Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч С.М түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ийн Мад холбогдох эрүүгийн 2517000160039 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............ дүүргийн ......... дүгээр хороо, .............д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Х овогтой С-ийн М, регистрийн дугаар /....................../.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.М нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай хатуу хучилттай замд байгуулсан түр зам руу эргэх уулзварт 78-50 УБЯ улсын дугаартай Тоёота Спасио загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.8. Жолооч уулзвар, гарцаар нэтрэхдээ...тэмдэглэл байхгүй бол...а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар тус уулзварт зорчиж явсан 94-71 УНГ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг буюу хажуу талд сууж явсан зорчигч буюу хохирогч Т.Бгийн биед тархинд зүүн талын зулайн дэлбэнд, 2 талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа, зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2517000160039 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ХОхирогч Т.Б 7 500 000 төгрөг төлсөн. Шүүхээс тогтоосон хэмжээгээр эмчилгээний зардлыг төлнө гэв.

2. Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ амарч байсан юм. Тухайн өдөр манай 2 хүүхэд эмээгийнхээ гэр рүү явчихсан байсан бөгөөд би гэртээ ганцаараа байсан юм. Тухайн өдөр амарч байсан болохоор ганцаараа 2 хундага дарс уучихаад унтах гэж байтал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрладаг “Хос гарьд” ХХК-аас над руу яриад “Манай компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт орох гээд байна, ирээд гарын үсэг зураад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн компанийн гэрээт нягтлан бодогчоор ажилладаг юм. Тэгэхээр нь би өөрийнхөө хуурай дүү Э рүү утсаар залгаад “миний дүү завтай бол 25-р зөрлөг рүү машин бариад яваад өгөөч, эгч нь дарс уучихсан болохоор машин барьж болохгүй байна” гэж гуйсан чинь тэр зөвшөөрсөн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Э манай гэрт ирэхээр нь өөрийнхөө эзэмшлийн 94-71 УНГ улсын дугаартай, цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэр аймгаас хөдөлсөн юм. Тухайн үед Э машин жолоодож явсан. Харин би жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад явж байсан...жаахан толгой өвдөөд байхаар нь сандалныхаа түшлэгийг хойшлуулаад унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь шороон зам дээр явж байсан бөгөөд Э “Энэ том тэрэг шахаад байна” гэхээр нь би өндийгөөд харахад бидний хажуугаар том оврын ачааны машин зөрж байсан, тэр үед Э зам тавьж өгч байсан. Тэгэхээр нь би босоод сандалныхаа түшлэгийг босгоод өөрийнхөө сандалны урд тавьсан байсан шар айргаа авч уух гээд тонгойсон чинь хажуугаас машин мөргөчихсөн. Миний тухайд гомдолтой байна, би буруутай этгээдээс 11,243,150 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-н 38-41-р хуудас),

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний тухайд гомдолтой байна, машинаа засварлах мөнгийг хурдан гаргуулж авах хүсэлтэй байна, мөн осол болсоноос хойш хийлгэсэн эмчилгээний зардал, осол болох үед ажиллаж байсан Дорноговь аймгийн Байгаль орчны тусгай хамгаалалттай газрын захиргаанд байцаагчаар ажиллаж байгаад биеэ эмчлүүлж байгаад ажилдаа явж чадаагүй тул сахилгын арга хэмжээ авагдаж тухайн ажлаас халагдсан, тухайн үеэс одоог хүртэл хохирол зэргийг нийлүүлээд 1,500,000 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх байсан боловч энэ удаа нэхэмжлэхгүй байхаар шийдсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дугаар хуудас/

6. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон С.Мад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яараллтай тусламж авахад 35396 төгрөг, Д.У-т 141 480 төгрөг. Э.Эд 141 480 төгрөг, Т.Бд 141 480 төгрөг  Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд ороход 1 208 160 төгрөг нийт 1 667 996 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дугаар хуудас/,

7. Иргэний хариуцагч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 7580 УБЯ улсын дугаартай Тоуоtа Sрасio маркийн, хар өнгөтэи, суудлын тээврийн хэрэгспийг 2022 оны 11-12 дугаар сарын орчим худалдаж аваад өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж байгаад 2024 оны 10 дугаар сард, яг хэдний өдөр эсэхийг нь санахгүй байна тухайн тээврийн хэрэгслийг М гэдэг хүнд 1,500,000 төгрөгөөр зарсан юм, тус тээврийн хэрэгсэл нь албан ёсоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Тухайн үед миний машин дээр 300,000 орчим төгрөгийн торгуультай байсан болохоор би машинаа 2,000,000 төгрөгөөр зарах гэж байтал М би өөрөө торгуулийг нь төлчихье, зарах үнээсээ торгуулийн мөнгөө хасчих гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд түүнд машинаа 1,500,000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд машин зарснаас хойш 1 сар орчмын дараа Мтай утсаар холбогдоод машиныхаа нэрийг шилжүүлмээр байна гэтэл М “Би хөдөө ажилтай явж байна, хот орохоороо шилжүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг хүлээгээд дахин 1 сар орчим болоод дахин Мын гар утас руу залгахад түүний утсыг эхнэр нь гэх эмэгтэй авахаар би машиныхаа нэрийг шилжүүлмээр байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн эмэгтэй “Манай нөхөр одоогоор эзгүй байна, машиныг аав, ээж 2 Өвөрхангай аймгийн Хархорин суманд хэрэглэж байгаа, маргааш, нөгөөдөрөөс ирнэ, ирэхээр нь холбогдуулья” гэж хэлсэн. Түүнээс хойш Мыг ярихгүй болохоор нь дахин Мын гар утас руу нь холбогдоод машиныхаа нэрийг шилжүүлмээр байна, торгуулийн хууль өөрчлөгдөөд, торгууль нэмэгдээд сүйд болох юм биш үү?, гялс нэрээ шилжүүлмээр байна гэж хэлтэл М “Шинээр торгуулсан бол нэмэгдэж байгаа гэсэн хуучин торгууль зүгээр байх, би даруйхан нэрээ шилжүүлнээ” гэж хэлсэн. Түүнээс хойш би түүнтэй дахин холбогдоогүй байна. Миний тухайд тээврийн хэрэгсэлээ М гэх хүнд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, зөвхөн гэрчилгээ дээрх л нэр солигдоогүй байсан юм, одоо бидний дунд ямар нэгэн өр авлага байхгүй, тухайн үедээ мөнгөө бэлнээр өгч, авалцсан байсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар хуудас/,

8. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Тус дуудлага Сүмбэр сумын урд засмал зам дээр баригдаж байгаа гүүрний ертөнцийн зүгээр урд талын төгсгөл дээр цагаан өнгийн Приус-30 маркийн машин болон хар өнгийн нэрийг нь мэдэхгүй суудлын машин мөргөлдсөн басйан. Тус машинуудын цагаан өнгийн Приус-30 маркийн машины жолооны хүрдний ард эмэгтэй хүн сууж байсан, өөр машинд хүн байгаагүй, харин хар өнгийн машины жолооч талын баруун талын урд хаалга онгорхой байсан бөгөөд хар өнгийн куртиктэй залуу сууж байсан бөгөөд нүдээ аньчихсан сууж байхаар нь нэрээ хэлээрэй, бие нь гайгүй юу гэж асуухад гайгүй гэхээс өөр зүйл хэлээгүй бөгөөд түүнээс маш их архи үнэртэж байсан. Тэгээд жолоочийг машинаас буулгаж ирэхэд жолооч хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дугаар хуудас/,

9. Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 01-р сарын 14 ний өдөр Говьсүмбэр аймаг 4-р багын нутаг Билэг баялагт уурхайн ажлаасаа буугаад хот орох гээд байж байсан чинь манай ажил дээр ирж засвар хийдэг залуу М хот орно гэхээр нь хамт явъя гээд Тоуоtа Sраcio маркийн машинд суугаад Улаанбаатар хот руу М бид 2-уулаа явж байгаад 25-р зөрлөгийн хажууд байсан нэг дэлгүүрт аккумлятор зараад 0,5 литрийн хараа 1 шил, 0,75 литрийн хараа 1 нийт 2 шил архи аваад гарж ирсэн. Тухайн үед аккумлятор зарсан хүнтэй хамт М бид хоёр 1 шил 0,5 литрийн архийг нь хувааж уугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн би 0,75 литрийн архийг нь задлаад дээрээс нь 2 татаад унтаад өгсөн байсан. Тэгсэн нэг сэрсэн машин дотор цул шороо болцон машины аваарын дэр нь задарсан байдалтай шороон зам дээр зогсож байсан. Удалгүй түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 дугаар хуудас/,

11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэд:

- Э.Э биед зүүн ташаан толгой, баруун цавь орчимд цус хуралт, цээжинд өвчүүний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 89-90 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтэнд:

- Т.Бгийн биед тархинд зүүн талын зулайн дэлбэнд, 2 талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, эдийн няцрал, толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа, зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархинд зүүн талын зулайн дэлбэнд, 2 талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 98-99 дугаар хуудас/,

14. Ашид-Билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №272 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №283 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 123-125, 134-138 дүгээр хуудас/,

15. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 010/2025 дугаартай мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай хатуу хучилттай зам дээр баригдаж байгаа байгууламжаас түр зам орох уулзвар дээр гарсан зам тээврийн ослын хэрэгт зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон болон бусад цугларсан нотлох баримт зэргийг үндэслэж дараах магадлагааг гаргав. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг засмал замын төгсгөлд С.М нь согтуугаар 75-80 УБЯ улсын дугаартай Т.Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Э.Энх-Эрдэнийн жолоодож явсан 94-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх хэрэгт зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь:

  1. 75-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.М нь:

Замын хөдөлдгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

Замын хөдөлгөөний дүрмийн 10.8:

Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ:

а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ;

Замын хөдөлгөөний дүрмийн 11.3:

Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн,

  1. 94-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь: Замын хөдөлдгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн,

  1. 75-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 10.8-а, 11.3 дахь заалтад заасны зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

Харин 94-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон боловч тухайн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнх-Эрдэнэ гэжээ. /хх-ийн 142 дугаар хуудас/,

            16. Шүүгдэгч С.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр хуудас/

17. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 190-197, 200-201, 204-205, 208-227 дугаар хуудас/

 18. Хохирогч Т.Бгийн хохирол төлбөрт гаргаж өгсөн тооцоо /хх-ийн 229-223 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч С.Мад холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х овогтой С-ийн М 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн 101 дугаартай хатуу хучилттай замд байгуулсан түр зам руу эргэх уулзварт 78-50 УБЕ улсын дугаартай ‘’toyota spacio’’ загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 10.8 дахь заалтад жолооч уулзвар гарцаар нэвтрэхдээ тэмдэглэл байхгүй бол уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, 11.3 дахь заалтад эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зөрчсөнийх нь улмаас зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас хохирогч Б-ийн биед тархинд зүүн талын зулайн дэлбэнд хоёр талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, эдийн няцрал толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн мөн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухай шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Б нь эмчилгээний зардал 741,000 төгрөг баримттай, тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 7,593,000 төгрөг нэхэмжилсэн. Бусад зардал гэж 2,756,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч бусад зардлынхаа баримтыг хохирогчийн зүгээс гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилье гэж байгаа боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна. Гаргаж өгсөн баримт нь дансны хуулга байсан бөгөөд тэндээс энэ хохирлын улмаас гарсан зардал уу гэдэг нь тодорхой харагддаггүй учраас үүнийг шаардлага хангаагүй нотлох баримт гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хохиролдоо шүүгдэгчид хохирогч Б-д 7,570,000 төгрөг баримттай өгсөн байна. Өөрийн биеэр 750,000 төгрөг өгсөн гэж байгаа боловч баримтаа гаргаж өгөөгүй байна. Хэрэгт иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч нарт эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлэхэд 1,632,600 төгрөг гарсан боловч шүүгдэгч нь төлж барагдуулаагүй учраас бусдад төлөх төлбөртэй байна” гэх дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Мын хувьд 2024 оны 01 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ийм гэмт хэрэгт холбогдсон байгаа. Тухайн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. С.Мын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Нэгэнт гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй байгаа учраас тухайн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийн асуудлыг ярих нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр нь бодитой үнэн зөв байж хохирол төлбөрийн асуудлыг гаргах асуудал яригдана. Өнөөдрийн хувьд хохирогч Б-гийн хувьд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа. Үүнтэй холбогдуулаад зам тээврийн ослын улмаас хохирол учруулсан тээврийн хэрэгслийн зардалд С.Мын зүгээс нийт 7,570,000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн эмчилгээний зардалд баримтаар 741,061 төгрөг нэхэмжилж байгаа. Бусад зардлаар нэхэмжилж байгаа зардлын хувьд нотлох баримт нь нотлох баримтын хэмжээнд буюу өөрсдөө мэдүүлгээрээ мэдүүлж байгаа боловч холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй байна. Тийм учраас эмчилгээний зардал гаргаж байгаа 741,063 төгрөгийг цаашид С.Мын зүгээс төлж барагдуулна. Мөн Э хувьд шүүх эмнэлгийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Үүнтэй холбогдуулаад Э зүгээс нийт 1,564,067 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ маань өөрөө би түрүүн нотлох баримт шинжлэн судлахад судлуулсан байгаа. Энэ нотлох баримтаар нэхэмжилж байгаа нотлох баримт маань өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хэзээ хэрхэн яаж эмчилгээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Зөвхөн энэ дансны хуулгаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тийм учраас цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээгээд шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр ийм дүгнэлт гаргаж байна. Гэм буруу дээр бол маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч С.М нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай хатуу хучилттай замд байгуулсан түр зам руу эргэх уулзварт 78-50 УБЯ улсын дугаартай тоёота спасио загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.8. Жолооч уулзвар, гарцаар нэтрэхдээ...тэмдэглэл байхгүй бол...а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар тус уулзварт зорчиж явсан 94-71 УНГ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг буюу хажуу талд сууж явсан зорчигч буюу хохирогч Т.Бгийн биед тархинд зүүн талын зулайн дэлбэнд, 2 талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, эдийн няцрал, толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа, зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ 78-50 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.8, 11.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас 94-71 УНГ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг буюу хажуу талд сууж явсан зорчигч буюу хохирогч Т.Бгийн биед тархинд зүүн талын зулайн дэлбэнд, 2 талын духны дэлбэнд тархины эдийн цус хуралт, эдийн няцрал, толгойд зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зүүн талдаа, зүүн гарын тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч Т.Б, Э.Э, иргэний нэхэмжлэгч Г.Ц, гэрч Б.М нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, Ашид-Билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №272 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №283 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Хохирогч Т.Бд түүний эзэмшлийн 94-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7 593 000 төгрөг, баримтаар гаргаж өгсөн 741 060 төгрөг, бусад зардалд 2 765 000, нийт 11 090 060 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч С.Мын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд 7 593 000 /долоон сая таван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байх тул уг төлбөрийг хохирогч Т.Бд учирсан хохиролоос хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Маас 741 060 /долоон зуун дөчин нэгэн мянга жаран/ төгрөг гаргуулж хохирогч Т.Бд олгох нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Э 1,564,067 төгрөг эмчилгээний зардал, мөн хохирогч Б цаашид гарах эмчилгээний зардал болон 2 сар машины лизингийн төлбөр төлөөгүйг өгөх 1,856,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэм хэмжээнд үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар батлуулсан болон хуулбар үнэн дарагдаагүй гэрээг хавсаргасан байх тул эдгээрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч С.Мад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яараллтай тусламж авахад 35396 төгрөг, Д.У-т 141 480 төгрөг, Э.Эд 141 480 төгрөг, Т.Бд 141 480 төгрөг  Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд ороход 1 208 160 төгрөг нийт 1 667 996 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй гэж үзлээ.         

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.М үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Мад 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурдаж байна” гэх дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Батчимэг: Шүүхээс С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж байна. Тийм учраас шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг өмгөөлөх дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргая. Үүнтэй холбоотойгоор С.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөлүүдийн улмаас хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бас хөнгөрүүлж үзээч гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Мөн нөгөө талаас тухайн хэргийн нөхцөл байдалтай мөрдөн байцаалтын ажиллагааны явцаас эхлээд танилцаж байхад энэ тухайн гэмт хэрэг гарахад бас хохирогчийн буруутай үйлдэл бас харагдаж байгаа.  Хохирогч Э хувьд өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх бас нөхцөл байдал байсан гэдэг дүгнэлт өмгөөлөгчийн зүгээс өгч байна. Үүнийг эрхэм шүүгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бас харгалзах байх гэж хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа мөрдөн байцаалтын ажиллагааны явцаас буруугаа хүлээсэн байгаа. Шүүгдэгч С.Мын холбогдсон гэмт хэргийн хувьд хөнгөн болгоомжгүйгээр үйлдэгдчихсэн гэмт хэрэг байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн санал хүсэлтийг оруулж байна. Яагаад гэхээр тухайн гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгдчихсэн. Цаашид хохирогч нарын хохиролыг төлж барагдуулахын тулд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байна гэж өмгөөлөгчийн хувьд хараад байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гээд буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нөхцөлд тухайн хүний хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзаад тэнсэх боломжтой байдлаар хуулийн хэрэгжилт байгаа учраас энийг хэрэглэж өгөөч гэсэн санал дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргаж байна. С.Мын хувьд цаашдаа гэмт хэрэг зөрчилд холбогдох байх боломжтой байна гэж хувийн байдлын хувьд өмгөөлөгчийн зүгээс дүгнэж харж байгаагэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                 ТОГТООХ нь:                              

           1. Шүүгдэгч Х овогт Сийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5-т тус тус зааснаар шүүгдэгч С.Мыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9-р зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

       4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

            6. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Маас 741 060 /долоон зуун дөчин нэгэн мянга жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд,  олгож, иргэний нэхэмжлэгч Э.Э эмчилгээний зардал 1 654 067 /нэг сая зургаан зуун тавин дөрвөн мянга жаран долоо/ төгрөг, хохирогч Т.Бгийн цаашид гарах эмчилгээний зардал 900 000 /есөн зуун мянга/ төгрөг, зээлийн хүү 2 сарын төлбөр 1 856 000 /нэг сая найман зуун тавин зургаа мянган/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас 1 667 996 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгосугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.АРИУНЖАРГАЛ