Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

 

  2025           04           29                                       2025/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт *******ийн *******д холбогдох 2536000900102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжил-малчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* аймгийн ******* сумын Баянгол багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******,

                            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. 2536000900102 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Аюулын зэргийн үнэлгээний ... эрсдэлийн “бага” зэрэгтэй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

2.3 Шүүгдэгч Б.*******гийн согтолтыг тодорхойлсон “2.06%” буюу тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 04 дэх тал),

2.4 Эрх бүхий албан тушаалтаны “Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай” тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал),

2.5 Хохирогч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 05 цаг өнгөрөөд манай нөхөр агсам тавиад эхэлсэн. Тэгээд би төрсөн ах болох Б.******* луу залгаад нөхөр Б.******* агсам тавиад байна гэхэд хүрээд ирсэн. Тэгээд ах нь ирчихээд бүсээр нь гарыг нь хүлж орхиод явсан. Явсаны дараагаар нь орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 37-39 дэх тал),

2.6 . Холбогдогч Б.*******гийн өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой манйа эхнэр ажлынхантайгаа хамт архи уусан. Тэгээд шөнө 23 цагийн үед эхнэр намайг дуудсан. Тэгээд явж очоод тэд нартай хамт архи уугаад согтсон. Гэрт эхнэртэйгээ хамт ирсэний дараа би гарна гээд байхаар эхнэр манай ахыг дуудсан байсан. Ах гэрт ирчихээд бүсээр миний гарыг хүлчихээд явсан байсан. Сүүлдээ гарна гээд байхаар нь эхнэр цагдаа дуудсан байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

2.7 ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХОВО725/209 дугаартай “Хүний биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээгээр ... М.*******ийн баруун нүдний дээд, доод зовхи, хөмсөг болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. М.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. М.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. М.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ байна ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

2.8 Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

2.9 Шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал)

2.10 Шүүгдэгч Б.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал)

2.11 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал)

2.12 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 53-55 дахь тал)

2.13 Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... Би өмнө холбогдогчоор мэдүүлэг өгсөн байгаа. зэрэг нотлох баримтууд болно.

Хоёр:  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт,нөхцөл байдлын талаар

3. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...М.*******ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч М.*******ийн мэдүүлэг болон, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.

3.1. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.*******, хохирогч М.*******  нар нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний гэрлэлтээ бүртгүүлсэн, 3 хүүхдийн хамт амьдардаг нь тогтоогдож байна.

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл  буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.5. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.2. Шинжээчийн хохирогч М.*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бодиттой тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.3.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан.

4.4. Хохирогч М.*******, шүүгдэгч Б.******* нар нь 11 жил хамт амьдарч байгаа,  хүүхэд болон эх, дүү нарын хамт амьдардаг  учраас тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба  хохирогчийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.*******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу  хамтран амьдрагч хохирогч М.*******д бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.

          4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Иймд шүүгдэгч Б.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

4.9. Шүүгдэгчийн эхнэрээ харддаг болон хэн нэгнийгээ хүндэлдэггүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч М.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “эмчилгээний зардал,  сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж, хүсэлт ирүүлсэн тул  хохирогч хохирол, хор уршиг  нэхэмжлээгүйг дурдав.

5.3 Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******ийн эмчилгэний зардал болох 95,120 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байна.

5.4. Шүүхээс шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

5.5 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

5.6  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******гийн  хувийн байдлын хувьд 34 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын Баянгол багт мал малладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

5.7. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

5.8. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгний торгох ял оногдуулах” санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******аас “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, эхнэрээсээ уучлал гуйсан, мал малладаг тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү” ... гэх санал

Шүүгдэгч Б.*******гаас “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлнө. Надад торох шийтгэл оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлт тайлбар гаргасан болно. 

5.9. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.*******гийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс  торгох  ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

5.10. Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгний торгох ял  шийтгэв.

5.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгний торгох ялыг  ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэснийг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

5.12. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

5.13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******гаас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгний торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгний торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2536000900102 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д   мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч  Б.*******д өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ГАНТӨГС