| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0051/э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2517000000042 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...нд .. хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, г... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... хамт ... хот, ... дүүрэг, .. дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх .... овогт .... .... /РД: .../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч .... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин согтуугаар .. аймгийн ... сумын ...дүгээр баг, ..дүгээр байрны нутаг дэвсгэрт ....улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг 2.56 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин согтуугаар ..аймгийн .. сумын .. дүгээр баг, .. дүгээр байрны нутаг дэвсгэрт “Приус-20” маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.56 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
2. Гэрч ....“...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ...., .... бид 3 хотоос цуг ирцгээсэн. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өглөө бид 3 пиво ууя гээд хоорондоо ярилцаж байгаад гурвуулаа гарч дэлгүүрээс 6 лааз пиво худалдаж аваад ....ын гэрт хувааж ууцгаасан. .... “хөгжлийн төвийн дээвэр хийж байгаа хүмүүсийн ажлыг очиж үзчихээд ирье” гээд гарсан. Тэгээд .... машинаа барих гэхээр нь “би согтуу байж машин барьж яах гээд байгаа юм” гэсэн чинь “гайгүй байх” гээд бид 2 машинтай хөдлөөд явсан. Тэгээд холдолгүй цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
3. Гэрч ... “...Би 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шивээговь сумын нутаг дэвсгэрт дэд ахлагч ... хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 17 цагийн үед Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 5 дугаар байрны ар талд явж байх үед 7 дугаар байрны урд талаас Приус 20 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд 9 дүгээр байрны чигт шороон замаар явж байсан тухайн тээврийн хэрэгсэл нь зам голлож яваад байх шиг байхаар нь гүйцэж очин Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зогсоож тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан эрэгтэйн бичиг баримтыг шалгах үед тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан. Тэгтэл .... өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд би ....ыг албаны машинд суулгаад өөрөө түүний машиныг унаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Очоод драгер багажаар хэмжихэд 2.56 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
4. Гэрч ... “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дэслэгч .. хамт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. 17 цагийн үед тээврийн хэрэгсэл шалгаж байгаад машинтайгаа 5 дугаар байрны ар талд явж байтал 7 дугаар байрны гаднаас приус 20 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам голлож яваад байх шиг байхаар нь араас нь очиж зогсоон шалгасан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ....ыг машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-49 дүгээр хуудас/,
6. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цагдаагийн рапорт /хх-ийн 2, 3-4 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч ....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч ..... нарын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн дэслэгч .. рапорт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ....т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч ....ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Сайханаатай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч ....ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч .... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч .... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт ........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6 000 /зургаа мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаа сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан 6 000 /зургаа мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6 000 000 /зургаа сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч .... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ