Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжарал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Очирсүрэн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Ат холбогдох эрүүгийн 2317000730126 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.                                        

                                                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Төмөр замын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ............... сумын ........... дугаар зөрлөг, Төмөр замын ажилчдын байрны  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогтой Дийн А, регистрийн дугаар (РД:...................).

                                                              Холбогдсон хэргийн талаар:

                                                          /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.А нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 486/73 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг руу зорчихоор “01-97 ГСО” улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэл замын хажуу руу гарч онхолдон улмаар З.Оын амь насыг хохироож, хохирогч Х.Агийн биед сээрний 4,5,8,9-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, толгойд шарх, нүүрэнд тархмал цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч А.Хийн биед өрцний зүүн талын урагдал, задрал, зүүн цээжний хөндий дэх хий хуралдалт, баруун дунд чөмөгний далд хугарал, нуруунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 06 сарын 01-ний өдөр би өөрийн хүү болох Хийг Налайхад хүүхдийн баяраар тоглуулж баярлуулж байгаад буцаад гэр лүүгээ буюу Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөг рүү 19 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 01-97 ГСО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр эхнэр А, хадам аав Х, хадам ээж О, хүү Х нарын хамт гарсан. Тухайн үед би машин жолоодоод, миний хажуугийн суудалд манай ээж О суусан, харин жолоочийн харалдаа арын суудалд аав суусан, аавын хажууд манай эхнэр А хүү Хийг өвөр дээрээ суулгаад явж байсан. Тэгээд Найлахаас гараад 4 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байхад надаас бусад машинд явж байсан хүмүүс унтаад өгсөн. Тэгээд 16 дугаар зөрлөгийн хойд талд бараг 800 метр хүрэхгүй газар явж байтал гэнэт эсрэг урсалд явж байсан машин яг манай машиныг чиглээд урсгал сөрөөд миний зорчиж байсан эгнээ рүү ороод ирсэн тэгэхээр нь би чангаар орилоод тэр машиныг мөргөхгүйн тулд тормос гишгээд, замын баруун талын хөвөөн дээр гарч нөгөө машиныг тойрч гараад хариулаад зүүн тал руугаа дартал машины бөгс шидэгдээд замын зүүн тал руу гарч онхолдсон. Тухайн урсгал сөрсөн машиныг яг зөрөх үедээ харахад тухайн машин цагаан өнгийн гупертэй, цэнхэр өнгийн ачааны машин байсан. Тэр машиныг би Маяти юм уу Портер шиг л машин байна гэж харсан. Машин онхолдоод ертөнцийн зүгээр зүүн хойш харж зогссон байсан. Би машинаас гарах гэтэл машины хаалга гажаад нээгдэхгүй байхаар нь би цонхоороо машинаас гарсан. Тухайн үед би шоконд яг юу болсныг одоо сайн санахгүй байна, ямар ч байсан хүүг аав тээвэрчихсэн зогсож байсан шиг санаж байна гэх мэдүүлэг. /1-р х.х-ийн 37-38 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-ийн 7-17 хуудас/

  3. Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Хэрэг болдог 2023 оны 06 сарын 01-ний өдөр би өөрийн хүү болох Хийг Налайхад хүүхдийн баяраар тоглуулж баярлуулж байгаад буцаад гэр лүүгээ буюу Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөг рүү 19 цаг өнгөрч байхад 01-97 ГСО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр нөхөр А, аав Х, ээж О, хүү Х нарын хамт гарсан. Тухайн үед машин А жолоодоод, жолоочийн хажуу талын суудал манай ээж О суусан, харин жолоочийн харалдаа арын суудалд аав суусан, би аавын хажууд Хийг өвөр дээрээ суугаад явж байсан юм. Тэгээд Найлахаас гараад 4 дүгээр зөрлөг өнгөрөөд аав, хүү бид 3 унтаад өгсөн, ээж бас унтаад өгсөн байх. Нэг сэрээд нөхрөөсөө хаана явааг асуухад Багахангай дээр явж байна гэж хэлж байсан. Мөн дахин нэг сэрээд хаана явж байна гэж Ааас асуухад одоо эргээд 16 дугаар зөрлөг рүү орлоо гэж хэлж байсан. Тэгээд унтаж байгаад Аын чанга орилох, хараах чимээгээр сэртэл, машин доторх хамаг зүйл савлаад, машин замаас гараад онхолдох шиг болсон. Тэгээд сэртэл би гадаа хэвтэж байсан бөгөөд миний зорчиж байсан 01-97 ГСО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замаас ертөнцийн зүгээр зүүн тал руу гарч, зүүн хойд зүг рүү буюу бид нарын явж байсан зүгийн эсрэг хараад зогсчихсон байсан. Тухайн үед би машины ертөнцийн зүгээр зүүн талд газар хэвтэж байсан ба Хийг хайгаад машин руу очиход манай хүү машинд байгаагүй. А жолоочийн суудал дээр сууж байсан бөгөөд жолоочийн талын хаалга гажаад нээгдэх боломжгүй байсан тул хаалганы цонхоор А гадагш гарсан, харин ээж урд суудалд ухаангүй байсан, тэгэхээр би ээжийн мөр дээр аяархан цохиод ээж гээд дуудтал ухаан ороод сэрсэн, мөн ээжийн толгойн хагарсан бололтой толгойноос нь цус гарч байсан. Тэгээд машинаас харалдаа хойно манай хүү аав 2 газар хэвтэж байхаар нь хүүгээ очиж аваад тэвэртэл хүүгийн нуруу зулгарсан, цус гарсан байсан, харин аав би зүгээрээ гэж хэлж байсан. Тэгээд би ээж дээр нэг очоод А дээр очоод байж байтал удалгүй манай зөрлөгийн цуг ажилдаг хүмүүс ирээд эмнэлэг дуудсан. Миний хүү Х нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийлээд 3 удаагийн мэс ажилбарт орсон. Одоогоор баруун хөлийн дунд чөмөг бүрэн бороолоогүй байгаа. Миний хувьд хамрын хагалгаанд яаралтай орох заалттай. Тухайн осол болсноос хойш эмнэлгийн байгууллагаар эмчлүүлэх болон хот явах бензин, буяны ажил зэрэг 19 сая орчим төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34-40 хуудас/

4. Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 05 сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү өөрийн охин А, түүний нөхөр А, зээ хүү Х, эхнэр О нарын 18 цагийн үед Аын эзэмшлийн 01-97 ГСО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээр явцгаасан. Тухайн үед машин А жолоодож явсан юм. Тэгээд тухайн өдрийн шөнөдөө Налайх дүүрэгт очоод Аын аав ээжийнд хоносон. Маргааш нь буюу 2023 оны 06 сарын 01-ний өдөр хүүхдийн баяр байсан болохоор зээ хүү Хийг парк болон тоглоомын газраар тоглуулж байгаад тус өдрийн 19-20 цагийн үед буцаад гэр лүү буюу Баянтал сумын 2 дугаар багийн 16 дугаар зөрлөг рүү хөдөлсөн. Тухайн үед мөн 01-97 ГСО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр явж байсан бөгөөд А машины жолоо бариад түүний хажуу талын урд суудал дээр манай эхнэр О, жолоочийн арын суудалд А, А-ийн өвөр дээр Х сууж явсан, би мөн арын суудалд суугаад явж байсан, Налайх дүүргээс гараад нээх удалгүй би унтаад өгсөн. Нэг мэдэхэд гэнэт пид хийх чимээгээр би сэрсэн бөгөөд сэрээд хартал би гадаа хэвтэж байсан. Өндийх гэтэл толгой эргээд байсан болохоор би босож чадаагүй, Тэгээд би дээшээ хараад юу болоод байгааг ойлгохгүй хэвтэж байтал манай 3 настай зээ хүү Х өвөө гээд намайг дуудах шиг болохоор нь би босоод эргэн тойрноо хартал миний зорчиж байсан 01-97 ГСО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын ертөнцийн зүгээр зүүн тал руу гарч, зүүн хойд зүг рүү буюу бид нарын явж байсан зүгийн эсрэг хараад зогчихсон байсан. Би машины баруун талд нь хэвтэж байсан. Тухайн үед л машин осолд орсныг би ойлгосон. Манай машин ер нь бүхэлдээ эвдэрч хэмхэрсэн байсан ба Х бас надтай ойрхон газар хэвтэж байхаар нь би гар дээрээ өргөөд байж байтал, манай охин А хаанаас гэдгийг нь мэдэхгүй над дээр хүрч ирээд ааваа “...ээжийг авраарай..” гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ Ад өгөөд машин дээр очтол манай эхнэр О жолоочийн эсрэг талын урд дээр суудал дээр ёолоод ухаангүй хэвтэж байсан. Аыг хаана байсныг би мэдээгүй. Тэгээд төд удалгүй эмнэлэг цагдаагийнхан хүрээд ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 хуудас/

5. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Х.Агийн эмчилгээний зардалд нийгмийн даатгалын сангаас 3 622 000 төгрөг, С.Хын эмчилгээнд 158 000 төгрөг, Д.Аын эмчилгээнд 1 133 200 төгрөг, А.Хийн эмчилгээнд 5 278 000 төгрөг нийт 10 390 000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох нийт 102 165 төгрөгийг Төрийн сангийн 100900020082 тоот дансанд ГСА /өөрийн овог нэр/ гэх утгатай төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 201 хуудас/

            6. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэнд:

            1. З.Оын цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн зулайн хуйханд урагдсан шарх, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, баруун талын эгэм ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз хэсэг, бага тархины баруун зүүн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, мэс заслын дараах байдал, баруун 1,2,3,4,5,6,8-р хавирганы хугарал, зүүн талын 1,2,3,4,5,6,7-р хавирганы нэг болон хоёрлосон хугарал, зүүн уушигны дээд, доод дэлбэнгийн урагдал, няцрал, цээжний баруун хөндийд 210 мл, зүүн хөндийд ЗО мл шингэн цус хуралдалт, 2 талын эгэм, хүзүү, хөхний дээд хэсгээрх арьсан доорх хий хуралдалт, өрцний цус хуралт, дух, баруун мөр, баруун зүүн хөх, цээжний баруун хажуу хэсэг, нуруу, аюулхайн доод хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн бугалга, баруун шууны доод дотор хэсгээс эрхий хурууны 1-р үе хүртэл, зүүн, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун гуя, баруун өвдөгний доод хэсгээс баруун шилбэний доод хэсэг хүртэл, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд, гэмтлийн шалтгаант уушигны судасны өөхөн бөглөөдөс, дотор эрхтний цус эргэлтийн хямрал, тархи, уушигны хаван, бөөрний сувганцрын тархмал үхжил, уушигны гялтангийн идээт өнгөрт үрэвсэл, элэгний хатуурал, өөхлөлт, архаг үрэвсэл эмгэгүүд тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр болон доргилтоос үүссэн ба нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Гэмтлүүд нь авто ослын улмаас нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тул гэмтлүүд тус бүрт гэмтлийн зэрэг тогтоохгүй.
  3. Хавсарсан олон гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай.
  4. З.О нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.
  5. З.О нь О /1 / бүлгийн харьяалалтай цустай байна.
  6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.
  7. Дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас уушигны судсууд өөхөн бөглөөдөсөөр хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ.

Хавсарсан олон гэмтлийн улмаас уушигны судсууд өөхөн бөглөөдөсөөр хүндэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 71-89 хуудас/

            7. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 179 дугаартай дүгнэлтэнд:

  1. Х.Агийн биед сээрний 4,5,8,9-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, толгойд шарх, нүүрэнд тархмал цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Сээрний 4,5,8,9-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-н 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Хамрын ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Толгойд шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        7.Нүүрний тархмал цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 93-94 хуудас/

            8. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтэнд:

  1. А.Хийн биед өрцний зүүн талын урагдал задрал, зүүн цээжний хөндий дэх хий хуралдалт, баруун дунд чөмөгний далд хугарал, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Өрцний зүүн талын урагдал, задрал, зүүн цээжний хөндий дэх хий хуралдалт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 3.1.12-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Нуруунд шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-н 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас шалтгаална. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 98-99 хуудас/

      9. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтэнд:

  1. Д.Аын биед зүүн уушигны дээд дэлбэнгийн няцрал, баруун талын дал ясны хоёрлосон хугарал, баруун талын 1,2,3,4-р хавирганы хугарал, зүүн талын 1,2,3,4,5-р хавирганы хугарал, баруун чихний сэтэрч урагдсан шарх, зүүн гарын алганы шарх, баруун бугалганы цус хуралт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Зүүн уушигны дээд дэлбэнгийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 3.1.12-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Баруун талын дал ясны хоёрлосон хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Баруун талын 1,2,3,4-р хавирганы хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Зүүн талын 1,2,3,4,5-р хавирганы хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  7. Баруун чихний сэтэрч урагдсан шарх гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  8. Зүүн гарын алганы шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  9. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

     10.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 102-103 хуудас/

10. Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8/2023 дугаартай дүгнэлтэнд:

“Тоуotа Приус-20” маркийн 01-97 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

  1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
  2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх зүйл заалтуудыг зөрчсөн байна.

Хюндай Маяти маркийн 06-45 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Уг зам тээврийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн зам тээврийн осолд холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /1-р хх-ийн 115 дугаар хуудас/

11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2884 дугаартай дүгнэлтэнд:

  1. 01-97 ГСО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоохоор шинжлэхэд шинжлэх ухааны арга хэрэгсэл байхгүй тул үндэслэлтэй дүгнэлт гарахгүй, эрх зүйн мэдлэггүй, автоинженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.4; 19.1.7; 19.1.8-д заасны дагуу хариулах боломжгүй байна.
  2. 06-45 УБВ улсын дугаартай Хюндай Маяти маркийн автомашины жолооч М.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоохоор шинжлэхэд шинжлэх ухааны арга хэрэгсэл байхгүй тул үндэслэлтэй дүгнэлт гарахгүй, эрх зүйн мэдлэгтүй, автоинженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.4; 19.1.7; 19.1.8-д заасны дагуу хариулах боломжгүй байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд Тоёота Приус-20 маркийн 01-97 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны гэх мөр тэмдэглэгдээгүй тул хурд тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна.
  4. Хэргийн материал дахь нотлох баримтаар Тоёота Приус-20 маркийн 01-97 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөндлөн шарвалт үүссэн тул зогсоох арга хэмжээ авах боломжгүй.
  5. Хэргийн материалд Тоёота Приус-20 маркийн 01-97 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөндлөн шарвалт үүсгэсэн шалтгаан нөхцөлийн баримт байхгүй байна.
  6. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэн, цагдаагийн ахлах дэслэгч С.Дарханбаатар гэжээ. /-р хх-ийн 126-132 дүгээр хуудас/

13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3201 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн, NHW20-0054319 арлын дугаартай, 01-97 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашинд үүссэн эвдрэл гэмтэл ослын үед шууд боон дамжиж үүссэн байх тул осолд нөлөөлөхгүй. Эд ангиудын жагсаалтыг шинжилгээний 3-р хэсгээс харна уу.
  2. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Зүүн урд дугуйн хээний элэгдэл ашиглалтын явцад үүссэн байна.
  3. Тоормос шингэн дамжуулгатай, АВЗ системээр тоноглогдсон. Урд хоёр дугуйн хавчигчууд ажиллана. Хойд хоёр дугуйн тоормосны тэлэгчийн ажиллагааг хөдөлгүүр асахгүй, зай хураагуур цэнэггүй тул шалгах боломжгүй.
  4. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл явахгүй тул мөр үүсгэж турших боломжгүй байв.
  5. Зүүн урд дугуйн хээний элэгдэл стандарт шаардлага хангахгүй, баруун хойд дугуйн зориулалт осол болох үеийн улиралд тохирохгүй байна.

Үзлэг, шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй. Дүгнэлт гаргсаан мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэн. /1-р хх-ийн 165-188 дугаар хуудас/

14. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 196-247, 2-р хх-ийн 2-55 дугаар хуудас/

15. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 6-24 хуудас/,

16. Ашид-Билгүүн ХХК-н автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан 415 /х.х-ийн 111-112 хуудас/,

17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р х.х-ийн 234хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнгэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Ат дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Аын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, хохирогч Х.А, С.Х нар нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдолгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Х.А, С.Х, насанд хүрээгүй хохирогч А.Х болон шүүгдэгчид өөрт нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 10 293 365 /арван сая хоёр зуун ерөн гурван мянга гурван зуун жаран тав/ төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Ааас гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Гэмт хэргийн улмаас З.Оын амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хохирогч Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Х болон эрүүл мэндэд хүнд хохирол бол тус тус учирсан. Хохирогч нар шүүгдэгчид ямар нэгэн байдлаар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгч буюу эрүүл мэндийн даатгалын санд учирсан 10 190 200 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлөхөөр илэрхийлсэн байна. Шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэмт хэргийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй болно Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан учраас прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх гэсэн улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж, эрүүл мэндийн даатгалын санд 10 190 200 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас энэ талаар шийтгэх тогтоолд дурдана уу гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Д.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Ат тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ааас 10 293 365 /арван сая хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын газарт олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.АРИУНЖАРГАЛ