Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/021

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/103 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр П.Б өд холбогдох эрүүгийн 2014004080452 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт П.Б , 1979 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй

П.Б  нь Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу 53-55 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.М гийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох сөдөн урт ханцуйтай куртик 40 ширхгийг завшиж бусдад 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч П.Б өд холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд

Хохирогч П.М гийн...Бараа задарлаа гэж хэлэхээр нь Баянхонгор аймаг гарах машинд тавиарай гэж 99763849  дугаарын утаснаас Баянхонгор явах 53-84 дугаартай ачааны машинд  тавьчихлаа, жолоочтой нь ярь гэж хэлэхээр нь утсаар жолоочоос нь гарах юм уу каргоноос 2 ачаа ирсэн гэж хэлсэн тэгтэл жолооч нь  гарна гэж хэлсэн тухайн үед каргоны хүргэгчийн утсаар ярьсан болохоор, жолоочийн утсыг аваагүй юмаа, ...,миний алга болсон ачаа нь хамгийн анхны тавьсан ачаа нь байгаа тухайн ачаан дотор куртикнууд байсан,....гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 /

Яллагдагч П.Б ийн....намайг ачаа ачиж байхад хар тортой цагаан скочоор ороосон эхний ачааг каргоны хүн хүлээлгэж өгөөд Баянхонгор аймгаас тосож авах хүн нь надтай утсаар ярьсан, тэр хүн нь П.М ,..би тэр өдөр ачаануудаа ачаад дуусаад байж байтал П.М  гэх хүний дахин нэг ачаа ирсэн,...тэр ачаа ирэхээс өмнө Мөнхзаяа над руу залгахад нь би өнөөдөр гарч амжихааргүй боллоо гэтэл наана чинь майхан байгаа яаралтай өнөө оройны машинд явуул гэсэн,... майхан гээд байгаа ачаа нь гадуураа ногоон шуудайнд хийгээд скочитсон дөрвөлжин зүйл байсан түүнийг нь  би машиндаа ачилгүй тэр өдрийн орой гарах ачааны машинд явуулсан,...би  аймагт ирээд хүмүүсийн ачааг тараасан П.М  ирээд эхний өгсөн ачаагаа аваад тэгснээ дараа нь энэ ачаанаас дахиад жижиг нэг ачаа байгаа гэсэн,...би ачаагаа буулгаад дууссан түүнд тэр ачаа чинь алга байна ирээгүй байна  явуулсан гэх газар луу ярь гэж хэлсэн,...би ачигдаагүй гэдгээ хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 58-60/

Гэрч *******гийн ...Баянзүрхийн товчоо гараад МТ клонкийн цаад талд карго задардаг газар байдаг тэндээс Баянхонгор явах 1 тн ачаа ямар ч байсан авсан гадна талаараа ногоон шуудаатай том хайрцагтай ачаа байсан түүнийг тухайн өдрийн орой Нарантуул захын өргөтгөл дээр зогсож байсан 53-84 гээд том ачааны машинд аваачиж өгөөрэй гэж хүлээн авагч нь хэлэхээр нь өгсөн....Надад ямар нэг ачааг хүлээж авсан тэмдэглэл холбогдох бичиг баримт гэж зүйл байхгүй. Би тийм зүйл хөтөлдөггүй...гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/

Гэрч *******ийн ...Баянзүрх дүүргийн хорооны Оринтал зочид буудлын баруун талын хашаанд байрлах каргоноос ачаа аваад Нарантуул захын Баянхонгор луу явах 53-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тавьсан,.. утсан дээр байгаа Мөнхзаяа гэх хүнтэй чат бичсэнээ харсан. Ачааг хүлээлгэн өгөхдөө ямар нэг байдлаар гарын үсэг зуруулж авдаггүй баримт байхгүй харин ачааг нь Мөнхзаяа гэх хүний хэлсэн 53-84 улсын дугаартай авто машинд тавьсан,....ачаа нь жижиг хэмжээтэй ачаа байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/

Гэрч *******гийн....БНХАУ-ын Эрээн хотоос ирсэн П.Мөнхтуяагийн 1 хайрцаг ачааг Баянхонгор аймаг явах автомашинд өгөөд явуулчих гэхээр би Баянхонгор аймаг явах гэж 53-84 гэсэн машинд ачааг өгөөд  би П.Мөнхтуяатай 53-84 машины жолоочийг өөрийнхөө утсаар яриулж ачааг хүлээлгэж өгсөн. Би П.Мөнхтуяагийн ачааг Улиастайн тэнд байдаг агуулахаас очиж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 / зэргээс үзэхэд тухайн хохирогч П.М гийн.... 100 гр сөдөн,урт ханцуйтай куртик... алдагдсан гэх ачаа ямар каргонд /ачаа тээвэрлэсэн ,хүлгээлгэж өгсөн байгууллагын нэр, хувь хүмүүс байсан эсэх/  ачаа ачигдсан эсэх талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй орхигдуулсан,

Түүнчлэн гэрч *******, *******, ******* нар нь каргоноос /ачаа хүлээлгэж өгсөн байгууллагын нэр, хувь хүмүүс байсан,  хэлбэр хэмжээ, сав баглаа боодол тодорхойгүй/   ямар ачаа  авсан эсэх, карго хүргэлтийн  газар нь ачааг өгөхдөө ямар хэмжээтэй, ямар сав баглаа боодолтой , тухайн ачаанд ямар эд зүйл ачигдсан болон ачаа хүлээж авахдаа, хүмүүст хүлээлгэж өгөхдөө  бүртгэл хөтөлдөг, мөн  ачаа тээвэрлэлтийн хөлсийг / ачааны хэмжээнээс хамаарч / яаж тооцож  авдаг эсэх, мөн хэрэгт хохирогчоор П.М г тогтоосон бөгөөд гэрч *******гийн мэдүүлэгт ...Мөнхтуяа гэх хүнийг 1 хайрцаг ачааг  хүлээлгэж өгсөн талаар мэдүүлсэн ....  тодруулж  дахин мэдүүлэг авах

 2/  Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №470 дугаартай шинжээчийн ...100 гр сөдөн,урт ханцуйтай куртик нэг бүрийн үнэ 65000 төгрөг 8 ширхэг   нийт   2 600 000 төгрөгийн үнэлгээтэй.. гэх  дүгнэлт / хх-ийн 41/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № 470  дугаар/  үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөлтэй этгээд гаргаснаас гадна тухайн хөрөнгийн үнэлгээний үнийг тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий, тодорхой байдлаар зах зээлийн үнэ ханшаар тооцож гаргасан үнэлгээг үндэслэл болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-т... шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлыг мөнгөн дүгнээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно ... гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч П.М гийн... Хар өнгийн уутанд хийгээд скочтоод дээр нь шар өнгийн скочин дээр Заяа 99020984 гэсэн тэмдэглээтэй хэмжээний хувьд алимны хайрцаг шиг хэмжээтэй хөнгөн зөөлөн ачаа байгаа дотор 100 граммын сөдөн урт ханцүйгүй куртик  нийт 40 ширхэг тус бүрийн үнэ 65000 төгрөгөөр / Монгол төгрөгөөр/ зарагддаг, би энэ үнээр нь үнэлнэ ,....*******  дугаартай Глай гэх хятад хүний дансанд 2.2237.895 төгрөг шилжүүлсэн энэ мөнгөөр одоо алдагдсан байгаа барааг авсан,...бараа авах хүнд тухай өдрийн ханшаар цааш нь юань болгож хөрвүүлж өгдөг, .... гэх  /хх-ийн 13-18, 21-22 /мэдүүлгээс үзэхэд хэрэгт авагдсан хохирогч П.М гийн өргөдөлд... нийт 40 ширхэг сөдөн урт майк байсан...гэж бичигдсэн буюу шинжээчийн дүгнэлтэнд...сөдөн урт ханцуйтай куртик ... гэж үнэлэгдсэн эргэлзээтэй бөгөөд  шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй.

Учир нь Хөрөнгийн үнэлгээ / 100 гр сөдөн,урт ханцуйтай куртик нэг бүрийн үнэ 65000 төгрөг 8 ширхэг нийт  2600000 төгрөгийн үнэлгээтэй/  нь  хууль зүйн үндэслэл, нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр таамагласан шинжтэй үнэлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан талаар бүрэн бодитой тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл ... Монгол банкнаас тухайн өдрийн юанийн ханш ямар байсан талаар мэдээлэл хэрэгт авагдаагүй, ..ХААН банкны *******  дугаартай Глай гэх хятад хүний дансанд 2.2237.895 төгрөг шилжилж орсон эсэх, ямар зорилгоор тухайн мөнгийн шилжүүлсэн эсэх тодорхойгүй, ...  ХААН банкны *******  дугаартай дансыг хэн эзэмшдэг, Глай гэх хүн ямар банканд данс эзэмшдэг эсэх, мөн хэрэгт хавсаргасан зургийг... хар зүйлээр ороосон шар скочин дээр заяа ******* ... ямар эх сурвалжаар хохирогч гаргаж өгсөн талаар холбогдох ажиллагаа хийх шаардлагатай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй бөгөөд шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн ажилд үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар.. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ... гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т  “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах шаардлагатай бөгөөд  үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр яллагдагч П.Б өд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэлдээ:

Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүгчийн захирамж нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн байна. Учир нь Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт буюу 1 дүгээр хуудсанд “талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:..гэж нотлох баримтыг жагсаан бичсэн. Улмаар 4 дүгээр хуудсанд...зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно” гэж,

Мөн 5 дугаар хуудсанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэсэн талаар тус тус дурджээ.

Гэтэл хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж судлах үе шат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт зааснаар буюу гэм буруугийн хурлын үеэр хийгдэх ажиллагаа юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлаар хэлэлцэж шийдвэр гарах ёстой болохоос нотлох баримт шинжлэн судалж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй.

Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол эргэлзээтэй, шинжээч нь хохирогчийн мэдүүлгээр таамагласан шинжтэй эд зүйлийг үнэлсэн гэж хэрэгт хавсаргасан зургийг эх сурвалжаар хохирогч гаргаж өгсөн талаар холбогдох ажиллагааг хийх зэрэг буцаасан үндэслэл нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч П.М  болон шинжээч нарыг оролцуулан асууж тодруулсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь эргэлзээтэй гэж дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүх дахин шинжээч томилж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох боломжтой юм.

Иймд шүүхээс хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагч П.Б  эсэргүүцэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Мөнхзаяа нь эхний мэдүүлэгээрээ алдагдсан бараагаа ханцуйгүй мак гэж хэлсэн байсан. Гэтэл дараагийн мэдүүлгээр ханцуйтай куртик болон хувирсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй тухайн барааг авсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн куртик үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна хохирогч болохоор 2.237.895 төгрөг Глай гэх хүнрүү куртикний мөнгө гээд шилжүүлсэн гэдэг. Гэтэл шинжээчийн үнэлгээгээр алга болсон куртикнүүдийг 2.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Эндээс харахад эдгээр байдал зөрүүтэй мөн урьд нь ийм куртикийг хохирогч гэх Мөнхзаяа зардаг байсан эсэх, Глай гэх хүнрүү шилжүүлсэн 2.237.895 төгрөг куртикний мөнгө мөн эсэхийг тогтоогоогүй.

Прокурор шүүх хуралд хохирогч Мөнхзаяа, шинжээч гэрч нарыг оролцуулах санал гаргаагүй байж, мөн эдгээр хүмүүс оролцоогүй байхад оролцуулснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хохирогч гэх Мөнхзаяагийн алга болсон гэх барааг хүлээлгэж өгөөгүй, би хүлээж аваагүй байхад хохирогчийн тодорхойгүй мэдүүлэгээр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаад маш их гомдолтой байна. Яагаад алдагдсан гэх ачаа ямар нэрээр ямар каргонд ачигдаж ирсэн, ирсэн бол ямар холбогдох байгууллага хүлээж аваад хэн гэдэг ажилтан хаана хэнд хүлээлгэж өгсөн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна. Миний бодлоор ямар жинтэй ямар барааг ямар байгууллага хүлээж авсан, хэн гэдэг хүнд хүлээлгэж өгөх баримтыг үндэслэн хэн хүлээж авсан, уг барааг хэнд хүлээлгэн өгсөн талаархи баримт заавал үйлдэгдэх ёстой гэж бодож байна.

Учир нь улс хоорондын ачаа тээвэр албан ёсны байгууллагаар дамжиж, холбогдох нотлох баримтыг үндэслэж эзэн хүнд очдог байх гэж бодож байна. Ийм учраас эдгээр байдлыг тогтоох ёстой гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна. Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй тул мөрдөн байцаагч, прокурор нар хөдлөшгүй нотлох баримтыг үндэслэж намайг яллах ёстой гэтэл энэ хэргийн бодит байдлыг тогтоогүй байж намайг яллах гэж зүтгэж байгаад маш их гомдолтой байна. Надад хүний хөрөнгийг завшиж ашиг олох санаа зорилго байхгүй би аймаг хотын хооронд ачаа тээвэрлэн шударга хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээж яваа жирийн нэгэн аав хүн.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/103 дугаартай зхирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлттэй байна гэв.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

П.Б ийг Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу 53-55 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.М гийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох сөдөн урт ханцуйтай куртик 40 ширхгийг завшиж бусдад 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./ хэргийн 53, 114-115 дугаар тал/

Хохирогч П.М  нь тухайн 8 ширхэг эд зүйлийг хэзээ хэрхэн захиалсан, хэдэн төгрөг, хэн гэдэг хүний данс руу хэзээ шилжүүлсэн болох, тухайн эд зүйл нь ямар каргогоор хэзээ ирсэн, хэн хүлээж авсан, хаана хадгалагдаж байсан, гэрч *******, *******, ******* нарын хэн нь П.Б өд хүлээлгэж өгсөн болох, хүлээлгэж өгөхдөө хохирогч П.М д ямар байдлаар мэдэгдсэн, П.Б өд хүлээлгэж өгөхдөө ямар баримт үйлдэж, гарын үсэг зурсан эсэх, хохирогч П.М  руу тухайн үед ачааны зураг, хэлбэр хэмжээг явуулсан эсэх зэрэг ажиллагааг  хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд бүрэн хамаарч байх тул энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна.

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 470 дугаар дүгнэлтэд “...100 гр нэртэй, сөдөн, урт ханцуйтай, L-7XL хүртэл 8 размертэй, шинэ куртикийг тус бүр нь 65000 төгрөг гэж нийт 2.600.000 төгрөгөөр  үнэлжээ.

Гэтэл хохирогч П.М  “... хар өнгийн уутанд хийгээд скочтоод дээр нь шар өнгийн скочин дээр Заяа 99020984 гэсэн тэмдэглэгээтэй хэмжээний хувьд алимны хайрцаг шиг хэмжээтэй хөнгөн зөөлөн ачаа байгаа дотор нь 100 граммын сөдөн урт ханцуйгүй куртик 5 өнгийн L-7 XL хүртэл 8 размерын нийт 40 ширхэг тус бүрийн үнэ нь 65.000 төгрөгөөр зарагддаг... гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр тал/

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох Энх нахиа ХХК-ийн шинжээч нь П.Б өд холбогдох хэргийн хохирогч П.М гийн алдагдсан гэх бараанд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний эд зүйлийн шинж чанар, хэлбэр хэмжээний хувьд бодит байдлаас зөрүүтэй байдлаар тогтоосон.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаарх үндэслэлийг харгалзан үнэлгээг тогтоохоор хуульчилсан байхад хохирогчийн шууд нэрлэсэн үнээр хохирлыг тогтоосон, тухайн барааг авахын тулд Глай гэх хятад иргэний данс руу 2.237.895 төгрөгийг шилжүүлсэн, мөн тухайн өдрийн юанийн ханш зэргийг харгалзан үзээгүй, энэ талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна.

Иймд прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                     

                      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр  зүйлийн 22.4.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/103 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ