| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/00275/И |
| Дугаар | 102/ШШ2022/00778 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/00778
| 2022 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/00778 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Э
Хариуцагч: Ом ХХК
..газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч Ом ХХК-ийн төлөөлөгч Х.Бэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Ом ХХК-нд холбогдуулан .. хаягт бүртгэлтэй 212 мкв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие .. тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг .. дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зохих этгээдийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, бүртгэлд үндэслэдэг тул эрхээ нотолсон баримтаар өмчлөгчөөр тооцдог. Би 2021 оны 09 дүгээр сард уг газрыг бусдаас худалдан авч 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэрчилгээг авахдаа газрын кадастраа баталгаажуулахад ямар нэгэн давхцал, зөрчил байхгүй байна гэж байсан. Гэвч уг газрын хууль ёсны өмчлөгч болсныхоо дараа өөрөө шалгаж үзээд манай газар дээр хариуцагч Ом ХХК-ийн мэдлийн байшин орсон байгааг мэдсэн дороо нөхцөл байдлыг дүүргийн газрын албанд мэдэгдэж, өөрийн газраа чөлөөлүүлэхээр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч шүүхэд ханд гэсэн хариу ирүүлсэн. Мөн тухайн газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барихаар төлөвлөж байгаа ба 75.000.000 төгрөгөөр Барилга угсралтын зураг төсөл хийлгэх гэрээ байгуулан төслөө хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн байшин саад болж байна. Хариуцагч Ом ХХК-ийн дэлгүүрийн байшингийн эзэд нь манай газраас байшингаа авахгүй гэж маргалдан, шаардлага биелүүлэхгүй чирэгдэл учруулж байгаа тул хуульд заасан журмын дагуу шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Мөн өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд ..газрыг хариуцагч Ом ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Ом ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Х.Бэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Х.Бэ миний амьдрал маш хүнд байсан учир Хотын захирагчийн ажлын алба, хотын газрын албаны хүмүүст хандаж Эх нялхас эрүүл мэндийн төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд жижиг хүнсний мухлаг барьж ажиллуулах байдлыг зөвшөөрсөн газрын гэрээтэй худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй. Бидний энэ байдлыг харж үзэн зөвшөөрөл өгөөд 2017 оноос хойш худалдаа үйлчилгээ хийж байгаа болон хөгшин тэтгэврийн зээл авч дэлгүүрээ нээсэн. Энэ орлогоороо хоол ундныхаа мөнгийг олж байдаг. Энэ газар нь хүүхдийн больницийн хашааны зүүн талд нийтийн эзэмшлийн талбайг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба мэдэж энэ жижигхэн талбайд үйлчилгээний том төв барих боломжгүй юм шүү. Энэ газар нь Эх нялхасын хашааны гаднах жижиг талбай юм. Хот тохижуулах газар эмнэлгийн хашаа тойрсон эрхэлсэн газрыг тохижилт хийсэн. Энэ дэлгүүрийн урд талаар шороон замтай юм шүү. Хотын захирагчийн алба болон хот төлөвлөлт хөгжлийн газар болон нийслэлийн газрын алба бид нийтийн эзэмших газрыг хувьчлалд орох боломжгүй гэсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй хуулийн байгууллагын та нар үзэж шалгаж болно. Хөндлөнгөөс худлаа үнэн зураг бичиг барьсан хүний үгээр болохгүй гэдгээ хэлж байна. Хотын захирагчийн ажлын албанаас Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын тухай хуулийн 29.1.6-д зааснаар шийдвэрлэсэн юм. Нийслэлийн газар зохион байгуулагч .. Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд байрлах дэлгүүрийн газар нь газар эзэмших эрх үүсээгүй бөгөөд авто замын нөлөөлөлд өртөөгүй хувьчлалд ороогүй гэсэн. Нийслэлийн Засаг даргын газраас өмчлөлд ороогүй нийтийн эзэмшлийн газар юм. Эх нялхасын эмнэлгийн хашааны залгаа дэргэд нь энэ хашааны дугаар байвал 12 дугаартай байж магадгүй. Эвлүүлж хийсэн. О.Э нь кадастрын зураг нь хуурамч байх магадлалтай гэдгийг Нийслэлийн өмч хувьчлалын хэлтэс бусад албаны хүмүүс шалган үзээд хувьчлалд шилжүүлэх боломжгүй гэсэн хариутай. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон газар ашиглалт зохион байгуулалтын алба газар ашиглалт бүртгэлийн хэлтэс өмчлөлд хамаарахгүй нийтийн эзэмших талбай газрын гэрээтэй ажиллах боломжтой. Газар зохион байгуулалтын алба шалгаж 11 дүгээр хороонд байрлах дэлгүүрийн газар нь өмчлөх эрх үүсээгүй бөгөөд авто замын нөлөөлөлд өртөөгүй байна гэж газар дээр нь шалгасан. Хөндлөнгөөс гудамж талбайн хаяг нь буруу эвлүүлэгчээр кадастр хийсэн шударга бус байгаа учир өндөр настан хоёр хөгшин охины хамтаар зөвшөөрөхгүй дур мэдэн хаяг адресс нь буруу иймэрхүү хууль бус үйлдэл явуулж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс .. дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Нийслэлийн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, хариуцагчаас компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар .. гэрчилгээгээр ..гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөх эрх баталгаажсан. Газар чөлөөлүүлэхээр Баянгол дүүргийн Газрын албанд хүсэлт гаргахад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд ханд гэсэн албан бичиг өгсөн,
хариуцагч нь нийтийн эзэмшлийн талбайд жижиг хүнсний мухлаг барьж ажиллуулахыг зөвшөөрсөн газрын гэрээтэй, худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас уг газар авто замын нөлөөлөлд өртөөгүй, өмчлөлд ороогүй нийтийн эзэмшлийн газар гэсэн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .. дугаарт бүртгэгдсэн .. тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Олхонууд овогт Ойдовийн Э болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар .. гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэгж талбарын .. дугаартай газрын кадастрын зургаар О.Эын өмчлөлийн 212 мкв хэмжээтэй газрын хэсэгт хариуцагч Ом ХХК-ийн хүнсний дэлгүүрийн чиглэлээр ажиллуудаг байшингийн хэсэг давхцалтай байна. /хх-6/
Хариуцагч нь худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй, газрын гэрээтэй гэсэн тайлбар ирүүлсэн боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн татгалзал, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч Ом ХХК нь маргаан бүхий газартай холбоотой Газрын алба, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-т тус тус хандаж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба-Газар чөлөөлөх хэлтэс-дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.А өргөдөл гомдлыг шийдвэрлэж Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тус дэлгүүрийн газар нь газар эзэмших эрх үүсээгүй бөгөөд авто замын нөлөөлөлд өртөөгүй, Ом ХХК-ийн захирал Х.Бий 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтэд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үгүй гэсэн цохолттой тус тус шийдвэрлэгдсэн болох нь Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчилсөн газарт үйл ажиллагаа явуулах, өмчлөх боломжгүй байгаа тухай хүсэлтийг газрын албанд гаргаж Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12/2873 албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дугаар заалтын дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил, өмчилсөн газарт бусад этгээд халдаж барилга барьсан асуудал нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандах шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн тул өмчлөгч О.Э нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Иймд .. дугаарт бүртгэгдсэн .. тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ом ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар .. дугаарт бүртгэгдсэн .. тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ом ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ом ХХК-наас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА