Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00800

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/00800

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Д

 

Хариуцагч: Н ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Д  нь Н ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н ХХК-тай №НАЗУ-ОС-13-10/24 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхарт одоогийн 00 тоотод байрлах 31.06 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр баригдах орон сууцны нийт үнэ гэрээний 2.1-т зааснаар 49 696 000 төгрөг байхаар тусгасан бөгөөд захиалагч Г.Д  миний бие энэхүү төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Дээр дурдсан орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 1.6-д захиалагч гэрээний төлбөрийг борлуулагчид 100 хувь төлж барагдуулах хүртэл борлуулагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байна гэж заасан буюу захиалагчийн зүгээс Н ХХК-д орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг Г.Д  миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Энэ талаар Н ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч бодитой үр дүн гараагүй төдийгүй иргэн би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадалгүй урт хугацаанд хохироод байна. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхрын 00 байрлах 31.06 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г.Д ыг тогтоож өгнө үү. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг намайг оролцуулахгүйгээр хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Манай компани иргэн Г.Д тай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №НАЗУ-ОС-13-10/24 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхар, 0 тоот хаягт байршилтай, 31.06 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалан барьж, ашиглалтад оруулж шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэн Г.Д  нь дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул иргэн Г.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

  1.  Нэхэмжлэгч талаас, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан №НАЗУ-ОС-13-10/24 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 24-ний, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдийн кассын орлогын ордер зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, тус хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/334 тоот албан бичгийг хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхарт одоогийн 00 байрлах 31.06 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1-т заасан гэрээний үнэ 49 696 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж үүргээ биелүүлсэн, харин Назу пропеоти ХХК нь өмчлөх эрхийг Г.Д  миний нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Энэ талаар Н ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч бодитой үр дүн гараагүй, иргэн би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадалгүй урт хугацаанд хохироод байгаа тул Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхрын 31.06 м.кв талбай бүхий 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан бөгөөд энэ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх учиртай.  

 

Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхар, 28 тоот  орон сууцны өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, тус орон сууц ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа эсэх, түүнтэй холбоотой баримтыг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/334 тоот “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060666 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 18-р хороо 13-р хороолол /13370/ 11б байр 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй барилга нь жагсаалтаар салж бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байх тул 28 тоот нь өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичгийг ирүүлжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НАЗУ-ОС-13-10/24 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Н ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Шигтгээ-1 орон сууцны 6  дугаар давхарт байрлах 31.06 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м2-ыг 1 600 000 төгрөгөөр тооцож нийт 49 696 000 төгрөгөөр захиалгаар барьж 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж өгөх, Г.Д  нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Д  орон сууцны төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний зүйл болох 28 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, талууд уг асуудлаар маргахгүй байна.

 

Харин хариуцагч Н ХХК дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 8/334 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

5. Иймд дээрх үйл баримтаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь тогтоогдох тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхрын 28 тоот, 31.06 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г.Д  болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 406 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д ад олгох нь зүйтэй.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ..-г Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхрын 31.06 м.кв талбай бүхий 00 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 406 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ