Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Ж.О, М.Г түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж-ын О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-гийн Г нарт холбогдох 2417001660040 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ................. дугаар баг, ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

  • Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял,
  • Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан Б овогтой Ж-ын О, регистрийн дугаар /.........../,
  • Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дүгээр баг, ............ тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт М-ийн Г, регистрийн дугаар /......../.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б овогт Ж-ын О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нес Ойл" ХХК-ийн нефть агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус нефть агуулахын 2 дугаартай түлшний саванд хадгалагдаж байсан “Петро хаан” ХХК-ийн эзэмшлийн түлшнээс 3000 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 9,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б овогтой М-ийн Г нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны гадна Ж.Оыг “Саяны ачилтыг би компани руугаа хэлээгүй нууцаар гаргачихсан юм, би чамд 1,000,000 төгрөг өгье” гэж хэлсний дараа буюу тухайн мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, өөрийн дансаар шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О, М.Г нарт холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001660040 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ‘’Нес Ойл’’ ХХК-д менежирийн ажилтай байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 8 100 000 төгрөг төлсөн гэв.

2. Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: АТМ-ын гадаа байхдаа хулгайн мөнгө гэдгийг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай компани нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Нью энержи стар” ХХК-ийн түлшний 2 агуулахын 2000 тонн савыг түрээслэдэг юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос томилолтоор Говьсүмбэр аймагт ирээд тус компанийн агуулахаас түлшний зарлага гаргах буюу том оврын тээврийн хэрэгслүүдэд түлш худалдах ажпыг удирдлагаас өгсөн үүргийн дагуу хийж гүйцэтгэж байсан. Компаниас би ганцаараа Чойрт ирээд Сүмбэр алт буудалд байрлан ажиллаж байсан. Чойрт би “Нью энержи стар” ХХК-ийн ажилтан Отай хамт түлш борлуулах ажлыг хийж байсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  цайндаа 2 цаг орчим болоод ирэхэд О надаас түрүүлээд ирчихсэн агуулах дээр харуул Эын хамт зогсож байсан. Тэр нилээн архи үнэртүүлчихсэн байж байсан. Тэгээд миний зарлагын 3 хаалтан дээр /саван дээр, насос станц, ачилтын гар/ тавьсан байсан лацнуудыг тасдсан байсан. Тэгэхээр нь би түүнээс яагаад лац хөдөлгөсөн талаар асуухад чиний ажлыг хөнгөвчилж байгаа юм гэж хэлэхээр нь түүнд надаас өөр хүн лацыг хөндөх ёсгүй ш дээ гэж хэлэхэд юм дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би дотроо түүнийг сэжиглээд түлшээ дутсан үгүйг хэмжиж үзэхэд 3 тонн түлш дутсан байсан...Тэгээд түлш дутчихаар нь О авсан нь ойлгомжтой болчихлоо гэж бодоод тухайн өдөр гарч байсан харуул Эаас 3 тонн түлш дутсан байна жижиг тэрэг намайг явсан хойшуур орж ирсэн үү? гэж асуухад 05-07 ГСА улсын дугаартай Маяти загварын машиныг оруулж ачилт хийлгэсэн. О өөрөө тухайн машинд түлшний ачилт хийсэн Маятины жолооч эрэгтэй ганцаараа ирсэн. Тэр хүнийг нь танихгүй. Мөн Отай хамт явж байсан хүнийг танихгүй гэж хэлж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цаг өнгөрч байхад ачилт хийгээд гарсан гэж хэлсэн...Тухайн үед агуулахад нийт 1,695,785 литр түлш байсан, энэ нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний Амбер ХХК гэх нэртэй түлш хэмждэг байгууллагын мэргэжлийн ажилтан хэмжиж албан ёсоор гаргасан тоо байгаа юм. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь О гэдэг хүн өөрийнхөө учруулсан хохирол буюу 3000 литр түлшний мөнгийг тухайн үеийн зах зээлийн ханш буюу 1 литрийг 2700 төгрөгөөр бодож 8.100.000 төгрөгийг манай байгуулагын дансанд шилжүүлсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 40 дүгээр хуудас/,

4. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай хадам ах Г хувиараа түлш худалдан авч борлуулах ажил хийдэг юм. Энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хот руу тэмцээнд явах гэж байгаа намайг эзгүй хойгуур чи миний түлшний унагалдай буюу 05-07 ГСА улсын дугаартай Маяти маркийн машинаар түлш зарах ажлыг хийж бай гэж хэлээд надад 11 дүгээр сарын 08-ны орой машинаа өгсөн. Тэгээд Г хот явсныхаа дараа буюу 2024.11.09-ний өдөр 12 цаг 57 минутад над руу залгаад түлш авах хүн одоо чам руу залгах байх очоод авчихаарай гэжхэлсэн. Түүний дараа 2024.11.09-ний өдрийн 13:19 цагт над руу 89867686 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад Г ярьсан уу? надаас түлш авна гэсэн юм гэхээр нь ярьсан хэзээ хаанаас авах вэ гэж асуухад намайг залгахаар хүрээд ирээрэй гэж хэлээд тасалсан. Тэгээд байж байтал 15:32 цагт залгаад төмөр замын гарман дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол тэр хүмүүс ирээгүй байсан бөгөөд гарман дээр 10 орчим минут хүлээгээд зогсож байтал Приус-30 маркийн цагаан өнгийн машинтай /улсын дугаарыг ажиглаагүй/ 2 эрэгтэй хүн хүрээд ирсэн. Тэгээд намайг дагаад яв гэж хэлсэн. Би тэр үед Гы 3 тонны 05-07 ГСА дугаартай Маяти маркийн цагаан толгойтой, улаан ёмкосттой машинтай ганцаараа явж байсан. Тэгээд тэр 2-ыг дагаад явтал тэр 2 шууд гармын баруун талын Нес ойл ХХК-ны агуулахын үүдэнд очоод зогсоход манаач нь хаалга нээж өгсөн. Приус-30 машинаа үүдэнд нь тавиад тэр 2 эрэгтэй явган ороод явчихаар нь би машинтайгаа дагаад орсон. Тэгээд ороод хашаан дотор агуулахын ачдаг хоолойны дэргэд очоод зогсоход тухайн 2 эрэгтэй миний машинд түлш шахаж өгсөн. Тухайн 2 эрэгтэйг огт танихгүй, өмнө харж байгаагүй хүмүүс байсан. Түлшээ ачаад шууд хашаанаас гараад явсан. Надад Г хэдэн тонныг аваарай гэж хэлээгүй. Уг машин нь 3 тонны багтаамжтай ёмкосттой бөгөөд урд талдаа нэг, хойд талдаа 2 тонны багтаамжтай голоороо тасалгаатай байдаг юм. Би машинаас буугаад хойд талын 2 тонны багтаамжтай хэсгийн тагийг нээж өгөөд тэр 2 тийш нь түлш шахаж дүүргэсэн. Ёмкостны голын тасалгааны хэсэгт хаалт байдаг, тэр хаалт нээлттэй байх юм бол ёмкостонд шууд 3 тонн түлш орох боломжтой. Хаалттай байх юм бол хойд талдаа 2, урд талдаа 1 тонн ордог. Тэр өдөр уг хаалт нээлтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би 2 тонн ордог хэсгийн лүүкийг нээж өгөхөд дүүрэн түлш шахсан байсан. Голын хаалт онгорхой байсан бол 3 тонн орсон гэсэн үг хаалттай байсан 2 тонн л орсон гэсэн үг юм. Би тэр 2-т лүүк нээж өгөхдөө голын хаалтыг нээлттэй, хаалттай байсныг анзаараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 42 дугаар хуудас/,

5. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Агуулах дээр буюу Сүмбэр сумын 1-р баг, Төмөр замын гарамны баруун талд “Нес ойл” ХХК-ийн шатахууны агуулахын байрны харуулаар 09:00 цагаас 24 цаг цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн 10 цагийн үед Петро хаан ХХК-ийн нярав О, Нес ойл ХХК-ын агуулахын менежер Ж.О нар 3 шаланзад түлш ачиж гаргасан. Тэр машинуудад түлш шахаж дуусчихаад 14 цаг өнгөрч байхад тэр 2 хоёулаа хамтдаа цайндаа явлаа гээд явсан. Тэгээд намайг ганцаараа харуулын байран дээр сууж байхад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15:00 цагт О над руу залгаад Э ахаа камерын залгуурын шар кнопыг дарчих гэхээр нь яах гэж байгаа юм бэ, энийг чинь дарахаар камер энэ тэр бүгд унтарчихдаг биз дээ гэхэд би өөрөө мэдэж байна зүгээр наадхаа дараадах гэхээр нь дарчихаад утсаа салгаагүй чихэндээ барьчихсан байсан болохоор камер энэ тэр бүгд унтарчихлаа ш дээ гэхэд за гадаа гарч ирээд хаалганы гадна талын төмөр сараалжин хаалтаа онгойлго гэж хэлсэн. Тэгэхээр нь би харуулын байрнаас гараад ирэхэд хаалганы гадаа цагаан өнгийн приус хаалтны гадна талд зогсож байсан. 20 юм уу 30 приус байх шиг л байсан...О нэг өндөр танихгүй залуутай приустэй ирсэн...Тэд нар түлш ачихдаа нэг их удаагүй 10-15 орчим минут л болсон байх тэгээд шууд Маяти түлшээ аччихаад гараад яваад өгсөн...тэгээд намайг харуулын байрандаа сууж байхад кармаанаасаа баахан 20,000 дэвсгэрт гаргаж ирээд май ах энийг ав гээд над руу өгөх гэхээр нь би юун мөнгө вэ гэхэд өдрийн хийсэн ажлын цалин танд өгч байгаа юм гэхээр нь би аваагүй, чамтай нийлж хулгай зэлгий хийсэн биш, надад наад мөнгө чинь хэрэггүй, шингээх ч газар байхгүй гэж хэлэхэд дүү нь танд гомдлоо шүү, танай охин чинь оюутан биз дээ түүндээ өгчихөөч гэхээр нь би ядарсан ч гэсэн охиндоо бузрын мөнгө идүүлэх болоогүй гэж хэлээд мөнгийг нь аваагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 44-46 дугаар хуудас/,

6. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчим 89867686 гэсэн дугаараас миний гар утас руу залгасан байхаар нь би буцаагаад тухайн дугаар руу залгасан чинь О гэдэг хүн утсаа авахаар нь яах гэж залгасан талаар асуусан. Тэгтэл О “Та 1 литр түлшийг 2000 төгрөгөөр бодоод түлш авах уу?” гэж асуусан. Би өөрөө Говьсүмбэр аймгийн Петровис ХХК- ийн агуулахаас бөөний үнээр түлж худалдаж аваад жижиглэнгийн үнээр зарж борлуулдаг ажил хийдэг...Манай хүргэн болох Г гэдэг хүн рүү утсаар яриад “Хүн түлш өгнө, миний машиныг авч очоод түлш аваадах, одоо чам руу ярих байх, би утасны дугаарыг чинь өгсөн” гэж хэлсэн юм. Би анх Отай ярихдаа хүргэн Гын дугаарыг өгөөд “Та нар холбогдоод түлш авчихаарай” гэж хэлсэн байсан юм...Миний машинд нийт 3000 литр түлш ачигддаг бөгөөд тус машин тусдаа 2 лүүктэй бөгөөд урд талын лүүкэнд 1000 литр, хойд талын лүүкэнд 2000 литр түлш ордог. О надад хэний түлшийг зарж байгаа талаар огт хэлээгүй, тухайн үед гэгээн цагаан өдөр байсан дээрээс нь О өөрөө “Нес ойл” гэдэг газрын агуулах хариуцсан эрхлэгчээр ажилладаг болохоор би хулгайн түлш гэж ерөөсөө бодоогүй...хаан банкны 5991108341 гэсэн данс хэлэхээр нь би тухайн дансанд өөрийнхөө 5990168163 дугаартай данснаас 3,000,000 төгрөгийг 99 гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр О өөрөө над дээр ирээд үлдэгдэл мөнгөө авъя гэхээр нь би дээрх дансанд нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

12. Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-924-11574 дугаартай хөрөнгийн үнэлгээ, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1002098 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан / хх-ийн 64-67, 73-74 дүгээр хуудас/,

13. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-15 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч Ж.О, М.Г нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 125, 172,  145-153, 163-168 дугаар хуудас/,

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Ж.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нес Ойл" ХХК-ийн нефт агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус нефт агуулахын 2 дугаартай түлшний саванд хадгалагдаж байсан “Петро хаан” ХХК-ийн эзэмшлийн түлшнээс 3000 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 9,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны гадна Ж.Оыг “Саяны ачилтыг би компани руугаа хэлээгүй нууцаар гаргачихсан юм, би чамд 1,000,000 төгрөг өгье” гэж хэлсний дараа буюу тухайн мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө. орлого гэдгийг мэдсээр байж, өөрийн дансаар шилжүүлэн авч мөнгө угаасан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

Шүүгдэгч М.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүлйийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсангэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О, М.Г нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, гэрч Т.Г, С.Э, Н.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-924-11574 дугаартай хөрөнгийн үнэлгээ, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1002098 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ж.О, М.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нарын шунахайн сэдлээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Ж.О, М.Г нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар: Нес-Ойл ХХК-д 9.420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хоирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 8.100.000 төгрөг нэхэмжилснийг яллагдагч Ж.О төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ж.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.Г нь хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж зарж борлуулсан 1. 000.000 төгрөгийг хувьдаа ашигласан байх тул уг мөнгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж уг орлогоноос 1.000.000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-д заасан гэмт хэргийн ойлголтод гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зэрэг үйлдлүүд хамаарна.

Шүүгдэгч М.Гийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ

Шүүгдэгч Ж.О, М.Г нарт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч М.Гоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого болох 1 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэм хорын хохирол төлбөргүй болно.

ХОЁР. Шүүгдэгч Ж.О, М.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б овогт Ж-ын О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Нес Ойл’’ ХХК-ийн нефть агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус нефть агуулахын хоёр дугаартай түлшний савнаас ‘’Петроха’’ ХХК-ийн эзэмшлийн түлшнээс 3,000 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч өмчлөх эрхэд нь 9,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

 Шүүгдэгч Б овогт М-ийн Г нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна Ж.Оыг саяын ачилтыг би компани руугаа хэлээгүй нууцаар гаргачихсан юм. Чамд 1,000,000 төгрөг өгье гэж хэлсний дараа буюу тухайн мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж өөрийн дансаар шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүрч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас ‘’Петроха’’ ХХК-ийн өмчлөх эрхэд 9,420,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8,100,000 төгрөг нэхэмчилсэн. Уг нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Ж.О төлж барагдуулсан учраас хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал мөн учруулсан хохирлоо төлсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна.

Шүүгдэгч М.Гын хувьд түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад хохирол учруулаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн шүүгдэгч М.Гоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас олсон орлого буюу 1,000,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг DVD хэрэгт хавсаргасан. Эд мөрийн баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэсэн саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгч нарын хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохиролд төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж прокурорт хүсэлт гаргасны дагуу эдгээр хүмүүст холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас миний үйлчлүүлэгч Ж.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 9,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх.

Мөн миний үйчлүүлэгч М.Гийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн улсын яллагчаас гаргасан ялын саналыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх саналыг тус тус  гаргажээ.

Шүүгдэгч Ж.О, М.Г нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

Шүүгдэгч Ж.О, М.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О, М.Г нар нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                     ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт М-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.        

            2. Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих газарт даалгасугай.

       5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч М.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

        7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийн гэмт хэргийн улмаас олж авсан орлого 1 000 000 /нэг сая/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

       9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

       10. Шүүгдэгч Ж.О, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ