| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01418/И |
| Дугаар | 102/ШШ2022/01788 |
| Огноо | 2022-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2022/01788
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,294,000.93 /есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Б.... нь банктай 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ... тоот Кредит карт эзэмших гэрээ, ЗБ-...тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 5,000,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 24 сарын хуагцаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний үндсэн нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй банкыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Б....д холбогдуулан, гэрээний үүрэгт зарцуулсан дүн 4,996,670.71 төгрөг, хүүгийн авлага 4,291,830.22 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 5,500 төгрөг, нийт 9,294,000.93 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагч Б.... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд аливаа нотлох баримт ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Кредит картын зээлийн хүүгийн тооцоолол /хх-9/, нотариатын төлбөрийн баримт /хх-10/, Кредит карт эзэмших гэрээ /хх-11-14/, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-15-17/, Баталгааны гэрээ /хх-18/, Б....гийн Кредит карт эзэмших хүсэлт /хх-19/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбараа нотлохоор аливаа баримтыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Б....д холбогдуулан Кредит карт эзэмших гэрээний дагуу ашигласан зээлийн үлдэгдэл 4,996,670.71 төгрөг, зээлийн хүү 4,291,830.22 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 5,500 төгрөг, нийт 9,294,000.93 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн .... тоот Кредит карт эзэмших гэрээ, ... тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар зэргээр талуудын хооронд Кредит карт эзэмших гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.... нь 5,000,000 төгрөгийн лимит бүхий кредит карт ашиглах, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, ашигласан зээлийн зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч .... ХХК нь зээлийн үйл ажиллагаа буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд дээрх зээлийн гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.
5.Хариуцагч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарлаж шүүхэд дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Кредит карт эзэмших гэрээний дагуу карт эзэмшиж эхэлсэн үеэс буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.... нийт 31,924,934.89 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээнд зарцуулж, үүнээс буцаан төлөгдөөгүй зарцуулалт 4,996,670.71 төгрөг, хүүгийн төлбөр 4,291,830.22 төгрөг болсон байх тул нэхэмжлэгч .... ХХК нь эдгээр төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нотариатын зардал 5,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд уг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасанд нийцсэн байх тул хангаж шийдвэрлэлээ.
8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,654 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гаас 9,294,000.93 /есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянган төгрөг ерэн гурван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч .... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,654 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА