Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0343

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С:Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

иргэдийн төлөөлөгч : Н.Хоньчин

шүүгдэгч: Д.Нямжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Авга овогт Доржийн Нямжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250002100 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Авга овогт Доржийн Нямжаргал,1980 оны 7дугаар сарын 27-ны өдөрДархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл6, эхнэр , 4 хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 29 дүгээр гудамжны 184 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дархан-уул аймаг дах сум дундын шүүхийн 403 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон, хорих ялыг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,РД:ТБ80072716

Холбогдсон хэргийн талаар:

         Д.Нямжаргал нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт байрлах Өгөөмөр захын урд талд Г.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний цээжин тус газар нэг удаа хайчаар хатгаж биед нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Д.Нямжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

           Шүүгдэгч Д.Нямжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ганбаатар гэх залуу  чи тийм овоо юм бол үзэх үү дараа нь зодуулчихаад ямар нэгэн хэл ам байхгүй шүү гээд намайг үгээр идээд байсан юм. Би тухайн үед согтуу байсан Ганбаатар мөн согтуу байсан. Би хүнтэй маргалдаад яахав гэж бодоод тоолгүй байж байтал тэрээр миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Би эргэж хараад явах гэтэл Ганбаатар миний өмднөөс барьчихаад тавихгүй болохоор нь би өөрийнхөө халаасанд байсан машины хуулга хайчилдаг хайчаар айлгах гээд далайтал түүний цээжин тус газар хатгасан. Яг хаана нь хатгасан талаар би мэдээгүй гэжээ. /хх-ийн 79-82/

          Хохирогч Г.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр зах дээр машины их гэрэл өнгөлж шил толь зүсэх ажлыг хувиараа хийдэг юм. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр би Өгөөмөр зах дээр ажлаа хийж байгаад хамт ажилладаг Ганбаатар гэдэг ахтай нэг нэг пиво нэг шил архи хувааж уугаад захын баруун хаалган дээр машины улсын дугаар наадаг зүс таних Жагаа буюу Нямжаргал гэдэг залуутай уулзахаар очтол тэрээр машин дотор нэг залуутай архи уугаад сууж байсан. Ганбаатар ах тэднийг сайн таньдаг ба Нямжаргал Ганбаатар ахыг дуудаад манай найз Энхтүвшин бид гуравт архинаасаа хийж өгсөн. Гэтэл Нямжаргал над руу хандаад чи урьд нь яагаад байлаа гээд нэг тиймэрхүү зүйл яриад байсан ба би тэр үед нилээд халамцуухан, Нямжаргал мөн согтуу байсан. Тэгээд машины хажууд намайг алгадах гэхээр нь би хойшоо болоод та яагаад байгаа юм бэ гэхэд нааш ир гээд дагуулаад явсан бөгөөд Ганбаатар ах Энхтүвшин хоёр дагаад явах гэхээр нь би за яах гэсэн юм би уулзаад ирий гэж хэлсэн. Тэгээд Өгөөмөр захын урд талын засмал зам дээр гараад машин зогсдог зогсоол руу очсон.Тэнд очингуутаа Нямжаргал нь миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би барьж аваад хавсраад газар унагаагаад явах гэхэд Нямжаргал алнаа гээд орилхоор нь би Өгөөмөр зах руу зугтааж байгаад эргээд харахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь алхаад явж байсан чинь араас хөөе гэхээр нь эргээд хартал Нямжаргал 20 см орчим урттай, цэнхэр өнгийн иштэй хайчийг ишинд нь гараа хийлгүйгээр атгаж баруун гартаа барьчихсан миний ард тулаад ирсэн. Намайг эргээд хартал баруун эгэмний ар хэсэг рүү дээрээс доош нь чиглэлтэй нэг удаа хатгаад хайчаа сугалж аваад цаашаа гүйчихсэн гэжээ. /хх-ийн 10-13, 93-95/

         Г.Ганцэцэг,К.Энхтүвшин нараас асууж авсан тайлбар /хх-н 4-7/

         Гэрч О.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Нямжаргал, Ганбаатар хоёр муудалцаад зодолдохоор явчихлаа гэж Нямжаргалын эхнэр Гантуяа хэлэхээр нь харахад Ганбаатар, Нямжаргалыг захын замын урд талын контейнерийн завсар газар унагаад дээрээс нь гараараа цохиж байхаар нь Гантуяа бид хоёр очиж салгасан. Гэтэл Нямжаргал тэнд байж байгаад хаашаа явсаныг мэдэхгүй алга болчихсон би Ганбаатарыг загнаад зогсож байтал Нямжаргал хаанаас ч юм гарч ирээд гэнэт Ганбаатарын баруун мөр тус газар нэг юмаар хатгатал цус олгойдон гарсан. Ганбаатар цаашаа эргэж зугтаах гээд хэд алхаад уначихсан. Нямжаргал зугтаагаад явчихсан гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч С.Амарсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Нямжаргал нэг залуутай муудалцаад явчихлаа чи энд байж бай гээд хөргөгчтэй ус ундаагаа надад үлдээгээд Ганбаатарын хамт Өгөөмөр захаас урагш зам гараад явчихсан. Тэгээд удаагүй  байж байхад хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гээд орилолдсон. Сүүлд сонсоход Нямжаргал, Ганбаатар гэгч залууг  хутгалсан гэж сонссон гэжээ. /хх-ийн 16-17/

            Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гантуяа захын урд талын зам хөндлөн гараад явсан. Харахад Нямжаргалыг нэг залуу заамдаад  Өгөөмөр захын урд талын хашаа руу чирээд орж байсан ба Гантуяа эгч Ганбаатар гэдэг найзыг нь дагуулаад араас нь явсан. Тэдний ардаас харж байхад Нямжаргалыг нөгөө залуу газар унагаад дээрээс нь дэвсэж байхад нь Ганбаатар, Гантуяа хоёр очиж  салгаж байхаар нь би цаашаа харалгүй шорлого дээрээ очсон. Тэгж байтал эмнэлэг цагдаа болоод явчихсан. Сүүлд сонсоход Нямжаргал нөгөө залууг хайчаар хатгасан гэж сонссон гэжээ. /хх-ийн 18-19/

 Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 22/

          Шүүх эмнэлэгийн шинжилгээ 6932 тоот дүгнэлт:

          1.Нямжаргалын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 23/

 Шинжилгээхийх шинжээч томилох тогтоол /хх-н 24/

          Шүүх эмнэлэгийн шинжилгээ 6886 тоот дүгнэлт:

1.Ганбаатарын биед цээжний баруун талд цээжний  хөндийрүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт /800 мл, 250 мл/ гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.  / хх-н 25/

           Шинжээч эмч Н.Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ганбаатарын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушигны дээд дэлбээг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт гэмтэл нь ирмэгтэй мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэжээ.  /хх-н 75/

            Гэрч Д.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр намайг Өгөөмөр зах дээр байхад манай нөхөр Д.Нямжаргал над дээр ирсэн. Тухайн үед манай нөхөр архи уучихсан согтуу байсан. Хэнтэй хамт хаана архи уусан талаар би хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр над дээр ирэхэд түүнтэй хамт Ганбаатар гэх залуу хамт явж байсан. Ганбаатар мөн согтуу байсан. Тэр хоёр над дээр байж байхдаа маргалдаад байсан. Юунаас болж маргаад байгаа нь тодорхой биш ч гэсэн би архинаас болоод маргаад байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад Өгөөмөр захын урд тал руу гарч зодолдоно гээд хамт явахаар нь араас нь дагаад очиход манай нөхөр тэр хоёр зодолдсон. Би тэр хоёрыг салгаад байж байтал Ганбаатарыг юугаар хатгасан юм мэдэхгүй цээжнээс нь цус гарсан. Ганбаатар Өгөөмөр захын урд талын машин зам дээр унасан гэжээ. /хх-ийн 76-78/

Д.Нямжаргалыг Д.Гантуяа, Д.Оюунсүрэн нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 26-28/

Д.Нямжаргалыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 29-31/, /хх-н 79-84/

Д.Нямжаргалын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н85/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /33,87/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 86/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 106-108/, /хх-н 113-114/ зэрэг болно.

            Д.Нямжаргал нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт байрлах Өгөөмөр захын урд талд Г.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний цээжин тус газар нэг удаа хайчаар хатгаж биед нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Г.Ганбаатарын биед биед цээжний баруун талд цээжний  хөндийрүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт /800 мл, 250 мл/ гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт   / хх-н 25/

          Хохирогч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн … Нямжаргал над руу хандаад чи урьд нь яагаад байлаа гээд нэг тиймэрхүү зүйл яриад байсан ба намайг алгадах гэхээр нь би хойшоо болоод та яагаад байгаа юм бэ гэхэд нааш ир гээд дагуулаад явсан бөгөөд Ганбаатар ах Энхтүвшин хоёр дагаад явах гэхээр нь би за яах гэсэн юм би уулзаад ирий гэж хэлсэн. Тэгээд Өгөөмөр захын урд талын засмал зам дээр гараад машин зогсдог зогсоол руу очсон.Тэнд очингуутаа Нямжаргал нь миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би барьж аваад хавсраад газар унагаагаад явах гэхэд Нямжаргал алнаа гээд орилхоор нь би Өгөөмөр зах руу зугтааж байгаад эргээд харахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь алхаад явж байсан чинь араас хөөе гэхээр нь эргээд хартал Нямжаргал 20 см орчим урттай, цэнхэр өнгийн иштэй хайчийг ишинд нь гараа хийлгүйгээр атгаж баруун гартаа барьчихсан миний ард тулаад ирсэн. Намайг эргээд хартал баруун эгэмний ар хэсэг рүү дээрээс доош нь чиглэлтэй нэг удаа хатгаад хайчаа сугалж аваад цаашаа гүйчихсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

           Гэрч О.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн…Нямжаргал, Ганбаатар хоёр муудалцаад зодолдохоор явчихлаа гэж Нямжаргалын эхнэр Гантуяа хэлэхээр нь харахад Ганбаатар, Нямжаргалыг захын замын урд талын контейнерийн завсар газар унагаад дээрээс нь гараараа цохиж байхаар нь Гантуяа бид хоёр очиж салгасан. би Ганбаатарыг загнаад зогсож байтал Нямжаргал хаанаас ч юм гарч ирээд гэнэт Ганбаатарын баруун мөр тус газар нэг юмаар хатгатал цус олгойдон гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

Шүүгдэгч Нямжаргалын мөрдөн байцаалтад  өгсөн …. Ганбаатар гэх залуу  чи тийм овоо юм бол үзэх үү дараа нь зодуулчихаад ямар нэгэн хэл ам байхгүй шүү гээд намайг үгээр идээд байсан юм. Би хүнтэй маргалдаад яахав гэж бодоод тоолгүй байж байтал тэрээр миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Би эргэж хараад явах гэтэл Ганбаатар миний өмднөөс барьчихаад тавихгүй болохоор нь би өөрийнхөө халаасанд байсан машины хуулга хайчилдаг хайчаар айлгах гээд далайтал түүний цээжин тус газар хатгасан. Яг хаана нь хатгасан талаар би мэдээгүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Д.Нямжаргалд холбогдох хэргийн зүйлчэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Д.Нямжаргал нь хохирогч Г.Ганбаатарт эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Д.Нямжаргал нь 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

         2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дархан-уул аймаг дах сум дундын шүүхийн 403 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон, хорих ялыг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна.Эндээс харахад Эрүүгийн хуульд заасан ялгүйд тооцох хугацаа болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл онодуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551..1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хорыг арилгасан тул шүүх хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Д.Нямжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан цаг хугацаанаас өмнө  буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх эсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.1  дахь хэсэгт зааснаар оногдуулсан  3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 1  жил  06 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн   56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулав.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Авга овогт Доржийн Нямжаргалыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх эсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямжаргалыг 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх эсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 1  жил  06 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Нямжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямжаргалын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эдмөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Нямжаргал нь  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9 . Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нямжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   С.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                   С.ӨСӨХБАЯР

 

                                                                      Т.ШИНЭБАЯР