Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2022/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д  И  (РД:.......),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн төлөөлөгч Г.Гүррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно. (хэргийн III хавтасны 38-39 дэх талд)

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Д.И  нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох агуулга бүхий хүсэлтээ 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан, үүний хариуд тэтгэврийн байцаагчаас “бохир усны слесарь, засварчнаар ажилласан гэх боловч хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт сантехникийн слесарь засварчнаар ажилласан тушаалууд байх тул ажиллаж байсан байдлаа зохих байгууллагаар шийдвэрлүүлэн, өндөр насны тэтгэврээ тогтоолгох” зөвлөмж өгсөн.

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан ба хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.3. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн томилогдож, тус зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор “бохирын слесарийн нөхцлөөр ажиллаж байсныг тогтоох нотлох баримт байхгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцлийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэжээ.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нь өргөдөлдөө, “Шивээ-Овоо” ХК, “Шивээ сервис” ХХК-д бохирын слесарь, зуухны ахлах машинчаар, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 28 жил ажилласан.

3.2. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь миний өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус. Энэ нь Нийгмийн даатгалын тухай тухай хуулийн 7 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт болон миний хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

3.3. Хариуцагчийн хувьд, Д.И-ээс Гомдлын шаардлагын зөвлөлд ирүүлсэн өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцсэн. Бохирын слесариар ажиллаж байсан гэх холбогдох тушаалын лавлагаа байхгүй тул бохирын слесариар ажиллаж байсан гэж үзээгүй.

3.4. Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт дахь “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын дэвтэр нь зохих журмын дагуу хөтлөгдөөгүй тохиолдолд нотлох баримтыг хянаж түүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэлийг тогтоох” гэсэн заалтын дагуу тухайн иргэний ажилласан мэргэжил, албан тушаалыг хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дээр буруу бичих, зөрүүтэй бичсэнээс шалтгаалж хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй болсон тохиолдолд холбогдох материал, нотлох баримтын дагуу Гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцэж шийдвэр гаргадаг. Нотлох баримт хангалтгүй байгаа тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг зөвлөн ажиллаж байна.

3.5. Нэхэмжлэгч нь “сантехникийн слесарь” гэх ажил мэргэжлээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа бөгөөд харин 60 нас хүрсэн үедээ өөрийн хүсэлтээр өндөр насны хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлно.

3.6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1993 оноос Шивээ-Овоо нүүрсний уурхайд анх сантехникийн слесариар ажилд орсон. Одоог хүртэл ажиллаж байгаа. “Шивээ сервис” ХХК бол “Шивээ-Овоо” ХК-ийн охин компани. 1993 оноос хойш одоог хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Би одоо 56 настай, бохирын слесарь хийж байсан. Тушаал нь бохирын гэдгийг нь орхиод сантехникийн слесарь гэж гарсан байсан. Тэгэхээр хүнд нөхцөлд орохгүй байгаа. Сантехник гэхээрээ байрнуудын дулаан, усыг хариуцдаг. Бохир гэхээрээ 6 байр болон  уурхайн бохирын хоолойд гарсан бүх гэмтлийг хариуцаж байсан. “Шивээ-Овоо” ХК болон “Шивээ сервис” ХХК-д ажиллаж байсан слесаруудыг бохирынх, сангийнх гэж ялгаж, ангилдаг байсан зүйлгүй учраас хохироод байна” гэв.

3.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.И  1993 оны 09 дүгээр сараас эхлээд өдрийг хүртэл “Шивээ-Овоо” ХК болон түүний охин компани болох “Шивээ сервис” ХХК-д бохирын слесарь, уурын зуухны техникч гэсэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Дунд нь 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаасаа гараад 1 жил хэртэй завсарласан. Ажилд томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр нь “бохирын слесарь” гэж бичээгүй, үүнийг компанийн алдаа байна гэж тайлбарладаг. Бодит байдал дээр үйлдвэрийн бохирын слесарь гэдэг албан тушаал зайлшгүй шаардлагатай, Д.И  энэ ажлыг хариуцаж байсан. Түүний хэлж байгаагаар 6 орон сууц, дээр нь спортын заал, контор, дэлгүүр болон уурхайн дээрх үйлдвэр гээд олон уурхайн олон объектуудад үйлчилгээ үзүүлдэг. Үйлдвэрийн бохирын слесарь, сантехникийн слесарь гээд дандаа үйлдвэрийн гэсэн үг орсон байгаа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 4 дүгээр бүлгийн №2-т үйлдвэрийн бохирын слесарь гэдэгт таарч байгаа. 1995 оноос хойш үйлдвэрийн бохирын слесарь, уурын зуухны машинч /галч/ хийж байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.И  нь бохирын слесариар ажилласан байхад сантехникийн слесарь гэж буруу бичээд хохироогоод байгаа гэж нэхэмжлэлээ тайлбарлаад байгаа. Бохирын слесариар ажиллаж байсан гэдэг шийдвэр гарах юм бол нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох бүрэн эрхтэй. Мэдээж бид нар сантехникийн слесарь хүнд нөхцөлд байхгүй гэдэг хариугаа өгнө. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын №38 гэхээр нийтийн орон сууцны салбар руу орох гээд байдаг. “Шивээ-Овоо” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/45 дугаартай тодорхойлолтоор Д.И  нь уг жагсаалтын 4 дүгээр бүлгийн №2 буюу уул уурхайн салбар дотроо үйлдвэрийн бохирын сантехникийн слесариар ажиллаж байсан гэсэн тодорхойлолт өгсөн байгаа. Үүний дагуу шийдвэрлэсэн тохиолдолд ямар нэгэн асуудал байхгүй. Тэгэхээр хэрэгт авагдсан бүх материалуудыг үзээд үйлдвэрийн бохирын слесариар ажиллаж байсан гэж шүүхээс шийдвэр гарах юм бол бид нарын хувьд маргах асуудал байхгүй, тэтгэвэр тогтоох боломжтой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт Д.И-ийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа гэх Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

6. Д.И  нь 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш “Шивээ-Овоо” ХК, Шивээ сервис” ХХК-д орон сууц, контор, нүүрсний уурхай /үйлдвэр/ хариуцсан бохирын слесарь, уурын зуухны машинчаар 28 жил хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж тайлбарлажээ.

7. Хэрэгт цуглуулсан Д.И-ийн хөдөлмөрийн гэрээ, цалингийн дэлгэрэнгүй карт, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, компанийн бүтэц орон тоог баталсан Гүйцэтгэх захирлын тушаал, “Шивээ-Овоо” ХК-ийн Хүний нөөцийн албаны даргын тодорхойлолт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар (хэргийн I хавтасны 6-19, 22-54, 58-77, 219-220, 230-232, II хавтасны 75-106, 228-232, 236-246, III хавтасны 1-5, 14-30, 88-90 дэх талд) нэхэмжлэгч нь “Шивээ-Овоо” ХК, “Шивээ сервис” ХХК-д уурын зуухны машинч /галч/ болон үйлдвэрийн бохирын слесарийн ажлын байранд нийтдээ 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан, ажил олгогчоос хөдөлмөрийн нөхцөлд тохирсон цалингийн нэмэгдлийг олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үйл баримтууд тогтоогдоно.

8. Тухайлбал, гэрч С.Гөлгөөгийн “Би Д.И-тэй 1993-2018 он хүртэл Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, “Шивээ сервис” ХХК-д хамт ажиллаж байсан. Д.И  нь Барилга орон сууцны хэсэгт сантехникийн бохирын слесарь, галч, тоног төхөөрөмжийн слесариар ажиллаж байсан. Ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт дээр ажлын байрны нэрийг “бохирын” гэж ялгадаггүй байсан”, гэрч М.Хишигдэлгэрийн “Шивээ-Овоо” ХК 1989 онд байгуулагдсан, эхэндээ сантехник, бохирыг нэг хүн хариуцдаг байсан. Д.И нь бохирын худаг дахь хүхэрлэг лагийг хүртэл цэвэрлэдэг байсан”, гэрч Ц.Адъяагийн “слесарь нь сантехникийн халуун хүйтэн усны шугамаас гадна бохир усны засвар үйчилгээг хариуцаж, орон сууц, контор, үйлдвэрийн барилга байгууламжид үйлчилгээ үзүүлдэг”, гэрч Ч.Энхжаргалын “Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн уулын үйлдвэрлэл дээрх сангийн болон бохирын засвар үйлчилгээг “Шивээ сервис” ХХК хариуцдаг, Д.И  гуай ажлын байрны чиг үүргийн дагуу бохир усны засвар үйчилгээг хариуцдаг байсан, ажлын байрны орон тоог нэрлэхдээ “үйлдвэрийн бохирын” гэж оруулаагүй нь байгууллагын алдаа болсон”, гэрч С.Лхагвын “Д.Идэр байнга бохирын резинэн цув, гуталтай явдаг байсан”, гэрч Д.Ариунаагийн “2013 онд менежер байхдаа Д.И  гуайтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан, түүнээс хойш гэрээг өөрчилж, сольсон зүйл байхгүй, ажлаа хийсэн хэвээр байсан. Уурхайн ажилтнуудын байр, уурхайн үйлдвэрийн бохирын шугамны засвар үйлчилгээг Д.И  гуай ганцаараа хариуцдаг байсан” гэх мэдүүлгүүд, “Шивээ сервис” ХХК-ийн 2011-2019 оны цалингийн баримтад хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл (хэргийн I хавтасны 230-232, II хавтасны 216-217, III хавтасны 45-51, 62-65, 67-68 дахь талд) зэргийг дээрх бичгийн нотлох баримтуудтай харьцуулахад нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий бөгөөд түүнийг “уурын зуухны машинч /галч/”, “үйлдвэрийн бохирын слесарь”-ийн ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэж байсан гэж дүгнэхээр байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасан.

10. Дээрх хуулийн урьдчилсан нөхцлийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, Д.И-ийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус шинжийг агуулахаас гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрхийг хязгаарласан болох нь тогтоогдсон байх хуульд заасан урьдчилсан нөхцлийг хангасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдэх тул шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байна.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй:” гээд тус хэсгийн 3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, /бол/ ... өөрийн хүсэлтээр.” гэж тус тус заасан.

12. Хэргийн оролцогчдын тайлбарыг, шүүхээс цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Д.И нь 56 настай, нийгмийн даатгалын шимтгэлийг 28 жил төлснөөс хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан болох нь дээрх байдлаар (энэ шийдвэрийн №7, 8) тогтоогдож, хүсэлт гаргасан энэ тохиолдлыг тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоож болохоор дээрх хуульд тусгайлан заасан урьдчилсан нөхцлийг хангасан байна гэж үзнэ.

13. Түүний эрхэлж байсан эдгээр ажлын байрны нэр, чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөөгүй тул тухайн хугацаанд өөр ажлын байранд, эсхүл өөр хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчий гаргасан “ажилд томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр нь “бохирын слесарь” гэж бичээгүй, үүнийг компанийн алдаа байна гэж тайлбарладаг. Бодит байдал дээр үйлдвэрийн бохирын слесарь, уурын зуухны машинч зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэх тайлбарыг хүлээн авч, шийдвэрийн үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй.

14. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу “тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгэх” үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь ажилтныг буруутгах буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түүний эрхэлж буй ажлыг хэвийн бус нөхцөл биш гэж үзэх үндэслэл болохгүй.

15. Д.И-ийн “Шивээ-Овоо” ХК, “Шивээ сервис” ХХК-д эрхэлж байсан ажил мэргэжлийн хувьд уурын зуухны машинч /галч/ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын IV бүлэг /№1/ буюу эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын “уурын зуухны машинч” гэдэгт, бохирын сантехникийн слесарь нь IV бүлэг /№2/ буюу уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын “үйлдвэрийн бохирын слесарь”-ийн ажил мэргэжилд хамаарна гэж шүүхээс дүгнэв.

16. Хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг нэгэнт хангасан байхад “бохирын слесариар ажилласан гэх холбогдох тушаалын лавлагаа байхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасанд үл нийцэхээс гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон эрхийг хязгаарласан байна.

17. Иймд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.И-ийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан Д.И-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Говсьүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Д.Идэрт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ