Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.АриунЖ даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.ЭнхЖ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Мт холбогдох эрүүгийн 2517000000049 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, УБТЗамын 3-р ангид замчин ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум......... дугаар баг, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Жын М, регистрийн дугаар /.................../

                                                                Холбогдсон хэргийн талаар:

                                                           /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.М нь хамтран амьдрагч Д.Иг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зүүн гарын бугалга хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баруун талын хацар орчимд 1 удаа гараараа цохисон, мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тогооны шүүгээ 2 удаа мөргүүлж, үснээс нь зулгааж, газар унагааж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь:

1. Шүүгдэгч Ж.М үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 88-89 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/

         3. Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би хамтран амьдрагч Ж.М гэх хүнтэй хамт амьдрахаа болиод 5 сар болж байсан юм. Би Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангийн гадаа эгч Б-ийн машинтай байсан. Тэгсэн хамтран амьдрагч Ж.М нь хүрч ирээд бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаж түүнээс болоод Ж.М нь намайг машинаас татаж буулгаж, зүүн гарын бугалга орчимд гараараа нэг удаа цохисон, дараа нь миний А51 загварын гар утас газар унасан Ж.М миний унасан утсыг хөлөөрөө гишгэж эвдэлсэн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөрчлөөр шалгагдаж 2024 оны 12 дугаар сарын 09-нд шүүхээр орж 7 хоногийн баривчлах шийтгэл авч шийдвэрлэгдсэн.

Дараа нь 2025 оны 02-р сарын 01-ний өдөр 19:00 цагийн үед би Сүмбэр сум 3-р баг Баянбулагийн 9-909 тоот гэртээ 5 хүүхдийн хамт байсан. Тухайн өдөр Ж.М нь амралтын өдөр байсан болохоор Улаанбаатар хот руу такси барьж хүмүүс зөөх гээд өөрийнх нь утас байхгүй болохоор миний гар утсаар “Хот хооронд хүн авч явна” гэж зар тавиулан дараа нь миний гар утсыг авч явна гэж хэлсэн. Би Ж.Мт гар утсаа өгч явуулахгүй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж Ж.М миний баруун талын хацар орчимд 1 удаа гараараа цохисон би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй яагаад гэвэл өмнөх удаад 7 хоног баривчлах шийтгэл авсан болохоор өгөлгүй орхисон. Би дараа өдөр нь 02 дугаар сарын 02-нд байх Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж дусал хийлгэсэн.

Сүүлд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22:00 цагийн орчимд спорт зааланд тоглож дуусгаад Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулагийн 9-909 тоот гэртээ очиход гэрт Ж.М, болон манай 3 хүүхэд байсан. Ж.М нь гар утсаа авахгүй байсан гэх шалтгааны улмаас надтай хэрүүл хийж дараа нь үснээс зулгааж, тогооны шүүгээ 2 удаа мөргүүлсэн, мөн гэрээс гараад зугтах гэхэд араас хөөж ирээд үснээс зулгааж газар унагааж чирсэн. Би тухайн өдөр ээж Б-ийн гэрт очиж ээжид юу болсон талаар хэлж хоносон. Тэгээд ээж дараа өдөр нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан. Би цохиулсны дараа аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-д үзүүлж дусал хийлгүүлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжпэхгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/

            4. Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Д.И нь хамтран амьдрагч Ж.Мт зодуулж байсан талаар надад 2025 оны 02 дугаар сарын 02-нд хэлж байсан. Надад Д.И нь хэлэхдээ манай хамтран амьдрагч Ж.М нь гэр бүлийн таагүй харилцаа болон хүнтэй хардсаны улмаас намайг 1 удаа гараараа цохисон гэж хэлсэн. Би Д.И, Ж.М гэх хүмүүсийн гэр бүлийн асуудал болохоор юунаас болж цохисон, ямар шалтгаантай байсан талаар Д.Игоос нэмж асуусан зүйл байхгүй. Намайг харахад Д.Игийн хацар нь хавдчихсан, нүүрэнд нь ямар нэгэн ил шарх сорви байхгүй байсан. Надад Д.И хамтран амьдрагч Ж.Мтаа зодуулж хоорондоо маргалдсан талаар бараг хэлдэггүй, чимээгүй яваад байдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

5. Гэрч Ч.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Д.И нь хамтран амьдрагч Ж.Мт зодуулж байсан талаар надад 2025 оны 02 дугаар сарын эхээр хэлж байсан. И нь хэлэхдээ манай хамтран амьдрагч М нь гэртээ байх үедээ уурлаж хоорондоо хэрэлдсэнээс болж миний нүүр лүү цохисон, мөн гар хөл хэсэгт цохисон гэж хэлж байсан санагдаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай дүгнэлтэнд.

Д.Игийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жтогтох гэжээ. /х.х-ийн 23 хуудас/

7. Яаралтай тусламжийн хуудас, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын байдлын үнэлгээний маягт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/546 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 64-65, 71-75, 57-60 хуудас/

8. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн далаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /х.х-ийн 28, 30-31 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсонгэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ж.Мыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-тэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэдэг нь  эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Мөн шүүгдэгч Ж.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Д.Иг удаа дараа зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.  

Прокуророос шүүгдэгч Ж.Мын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ж.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Д.И нь хохирол нэхэмжлээгүй ба түүний хүсэлт зоригийг шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э илэрхийлсэн учир шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар: Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ж овогтой Мт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Ж.Мын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын шинжтэй үйлдсэн учраас энэ гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ийм үндэслэл болж байна. Шүүгдэгч Ж.Мын хувьд хамтран амьдрагч Итой 9 жил амьдарсан. Энэ хугацаандаа хүүхдүүдээс болж хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж түүнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зүүн гарын бугалга руу нь гараараа нэг удаа цохисон, 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдөр баруун талын хацар орчимд нэг удаа цохисон, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хоёр удаа тогооны шүүгээ мөргүүлж үснээс нь зулгааж газар унагаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан бие махбодын хүчирхийллийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэхүү гэмт хэргийн шинж болох байнга гэдэгт гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхыг ойлгодог бөгөөд Ж.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гурван удаагийн үйлдлээр цохисон байна. Иймд шүүгдэгч Ж.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас Ж.М бусдад учруулсан хохирол хор уршиг байхгүй, Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Ж.М нь хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э: Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас бусад төлөх төлбөлгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан учраас прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн байна. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Мын хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ж.М нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ оногдуулж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Мт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.          

5. Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ