Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0334

 

 

 

 

             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: Х.Нархажид

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Н.Цэнддоо

иргэдийн төлөөлөгч: Ш.Галаарив

шүүгдэгч: Б.Нямдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улаанүхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015250002231 дугаартай хэргийг 2017 оны 5дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Улаан Үхэр овогт  Бархасжавын Нямдэмбэрэл,1989 оны 7дугаар сарын 09-ний өдөрЗавхан аймгийн Улиастай суманд  төрсөн, 28 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй,Эко моторс ХХК-ний захирал  ажилтай, ам бүл4,эх, эгч, зээ дүүгийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 10-119 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж,хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,РД:УЕ77122311,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Нямдэмбэрэл нь 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 20.30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт дэвсгэрт  байрлах Капитрон банкны 503 дугаар салбарт цагаан өнгийн маск, саравчтай малгай өмсөж нүүрээ далдлан хутга гар бууг зэвсгээр хэрэглэн теллер Э.Маралыг айлган сүрдүүлж 20.050.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би банк дээрэмдэх талаар ерөөсөө бодож байгаагүй. Нэг мэдсэн мөнгө барьчихсан явж байсан. Тэгээд мөнгийг хаячихаад явсан. Буу, хутга зэргийг өөрийн ажил дээрээс авсан. Миний хувьд сэтгэл санаа хүнд, тавгүй ядартлаа ажил хийдэг болохоор зарим зүйлээ огт сандаггүй. Энэ талаараа шалгуулмаар байна.  Зарим үед өөрийгөө юу хийж байгаа мэддэггүй, хянаж чадахгүй болдог гэв. 

 Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би 2012 оны 9 дүгээр сард Цахмлгаан тээвэр компанид зургын инженер ажилтай байхдаа ХААН банкнаас цалингийн зээл 8.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай аваад 2014 он хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийж байгаад Цахилгаан тээвэр компаниасаа гараад ЭКО БУС ХХК автобусны үйлдвэрт 2014 оны 1 дүгээр сард зургын инженэрээр албан тушаал дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд уг компани 2014 оны 7 дугаар сараас цалингаа тавьж чадахгүй болоод би банкны зээлийн мөнгө, мөн өөр өөр хүмүүст бага бага зээлтэй байж байгаад мөнгөний асуудалд аажмаар орж эхэлсэн. Тэгээд миний зээлийн үлдэгдэл 5-6 сая төгрөг болж энд тэндээс мөнгө нэхэгдэж эхэлсэн. Тэгэхээр нь би амар хялбар аргаар мөнгө олох арга хайж эхэлсэн. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нарантуул зах орох гэж алхаж яваад Сандэй худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Капитрон банкны салбарыг харж байгаад гэнэт банкыг  дээрэмдэх бодол төрсөн. Тэр өдрөө банкны тэр хавиар эргэлдэж байгаад 21.00 цагийн орчимд гэрлүүгээ явсан. Маргааш нь би 13.00 цагийн орчимд ирээд харж ажиглаж байгаад харанхуй болох үед ганцаараа ороод 3-4 теллер байхаар нь хутга гаргаж сүрдүүлээд текний ар талын ширээний ард байсан 2 боодол 5000 төгрөгний дэвсгэртийг өөрийнхөө үүрч явсан цүнхэнд хийгээд банкнаас гараад ертөнцийн зүгээр эхлээд урд зүг рүү гүйгээд байрны булан тойроод баруун тийшээ харанхуй хэсэг рүү гүйсэн. Миний араас 1 хамгаалагч, нэг теллер гүйгээд байхаар нь мөнгийг хаяад цаашаа гүйсэн. Тэгээд байрны дундуур гүйж байгаад нарны зам дээр гараад  таксинд суугаад Циркийн урд талын автобус 3 ХХК-ын урд талын зам дээр таксинаасаа буугаад хутгаа хашаа давуулж шидээд цаашаа жоохон алхаж байгаад таксинд суугаад ажил дээрээ очсон. Би тухайн үед хар өнгийн малгай, цагаан өнгийн маск, хар өнгийн савхин куртик, саарал жинсэн өмд, бор гуталтай байсан. Би тоглоомон гар бууг Нарантуул захаас, хутгыг ажлын газрын цайны газраас тус тус авсан. Би 2015 оны 10 дугаар сарын дундуур байх хамт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуульд хамт сурч байсан найз болох Дэмбэрэлтэй сургууль дээр ирж уулзаад компьютерээ хэрэглүүлж байгаад өгөөч гэж гуйж байгаад аваад явсан. Ингээд би авсан компьютерээр гэртээ ажлаа хийж байтал тухайн үед надад мөнгөний хэрэг их гарч байсан учраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд  масс нэртэй барьцаалан зээлдүүлэх төв дээр очиж уулзаад Дэмбэрлийн Делл маркийн компьютерийг нь 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан юм. Би 2015 оны  9 дүгээр сарын сүүлээр байх шинжлэх ухаан технологийн их сургуульд хамт сурч байсан найз Амармэндтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунелийн орчим уулзаад Fujitsu маркийн зөөврийн компьютерийн нь тухайн үед зураг зурах хэрэгтэй байсан учраас уулзаад хэсэг хугацаанд надад компьютерээ хэрэглүүлж байгаач гэж хэлээд аваад явсан. Тухайн үед Амармэнд надад хэлэхдээ чамд компьютер хэрэглэх ажил байгаа бол хэсэг хугацаанд хэрэглэж байгаад өгөхгүй юу гэж хэлээд аваад явсан юм. Би энэ компьютерийг нь 10 орчим хоногийн хугацаанд ойр зуурын хэрэглээндээ ашиглаж байгаад өмнө Дэмбэрлийн компьютер тавьсан барьцаалан зээлдүүлэх төв дээр очиж уулзаад уг  компьютерийг нь 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.

    Хохирогч  С.Ялалт мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:Би 2011 оноос хойш Капитрон банкны хэрэг эрхлэх газарт хуульчаар ажиллаж байна. Манай захирлууд ярилцаад намайг эрүүгийн хэрэгт  хохирогчоор байгууллагыг төлөөлөн оруулах тушаал гаргасан. Уг залуугийн авч явсан 20.050.000 төгрөгийг буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 32, 97//хх-н 31-32

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-12/

Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл/хх-н 13-19/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 20-24/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 25-28/

Капитрон банкнаас иргэний нэхэмжлэгчийг томилуулах тухай албан бичиг/ хх-н 30/,

    Гэрч Б.Сувд-Эрдэнэ  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн үед ажил дээрээ теллер Ариунболд, Марал, хамгаалагч Сугар бид 4 байсан. Тэр дээрэмчинг орж ирэх үед Ариунболд, Маралаа бид 3 өөр өөрсдийн суудал дээрээ ажлаа хийж байсан. Хамгаалагч Сугар бие засах өрөө рүү орсон байсан. Би дээрэмчинг банкны хаалгаар орж ирэх үед анзаараагүй. Тэр хүнийг текэн дээр ирэх үед анзаараад харахад тэр чигтээ хар хувцастай хүн байсан. Тэр хүн орж ирээд аажуухан дуугаар мөнгөө хураалга, мөнгө өг гэж хэлж байсан, нэг гартаа маслоны хутга шиг хутга, нөгөө гартаа буу барьчихсан байсан. Тэр буу нь жинхэнэ ч юм шиг хуурамч ч юм шиг байсан. Би сандал дээрээсээ босох гэсэн боловч хутгалах байх гэж айгаад босоогүй.  Тэр хүн Маралаа теллер рүү хутгаа чичээд Маралаагийн ард талд ширээн дээр ил боодолтой мөнгө байгааг анзаарангуутаа ширээн дээрх мөнгийг 2 гараараа тэвэрч аваад шууд гараад гүйчихсэн. Тэр хүнийг зугтангуут бид гурав хамгаалагчийг нэрээр нь дуудаж орилцгоосон. Сугар Ариунболд нар нөгөө хүний араас гараад хөөсөн. Би ажлын утаснаас 102-т дуудлага өгөөд Прогресс хамгаалалтын албанд мэдэгдсэн. Удалгүй Сугараа, Ариунболд хоёр эргээд ороод ирсэн. Алдсан мөнгөө бариад ороод ирсэн. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 1000 ширхэг 1 боодол, нийтдээ 10 хавирга буюу 20.000.000 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 1000 ширхэг буюу 50.000 төгрөгтэй боодол нийтдээ 20.050.000 төгрөг алдагдсан гэжээ. /1-р хх-ийн 33-35//хх-н 33-35/

     Гэрч Б.Ариунболд   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 3 дугаар сарын 7-ны 20.40 цагийн орчимд үл таних эрэгтэй цагаан өнгийн маск, хар өнгийн нүдний шил, хар саравчтай малгайтай, хар өнгийн куртик өмссөн 175-180 орчим өндөртэй туранхай, баруун гартаа жижиг хутга, зүүн гартаа ямар нэгэн зүйл барьсан байдалтай орж ирээд теллерийн ард эгнээнд орж ирээд би хүн алмааргүй байна гээд теллерийн ард байрлах бичиг баримт хадгалдаг ширээн дээр байсан 20.000 төгрөгний дэвсгэрт 1000 ширхэг, 50 төгрөгний дэвсгэрт 1000 ширхэг нийт 20.050.000 төгрөгийг гартаа бариад авахаар нь би Сугараа ахаа гэхэд орж ирсэн залуу гүйгээд гараад явчихсан. Би тэр залуугийн араас гүйхэд хамгаалагч А.Сугар ах намайг дагаж гүйсэн. Орон сууцны дундуур аль харанхуй газраар зугтаж байхдаа 50 төгрөгийн дэвсгэрт 1000 ширхэг төгрөгийг газар унагаахаар нь араас нь гүйж байхдаа газраас авсан. 20.000.000 төгрөгийг мөн газраас авсан. Би мөнгөө аваад тэр залуу харанхуй газар луу гүйгээд алга болчихсон. Бид хоёр ажил дээрээ очиход цагдаагийн машин ирсэн. Би 20.050.000 төгрөгийг ахлах теллер Сувд-Эрдэнэд өгч тоолуулаад өгөхөд  бүрэн бүтэн байсан гэжээ. /1-р хх-ийн 37-39/

     Гэрч Э.Марал   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Бид нар мөнгөө боогоод байж байтал гаднаас хар малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, масктай, хар өнгийн куртиктэй, нэг гартаа хар өнгийн буутай, нэг гартаа хутга барьсан 30 орчим настай, 170 см өндөр нуруутай туранхай залуу орж ирээд хутгаа над руу харуулаад чичиж байснаа мөнгө өгөхгүй бол хутгалана шүү, би хүн алмааргүй байна гэж хэлэхээр нь дохиолол дарах санаатай сандалтайгаа хойшоо болтол миний хойно байсан ширээн дээрх лац савтайгаа газарт унатал нөгөө залуу ширээн дээр байсан 20.000 төгрөгний боодолтой 20.000.000 төгрөг, 50 төгрөгний боодолтой 50.000 төгрөгийг гартаа бариад зугтсан. Маслоны юм шиг хэрэглэж байсан хуучин хутга байсан. Бууны хувьд тоглоомон  хуванцар хар буу байсан гэжээ. /1-р хх-ийн 40-43/

     Гэрч Ш.Ариунтуяа   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 3 дугаар сарын 7-ны оройн 21.00 цаг өнгөрч байхад манай нөхөр Эрдэнэ-Очир орж ирээд танай банкинд асуудал болсон байна гэхээр нь утасдаж асуусан чинь дээрмийн хэрэг гарсан байсан. 2015 оны 3 дугаар сарын 7-ны  өдөр би ажилдаа ирээгүй яагаад гэвэл бямба, ням гаригт амардаг учир гэртээ амарч байсан ба хэрэг гарсныг мэдээд орой ажил дээрээ ирсэн чинь масктай, буу, хутгатай залуу банкинд орж ирээд заналхийлсэн гэж сонссон. Цагдаа нар ирж байсан учир буцаад явсан. 2015 оны 3 дугаар сарын 9-ний өглөө ирээд юу болсоныг тодорхой мэдсэн. Манай нөхөр хувиараа машины наймаа хийдэг юм. Тухайн орой Капитрон банкны урдуур гэртээ харих гээд явж байгаад цагдаа нар ирсэн байхыг хараад л надад танай дээр асуудал гарсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа ярьж мэдсэн. Манайх 2 ээлжтэй өдрийн 12 цагаар хоёр өдөр ажиллаад буудаг юм гэжээ. /хх-н 44-45/

     Гэрч Б.Наранцацрал   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 08.00 цагийн орчимд ажил дээрээ ирээд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн. Г.Галцог нь манай найз залуу байгаа юм. 2013 оны 7 дугаар сард танилцаж үерхэж эхэлсэн. Намайг ажлаас тарах үед ирж авдаг юм. Банкинд орж ирдэг байсан. Манай найз болон манай нөхрийн найз нар нь банкаар орж гардаг л байсан гэжээ. /хх-н 46-47/

     Гэрч А.Сугар   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай Прогресс  хамгаалалтын алба нь ганцхан Капитрон банкинд хамгаалалт авдаг юм. Капитрон банкны бүх салбарууд дээр хамгаалалт авдаг юм. Хамгаалагч нар нь банк ажиллаж байх хугацаанд биечлэн хамгаалалт аваад банк хаасны дараа банк нь дохиоллын дагуу хамгаалагддаг юм. Дохиоллыг хамгаалалтын албаны төв дээр хянадаг юм. Бид хаахаараа төв рүүгээ мэдээгээ өгөөд хаалтаа хийдэг. Биднийг банкаа хаасны дараа дохиолол ажиллаж эхэлдэг юм. Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандай тооцооны 503 дугаар салбар дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг юм. Манайх 2 хамгаалагчтай 2 өдөр ажилд гараад 2 өдөр нь амардаг юм. 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр банкинд үйлчлүүлэгч их олон байгаагүй. Хэвийн өдөр шиг л байсан. Банкинд теллер Ариунболд, Марал, ахлах теллер Сувд-Эрдэнэ нар иргэдэд үйлчилж байсан юм. Орой 21.00 цагаас банк хаана гээд 20.40 цагийн үед банкны зааланд ямар нэгэн үйлчлүүлэгч байгаагүй. Банк хаах дөхөөд теллерүүд ч гэсэн хаалтандаа бэлдэж байсан. Би 20.35 цагийн орчимд хувцасаа солих гээд ямар ч байсан эхлээд өмдөө солиод өмсчихсөн байсан тэгээд 20.40 цагийн үед бие засах өрөөнд ороод суултуур дээр дөнгөж сууж байтал  заалнаас Сугар ахаа хурдан хурдан гэхээр нь би шууд босоод зааланд ороод иртэл хүн орж ирээд мөнгө аваад явчихлаа гэхээр нь гадагшаа гүйгээд гарсан. Миний өмнө Ариунболд, Ариунболдын өмнө нэг хүн гүйж байгаа харагдсан. Тэгээд би шууд араас нь гүйсэн. Ариунболдын өмнө гүйж байгаа хүн нь  нилээн өндөрдүү нуруутай, хар бараан хувцастай, туранхайвтар залуу байсан. Ариунболд бид 2 араас нь гүйж байхдаа хүмүүст хандаад наад хүнээ бариад аваарай гээд л гүйгээд байсан. Тэр залуу байшингуудын дундуур сүлжээ л гүйгээд байсан. Тэгээд мухардаад ирсэн. Ариунболд бид хоёр тулаад иртэл нөгөө залуу гартаа эвхэгддэг тонгорог бариад ойртвол хутгална шүү гээд байсан. Бид хоёр бүр дөхөөд иртэл нөгөө залуу 2 байшингийн дундуур ороод гүйчихсэн. Тэгээд гүйж явсанаа гартаа барьсан байсан мөнгөө арагш нь шидчихсэн. Ариунболд нөгөө мөнгийг нь авсан би нөгөө залуугийн араас гүйсэн. Намайг хөөгөөд явж байхад дахиад нэг боодол мөнгө шидсэн. Ариунболд нөгөө мөнгийг мөн авсан. Тэгээд би Ариунболдоос дахиад мөнгө байгаа эсэхийг асуухад байхгүй гэхээр нь бид хоёр банкин дээрээ ирсэн гэжээ. /хх-н 48-52/

     Гэрч Н.Энхболд   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 3 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарсан хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Би 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 501 буюу Их дэлгүүрийн салбар дээр ээлжтэй байсан. Манай 501 дүгээр салбар өчигдөр орой 21.00 цагт хаагаад тус банкны ажилчид 21.40 цаг хүртэл мөнгө төгрөгөө цэгцэлж байгаад 21.50 цагт банкны дохиоллоо асаагаад ажилчдаа бүгдийг нь гаргаад хаалгаа цоожлоод харьсан. Тэгээд өнөөдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэртээ амарч байсан чинь 13.00 цагийн орчимд манай ГХХ албаны захирал төв оффис дээр бэлэн бай гэхээр нь төв оффис дээр яваад очсон чинь захирал 503 буюу Сандейгийн салбар халдлаганд өртсөн байна. Нэг хүн орж ирээд теллерийн араас мөнгө аваад гарсан байна гэж ярьсан. Тэгээд бид нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн. Би Сандейгийн салбар дээр гардаг хамгаалагчийг танихгүй. Бид нар тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг юм. Манай ГХХ албаны хамгаалагч нар үүрэг гүйцэтгэхдээ хийн гар буу, гав, нулимас асгаруулагч газ, мөн резинэн бороохойтой үүрэг гүйцэтгэдэг юм. Бид нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн тэр банкны аюулгүй байдал, үйлчлүүлэгчдийн тав тухыг л хангах ёстой гэжээ. /хх-н 53-55/

     Гэрч Э.Батбаяр   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай харуул хамгаалалтын алба Капитрон банкны 14 салбарын харуул болон дохиололыг давхар хариуцдаг юм. Монкорд хадгаламж зээлийн хоршооны хоёр салбарыг мөн хариуцдаг юм. Би Сугарыг мэднэ. Манайх анкет бөглүүлээд авч байсан. Өнгөрсөн жилийн 4 дүгээр сард ажилд орж байсан юм. Сугар бол ажилдаа идэвхитэй, өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг алдаа зөрчил гаргаж байгаагүй. Тухайн салбар объектын аюулгүй байдлыг хангаж хамгаалах ёстой. Банкин дотор болж байгаа үйл явдлыг цаг минутаар нь тэмдэглэж байх ёстой. Хэрвээ ямар нэгэн юм болвол шууд төв рүүгээ станцаар мэдэгдэх ёстой. Өдөрт 3-4 удаа илтгэж байх ёстой. Уг халдлага болсон Капитрон банкны 503 дугаар салбар дээр хамгаалагч шөнө хонож ажилладаггүй оройн 21.00 цагт хаалгаа бариад 22.00 цаг гэхэд гарч яваад дохиоллоо ажиллуулах ёстой байдаг юм. Сугар хамгаалагч халдлага болох үед энгийн хувцастай, тусгай хэрэгсэлгүй байгаа нь камерт бичигдсэн байна лээ гэжээ./хх-н 56-57/

     Гэрч У.Даваадорж   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би прогресс секъюрити ХХК-ны дэд захирал ажилтай бөгөөд манай хамгаалалтын алба 2010 онд анх байгуулагдаж тэрнээс хойш үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 27 хамгаалагч болон бусад ажилчид нийлээд нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Манай хамгаалалтын алба нь анх байгуулагдсан цагаасаа эхлээд Капитрон банкны бүх салбарыг хамгаалж байна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гарч байгаагүй бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 9-ны орой 20.47 цагийн орчимд үл таних цагаан масктай хүн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитрон банкны 503 тооцооны төв рүү халдсан байсан. Тухайн үед уг салбарыг манай хамгаалалтын албаны ажилтан болох А.Сугар гэж хүн хамгаалж  байсан бөгөөд  халдлага болох үед хамгаалагч А.Сугар нь нойл ороод бие засаж байсан бөгөөд банкин дотор чимээ гарахаар нь гараад ирсэн чинь тус салбарын теллер залуу хаалгаар гарч байсан юм байна лээ. Бусад нь мөнгө аваад гарчихлаа гээд орилж байсан гэсэн. Тухайн үед би тэнд байгаагүй гэртээ байсан. Намайг сонсоод ирэхэд хамгаалагч Сугар цагдаа нартай нөгөө хүний араас яваад өгчихсөн байсан гэжээ. /хх-н 58-61/

     Гэрч Г.Ганбат   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай Прогресс хамгаалалтын  алба нь Капитрон банкны бүх салбар Монкорд хадгаламж зээлийн хоршооны салбарт хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Би 2010 онд хамгаалалтын алба нээгдсэнээс нь хойш хамгаалагчаар ажиллаж байна.  Сүүлийн 2 жилд шуурхай бүлгийн хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Хамгаалагч нь тухайн объект дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг, шуурхай бүлгийн хамгаалагч нь оффис дээр шуурхай бүлгийн жолооч, операторынхамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилладаг юм. А.Сугар хамгаалагч  нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Капитрон банкны Сандэй тооцооны 503 дугаар салбар дээр хамгаалагчаар Зоригтбаатар гэх  залуутай  үүрэг гүйцэтгэн ажилладаг юм. Сугар нь ажилд ороод 1 жил гарангийн хугацаа өнгөрч байгаа. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Манай сайн ажилчдын нэг нь байгаа юм. 2014 онд байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан юм. Гэнэтийн шалгалтаар очиход сайн үүрэг гүйцэтгэж байдаг юм. Оффист 20.47 цагт ахлах теллер нь буутай, хутгатай хүн орж ирээд мөнгө аваад явчихлаа гэсэн дуудлага өгсөн гэжээ. /хх-н 62-63/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 84/

2015.3.11-ний өдрийн 1227 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1,2,4,5,6,7” гэж дугаарласан 10 ш гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин “3” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа “6” гэж дугаарласан гарын мөр нь МN000720003208 кодоор 2012.12.06-нд бүртгэгдсэн  СХД-ийн 5 дугаар хороо Баянголын 37-15 тоотод суух 1990.01.30-нд төрсөн Боржигон Ганцог овогтой Галбадрахын баруун гарын дунд хурууны хээ байна.

3.Шинжилгээнд тэнцсэн бусад 9 ширхэг гарын мөрүүд санд байгаа нийт хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ.  /хх-н 82-89/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 90/

2015.4.09-ний өдрийн 1701 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн С.Батжаргал, А.Сугар, Э.Түмэнбилэг,Н.Ууганням, Б.Батбаяр нарын гарын хээний дардас харьцуулах  шинжилгээний шаардлага хангана.

2.Сэжигтэн С.Батжаргал, А.Сугар, Э.Түмэнбилэг, Н.Ууганням, Б.Батбаяр нарын гарын хээний дардас хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан гарын хээний мөрүүдтэй, 2015-7003-БЗД дугаартай мөрүүдтэй болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй гэжээ. /хх-н 91-98/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 99/

2015.4.-9ний өдрийн 1686 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.ПЖ90021115 регистрийн дугаартай Намсрайн Баасанжавын гарын  хээний дардас МN0000ШШГ02772 дугаараар  бүртгэгдсэн байна.

2.Уг дардас нь 2015-7003-БЗД дугаараар бүртгэгдсэн 9 ширхэг гарын хээний мөртэй, хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан гарын хээний мөрүүдтэй харьцуулан үзэхэд ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй гэжээ.  /хх-н 100-101/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/2-р хх-н 66-71/

Гэрч Д.Дорждагва мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.Нямдэмбэрэлтэй ЭКОБУС ХХК-д хамт ажиллаж байсан юм. Цахилгаан тээвэрт цуг ажиллаж байсан Баатар ах над руу утсаар яриад Нямдэмбэрэл чинь саяны гарсан банкны дээрмийн хэргийг хийсэн юм биш үү зураг нь фейсбүүкээр яваад байна та нар хараач гэхээр нь фейсбүүкээр бүдэг зураг тавигдсан байсаныг харахад бүдэг зураг байсан. Тэгэхээр нь Нямдэмбэрэл рүү залгаад чи банк дээрэмдсэн юм уу чиний зураг мөн байна лээ гэхэд надад шууд тиймээ би хийсэн гэж хэлсэн. Дараа нь ажил дээрээ ирэхгүй байж байгаад ирэхээр нь би нөгөө юм чинь юу болж байна гэж асуухад Баянзүрх дүүргийн цагдаагаар яваад завгүй байна гэж хэлэхээр нь би шалгагдаж байгаа юм байна гэж бодсон. Түүнээс хойш нилээн удаж байгаад асуухад гайгүй асуудалгүй гэж хэлсэн. Тухайн үед Нямдэмбэрэл нэг их идэвхигүй болчихсон байсан гэжээ. /2-р хх-ийн 73-74/ / 2-р хх-н 73-74/

Гэрч Б.Бадамдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Нямдэмбэрэлтэй 2007 оноос хойш ШУТИС-ийн МИС-д анх нэг ангид хамт сурч байсан. Түүнээс хойш нэг нэгнийгээ мэдэх болсон. Хамт сурч байхад манай найз хийсэн болон хэлсэн ажилдаа эзэн болдог хийсэн ажлаа заавал дуусгадаг зантай. Бид хамт Робоком тэмцээнд орж тэргүүн байр эзэлж байсан. Сургуулиа төгсөхдөө шилдэг оюутан болж байсан. Сургуулиа төгсөөд Нямдэмбэрэл Цахилгаан тээвэр компанид зургын инженерээр ажилд ороод ажиллаж байхдаа КАТ-КАМ нэртэй улсын тэмцээнд оролцоод 3 дугаар байр эзэлж байсан юм. Архи тамхи хэрэглэдэггүй юм. Ээжтэйгээ хамт амьдардаг юм. Сүүлд манай найз Эко Бус ХХК-д ажиллаж байгаад цалин мөнгөө тавихгүй болохоор нь гарсан гэсэн. Тэгээд төслөөр шалгараад хөрөнгө оруулалт аваад Эко моторс ХХК үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа юм. Нямдэмбэрэл 2016 онд хүнээс нөөтбүүк залилж авсан гэх хэрэгт шалгагдаж байхад нь би очиж батлан даалтад авч байсан юм гэжээ. / 2-р хх-н 75/

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2013 онд сургуулиа төгсөөд Цахилгаан тээвэр компанид зургын инженер албан тушаал дээр 2012 оноос хойш ажилласан. Үүнээс хойш Нямдэмбэрэлтэй хамт нэг хэлтэст ажиллах болсон. Зан байдлын хувьд хүнтэй шууд ярьдаг шулуухан зантай залуу байгаа юм. Надаас хааяа 5000-10.000 төгрөг зээлээч гэдэг л байсан гэжээ. / 2-р хх-н 76-74/

Б.Нямдэмбэрэлийг баривчлах тогтоол / 2-р хх-н 85/,сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, шүүгчийн захирамж,яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал / 2-р хх-н 86-94/

Б.Нямдэмбэрэлийг  сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 2-р хх-н 95-99 /,

Б.Нямдэмбэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2-р хх-н131/ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /2-рхх-н122/,хувийн байдлын талаарх баримтууд / 2-р хх-н 100-121// шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-н 181-187/зэрэг болно.

           Б.Нямдэмбэрэл нь 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 20.30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт дэвсгэрт  байрлах Капитрон банкны 503 дугаар салбарт цагаан өнгийн маск, саравчтай малгай өмсөж нүүрээ далдлан хутга гар бууг зэвсгээр хэрэглэн теллер Э.Маралыг айлган сүрдүүлж 20.050.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  С.Ялалтын  мөрдөн байцаалтад  өгсөн ….намайг эрүүгийн хэрэгт  хохирогчоор байгууллагыг төлөөлөн оруулах тушаал гаргасан. Уг залуугийн авч явсан 20.050.000 төгрөгийг буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 32/    

     Гэрч Э.Маралын   мөрдөн байцаалтад өгсөн …мөнгөө боогоод байж байтал гаднаас хар малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, масктай, хар өнгийн куртиктэй, нэг гартаа хар өнгийн буутай, нэг гартаа хутга барьсан 30 орчим настай, 170 см өндөр нуруутай туранхай залуу орж ирээд хутгаа над руу харуулаад чичиж байснаа мөнгө өгөхгүй бол хутгалана шүү, би хүн алмааргүй байна гэж хэлэхээр нь дохиолол дарах санаатай сандалтайгаа хойшоо болтол миний хойно байсан ширээн дээрх лац савтайгаа газарт унатал нөгөө залуу ширээн дээр байсан 20.000 төгрөгний боодолтой 20.000.000 төгрөг, 50 төгрөгний боодолтой 50.000 төгрөгийг гартаа бариад зугтсан. Маслоны юм шиг хэрэглэж байсан хуучин хутга байсан. Бууны хувьд тоглоомон  хуванцар хар буу байсан гэсэн мэдүүлэг . /1-р хх-ийн 40-43/

          Гэрч А.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн … Сугар ахаа хурдан хурдан гэхээр нь би шууд босоод зааланд ороод иртэл хүн орж ирээд мөнгө аваад явчихлаа гэхээр нь гадагшаа гүйгээд гарсан. Миний өмнө Ариунболд, Ариунболдын өмнө нэг хүн гүйж байгаа харагдсан. Тэгээд би шууд араас нь гүйсэн. Ариунболдын өмнө гүйж байгаа хүн нь  нилээн өндөрдүү нуруутай, хар бараан хувцастай, туранхайвтар залуу байсан. Ариунболд бид 2 араас нь гүйж байхдаа хүмүүст хандаад наад хүнээ бариад аваарай гээд л гүйгээд байсан. Тэр залуу байшингуудын дундуур сүлжээ л гүйгээд байсан. Тэгээд мухардаад ирсэн. Ариунболд бид хоёр тулаад иртэл нөгөө залуу гартаа эвхэгддэг тонгорог бариад ойртвол хутгална шүү гээд байсан. Бид хоёр бүр дөхөөд иртэл нөгөө залуу 2 байшингийн дундуур ороод гүйчихсэн. Тэгээд гүйж явсанаа гартаа барьсан байсан мөнгөө арагш нь шидчихсэн. Ариунболд нөгөө мөнгийг нь авсан би нөгөө залуугийн араас гүйсэн. Намайг хөөгөөд явж байхад дахиад нэг боодол мөнгө шидсэн. Ариунболд нөгөө мөнгийг мөн авсан. Тэгээд би Ариунболдоос дахиад мөнгө байгаа эсэхийг асуухад байхгүй гэхээр нь бид хоёр банкин дээрээ ирсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 48-52/

 

    Гэрч Б.Сувд-Эрдэнийн  мөрдөн байцаалтад өгсөн …. Тэр хүн орж ирээд аажуухан дуугаар мөнгөө хураалга, мөнгө өг гэж хэлж байсан, нэг гартаа маслоны хутга шиг хутга, нөгөө гартаа буу барьчихсан байсан. Тэр буу нь жинхэнэ ч юм шиг хуурамч ч юм шиг байсан. Би сандал дээрээсээ босох гэсэн боловч хутгалах байх гэж айгаад босоогүй.  Тэр хүн Маралаа теллер рүү хутгаа чичээд Маралаагийн ард талд ширээн дээр ил боодолтой мөнгө байгааг анзаарангуутаа ширээн дээрх мөнгийг 2 гараараа тэвэрч аваад шууд гараад гүйчихсэн. Гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35/

     Гэрч Б.Ариунболдын    мөрдөн байцаалтад өгсөн …үл таних эрэгтэй цагаан өнгийн маск, хар өнгийн нүдний шил, хар саравчтай малгайтай, хар өнгийн куртик өмссөн 175-180 орчим өндөртэй туранхай, баруун гартаа жижиг хутга, зүүн гартаа ямар нэгэн зүйл барьсан байдалтай орж ирээд теллерийн ард эгнээнд орж ирээд би хүн алмааргүй байна гээд теллерийн ард байрлах бичиг баримт хадгалдаг ширээн дээр байсан 20.000 төгрөгний дэвсгэрт 1000 ширхэг, 50 төгрөгний дэвсгэрт 1000 ширхэг нийт 20.050.000 төгрөгийг гартаа бариад авахаар нь би Сугараа ахаа гэхэд орж ирсэн залуу гүйгээд гараад явчихсан. Би тэр залуугийн араас гүйхэд хамгаалагч А.Сугар ах намайг дагаж гүйсэн. Орон сууцны дундуур аль харанхуй газраар зугтаж байхдаа 50 төгрөгийн дэвсгэрт 1000 ширхэг төгрөгийг газар унагаахаар нь араас нь гүйж байхдаа газраас авсан. 20.000.000 төгрөгийг мөн газраас авсан. Би мөнгөө аваад тэр залуу харанхуй газар луу гүйгээд алга болчихсон. Бид хоёр ажил дээрээ очиход цагдаагийн машин ирсэн. Би 20.050.000 төгрөгийг ахлах теллер Сувд-Эрдэнэд өгч тоолуулаад өгөхөд  бүрэн бүтэн байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 37-39/

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн … би банкны зээлийн мөнгө, мөн өөр өөр хүмүүст бага бага зээлтэй байж байгаад мөнгөний асуудалд аажмаар орж эхэлсэн. Тэгээд миний зээлийн үлдэгдэл 5-6 сая төгрөг болж энд тэндээс мөнгө нэхэгдэж эхэлсэн. Тэгэхээр нь би амар хялбар аргаар мөнгө олох арга хайж эхэлсэн. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нарантуул зах орох гэж алхаж яваад Сандэй худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Капитрон банкны салбарыг харж байгаад гэнэт банкыг  дээрэмдэх бодол төрсөн. Тэр өдрөө банкны тэр хавиар эргэлдэж байгаад 21.00 цагийн орчимд гэрлүүгээ явсан. Маргааш нь би 13.00 цагийн орчимд ирээд харж ажиглаж байгаад харанхуй болох үед ганцаараа ороод 3-4 теллер байхаар нь хутга гаргаж сүрдүүлээд текний ар талын ширээний ард байсан 2 боодол 5000 төгрөгний дэвсгэртийг өөрийнхөө үүрч явсан цүнхэнд хийгээд банкнаас гараад ертөнцийн зүгээр эхлээд урд зүг рүү гүйгээд байрны булан тойроод баруун тийшээ харанхуй хэсэг рүү гүйсэн. Миний араас 1 хамгаалагч, нэг теллер гүйгээд байхаар нь мөнгийг хаяад цаашаа гүйсэн. Тэгээд байрны дундуур гүйж байгаад нарны зам дээр гараад  таксинд суугаад Циркийн урд талын автобус 3 ХХК-ын урд талын зам дээр таксинаасаа буугаад хутгаа хашаа давуулж шидээд цаашаа жоохон алхаж байгаад таксинд суугаад ажил дээрээ очсон. Би тухайн үед хар өнгийн малгай, цагаан өнгийн маск, хар өнгийн савхин куртик, саарал жинсэн өмд, бор гуталтай байсан. Би тоглоомон гар бууг Нарантуул захаас, хутгыг ажлын газрын цайны газраас тус тус авсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.                       

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Б.Нямдэмбэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Б.Нямдэмбэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  Б.Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 3  жил  01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

 Б.Нямдэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан  Б.Нямдэмбэрэлд энэ тогтоолоор оногдулсан  3 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох  05 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Б.Нямдэмбэрэлийн хувийн байдлыг харгалзан  ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Б.Нямдэмдэмбэрэл нь мөнгийг авч гараад зугатааж явахдаа газар унагасаныг банкныхан авсан тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв..

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Улаан Үхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэлийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Нямдэмбэрэлээс эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  Б.Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 3  жил  01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Б.Нямдэмбэрэлд энэ тогтоолоор оногдулсан  3 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох  05 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Нямдэмбэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Нямдэмбэрэлийн цагдан хоригдсон 29 хоногийг хорих эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Нямдэмбэрэл нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Нямдэмбэрэлд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

9.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нямдэмбэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                       С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                          Т.ШИНЭБАЯР

 

                                                                             Э.ЧИНГИС