| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 101/2021/04973/И |
| Дугаар | 183/ШШ2022/01228 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/01228
| 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/01228 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: Д ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие Д ХХК-ийн танилцуулга, зар сурталчилгааны дагуу худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авахаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 19/07/061 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 100 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн боловч хөрөнгөө хүлээж аваагүй юм. Тухайн үед миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Түүнчлэн Д ХХК-ийн байранд өөрийн биеэр очиж, үйл ажиллагаатай нь танилцахад үйл ажиллагаа явуулах огт боломжгүй, түрээслэх боломжгүй байгууллага байсан тул би гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Тухайн үед Д ХХК-ийн захирал байсан Э.О нь 2020 оны 10 дугаар сард 100 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон юм. Гэвч Монгол улсад үүссэн нөхцөл байдлаас бүх нийтээрээ корона, тусгаарлалт, хөл хориотой байсан учир би тэдний үйл ажиллагаа хүнд байгааг ойлгоод 2021 оны 10 дугаар сар хүртэл хүлээсэн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр компанийн байнгын үйл ажиллагаа явуулдаг ажлын байр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Смарт авто сэлбэг худалдааны төв барилгын 000 тоот оффист биеэр очиж уулзсан. Тухайн үед Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.С намайг хүлээж авч, миний тус компанид гаргасан хүсэлтийг хүлээн авч, компанийн тамгаа дарсан. Гэтэл товлосон өдрөөр миний асуудлыг шийдэж, мөнгийг маань хуваагаад ч болов буцааж өгөөгүй учир шүүхэд хандсан. Иймд хариуцагч Д ХХК-иас 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: “...Д ХХК, М.Г нарын хооронд 2019 оны 7 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 2019 онд дэлхий нийтэд Ковид-19 халдварт өвчин гарсан ч Д ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бол энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах байсан. Мөн М.Г ийн төлсөн төлбөрийг Б.Н гэх хүн хувьдаа зарцуулсан байдаг тул түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан болов уу гэж бодож байна. М.Г нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Д ХХК-тай байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигч Э.О , Б.Н нар нь энэ компанид ямар ч хамааралгүй юм. Энэ хэргийн учир холбогдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж шийдвэрлэх нь зүйтэй байсан болов уу гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах байсан нь шүүхийн үүрэг юм. Тухайн үед М.Г тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хүмүүс одоо ажиллаж байгаа юу, энэ компанид ямар үүрэг оролцоотой байсан, тухайн мөнгө нь энэ компанид зарцуулагдсан уу гэдгийг дутуу шалгасан байна гэдгийг хэлье” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 19/07/061 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Голомт банкны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн баримт, Д ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тайлбар, М.Г ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д ХХК-д гаргасан хүсэлт, М.Г ийн Голомт банк дахь 00000000 тоот дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би Д ХХК-ийн зар сурталчилгааны дагуу худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авахаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 19/07/061 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 100 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн боловч хөрөнгөө хүлээж аваагүй юм. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос гадна Д ХХК-ийн байранд очиж танилцахад үйл ажиллагаа явуулах огт боломжгүй, түрээслэх боломжгүй байгууллага байсан тул би 1 сарын дотор гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж, Д ХХК-ийн захирал Э.О нь 2020 оны 10 дугаар сард 100 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон. Гэвч Монгол улсад коронавирусын улмаас тусгаарлалт, хөл хориотой байсан учир 2021 оны 10 дугаар сар хүртэл хүлээсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр компанийн байнгын үйл ажиллагаа явуулдаг оффист очиж уулзахад гүйцэтгэх захирал Э.С миний тус компанид гаргасан хүсэлтийг хүлээн авч, компанийн тамгаа дарсан. Гэтэл товлосон өдрөөр миний асуудлыг шийдэж, мөнгийг маань буцааж өгөөгүй учир Д ХХК-иас 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тус үүргээ биелүүлээгүй, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Д ХХК, М.Г нарын хооронд 2019 оны 7 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 2019 онд дэлхий нийтэд Ковид-19 халдварт өвчин гарсан ч Д ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. М.Г ийн төлсөн төлбөрийг Б.Н гэх хүн хувьдаа зарцуулсан байдаг тул түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан болов уу гэж бодож байна. М.Г нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Д ХХК-тай байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигч Э.О , Б.Н нар нь энэ компанид ямар ч хамааралгүй юм. Энэ хэргийн учир холбогдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж шийдвэрлэх нь зүйтэй байсан болов уу гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах байсан нь шүүхийн үүрэг юм. Тухайн үед М.Г тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хүмүүс одоо ажиллаж байгаа юу, энэ компанид ямар үүрэг оролцоотой байсан, тухайн мөнгө нь энэ компанид зарцуулагдсан уу гэдгийг дутуу шалгасан байна” гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Г нь Д ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Д ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204022462 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 00 тоот хаягт байрлах, 3691 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 2 давхрын 221 тоот дугаартай 25 м.кв талбай бүхий үйлчилгээний 1 м.кв талбайг 7 000 000 төгрөгөөр тооцож, нийт 175 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
Зохигч талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон нэхэмжлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан эсэхэд хариуцагч тал маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “..худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Худалдан авагч М.Г нь дээрх гэрээний 2.2 дахь заалтаар тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10 000 юанийг мөн өдрийн юанийн 388 430 төгрөгийн ханшаар тооцож 3 884 300 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10 000 юанийг мөн өдрийн юанийн 386 770 төгрөгийн ханшаар тооцож 3 867 700 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 48 000 юанийг мөн өдрийн юанийн 386 070 төгрөгийн ханшаар тооцож 18 351 360 төгрөгийг тус тус Э.О ийн Хаан банк дахь 0000 тоот данс руу, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 68 814 000 төгрөгийг Э.О ийн 0000 тоот данс руу, нийтдээ 95 097 360 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
6. Улмаар М.Г нь гэрээнээс татгалзаж буйгаа Д ХХК-д илэрхийлж байсан болох нь тус компаниас М.Г т хүргүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэсэн огноотой, гэрээ цуцлах тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий 15 тоот албан бичгээр тогтоогдох тул дээрх баримт болон нэхэмжлэгч М.Г ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д ХХК-д гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан авахаар бичгээр гаргасан хүсэлт зэргээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар цуцлагдсан гэж үзнэ.
7. Харин М.Г тэй Д ХХК-ийг төлөөлж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, мөнгийг шилжүүлэн авсан гэрээний нэг тал болох Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдох тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...М.Г ийн төлсөн төлбөрийг Б.Н гэх хүн хувьдаа зарцуулсан, хувьцаа эзэмшигч Э.О , Б.Н нар энэ компанид ямар ч хамааралгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
8. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 95 097 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй үлдсэн 4 902 640 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 633 437 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
10. Шүүх тус нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчид мэтгэлцэх эрхийг эдлүүлэхээр, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтээр, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшлуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан мэтгэлцэх эрхийг хангахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С-ыг хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 95 097 360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 902 360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 633 437 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ