| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00993/И |
| Дугаар | 102/ШШ2022/02836 |
| Огноо | 2022-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/02836
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоотод байрлах, ... тоотод байрлах, регистр ..., М... ХХК,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Хан Боржигон овогт Д...ийн М...,
Нэхэмжлэлийн шаардлага:8 280 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М... ХХК нь Д.М... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.М...ын хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр барьцаат зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр байгуулсан, нэхэмжлэлдээ 2019 оны 2 дугаар сарын 24-ны өдөр гэж буруу бичигдсэн байна.
Хариуцагч Д.М... нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, нэг ч төгрөг төлөөгүй байна.Иймд Д.М...аас үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, зээлийн хүү 2 520 000 төгрөг, алданги 2 760 000 төгрөг нийт 8 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл төлөлтийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн, хариуцагчаас тайлбар болон баримт шүүхэд өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М... ХХК-ийн нэхэмжлэлээс 7 473 478 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 806 522 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Д.М...т 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн төлбөрт нэг төгрөг эргүүлж төлөөгүй, үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, зээлийн хүү 2 520 000 төгрөг, алданги 2 760 000 төгрөг нийт 8 280 000 төгрөгийг гаргуулна гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын хооронд хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтөөс төлбөр хийгээгүй байх тул нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийг биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч байгууллага нь зээл төлөлтийн дансны хуулганд зээлийн хүүгийн үлдэгдлийг 1 982 319 төгрөг гэж бодсон атлаа зээлийн хүүд 2 520 000 төгрөг шаардаж байх ба зөрүү 537 681 төгрөгийг ямар үндэслэлээр тооцож гаргасан баримт нь хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.6-д “Зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгчид төлнө” гэж талууд тохирсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүүгийн нийлбэр дүн 4 982 319 төгрөгөөс алдангийг тооцох нь үндэстэй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, зээлийн хүү 1 982 319 төгрөг, алданги 2 491 159 төгрөг, нийт 7 473 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М...аас 134 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хариуцагч Д.М...аас 7 473 478 /долоон сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М... ХХК-д олгож, үлдсэн 806 522 /найман зуун зургаан мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнбаяраас 134 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН