баримтыг монгол хэл рүү орчуулах буюу нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангах зорилгоор гарсан зардлыг шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 70,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 67,030,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж Гоос 70,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Дт олгож, нэхэмжлэлээс 67,030,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,011,503 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА