Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2022/01662

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ш.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... ХНН-тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, .... дэх ...ний үйлдвэрийн даргын ажилд томилогдсон. Миний хөдөлмөрийн гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүйгээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл Замны даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаартай тушаалаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, ...ний үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөн хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсэн. Миний бие ... ХНН-т 28 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд дор дурдсан шалтгаануудыг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Замын даргын хаврын үзлэг шалгалтанд хангалтгүй бэлтгэсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Замын даргын 2021 оны хаврын үзлэг нь манай байгууллага дээр ирээгүй ба тодорхой үүрэг даалгавар өгөөгүй. Тус тушаалд заасан үйлдвэрийн үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь мөн үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 100-100,6 хувь давуулж биелүүлэн, үйлдвэр байгуулагдсан 23 жилийн түүхэнд хийгдээгүй өндөр бүтээмж гарган ажиллуулсан. ... ХНН-ийн Замын 1 дүгээр орлогч И.В....хын удирдсан үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй, тасалсан гэдэг шалтгаан нь үндэслэлгүй бөгөөд тус хуралд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10:00 цагт өөрийн ажлын өрөөнөөс, ажлын хэрэгцээний компьютер ашиглан оролцсон ба ирцийг холбоочдод бүртгүүлэн оролцсон. Хурлын явцад 12:40 минутанд Ковид-19 өвчний ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулан ариутгалын бодис цацаж байсан ажилчид интернэтийн холболтын төхөөрөмж рүү бодис цацсанаас үүдэн цахилгаан гэмтэл гарч, рүтер шатаж интернэт тасарсан. Улмаар 12:50 минутанд өөрийн гар утсаар хуралд эргэж холбогдон хариу өгч, нөхцөл байдлаа ойлгуулах гэсэн боловч тухайн үед асуудлыг хүлээж аваагүй. Би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2021 оны 9 дүгээр сарын Сахилгын арга хэмжээ авсан тушаалд хүндэтгэлтэй хандсан. Мөн нягтлантай холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандсан. Чинсүх гэдэг хүн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн дарга болсон ба 3 дугаар сард гомдол гаргаснаас биш үүнээс хойш гомдол гаргаж байгаагүй. Ш....тай холбоотой ажлаа сайжруулах талаар нэг ч албан бичиг ирж байгаагүй...гэв.

2.Хариуцагч ... ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, нэмэлт тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХНН-ийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/113 дугаар тушаалаар Ш.... нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хяналт тавиагүйн улмаас байгууллагад нь санхүүгийн зөрчил илэрсэн болох нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. ... ХНН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/2/147 дугаар тушаалаар Ш.... нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй белүүлсэн, Замын даргын намрын үзлэг, шалтгалтад хангалтгүй бэлтгэсэн, хаврын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй тасалсан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Түүнчлэн Ш....ы ёс зүй, зан харилцааны талаар 2021 оны 2 дугаар сараас хойш ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн захиргааны байгууллагаас удаа дараа гомдол бичгээр ирүүлж байсан байна. Эдгээр ажилтнууд болон ажилтнуудыг төлөөлөн тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан удаа дараагийн гомдол хүсэлттэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу ...-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Т-81/01/35 дугаартай төлөвлөгөөт шалгалтын удирдамж батлагдан, хяналт шалгалт явуулж, 8 дугаар сарын 13-ны өдрийн Т-61/04/28 дугаар шалгалтын тайлан гарсан байдаг. Шалгалтаар хаягдал төмрийн орлогыг бүрэн гүйцэт авдаггүй, борлуулсан хаягдал төмрийн орлогыг байгууллагын дансанд тушаахгүй, ажилтны хувийн дансанд хийдэг, материалыг өөрийн өртгөөс доогуур үнээр борлуулсан санхүүгийн зөрчил гаргасан, мөн тухайн байгууллагад ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад ажил гүйцэтгэсэн мэтээр нэр бүхий 19 хүний нийгмийн даатгалыг төлж, нийгмийн даатгалд тайлагнаж, байгууллагаас нийт 8,580,079.14 төгрөг төлсөн санхүүгийн зөрчлийг мэдсэн атлаа шуурхай арга хэмжээ аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй, хариуцлага тооцох хугацаа алдсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. Шалгалтын тайлангийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шуурхай хурал хийж, Ш....д хугацаатай үүрэг өгч, алдаа дутагдлаа засах боломж олгон, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч Д....гээс ...-ын даргад хандан, ажилтнуудыг төлөөлөн албан бичгээр хүсэлт ирүүлсэн ба энэ нь шалгалтыг хамрах хугацаанд хамаарахгүй тул албан бичгийн дагуу шалгалт хийгдээгүй, Дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тусгагдаагүй. Ш.... удаа дараа ноцтой зөрчил гаргасан боловч түүнд алдаа дутагдлаа залруулах боломж олгосон, хугацаатай үүрэг даалгавар өгсөн болох нь хяналт шалгалтын тайлан болон 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Замын даргын намрын үзлэгийн комисс ...ний үйлдвэрт очиж, ажилтай нь танилцах үед МТЗ-чдын ҮЭХолбооны дарга болон үйлдвэрийн ҮЭХорооны дарга, ажилтнуудын төлөөллөөс Ш....ы талаар өмнө шалгагдаж байгаагүй асуудлаар Замын нэгдүгээр орлогч дарга болон үзлэгийн комисст хандан, дахин гомдол гаргасан. Үүнд: үйлдвэрийн хашаанаас удаа дараа ажлын бус, шөнө оройн цагаар үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд зүйлийг хулгайгаар гаргасан, худалдан борлуулж байгаа талаар дурдаж, ачиж гаргасан эд зүйл, ачсан машины дугаар зэрэг баримттайгаар гомдол гаргасан.

Түүнчлэн тус үйлдвэрийн нэг цехийн байрыг үзэхэд л цэвэрлэгээ хийгээгүй, бохир байсан тул Замын даргын намрын үзлэгт бэлтгээгүй, маш хангалтгүй байсан төдийгүй Замын нэгдүгээр орлогч даргаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу хариуцсан удирдлагын хувьд ажилтнуудынхаа гомдол, саналыг ч шийдвэрлэж чадаагүй болох нь тогтоогдсон. Замын даргын намрын үзлэгийн дүнг хэлэлцэх цахим хурлын үед Замын нэгдүгээр орлогч дарга ...ний үйлдвэрийн дарга Ш....аас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, зөрчлөө арилгасан эсэхийг асуухаар нэр дурдсан боловч Ш.... тухайн үед байгаагүй, хуралд оролцоогүй байсан тул Замын удирдлагын зүгээс түүнийг зөрчлөө арилгаагүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул хуралд оролцохоос зайлсхийсэн, удаа дараа боломж олгосон байхад байгууллагаа удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй, байгууллагаас нь зөвшөөрөлгүй эд хөрөнгө гаргаж байгаад хяналт тавиагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон, өмнө сахилгын шийтгэл ногдуулснаас зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтнууд болон тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын удаа дараагийн гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар Ш.... нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагыг удирдлагаар хангаж ажиллаагүй болон Хөдөлмөрийн дотоод журам, Нийгэмлэгт мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож, сахилгын давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Намрын үзлэгээр хангалттай үнэлэгдсэнээр гэрчилгээ олгогдсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа. Гэвч гэрчилгээнд үнэлгээ тавигдаагүй байна. 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын үндэслэл хэсэгт шуурхай хурлын тэмдэглэл, Дотоод аудитын тайланг үндэслэл болгосон. Уг тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл зөвхөн нягтлан бодогчтой холбоотой гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Б.... нь интернэтийн шугам сүлжээг мэддэг хүн биш. Энэ асуудлыг хариуцдаг байгууллага нь тусдаа бий. Нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга нь ажлаас халах шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн. Түүнд 2020 онд эрх олгож, үүнээс хойш Замын дарга гадаад улсад яваад эргэж ирээгүй, нас барсан. Нийгэмлэгийн дүрмийн 24 дүгээр зүйлд зааснаар даргыг нэгдүгээр орлогч орлоно. Бүх үйл ажиллагааг эзгүйд нь хэрэгжүүлэх эрх олгогддог учир тушаал гаргасан нь үндэслэлтэй. 2007 оны Төмөр замын тээврийн тухай хуульд ажлаас халах тухай зохицуулалт орсон байгаа. Нийгэмлэгийн нийт 121 байгууллагаас намрын үзлэгээр 3 байгууллага үнэлгээ аваагүй. Үүний нэг нь ...ний үйлдвэр байсан. Интернэттэй холбоотой актын тухайд гуйж байгаад бичүүлсэн гэдэг. Фото зурагнууд нь цахим хурал болсны маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр байсан учир 11 сарын 09-нд очоогүй гэж үзнэ. 2021 оны 11 дүгээр сарын 04, 09-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдээр ажил олгогчийн гаргасан тушаалд заасан зөрчлүүдийг үйлдсэн нь тогтоогдож байна...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-5-7/, ... ХНН-ийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б-2-150 дугаар Ш....тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилд авах тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаар Ш....д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /1-р хх-13, 14-15/, ...ний үйлдвэрийн 2020-2021 онд хийсэн ажлын тайлан /1-р хх-61-125/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Акт /1-р хх-126/, эмч гэх иргэн Х....гийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, фото зургууд /1-р хх-127-128/, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ...ний үйлдвэрийн Замын даргын үзлэгийн илтгэх хуудас /1-р хх-129-155/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрчилгээний эх хувь /1-р хх-156/, 2020 оны Дотоод аудит, албаны байцаагч нарын хяналт шалгалтын зөвлөмжийн дагуу материал орлогод авах болон борлуулах үнийн жагсаалт бүхий хүснэгт /2-р хх-70/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа нотлохоор: 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-24-28/, ...ний үйлдвэрийн даргын Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-29-32/, ... ХНН-ийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/II/113 дугаар Ш....д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-33/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаар тушаал /1-р хх-34-35/, ... Хүний нөөцийн албаны Ш....д хариу хүргүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18/625 дугаар албан бичиг /1-р хх-36/, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-37/, ...-ын ...ний үйлдвэр Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар, 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар албан бичгүүд /1-р хх-38-39/, ...-ын Салхит зангилааны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот ТБДҮйлдвэрлэлийн ҮЭХорооны даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний 11 тоотын хариу албан бичиг /1-р хх-40-41/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/182 дугаар Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-42/, ...-ын Хүний нөөцийн албанаас Хууль зүйн албаны даргад хариу хүргүүлэх тухай 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 18/78 дугаар албан бичиг /1-р хх-234/, ...ний үйлдвэрийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар Хурлын тэмдэглэл /1-р хх-235-239/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаар Хурлын тэмдэглэл /1-р хх-240-250/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар Хурлын тэмдэглэл /2-р хх-1-7/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №Т-81/01/35 тоот ...ний үйлдвэрт хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж, 8 дугаар сарын 13-ны өдрийн №Т-61/04/28 дугаар Шалгалтын тайлан /2-р хх-35-52/, ...-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн актууд /2-р хх-53-59/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын тамгын газрын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгүүд /2-р хх-60-62/, ...-ын ТБДҮ, Үйлдвэрчний эвлэлийн хорооны Гомдол гаргах тухай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот албан бичиг /2-р хх-63-66/, мөн хорооны 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 27 тоот албан бичиг /2-р хх-67/, мөн хорооны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот албан бичиг /2-р хх-68-69/, иргэн Ч...., Ю...., Ч.... нарын тодорхойлолт /2-р хх-71-76/, Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /2-р хх-92/, ...-ын Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 15/109 дүгээр албан бичиг /2-р хх-98/, ...-ын ...ний үйлдвэрийн дарга С.....ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 85/52 тоот ... ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш....д хүргүүлсэн Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг /2-р хх-113-114/, Д....ын бичгээр гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлт, фото зургийн хамт /2-р хх-115-116/, ...-ын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 75/184 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Акт, Ш....ы цалингийн карт, дундаж цалин хөлсний тооцоолол /2-р хх-126-130/ зэрэг баримтуудыг гаргасан.

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамж, мөн өдрийн 102/....дугаар захирамжуудаар ... ХНН-ээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, ... ХНН-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А-261 дугаар Дүрэм батлах тухай тушаал, ...ний үйлдвэрийн дүрэм, Мод боловсруулах үйлдвэрийн дүрэм /1-р хх-167-171/, ... ХНН-ийн даргын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А-196 дугаар Дүрэм батлах тухай тушаал, ... ХНН-ийн дүрэм (Орос, Монгол хэлээр) /1-р хх-171-190/, ... ХНН-ийн даргын 2019 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А-404 дугаар Журам батлах тухай тушаал, ... ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-191-211/, ... ХНН-ийн даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/602 дугаар Үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний тухай тушаал /1-р хх-212-220/, Өмгөөлөгч Д....гийн ... ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В. ...хд хандсан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг /1-р хх-221-222/, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №42 дугаар Хуралдааны тэмдэглэл /1-р хх-225-233/, ... ХНН-ийн даргын 2020 оны 11 Ш....ы шагнал урамшууллууд /2-р хх-84-85, 107-112/, ... ХНН-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эрх олгох тухай А-850 дугаар тушаал /2-р хх-94/, цахим хуралд бэлтгэх агуулга бүхий Цахилгаан /2-р хх-95/, уг цахилгааны дагуу 4-р улирлын үзлэгийн хурлын ирц бүртгэл /2-р хх-96-97/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Цахим хуралдааны тэмдэглэл /2-р хх-99-106/ зэрэг баримтуудыг бүрдүүлж, мөн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2022/04340 дугаар захирамжаар Б....ыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /2-р хх-78/, гэрчийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр асууж тэмдэглэл үйлдсэн /2-р хх-124-125/ байна.

6.Хариуцагч талын гаргасан хүсэлтээр 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар захирамжаар Т....ыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, гэрчийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт асуув.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Ш....ы гаргасан нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,122,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, цалинтай тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн 2,585,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Тушаал гаргах эрхгүй этгээдийн шийдвэрээр ажлаас халагдсан, сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажил олгогч тушаал гаргахдаа мэдэгдээгүй бөгөөд тайлбар авалгүй шийдвэрлэсэн, цахим хуралд оролцож байхад техникийн саатлын улмаас холбоо тасарсныг хурал тасалсан гэсэн нь үндэслэлгүй учир ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,708,187 төгрөгийг нягтлангийн бодсон тооцооллоор шаардаж байна гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу ажлаас халсан, нэхэмжлэгч үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Замын даргын намрыг үзлэг шалгалтанд хангалтгүй бэлтгэсэн нь хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хуралд оролцоогүй тасалсан, энэ өдрөө техникийн саатал болсон талаар дуудлага өгөөгүй, харин дараа өдөр нь дуудлага өгсөн, үйл ажиллагааных нь талаар ажилчид болон Үйлдвэрчний эвлэлээс гомдол их ирдэг, 2021 оны 9 дүгээр сард сахилгын зөрчил гаргаснаар цалинг бууруулах арга хэмжээ авагдсан байх үедээ дахин сахилгын зөрчил гаргасан учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Ш.... нь ... ХНН-т Замын-Үүд өртөөний жижүүр, Хөдөлгөөний албаны Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан 6 дугаар хэсгийн байцаагч, Замын-Үүд нэгдсэн өртөөний Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, Дархан өртөөний дарга, тус өртөөний Шуурхай ажил хариуцсан орлогч дарга, ...-ын харъяа, .... дэх ...ний үйлдвэрийн даргаар тус тус ажиллаж, ажиллах хугацаандаа Тэргүүний төмөр замчин, Онц хөдөлгөөнчин, Монгол улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн медалиар тус тус шагнуулжээ.

4.2.Нэхэмжлэгчийг ...ний үйлдвэрийн даргаар ажиллах хугацаанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон зарим ажилчид, мөн МХХ-ны гишүүн өмгөөлөгчөөс тус тус ...-ын нэгдүгээр орлогч дарга И.В. ...х, ...-ын Ёс зүйн хороо, МТЗ-чдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Салхит зангилаан дарга нарт Ш....ы үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлт зэргийг гаргаж, тухай бүрт нь холбогдох хариуг авч байсан байна.

4.3.Замын нэгдүгээр орлогч дарга И.В. ...х удирдан явуулсан 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар ...ний үйлдвэрт хийсэн Дотоод аудитын төлөвлөгөөт бус шалгалтын тайланг авч хэлэлцэн, уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу ... ХНН-ийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/II/113 дугаар тушаалаар Ш....ы үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.4.Дээрх шийдвэрээс хойш нэхэмжлэгч Ш.... намрын үзлэгт зориулан үйлдвэрийн үйл ажиллагааны тайланг гаргаж, үзлэгийн хуралд илтгэсэн гэж тайлбарлан, холбогдох тайланг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна. Мөн нэхэмжлэгч нь үйлдвэрийн даргын хувиар 2021 оны 10, 11 дүгээр саруудад байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал хэлэлцэхээр хурлуудыг удирдан явуулж байсан нь хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

4.5.Нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаар Замын даргын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалын үндэслэлийг Ш.... сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Замын даргын намрын үзлэг шалгалтад хангалтгүй бэлтгэсэн, Замын даргын хаврын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ...-ын Нэгдүгээр орлогч даргын удирдсан үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй, тасалсан, Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Сахилгын давтан зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

4.6.Ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч хүлээж аваад, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

5.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар болон мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаардах эрхтэй эсэх, хариуцагчийн гаргасан тушаал хуульд нийцсэн эсэх, тушаал гаргасан албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэх эрхтэй эсэх, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон цахим хуралд Ш.... оролцсон эсэх, техникийн саатал гарсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.

Харин Ш.... нь ... ХНН-т ажиллах хугацаандаа 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулснаас өөр шийтгэл хүлээж байсан эсэх, мөн 2021 онд ...ний үйлдвэрт Хаврын үзлэг хийгдээгүй зэрэг үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй.

6.Маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаар тушаалыг ... ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В. ...х гаргасан бөгөөд түүнд ... ХНН-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-850 дугаар тушаалаар ...-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а заалтыг үндэслэн И.В....хыг өөрийн ээлжийн амралттай байх хугацаанд ...-ын өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Замын дарга Д.Жигжиднямаа даалгаж, улмаар нас барсан болох нь нийтэд илэрхий үйл баримт учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлохгүй тул Ш....ыг ажлаас халах тушаалыг ... ХНН-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй этгээд гаргасан гэж үзнэ.

7.Дээрх тушаалаар Ш....ыг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Замын даргын намрын үзлэг, шалгалтанд хангалтгүй бэлтгэсэн, Замын даргын хаврын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ... ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В. ...хын удирдсан үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй тасалсан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын давтан зөрчил гаргасан гэж дүгнэн,

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцлийн 7.1.4 дэх заалт, ... ХНН-ийн дүрмийн 22 а, и, ... ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.5, 14.1.1, Замын нэгдүгээр орлогч даргын удирдсан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн удирдлагын зөвлөгөөн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Замын даргын үзлэгийн дүнгийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус үндэслэн Ш....ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалжээ.

8.Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах бөгөөд тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаагүй бол тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бол, тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

9.Нэхэмжлэгч Ш....д 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахад гаргасан зөрчил нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн бөгөөд энэ талаар Замын нэгдүгээр орлогч даргын удирдан явуулсан хуралдаанаар хэлэлцсэний дагуу үндсэн цалинг 3 сарын хуагцаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

10.Харин нэхэмжлэгчийг ажлаас халж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалд заасан Ш....ы гаргасан гэх зөрчлүүд тодорхой бус, ямар зөрчлийг, хэзээ, яаж гаргасан нь тодорхойгүй, дээрх 9 дүгээр сарын 15-ны өдрийн ажил олгогчийн шийдвэрээс хойш хугацаанд нэхэмжлэгч үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн, Замын даргын намрын үзлэг шалгалтанд хэрхэн хангалтгүй бэлтгэсэн болох нь ойлгомжгүй, мөн Замын даргын хаврын үзлэг хийгдээгүй байхад хийгдээгүй үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй талаар тушаалд тодорхой заагаагүй байна.

11.Түүнчлэн, Замын нэгдүгээр орлогч даргын удирдан явуулсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хуралдаанд Ш....ыг оролцоогүй тасалсан гэх үйлдэл түүнийг ажлаас халах тушаалын нэг үндэслэл болсон бөгөөд хариуцагч энэ үйл баримтыг нотлохоор ...-ын дохиолол холбооны нэгдүгээр ангийн албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн акт зэргийг нотлох баримтаар гаргасан бол, тухайн хурал болсон өдөр ...ний үйлдвэрт гарсан техникийн саатлын улмаас цахим хурлаас салгагдсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал нотлохоор гэрч Б....ыг асуулгасан ба тухайн хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан.

12.Хариуцагч талын гаргасан актад .... ...ний үйлдвэрийн интернэт ажиллахгүй байна гэх дуудлагыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгснөөр очиж шалгахад дарга, санхүү, эдийн засагч, бичээч, хүний нөөцийн интернэт зүгээр ажиллаж байсан, инженерүүдийн интернэт ажиллахгүй, интернэт орохгүй байна гэснийг шалгаж үзэхэд интернэтийн төхөөрөмж руугаа ариутгалын бодис цацсан байсан... гэж бичигдсэн байна.

13.Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Б.... ...шуурхай хурал болох үед интернэтийн гэмтэл гарсан тэр талаар ярихаар ирсэн. Тухайн үед интернэтийн сүлжээ тасалдаж, гэмтэл гарсан. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор өдөрт 2 цаг тутамд эмч ариутгал хийдэг. Тэр үед рүүтэрт ариутгалын бодит орж интернэт тасарсан. Үүний дагуу би Салхитад байх салбар луу утсаар холбогдож дуудлага өгсөн. Түүний дагуу төхөөрөмж засахаар хүмүүс ирж тэдэнтэй би цуг байлцаж гэмтлийг илрүүлсэн. Ариутгалын бодис рүүтэрт орж масслуулсан байсан. Дуудлагын дагуу ирсэн хүмүүс акт үйлдэж, рүүтэрийг шинээр сольсон. Ийм учир сүлжээ тасарсан... гэж мэдүүлжээ.

14.Гэрч Б....ын мэдүүлгээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хурлын үеэр саатал гарч интернэт салсан бөгөөд дуудлага өгч засварлуулсан гэх нөхцөл байдал, хэрэгт нотлох баримтаар авагдсан актад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан дуудлагын дагуу үйлдвэрт очиж, инженерүүдийн интернэтийг засварласан гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдох ба уг актаар ...-ын Дохиолол холбооны нэгдүгээр ангид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуудлага хийгдээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хуралд нэхэмжлэгч Ш.... ...Дарга аа би байна гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч тушаалын үндэслэл болсон уг цахим хурлыг таслаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. /2-р хх-105/

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Ш....ы ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

15.Шүүх Ш....ыг ...-ын ...ний үйлдвэрийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

16.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 11,708,187 төгрөг гаргуулахаар шаардсан. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу тооцвол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 1,662,163 төгрөг /2021 оны 8-10 дугаар сарын цалингийн дундаж/, нэг өдрийн дундаж цалин 77,310 төгрөг /1,662,163:21,5=77,310 төгрөг/ болж байх тул 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 118 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговрыг нийт 9,122,580 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн илүү шаардсан 2,585,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Ш....ы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг ... ХНН-т даалгаж шийдвэрлэлээ.

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 160,911 төгрөгийг хариуцагч ... ХНН-ээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ш....ыг ... ХНН-ийн .... дэх ...ний үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ... ХНН-ээс 9,122,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш....д олгож, цалинтай тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн 2,585,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ш....ы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ... ХНН-т даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 160,911 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА