| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/00912/И |
| Дугаар | 102/ШШ2022/00970 |
| Огноо | 2022-03-18 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/00970
| 2022 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/00970 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.С
Хариуцагч: А.Х
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.С, хариуцагч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Гг эх А.Хийн асрамжид үлдээсэн. А.Х нь оршин суух тодорхой хаяггүй, одоо гэр хороололд гэрт амьдарч байгаа бөгөөд хүүхэд тэнд байх хэцүү байна. Бид хоёр ярилцаж тохироод хүү миний асрамжид, цэцэрлэгт хүмүүжиж байна. Цаашид хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй тул хүү С.Гг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч А.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрөө бие муутай, унаж татдаг. Надад гэр орон байхгүй, ах дүүгийнхээрээ байдаг. Хүүхдээ зутраах байх гээд эцэгтэй нь ярилцаад асрамжид нь өгсөн. Хүүхдийн асрамжийг өөрчилж хүү С.Гг эцэгийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч А.Хт холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлж, өөрийн асрамжинд авах нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар ..шийдвэрээр Л.С, А.Х нарын гэрлэлтийг цуцлаж, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Гг эх А.Хийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанд хариуцагч А.Х нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хүү С.Гг эцэг Л.Сгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд өнөөдрийг хүртэл эцгийн асрамжид байгаа тул нэхэмжлэлийг хангаж, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Гг эцэг Л.Сгийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хүүхэд эцгийн асрамжид байгаа боловч эх А.Хийн зүгээс хүүхдээ асран хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Гг эцэг Л.Сгийн асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА