| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгч Д.Ю нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д-ийн Ю-д холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2025 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...сарын ..-ны өдөр У аймгийн Х суманд төрсөн, ..... настай, э.эгтэй, яс үндэс ....., ...... боловсролтой, ....... ажилтай, ам бүл ... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Д-ийн Ю /РД: ....../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ю....... нь урьд 2024 оны 06 сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ....-р гудамж замд дахин согтуурсан үедээ ....... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ю мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 04 сарын 20-ны өдөр машины 4 амаржин солиод цаапаа мөн солиод машинаа янзалж дуусаад 1 лааз улаан касс пиво уучхаад машины хий авсан байсан тул машины тоормос шалгах гээд хашаанаас гараад 50-100 метр газар яваад тоормосоо шалгаад хашааны үүдэнд ирэх үед цагдаад шалгуулсан. Драгер багажаар шалгуулахад 1,35 хувийн согтолттой байсан. Би 2024 оны 06 сарын 04-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би ойролцоогоор 50-100 метр метр газар машин жолоодсон гэжээ. /хх-ийн 32-33/
Шүүгдэгч Д.Ю шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг дахин өгөхгүй гэв.
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2025 оны 04 сарын 20-ны өдрийн 21 цагаас 03 цаг хүртэл шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 30 минутын орчимд Д.Ю нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .....-р багийн нутаг дэвсгэр ......-р гудамж руу эргэж байсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул драгер багаж үлээлгэхэд 1,35 хувийн согтолттой гарсан тул материалыг бичиж жижүүрт хүлээлгэж өгсөн гэжээ. /хх-ийн 6-7/
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 02/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 03/
Драгер багжийн үзүүлэлт /хх-ийн 04/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/200 дугаартай шийтгэвэр /хх-ийн 40-42/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 40/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Ю нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 04 сарын 20-ны өдрийн 21 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбо 10-р гудамж замд дахин согтуурсан үедээ .... улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ж.Э /хх-ийн 6-7/ мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 03/, драгер багажийн үзүүлэлт /хх-ийн 04/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/200 дугаартай шийтгэвэр /хх-ийн 40-42/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно. Шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 1.35 %-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Шүүгдэгч Д.Ю-ийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/200 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, ба эрх нь сэргээгдээгүй байхад дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Ю-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 1,35 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Ю нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж торгох ял оногдуулсан болно. Оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Д-ийн Ю-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Ю-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ю нь оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ю-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б