| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Б.*******, өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ............*******д холбогдох ................ тоот нэг хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1......................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумаас ******* сумын чиглэлийн хатуу хучилттай авто замын 57 дахь километр 04-56 ӨМЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "...3.4. б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад олон хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас барж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд хүлээн мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Талийгаач охин маань 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд нөхөр бид хоёрын ууган охин болж төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж 2021 оны онд ******* аймгийн ******* сумын 5 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж 3 дугаар ангид сурч байсан юм. Уг осол болох үед талийгаач охин маань ганцаараа гэмтсэн бусад хүмүүсийн биед бол ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан зүйл огт байгаагүй. Уг осол болох үед талийгаач охин маань ганцаараа машинаас шидэгдсэн юм. Бусад хүмүүс машин дотроо байсан. “...Жолоог манай нөхөр *******, жолоочийн эсрэг талд Цэндоо эгч, арын суудалд дүү Амгалансайхан хүүхэд Энгүүнээ, би охин ******* нар сууж явсан. Урд сууж байсан хоёр суудлын бүс зүүсэн байсан. Харин арын суудалд суусан хүмүүс зүүгээгүй. Би болон манай гэр бүлийн зүгээс уг осолтой холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол болон бусад байдлаар хохирол нэхэмжлэхгүй гэжээ. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 20-23 дахь тал/
******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “............ ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...0.......... ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” гэжээ. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Э.*******гийн цогцост үзлэг шинжилгээгээр эрүүний баруун хэсэг, баруун хацар яс, аарцаг ясны хугарал, хоёр талын уушгины няцрал, өрцний цус хуралт, дэлүүний язрал, бяцрал, дух, зүүн ташааны язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, баруун хацар, эрүү, цээж-хэвлийн зүүн хэсэг, зүүн гарын сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүсч, дэлүүг авах мэс заслын эмчилгээ хийгджээ. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Э.*******гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Э.******* нь олон хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ.” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 56-65 дахь тал/
Х.Шаравын нэрэмжит ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт 2025 оны 01 сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн *******ы ******* ........../-ийн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 87-172 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 76 дахь тал/
Жолоочийн лавлагаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй” гэжээ. /хавтаст хэргийн 77 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79-81 дэх тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/
Шүүгдэгч Б.*******ы ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 182 дахь тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /хавтаст хэргийн 189-191 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ........ дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 197-198 дахь тал/-аар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумаас ******* сумын чиглэлийн хатуу хучилттай авто замын 57 дахь километр ............ ӨМЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "...3.4. б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад олон хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас барж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 20-23 дахь тал/, ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн .......дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-65 дахь тал/, Х.Шаравын нэрэмжит ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт 2025 оны 01 сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн *******ы ******* /............./-ийн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 87-172 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...04-56 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.*******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас Э.******* нь олон хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлын улмаас нас барсан болох нь цогцост хийсэн ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хавтаст хэргийн 56-65 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, амь хохирогчийн үхлийн шалтгаан, мөн насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Баатар овогтой ******* миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй оролцож, гэмт хэргийг нотлох, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Энэ хэргийн улмаас охины маань амь нас хохирсон, манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан. Талийгаачийн маань хууль ёсны төлөөлөгчөөр ээж нь томилогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, нэг гэр бүлийн хүмүүс учир талийгаач охиныхоо буяны ажлыг хамт гүйцэтгэж, хэн аль нь төрсөн үрээ алдсан хүнд хэцүү цаг хугацааг туулж өнгөрүүлж байна. Талийгаачийн маань хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 182 дахь тал/-аар шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай ялын төрөл, хэмжээний саналтай танилцан өмгөөлөгчийн хамт гарын үсэг зурж, ялын талаар хэн аль нь тусгайлан санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нар танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.*******ы буруутай үйлдлийн улмаас Э.******* нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* “... Би болон манай гэр бүлийн зүгээс уг осолтой холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол болон бусад байдлаар хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/-аар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ы хувийн байдлын хувьд .................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 76 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79-81 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасныг прокурор хүлээн авч Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдлаас нь шалтгаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх саналыг батлуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******гийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******аас гэмт хэргийн улмаас өөрт учирсан шууд хохиролгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.******* баримтлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолооны үнэмлэх болон CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 5-8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх, эсхүл түүнд хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхээр хуульчилсан. Б.*******ы хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байдаггүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг хуульчилсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтойгоор зохицуулсан. Шүүгдэгч Б.*******ы гэмт хэргийн хувьд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасныг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ ял шийтгэлийн хувьд прокурортой тохиролцож, прокурорын зүгээс санал болгосон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас охиноо алдсандаа маш их харамсаж байна. Өөрийнхөө буруутай үйлдлээ ойлгож байгаа гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч Б.*******ы гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ......... дугаартай шүүгдэгч Б.*******ы “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн энэхүү шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ...........ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.*******д хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ........ дугаартай шүүгдэгч Б.*******ы “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгаж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ