| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/00492/И |
| Дугаар | 183/ШШ2022/00763 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2022/00763
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: Г.А
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагч Г.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь Г.А д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Д.Г нь 2015 оноос эхлэн Г.А тай үерхэж эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2017 оны 12 дугаар сард хүү А.Т төрсөн. Хариуцагч Г.А нь хүүгээ төрсөн цагаас нь хойш эхнэр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, үргэлж гадуур тэнэж, хэрүүл хийж байнгын дарамттай байсаар байгаад 2019 онд ор сураггүй салаад явсан. Охин Д.Г нь 2020 онд гадаад руу явж, би охиныхоо хүүг харж хандаж байгаа. Иймд хүү А.Т-т эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Би Д.Г тай 10 жилийн сургуульд байхдаа танилцаж, 2017 оноос эхлэн 2 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Т төрсөн. Бид жижиг маргаанаас болж хоорондоо муудалцаад салсан. Буцаж эвлэрэх бодолтой байсан боловч тухайн үедээ боломж нь бүрдэхгүй байсаар 2019 онд бүр салсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүтэйгээ уулзаж баймаар байна” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, оршин суугаа талаарх тодорхойлолт, хүү А.Төгстөгөлдөрийн төрсний гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар буюу “...Д.Г нь 2015 оноос эхлэн Г.А тай үерхэж эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2017 оны 12 дугаар сард хүү А.Т төрсөн. Хариуцагч Г.А нь хүүгээ төрсөн цагаас нь хойш эхнэр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, үргэлж гадуур тэнэж, хэрүүл хийж байнгын дарамттай байсаар 2019 онд салж явсан. Охин Д.Г нь 2020 онд гадаад руу явж, би охиныхоо хүүг харж хандаж тул хүү А.Т-т эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, “...Би Д.Г тай 10 жилийн сургуульд байхдаа танилцаж, 2017 оноос эхлэн 2 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Т төрсөн. Бид жижиг маргаанаас болж хоорондоо муудалцаад салсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин хүүтэйгээ уулзаж баймаар байна” гэв.
4. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 0000387154 дугаар төрсний гэрчилгээгээр Д.Г , Г.А нарын дундаас 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Т төрсөн, хүүхдийн эцэг Г.А болохыг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны журмаар тогтоосон болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Төгстөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.А аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэхдээ хүүхдийн асрамжийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой, хариуцагч хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Төгстөгөлдөрийг эх Д.Г ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Г.А хүүхэдтэйгээ уулзах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Төгстөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.А аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.А , энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Г нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ