| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/00397/И |
| Дугаар | 183/ШШ2022/01254 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2022/01254
| 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/01254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ..................... Э овогт Тү-ын Э /рд0000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00000000000000, Х овогт М-ын Т /рд:00000000000000000001/,
Нэхэмжлэлийн шаардлага: 4 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Э
Хариуцагч М.Т,
Гэрч Ч.М, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Энь М.Т холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие М.Т-тэй 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, 000000 гэсэн домэйн эрхийг нийт 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцлээр тохиролцсон. Анхны төлбөр болох 2 000 000 төгрөгийг төлөх үед 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тохирсон ёсоор домэйн эрхийн нэвтрэх эрхийг өгсөн. Дараагийн 2 000 000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсний дараа домэйн нэрийн бүртгэлийг албан ёсоор шилжүүлж өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Улмаар 2021 оны сард иргэн М.Т-ийн зүгээс манай нэвтрэх эрхийг хаасан. Удаа дараа М.-т хүсэлт гаргасан боловч бүртгэлийг шилжүүлж өгөхгүй байгаа тул 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Т.Э нь 2020 оны 9 дүгээр сард Zugaalga.mn сайтын эрхийг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний загвараа 0000000000000 мэйлээр Т.Э-ын 00000000000 мэйл рүү явуулсан. Гэтэл Т.Э нь гэрээн дээр гарын үсэг зураад тамга дараад эргээд явуулъя гээд явуулаагүй. Т.Энь 20 000 000 төгрөгөө 10 сар хувааж төлөх санал тавьж уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Эхний сарын 2 000 000 төгрөгөө шилжүүлсний дараа сайтын эрхээ шилжүүлсэн. Т.Энхбаяр нь домэйнд нэвтрэх эрхээ авсныхаа дараа 2 дахь сарынхаа төлбөр болох 2 000 000 төгрөг шилжүүлчхээд түүнээс хойш холбоогүй, таг чиг болсон. Дараа дараагийн сарынхаа төлбөрийг хийгээгүй тул домэйн эрхээ өөр дээрээ шилжүүлэн авч, домэйнд нэвтрэх Т.Эын эрхийг хассан. Т.Э нь 0000000сайтын эрхийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл ашиглаж байх хугацаандаа 00000000 сайтын баннер буюу зурагт сурталчилгааг сольж гүүгл болон хайлтын системийн оновчлол зэргийг устгаж, хандалтын зэргийг 2-3 дахин илүү багасгасан, мөн хугацаанд ашиглаж ашиг орлого олж байсан тул 4 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
5. Нэхэмжлэгч талаас, хариуцагч М.Т-йн 50000000000тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримт, мөн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч М.Т-ийн дээрх данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие М.Т-эй 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, 0000000n гэсэн домэйн эрхийг нийт 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцлээр тохиролцсон. Анхны төлбөр болох 2 000 000 төгрөгийг төлөх үед 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр домэйн эрхийн нэвтрэх эрхийг өгсөн. Дараагийн 2 000 000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсний дараа домэйн нэрийн бүртгэлийг албан ёсоор шилжүүлж өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Улмаар 2021 оны сард иргэн М.Төгөлдрийн зүгээс манай нэвтрэх эрхийг хаасан. Удаа дараа М.Т-т хүсэлт гаргасан боловч бүртгэлийг шилжүүлж өгөхгүй байгаа тул 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Т. нь 2020 оны 09 дүгээр сард Zugaalga.mn сайтын эрхийг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний загвараа 000000000 мэйл хаягнаас Т.Э-ын 00000000мэйл рүү явуулсан. Т.Э нь гэрээн дээр гарын үсэг зураад тамга дараад эргээд явуулъя гээд явуулаагүй. Т.Энхбаяр нь 20 000 000 төгрөгөө 10 сар хувааж төлөх санал тавьж уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Эхний сарын 2 000 000 төгрөгөө шилжүүлсний дараа домэйнд нэвтрэх эрхийг шилжүүлсэн, 2 дахь сарын төлбөрт 2 000 000 төгрөг шилжүүлчхээд түүнээс хойш холбоогүй болсон. Дараа дараагийн сарынхаа төлбөрийг хийгээгүй тул домэйн эрхээ өөр дээрээ шилжүүлэн авч, Т.Эын домэйнд нэвтрэх эрхийг хассан. Т.Э нь 0000000000 сайтын эрхийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл ашиглаж ашиг орлого олсон, мөн ашиглах явцад 00000000 сайтын баннер буюу зурагт сурталчилгааг сольж гүүгл болон хайлтын системийн оновчлол зэргийг устгаж, хандалтын зэргийг 2-3 дахин илүү багасгасан тул 4 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Э нь 2020 оны 9 дүгээр сард хариуцагч М.Т-өөс 000000n сайтын домэйн эрхийг худалдан авахаар тохиролцсон болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдох боловч зохигчид гэрээний үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргасан тул шүүх хариуцагч М.Т-ийн 000000000 и-мэйл хаягаас нэхэмжлэгч Т.Э-ын 00000000000 и-мэйл хаяг руу илгээсэн худалдах, худалдан авах гэрээний саналд үндэслэж тус сайтыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон гэж дүгнэв.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй барааг бэлтгэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчид үнийг төлөх үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч М.Т гэрээний зүйл болсон домэйн эрхийн нууц үгийг хүлээлгэж өгсөн тул гэрээний үүргийн зөрчилгүй, нэхэмжлэгч Т.Э гэрээний төлбөрт 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 16 000 000 төгрөгийн үүргийн зөрчилтэй.
Улмаар худалдан авагч нь гэрээний зүйл болсон сайтын үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас худалдагч М.Т нэхэмжлэгч Т.-ын 0000000сайтын домэйнд нэвтрэх эрхийг хассаныг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж буйгаа нөгөө талдаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэхээр тодорхойлоогүй боловч түүний гаргаж буй тус сайтын үнэд төлсөн 4 00 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардсан агуулгатай, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн байна.
5. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч М.Т-рөөс 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6. Хариуцагч М.Т нь “...Т.Э 000000 сайтын эрхийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл ашиглаж ашиг орлого олсон, мөн ашиглах явцад Zugaalga.mn сайтын баннер буюу зурагт сурталчилгааг сольж гүүгл болон хайлтын системийн оновчлол зэргийг устгаж, хандалтын зэргийг 2-3 дахин илүү багасгасан” гэж маргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд түүнийг Т.Э-аас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.Т-өс 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ