| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/01503/И |
| Дугаар | 102/ШШ2022/01745 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/01745
| 2022 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2022/01745 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух, Х овогт А-гийн У /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Б овогт О-ын М /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.У,
Хариуцагч О.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Уийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би эмч мэргэжилтэй, А.Мд эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилладаг. Манай эмнэлэгт 2021 оны 06 дугаар сарын 14-өөс 2021 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд С.Б гэдэг хүн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед тэрээр надад нэмэлт орлоготой болох боломжтой, 3 сар явдаг, сар болгон 200 ам.доллар буцаагаад олдог хөрөнгө оруулалтын бизнес байгаа, түүнд орох уу гэдэг санал тавьж, өөрийнхөө сар болгон авдаг дансаа харуулж байсан. Тэгээд тухайн үед орох мөнгө надад байгаагүй. С.Б ах эмнэлгээс гарсныхаа дараа удаа дараа утсаар яриад байхаар нь үнэн юм болов уу гэдэг бодол төрөөд хэлсэн зүйлийнх нь талаар асуусан чинь О.М гэдэг хүнтэй яриад тэр хүнээс мэдээлэл ав гэхээр нь тэр хүнтэй нь ярихад тэрээр ... 3,000,000 төгрөгөөр ордог, сар болгон 200 ам.доллар авдаг гэж С.Б ахын хэлсэнтэй адилхан зүйл хэлсэн болохоор нь би итгэсэн. Давхар орлоготой болох юм байна гэж бодоод 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 3,000,000 төгрөгийн зээл аваад 2021 оны 08 дугаар сарын 13-нд О.Мгийн Хаан банкин дахь ... тоот дансанд 2,950,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр фэйсбүүкээр найз болсон, түүний дараа надад Trade.mn-д чамайг бүртгэнэ, данс нээж өгнө гэж хэлэхэд нь би цахимаар иргэний үнэмлэхнийхээ зургийг явуулсны дагуу trade.mn сайт дээр данс нээж өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 15-наас хэлээд өдөр бүр 10 ам.доллар буюу сард 200 ам.долларын ашиг олоод түүнийгээ сарын бүрийн 15, 30-нд авна гэж ойлгоод, нэг мөр сарын сүүлд авах юм бол 200 ам.доллар авна гэж бодоод сарын сүүлд авахаар болсон. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 15-нд эхний мөнгө орж ирэх байсан боловч одоо хүртэл мөнгө нь орж ирээгүй гацчихаар нь сар болгон мөнгө орж ирсэнгүй одоо яах вэ? би зээл аваад хүү төлөөд байгаа гэхэд О.М харин тиймээ яахаа мэдэхгүй байна. Чи С.Б ахтайгаа ярь гэсэн. Би С.Б ахтай ярихад би бас мэдэхгүй байна гээд хэн хэн рүүгээ түлхээд байсан. Би ажил ихтэй, хүн ихтэй байсан учраас араас нь хөөцөлдөж яваагүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын сүүл болоход утсаар ярьсан чинь тоймтой шийдвэр гараагүй. Тэгээд 2022 оны цагаан сарын дараагаас эхлээд шүүхээр явъя гэж бодоод бичиг баримтаа бүрдүүлж байтал С.Б ах нас барсан байсан. О.М нь Bixomoney.com гэх гадаадын сайт дээр А-ийн У гэх нэрээр 1,000.07 доллар бүхий данс нээсэн гээд нууц кодтой нь надад өгсөн. Би түүгээр нь нэвтэрч ороход 1,000.07 доллар бүхий миний нэртэй данс үнэхээр байсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш одоо хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт төлөгдөөгүй, нээж өгсөн данснаас нь мөнгөө авах гэтэл мөн болохгүй байгаа. Иймд хариуцагч О.Мгээс 2,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.Мгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч О.М миний бие олон улсын хөрөнгө оруулалтын компанид 20,000 ам.доллар хийгээд алдчихсан. Би цахим мөнгөний койн худалдаж аваад 10, 20 мянган төгрөгийн зөрүү гаргаад түүгээрээ хоол, ундаа олж идээд явж байсан. Энэ компани мөнгөө яг цаг хугацаандаа өгч явж байгаад алга болчихсон. Би А.Ут бүгдээрээ адилхан хөрөнгө оруулагч шүү, мөнгөө хийгээд аваад байвал ашигтай, алдчихвал бид нар хэн ч эрсдэл хүлээх боломжгүй шүү гээд анхнаасаа сануулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.У миний Хаан банкны данс руу 2,950,000 төгрөг хийсэн. А.Уийн шилжүүлсэн 2,950,000 төгрөгөөс 2,180,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Койн хаб ХХК-ийн Хаан банкин дахь ... тоот данс руу шилжүүлсэн, тухайн компани нь миний шилжүүлсэн 2,180,000 төгрөгийг 750 ам.доллар болгон хөрвүүлж coinhub.mn сайт дахь олон улсын цахим мөнгөний данс руу шилжүүлсэн, өөрөөр хэлбэл 2,180,000 төгрөгөөр 750 ам.доллар худалдаж авсан юм. Тэгээд тэр 750 ам.доллароо bixomoney.com данс руу 740 ам.долларыг нь шилжүүлсэн, шилжүүлэхэд 10 ам.доллар нь шимтгэлд суутгагддаг. Мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөө А.Уийн шилжүүлсэн мөнгөнөөс үлдэх 700,000 төгрөгийг Хаан банкин дахь С.Б ахын ... тоот данс руу шилжүүлж, 250 ам.доллар худалдаж аваад, шимтгэлд суутгагдсан 10 ам.долларыг өөрийн данснаас нөхөж шилжүүлээд Алтанхуяг У гэх дансанд нийт 1000.07 ам.долларыг байршуулсан. Bixomoney.сом дансаа Тrade.mn-ийн данстай холбодог. Цахим мөнгө нь Тrade.mn данс руу орж ирээд Тrade.mn дансаасаараа монгол мөнгөө хөврүүлж авдаг. Тэр эрхийг А.У нээгээд өгөөч гэхээр нь өөрийнх нь нэр дээр нээж өгсөн. Ийм л юм хийж өгсөн байгаа. Эхлээд өдөр бүр 10 ам.доллар нь ороод явж байсан. Би 15-нд мөнгөө татаж аваарай гэж А.Ут хэлэхэд тэрээр нэг мөсөн 300 ам.доллар болохоор нь татна гээд татаагүй юм. Би хүний мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр татахгүй бол хүний данс руу халдаж болохгүй, энэ дансыг А.У өөрөө удирдах, хөтлөх эрхтэй, түүнээс биш би түүний өмнөөс данс руу нэвтэрч, удирдаж чадахгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк ХХК дахь ... тоот дипозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбараа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ.
5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/07648 дугаар захирамжаар хариуцагч О.Мгээс Хаан банк ХХК дахь ... тоот дансны хуулгыг, зохигчдын хүсэлтээр coinhub.mn, bixomoney.com, trade.mn сайтуудад үзлэг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.У нь хариуцагч О.Мд холбогдуулан 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.
2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Давхар орлоготой болох юм байна гэж бодоод 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 3,000,000 төгрөгийн зээл аваад 2021 оны 08 дугаар сарын 13-нд О.Мгийн Хаан банкин дахь ... тоот дансанд 2,950,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр фэйсбүүкээр найз болоод түүний дараа надад Trade.mn-д чамайг бүртгэнэ, данс нээж өгнө гэж хэлэхэд нь би цахимаар иргэний үнэмлэхнийхээ зургийг явуулсаны дагуу trade.mn сайт дээр данс нээж өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 15-наас хэлээд өдөр бүр 10 ам.доллар буюу сард 200 ам.долларын ашиг олоод түүнийгээ сарын бүрийн 15, 30-нд авах боломжтой, тэгээд нэг мөр сарын сүүлд авах юм бол 200 ам.доллар авна гэж бодоод сарын сүүлд авахаар болсон. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 15-нд эхний мөнгө орж ирэх байсан боловч одоо хүртэл мөнгө нь орж ирээгүй. Тэгээд 2022 оны цагаан сарын дараагаас эхлээд шүүхээр явъя гэж бодоод бичиг баримтаа бүрдүүлж байтал С.Б ах нас барсан байсан. О.М нь Bixomoney.com гэх гадаадын сайт дээр А-ийн У гэх нэрээр 1,000.07 доллар бүхий данс нээсэн гээд нууц кодтой нь надад өгсөн. Би түүгээр нь нэвтэрч ороход 1,000.07 доллар бүхий миний нэртэй данс үнэхээр байсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш одоо хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт төлөгдөөгүй, нээж өгсөн данснаас нь мөнгөө авах гэтэл мөн болохгүй байгаа гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... би А.Ут бүгдээрээ адилхан хөрөнгө оруулагч шүү, мөнгөө хийгээд аваад байвал ашигтай, алдчихвал бид нар хэн ч эрсдэл хүлээх боломжгүй шүү гээд анхнаасаа сануулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.У миний Хаан банкны данс руу 2,950,000 төгрөг хийсэн. А.Уийн шилжүүлсэн 2,950,000 төгрөгийг нь өөрийнхөө www.coinhub.mn олон улсын данс руугаа хийгээд 750 ам.доллар худалдаж авсан юм. Тэгээд тэр 750 ам.доллароо Вixomoney.com данс руу 740 ам.долларыг нь шилжүүлсэн, шилжүүлэхэд 10 ам.доллар нь шимтгэлд суутгагддаг. н.Батаа ахаас 250 ам/доллар худалдаж аваад, н.Батаа ахын данс руу 700,000 төгрөг хийсэн байгаа, шимтгэлд суутгагдсан 10 ам.долларыг өөрийн данснаас нөхөж шилжүүлээд Алтанхуяг У гэх дансанд нийт 1000.07 ам.долларыг байршуулсан. Bixomoney.сом дансаа Тrade.mn-ийн данстай холбодог. Эхлээд өдөр бүр 10 ам.доллар нь ороод явж байсан. Би сарын 15-нд мөнгөө татаж аваарай гэж А.Ут хэлэхэд тэрээр нэг мөсөн 300 ам.доллар болохоор нь татна гээд татаагүй юм. Би хүний мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр татахгүй бол хүний данс руу халдаж болохгүй, энэ дансыг А.У өөрөө удирдах, хөтлөх эрхтэй, түүнээс биш би түүний өмнөөс данс руу нэвтэрч, удирдаж чадахгүй гэжээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь А.Уийн эзэмшлийн ... тоот, мөн О.Мгийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг, нэхэмжлэгчийн ... О.М нь Bixomoney.com гэх гадаадын сайт дээр А-ийн У гэх нэрээр 1,000.07 доллар бүхий данс нээсэн гээд нууц кодтой нь надад өгсөн. Би түүгээр нь нэвтэрч ороход 1,000.07 доллар бүхий миний нэртэй данс үнэхээр байсан гэх, хариуцагчийн ... Алтанхуяг У гэх дансыг би нууц кодынх нь хамт нэхэмжлэгчид өгсөн. Эхлээд тухайн дансанд өдөр бүр 10 ам.доллар нь ороод явж байсан, би сарын 15-нд мөнгөө татаж аваарай гэж А.Ут хэлэхэд тэрээр нэг мөсөн 300 ам.доллар болохоор нь татна гээд татаагүй юм. Би хүний мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр татахгүй бол хүний данс руу халдаж болохгүй, энэ дансыг А.У өөрөө удирдах, хөтлөх эрхтэй, түүнээс биш би түүний өмнөөс данс руу нэвтэрч, удирдаж чадахгүй гэх тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд нэхэмжлэгч А.У нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Хаан банк ХХК дахь О.Мгийн эзэмшлийн ... тоот данс руу 2,950,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч О.М нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Койн хаб ХХК-ийн Хаан банкин дахь ... тоот данс руу 2,180,000 төгрөгийг, мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь С.Бгийн эзэмшлийн ... тоот данс руу шилжүүлсэн, bixomoney.com цахим мөнгөний бирж дээр Алтанхуяг У гэх данс нээж, 1000.07 ам.долларыг байршуулсан болох нь тогтоогдож байна.
6. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй.
7. Нэхэмжлэгч А.Уийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч О.Мд шилжүүлсэн руу 2,950,000 төгрөгийг хариуцагч О.М нь тухайн өдөртөө нэхэмжлэгчийн хүсэлтээр Койн хаб ХХК руу 2,180,000 төгрөгийг, С.Б руу 700,000 төгрөгийг шилжүүлэн 1,000.7 доллар болгон хөрвүүлж, bixomoney.com сайт буюу цахим мөнгөний бирж дээр Алтанхуяг У гэх данс нээж, 1000.07 долларыг байршуулж, тухайн данс руу нэвтрэх нууц кодыг нэхэмжлэгч А.Ут өгснөөс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг цахим мөнгө буюу койн худалдаж авах, цахим мөнгөний биржид данс нээхэд нь зуучилж, нууц кодыг өгснөөр bixomoney.com сайт буюу цахим мөнгөний бирж дээр Алтанхуяг У гэх дансан дахь 1000.07 долларыг нэхэмжлэгч А.У захиран зарцуулах эрхтэй болсон буюу Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ. Хариуцагч нь зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2,950,000 төгрөгөөр 1,000.07 доллар худалдаж авсан, биржид нэхэмжлэгчийн нэрээр буюу А-ийн У гэх дансыг нээж, мөнгийг байршуулах үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч О.Мгээс зуучлалын гэрээний үүрэгт 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР