| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт А-ийн Э-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, халх, э.эгтэй, ........ боловсролтой, ам бүл .., ...... хамт, Дорноговь аймгийн Эрдэнэ сум, ...-р баг, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт А-ийн Э /РД: ...../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь "Н " ХХК-ийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны .... сард 7,971,458 төгрөгийг шууд санаатай, шунахай сэдэлтээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын П ШТС-д түгээгчийн ажлыг 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сарын хооронд хийсэн. Тэгээд тухайн ажлыг хийж байхдаа апплейкешний зээл, цалингийн зээл зэргийг төлөхөөр мөнгө хэрэгтэй болсон тул П ШТС-ийн бэлэн мөнгөний 05 дугаар сарын орлогоос, 07 дугаар сарын орлогоос нийтдээ 7,971,458 төгрөгийг авсан. Тэгээд байгууллагын орлого дутсан тул Сайншанд сумын Петровисын салбарын дарга гэх хүнтэй уулзаад 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэхэд өгнө гээд тохирсон боловч одоо хүртэл өгөөгүй. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Апплейкешний зээл, цалингийн зээл зэргийг төлөхөөр мөнгөний хэрэг гараад тэгээд авчихсан. Би 12,000,000 орчим төгрөгийн зээлтэй. Сард 780,000 орчим төгрөг төлдөг. П ХХК-аас сард 900,000-1,000,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Би 2024 оны 06 дугаар сард ээлжийн амралт авсан. Амралтын мөнгөө аваагүй юм аа. Тэгээд яасан гэтэл тайланд өгөх орлого дутсан учраас өгөөгүй гэсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нэгтэй байна. Апплейкшний зээл, цалингийн зээлийн төлөлт хийсэн. Мөн ойр зуурын хувийн хэрэглээнд бас зарцуулагдсан. Би тэр талаар мэднэ. Зүгээр мөнгө хэрэг болоод л тийм зүйл хийчихсэн. Би одоогоор нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарахаар хувааж төлөх хүсэлттэй байна. Нэг дор төлөх боломжгүй байгаа гэжээ. /хх-ийн 95-96/
Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Байцаагдаж байхдаа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Анх 2024 оны 05 дугаар сарын тооллогоор Дорноговь аймгийн Эрдэнэ сумын манай шатахуун түгээх станцад ажиллаж байсан Э тушаах ёстой бэлэн мөнгөнөөс 1,534,000 төгрөг дутуу тушаасан байсан. Тэгээд 06 дугаар сарын бэлэн бүрэн тушаасан байсан. 2024 оны 07 дугаар сарын эхний 10 хоногийн бэлэн мөнгө орлого огт банканд тушаагдахгүй болохоор хяналтын тооллого Дорноговь аймгийн Сайншандаас шалгалтаар очиж тооллого хийх үед Э-оос бэлэн мөнгөний орлого 6,439,958 төгрөг дутаасан байсан. Манай төв байгууллагаас цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Нийт 7,971,458 төгрөг хохирол хувьдаа завшсан байсан. Н ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө төгрөгийг буцаан төлсөн байх ёстой л гэж бодож байна. Би А.Э-ын ажиллаж байсан хугацааны цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг программаас хэвлээд хэрэгт хавсаргуулж байна. 2023 оны 04 дүгээр сараас ажилд ороод дутагдал гаргаж байгаагүй, тэр үедээ ахлах нь биш операторчин байсан. 2024 оны 01 дүгээр сард савны дутагдалт буюу савнаасаа гарсан шатах тослох материал хэвийн хоргодлоос хэтрээд дутсан тохиолдолд төлүүлдэг юм. Энэ дутсан учраас Н ХХК-аас тушаалаар дутаасан гэсний дагуу акт ирэхэд цалин дээрээс нь 424,150 төгрөгийг суутгасан. Манай байгууллага хамтын санд 43,285 төгрөгийг суутгаж бусад цалинг олгосон. 2024 оны 02 дугаар сард программ шинэчлэгдээд илүү оруулсан цалингийн зөрүүг буцааж суутгаж 191,130 төгрөгийг суутгаж үлдэгдэл цалинг олгосон. 2024 оны 03 дугаар сард борлуулалтын орлогоос 406,000 төгрөгийг дутаасан мөн хамтын сангийн 40,012 төгрөгийг суутгасан. 2024 оны 04 дүгээр сард 755,385 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 1,714,550 төгрөг буюу энэ 2 сард цалинг нь олгоогүй, яагаад гэвэл дээрх мөнгийг орлогоос дутаасан. Энэ үед би мөнгийг нь авсан гэх А.Э-ын бичиж байсан тайлбар нь байгаа, уг тайлбарыг бас хэрэгт тусгуулъя. Түүний дараа 2024 оны 06, 07 дугаар сарын хугацаанд 902,214.90 төгрөг манай байгууллагын харилцах дансанд нь байгаа юм. Яагаад гэвэл өмнөх гарсан зардлуудыг төлөөгүй учраас олгогдоогүй байна. Бид нар тухайн үедээ өрөө дарчихвал цалинг нь олгоно гэж хэлсэн. Ер нь А.Э нь бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн иргэдийн мөнгөнөөс ихэвчлэн дутааж байсан. Мөн өөрийнхөө хувийн дансаар мөнгөө аваад түүнийгээ үрчихдэг юм болов уу гэж ойлгодог. Сар болгоны эхний өдөр Сайншанд сумаас очих бол тоолдоггүй, өөрсдөө эрхлэгч буюу ахлах операторчин нь тоолоод тайлангаа явуулдаг юм. 2023 онд А.Э нь операторчин байж байгаад 2024 оны 05 дугаар сараас хойш ахлах операторчноор ажиллаж байсан. Энэ тооллогын тайланг А.Э нь өөрөө хийх ёстой юм гэжээ. /хх-ийн 08-09, 38/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
2024 оны 01 сарын 08-ны өдрийн 24/26 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 19-24/
Н ХХК-ны итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ /хх-ийн 25-26/
Шатахуун, тосолын материалын тооллогын бүртгэл /хх-ийн 27-32/
Ш ХХК-ийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84, 86/
“Ш ХХК-ийн шинжээчийн зардлын нэхэмжлэх /хх-ийн 87/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 04 сарын 08-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 89-92/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 98-100/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.Э нь "Н " ХХК-ийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 07 дугаар сард 7,971,458 төгрөгийг шууд санаатай, шунахай сэдэлтээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч Д.О-ийн /хх-ийн 08-09, 38/, шатахуун, тосолын материалын тооллогын бүртгэл /хх-ийн 27-32/, “Шинжлэн магадлахуй Э ХХК-ийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч А.Э-ын гэм буруутай үйлдэл, хохирогч байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Э нь байгууллагад учруулсан хохирлоос 902,214.9 төгрөгийг байгууллагаас олгогдоогүй цалинг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс үлдэх 7,069,210.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, түүнчлэн шинжээч байгууллагын шинжилгээний зардлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 500,000 төгрөгийг гаргуулж Шинжлэн магадлахуй Э ХХК-нд тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 7,069,210.8 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага Н ХХК-нд, 500,000 төгрөгийг гаргуулж Ш ХХК-нд тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б