Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0341

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                            

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: Д.Агар

           шүүгдэгч: Б.Бямба-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баярсайханы Бямба-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725010070  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Бямба-Эрдэнэ, 1994 оны  4 дүгээр сарын 02-ны өдөр Архангай  аймгийн Цэцэрлэг  суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд   боловсролтой,  Монгол, англи хэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын  хамт Архангай  аймгийн Цэцэрлэг  сумын Хонгорж багт  оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:АН94040206,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Бямба-Эрдэнэ нь Баянзүрх дүүргйин 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн У.Насанжаргалаас Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж 880.000 төгрөг, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 дугаар хорооны нутагт Н.Пүрэвжавыг Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж 880.000 төгрөгийг хурч мэхлэн итгэл эвдэх  аргаар авч нийт 1.760.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Пүрэвжаргал, Насанжаргал нар нь миний их сургуулийн нэг ангийн найзууд юм. Надад тэр үед мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд би энэ хоёрыг Онцгой байдалд ажилд оруулж өгье гээд мөнгө авсан гэв. 

Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 1994 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд эцэг Баярсайханы отгон охин болон мэндэлсэн. Дээрээ нэг эгч нэг ахтай. Ах Банзрагч Архангай аймагт малчин, эгч Наранцэцэг Дорноговь аймагт амьдардаг, аав Баярсайхан, ээж Алтангэрэл нар Архангай аймагт малчин хийдэг. Би сумынхаа 10 жилийн сургуулийг төгсөөд Эрдэнэт хотод МУИС-ийн салбар сургуулийг 2015 онд төгссөн. Төгсөөд Архангайд аав, ээж дээрээ байж байгаад өнгөрсөн жил Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн. 2015 онд Баянхонгорт мал малладаг Дашзэвэг гэдэг залуутай үерхэж байгаад  өнгөрсөн жил салсан. Энэ хугацаанд би жирэмсэн болж 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эх нялхсын төвд төрж хүүтэй болсон. Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэст хаягийг нь мэдэхгүй байна нэг танил эгч болох Гэрэлт-Одын гэрт амьдарч байгаа. Би 7 хоногийн өмнө Гэрэлт-Од эгчийн танил Оюунбат гэдэг хүнд хүүхдээ өргүүлсэн. Би Н.Пүрэвжав, У.Насанжаргал нараас ажилд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан нь үнэн гэжээ. /хх-ийн 47/

  Хохирогч Н.Пүрэвжав мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би Бямба-Эрдэнийг 2011 оноос хойш мэднэ. Орхон аймагт МУИС-ийн салбар сургуульд нэг ангид хамт суралцаж 2015 онд төгссөн. Сургууль төгссөнөөс хойш утсаар холбоотой байсан ба хааяа уулзалддаг дотно нөхөрлөдөг байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Б.Бямба-Эрдэнэ фейсбүүкээр юм бичээд найз нь онцгой байдалд ажиллаж байгаа гэхээр нь би өө тийм үү гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь над руу утсаар яриад чи онцгой байдалд ажилд орох уу би дарга хүний нөөцтөйгээ яриад зохицуулаад өгье чи баталгаатай орох уу мөнгөө бэлдээд байж бай 7 хоногийн дараа тушаалыг нь гаргаж өгье гээд байн байн утсаар яриад шаналгаад байхаар нь би тэр хүнтэй чинь ярья гэхэд мөнгө төгрөг өгч байгаа болохоор нууцлалтай болохгүй гэж хэлсэн. Н.Бямба-Эрдэнэ надад хэлэхдээ 800.000 төгрөг байхад болно гэсэн. Би 800.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын ХААН банкны экспресс банкнаас Н.Бямба-Эрдэнийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Энэ явдлаас хойш 21 хоногийн дараа үнэмлэх хувцасны мөнгө гэж 80.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь мөн л дансаар нь шилжүүлсэн. Гэтэл манай ангийн найз У.Насанжаргалаас бас онцгой байдалд ажилд оруулна гээд надаас өмнө 880.000 төгрөг авсан байсан. Сүүлдээ ажил төрөл юу болж байна гэхэд удахгүй ээ санаа зоволтгүй гээд байсан. Насанжаргал бид хоёр аргаа бараад хороололд хөлсөлж байсан байран дээр нь очиж уулзаад зуучилж өгч байгаа хүнтэйгээ яриул гэхэд ярихгүй маргааш би өөрөө ажил дээрээ очихдоо уулзана гэж хэлсэн. Маргааш нь надад нөгөө хүнтэйгээ уулзсан долоо хоногийн дараа ажилдаа ор гэж байна гэж хэлсэн. Сүүлдээ залилуулсан юм шиг санагдаад байхаар нь хөлсөлж байсан байран дээр нь очоод гэрт нь ороод чи иргэний үнэмлэх бичиг баримтаа авчих цагдаа дээр очъё гэхэд бичиг баримт байхгүй гээд хөдлөхгүй байхаар нь би чемоданыг нь нээж үзтэл Насанжаргал бид хоёрын бүрдүүлж өгсөн материал байсан гэжээ. /хх-ийн 35-37/

   Хохирогч У.Насанжаргал мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 20-ны үед манай их сургуулийн ангийн хүүхэд болох Н.Бямба-Эрдэнэ над руу фэйсбүүк хаягаар орж ирээд сайн уу найз нь Онцгой байдлын албанд ажиллаж байгаа, чи ажил төрөлд ороогүй бол би чамайг оруулаад өгөх үү гэхээр нь би үнэн эсэхийг нь лавлаж байгаад зөвшөөрсөн. Тухайн үед Н.Бямба-Эрдэнэ нь манай хамаатны хүн Онцгойгийн хүний нөөцөд ажилладаг, би чамаас гадна хэдэн хүн оруулах гэж байгаа 800.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бөмбөгөр захын ард байрлах ХААН банкинд Б.Бямба-Эрдэнэтэй уулзаж түүний 5150071529 дугаарын данс руу нь 800.000 төгрөгийг ХААН банкнаас шилжүүлсэн. Тухайн үед Н.Бямба-Эрдэнэ нь 21 хоногийн дараа тушаал чинь гарна гэсэн ба би 21 хоног хүлээсэн. 21 хоногийн дараа Б.Бямба-Эрдэнэтэй холбогдоход тушаал чинь гараагүй байна удахгүй гарна гэж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр над руу яриад ажил чинь бүтчихлээ үнэмлэх хувцасны 80.000 төгрөг нэхэгдэж байна гэхээр нь би дахиад 80.000 төгрөгийг данс руу нь мобайл банкаар шилжүүлсэн. Тэр асуудлаас хойш Б.Бямба-Эрдэнэ нь огт холбоогүй, сураггүй болсон ба давхар манай ангийн Н.Пүрэвжавыг мөн ийм аргаар залилсан байсныг мэдсэн. Одоо би түүнээс хохирол болох 880.000 төгрөгийг гаргуулан авмаар байна гэжээ. /хх-ийн 11/ /хх-н 38-40/

         Н.Пүрэвжав,Б.Бямба-Эрдэнэ,У.Насанжаргал  нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-11/

          Н.Пүрэвжав, У.Насанжаргал  нарын ажилд орохоор Б.Бямба-Эрдэнэд бүрдүүлж өгсөн баримтууд /хх-н 16-34/

       Б.Бямба-Эрдэнэд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэригйилэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 41-42/        

         Б.Бямба-Эрдэнийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 43-48/,

         Б.Бямба-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/  зэрэг болно.

         Б.Бямба-Эрдэнэ нь Баянзүрх дүүргйин 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн У.Насанжаргалаас Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж 880.000 төгрөг, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 дугаар хорооны нутагт Н.Пүрэвжавыг Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж 880.000 төгрөгийг хурч мэхлэн итгэл эвдэх  аргаар авч нийт 1.760.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баимтуудаар хангалттай тогтоогдож байна Үүнд:

          Хохирогч Н.Пүрэвжавын  мөрдөн байцаалтад өгсөн …  над руу утсаар яриад чи онцгой байдалд ажилд орох уу би дарга хүний нөөцтөйгээ яриад зохицуулаад өгье чи баталгаатай орох уу мөнгөө бэлдээд байж бай 7 хоногийн дараа тушаалыг нь гаргаж өгье гээд байн байн утсаар яриад шаналгаад байхаар нь би тэр хүнтэй чинь ярья гэхэд мөнгө төгрөг өгч байгаа болохоор нууцлалтай болохгүй гэж хэлсэн. Б.Бямба-Эрдэнэ надад хэлэхдээ 800.000 төгрөг байхад болно гэсэн. Би 800.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын ХААН банкны экспресс банкнаас Н.Бямба-Эрдэнийн ХААН банкны данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 38/

   Хохирогч У.Насанжаргалын  мөрдөн байцаалтад өгсөн …. найз нь Онцгой байдлын албанд ажиллаж байгаа, чи ажил төрөлд ороогүй бол би чамайг оруулаад өгөх үү гэхээр нь би үнэн эсэхийг нь лавлаж байгаад зөвшөөрсөн. Тухайн үед Н.Бямба-Эрдэнэ нь манай хамаатны хүн Онцгойгийн хүний нөөцөд ажилладаг, би чамаас гадна хэдэн хүн оруулах гэж байгаа 800.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бөмбөгөр захын ард байрлах ХААН банкинд Н.Бямба-Эрдэнэтэй уулзаж түүний 5150071529 дугаарын данс руу нь 800.000 төгрөгийг ХААН банкнаас шилжүүлсэн. Б.Бямба-Эрдэнэ нь 21 хоногийн дараа тушаал чинь гарна гэсэн ба би 21 хоног хүлээсэн. 21 хоногийн дараа Н.Бямба-Эрдэнэтэй холбогдоход тушаал чинь гараагүй байна удахгүй гарна гэж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр над руу яриад ажил чинь бүтчихлээ үнэмлэх хувцасны 80.000 төгрөг нэхэгдэж байна гэхээр нь би дахиад 80.000 төгрөгийг данс руу нь мобайл банкаар шилжүүлсэн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11/       

         Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  Н.Пүрэвжав, У.Насанжаргал нар нь миний их сургуулийн нэг ангийн найзууд юм. Надад тэр үед мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд би энэ хоёрыг Онцгой байдалд ажилд оруулж өгье гээд мөнгө авсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Б.Бямба-Эрдэнэ өөрт нь мөнгөний хэрэгцээ гарсан үед өөрийн хамт сурч байсан найзуудыг хуурч итгэл эвдэх аргаар мөнгийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Насанжаргал, Н.Пүрэвжав нарт учруулсан хохирлоо бүрэн төлж баргадуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төрийн албан хаагчийн хоёр ширхэг анкетыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болно.

Б.Бямба-Эрдэнэ энэ хэргийн улмаас 25 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавих үүргийг оршин суугаа газрын цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.

 Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баярсайханы Бямба-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямба-Эрдэнээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Бямба-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямба-Эрдэнийн цагдан хоригдсон 25 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 881.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төрийн албан хаагчийн хоёр ширхэг анкетыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Бямба-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй  болохыг   дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заснаар Б.Бямба-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Бямба-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН