Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01773

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01773

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 32, өөрийн байранд байрлах, М.К ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, М.Т ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах, Г.Г ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Олимп плаза, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, Т.А ХХК /РД: .../-иудад

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөхийг даалгах, шугам солих ажил хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа, М.Шинэнэмэх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Хариуцагч Г.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул,

Хариуцагч Т.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан,

Гэрч Д.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа, М.Шинэнэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.К ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 0121 тоот гэрээний дагуу 5А магистралийн Т-519 салаа шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч байгууллага юм. Нэхэмжлэгч М.К ХХК нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж-32 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг өмчилдөг бөгөөд дулааны эх үүсвэр нь 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугам бөгөөд энэхүү хос шугам нь 5А төв магистрал шугамаас дулаан авч, Хос өргөө" ХХК-ийн барилгын хажуугаар, ... хотхон хорооллын дундуур дамжин өнгөрдөг. Уг шугам нь нэгж талбарын ... дугаартай 7,729 м.кв талбай бүхий М.Т ХХК, ... дугаартай 11,022 м/кв талбай бүхий Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрдөг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүтэн байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж заасны дагуу бид энэхүү шугамын ихэнхийг өнгөрсөн жилүүдэд сольж шинэчилсэн байсан ба 2020 оны хавраас шугам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх гэтэл М.Т ХХК нь манай дулааны шугам дээр хашаа, саравч барьсан байсан. Манай компани 2020 оны хавраас дулааны шугамд засварын ажил хийх шаардлагатай, засвар хийж гүйцэтгэсний дараа хашаа, саравч хэвийн байдалд нь оруулах тул шугам солих ажилд саад учруулахгүй байх хүсэлтийг М.Т ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д бичгээр болон амаар удаа дараа гаргасан. Гэсэн хэдий ч М.Т ХХК нь хашаа руугаа нэвтрүүлээгүй, шугам байрлаж буй газар дээр их хэмжээгээр овоолсон барилгын хог хаягдлыг зайлуулахгүй байх, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан шугам солих ажлыг хийх гэтэл шугам байрлаж буй газар руу биднийг нэвтрүүлээгүй. Улмаар хүйтний эрч чангарсан 2020 оны 10 дугаар сарын дундуур манай объект дулаангүй болж хөлдөх, олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирол гарах аюултай нөхцөл байдал үүссэн тул П.Х ХХК-ийн шугамд түр холбогдож дулаан авсан. Хариуцагч М.Т ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж дулааны шугам дээр хашаа, саравч барьсан.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 тоот бичгээр манай компанид ... Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжуүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна гэж заасны дагуу танай байгууллага Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, дулааны шугамын хамгаалалтын зурвасаа чөлөөлүүлж, шугамын засвар шинэчлэлтийн ажлаа гүйцэтгэнэ үү гэсэн хариуг өгсөн. Цаашид манай компани өөрийн өмч болох дулааны шугамаа ашиглаж дулааны эрчим хүчээр хангагдах хүсэлттэй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу дулааны шугамын хамгаалалтын зурвасаа чөлөөлүүлж, шугамын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан нь газрын харилцааны талаас шугам сүлжээ эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, түүнд саад хийхгүй байх үүргийг газар эзэмшигч М.Т ХХК, Г.Г ХХК-иудад хуулиар ногдуулжээ. Иймд нэхэмжлэгч М.К ХХК-ийн өмчлөлийн дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэхийг М.Т ХХК-д даалгах, шугам солих ажил хийж гүйцэтгэх саад учруулахгүй байхыг Г.Г ХХК-д даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн болно. Үүнд, хариуцагч Г.Г ХХК, М.Т ХХК-иудын эзэмшил газраар дамжин өнгөрч буй уг дулааны шугамаа засварлаж, шинэчлэх боломж бололцоог олгохгүй, Т.А ХХК буюу Г.Г ХХК нь өөрсдийн нөхцлийг тулгасаар өдий хүрлээ. Тэдний энэхүү зүй бус ажиллагааны улмаас учирч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс, түүнчлэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх үүднээс бидэнд хичнээн хохиролтой ч гэсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.К ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн Зүүн түгээх төв, Т.А ХХК, Г.Г ХХК-тай 4 талд гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Т.А ХХК, Г.Г ХХК нарын барьж ашиглалтад оруулсан ... хотхоны орон сууцны контор болох П.Х ХХК-ийн шугамд түр холбогдож дулаан авах, үүний хариуд манай компаниас 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг Т.А ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх, Т.А ХХК барилга барихаар төвлөсөн М.Т ХХК-ийн эзэмшил газраар дамжин өнгөрдөг өөрийн дулааны шугамын трассыг тус газраас зөөн шилжүүлэх зөвшөөрлийг олгохоор тохиролцсон. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Аптай хотхоны дундуур дамжин өнгөрч байгаа ф219 мм-ийн голчтой хос шугамыг гэрээний хавсралтад заасан трассаар шилжүүлэн байршуулахыг зөвшөөрсөн, мөн 219 мм-ийн голчтой 84 метр ган хоолой, Л4 маркийн 60 метр дулааны сувгийн тэвш, Л4 маркийн 60 метрийн дулааны сувгийн хучилт зэрэг 24,688,037 төгрөгийн материалуудыг Т.А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Харин Т.А ХХК нь гэрээний дагуу 2021 оны дулаан хангамжийн улирал эхлэхээс өмнө багтааж шинэ трассаар татах шугамын ажлыг стандартын дагуу хавсралтад заасан зургаар өөрийн зардлаар хийж гүйцэтгэх, шинээр зөөвөрлөж татсан дулааны шугамын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар хотын шугам сүлжээний мэдээллийн төв санд оруулж бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүй ба манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хийж гүйцэтгэх хүсэлт, шаардлагыг 2021 оны хавраас тавьсан ч ямар үр дүнд хүрээгүй. Нэгэнтээ асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн гэрээ өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй, цаашид ч хэрэгжихгүй нь тодорхой болсон тул энэхүү гэрээний дагуу өөрийн өмчлөлийн шугамаа Т.А ХХК, Г.Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж, ингэснээр уг гэрээнээс М.К ХХК нь татгалзаж, уг шугамаа өмнөхийн адил өмчлөн, ашиглахаар болсон, тиймээс ийнхүү өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд М.Т ХХК, Г.Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна. Үүнд:

 

-М.Т ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ... дугаарт бүртгэгдсэн газраар, мөн Г.Г ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ... дугаарт бүртгэгдсэн газраар дамжин өнгөрч буй Улаанбаатар хотын төвийн дулааны 5А төв магистраль шугамд холбогдсон 219 голчтой, 600 метр урттай М.К ХХК-ийн өмчлөлийн дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байхыг хариуцагч Т.А ХХК, Г.Г ХХК нарт даалгах,

 

-М.К ХХК-ийн өмчлөлийн дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулахыг Г.Г ХХК, Тайгам-Аптай ХХК-д даалгах,

 

-2022 оны дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байх, нэгж талбарын ..., ... дугаартай эзэмшил газраар саадгүй нэвтрүүлэхийг Г.Г ХХК, Т.А ХХК-иудад даалгах,

 

-Нэгж талбарын ... дугаартай 7,729 квм талбай бүхий М.Т ХХК-ийн эзэмшил газар болон ... дугаартай 11,022 квм талбай бүхий Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын трассын дагуух газрыг хязгаартайгаар эзэмших эрхийг М.К ХХК-д олгох,

 

-Нэгж талбарын ... дугаартай 7,729 квм талбайтай М.Т ХХК-ийн эзэмшил газар болон ... дугаартай 11,022 квм талбайтай Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаа бүрд, шинэчлэлийн ажлыг холбогдох норм, дүрэм, журамд заасан хугацаанд хийх, энэ үед саад болохгүй байхыг газар эзэмшигч Г.Г ХХК-д даалгах,

 

-2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж Т.А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг буцаан өгөхийг Т.А ХХК-даалгаж өгнө үү. Хариуцагч М.Т ХХК-д нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбай бүхий газраа хариуцагч Г.Г ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул хариуцагчид М.Т ХХК-д холбогдох дээрх шаардлагуудаас татгалзсан болно гэв.

 

2. Хариуцагч Г.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай Г.Г ХХК нь М.Т ХХК-иас ... тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, нэгж талбарын ... дугаар бүхий, 11,022 м/кв талбайтай газрыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн авсан. Улмаар уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд тус хөрөнгийн доогуур М.К ХХК-ийн дулааны шугам явж байх бөгөөд уг шугам нь ашигладаггүй үхмэл шугам болсон байна. М.К ХХК нь шинээр трасс гаргаж нийтийн эзэмшлийн талбайгаар шугам татуулах ажлыг Т.А ХХК, Г.Г ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хамтарч гэрээ байгуулан хийхээр болсон. Одоо манай газар дээгүүр дахин трасс татуулах болон үл хөдлөх эд хөрөнгө буулгах боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г ХХК-д газар эзэмшихэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү гэсэн үндсэн шаардлагатай. Гэрээнээс татгалзсантай холбоотой Т.А ХХК-д холбогдсон шаардлагыг гаргасан. Маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлага бий, гэвч нэгж талбарын ... дугаартай, 7,729 м/к талбай бүхий газрыг М.Т ХХК нь Г.Г ХХК-д шилжүүлж өгсөн бөгөөд Г.Г ХХК нь энэ 2 газраа нэгтгэж 19,797 м/к талбай болгож 1 гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасан, сая авсан мэдээллээр 2022 оны 05 сарын 04 өдрийн А/623 дугаартай Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж гарсан. Уг захирамжаар Г.Г ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож, ..., 1981210091 нэгж талбарын дугаартай 19,797 метр квадраттай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр эрхийг олгосон байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь 4 талт гэрээ, 4 талт гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний нэг тал нь Г.Г ХХК хэвээрээ байгаа. Г.Г ХХК-д гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч М.К ХХК мэдэгдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол гэрээнээс татгалзаагүй, Т.А ХХК-тай гэрээ үргэлжлүүлсэн гэж хариу авсан. Гэрээнээс татгалзаад түүний үр дүнд манай талыг үйл ажиллагаа явуулахгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. М.К ХХК-ийн бас нэг шаардлага нь газрыг хязгаартай ашиглуулах шаардлага гаргасан. Дулааны шугамын холболт, дулааны шугам угсралт гэдэг нь тусгай нарийвчилсан хуулиар зохицуулагддаг. Эрчим хүчний тухай хуульд газар эзэмшигч нь шугам эзэмшигчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр холболт болон засварын ажил хийдэг. Эрчим хүчний хуулиар газрын эзэн нь зөвшөөрсний үндсэн дээр холболт хийдэг. Газрын тухай хуулиар газрыг хязгаартайгаар ашиглах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх үндсэн гэрээн дээр газрын эзэн Г.Г ХХК-аар гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хуулийг баримтлан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ асуудал бол Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагддаг. Нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М.Т ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г.Г ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд тус газрыг 2 компанийн тохиролцоон дээр одоо ашиглаж байгаа болно. Бидний зүгээс М.К ХХК-ийн шугам солих ажилд саад учруулсан зүйлгүй бөгөөд харин тус газар дээр байгаа манай байгууллагын өмчлөлийн солих нэрийдлээр бидэнд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр нурааж гэм хорын хохирол учруулсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа. Иймд нэхэмжлэгч М.К ХХК-ийн хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч Т.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч М.К ХХК нь дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшлийн газраас чөлөөлөх оролдлого хийхгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ. Тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч М.К ХХК, Т.А ХХК, Г.Г ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иуд хооронд 4 талт оролцоотойгоор байгуулсан. Хариуцагч Т.А ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн мэдлийн ф150 мм голчтой шугамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд нэхэмжлэгч М.К ХХК-ийг дулаанаар хангасан ба 2021 оны дулаан хангамжийн улирал эхлэхээс өмнө М.К ХХК-ний шинэ трассаар татах шугамын ажил эхлэх үед Засгийн газрын шийдвэр гарч барилгын үйл ажиллагааг зогсоосон тул ажил хийгдээгүй. Гэвч бид өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг дулаанаар хангаж байгаа болно. Гэрээний хугацаа өмнөх нөхцлөөр сунгагдсан. 4 талт гэрээгээр 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг Т.А ХХК-д хүлээлгэн өгсөн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах журмыг зөв хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3 дах хэсэгт Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана гэж хуульчилсан. Гэрээний зарим талууд болох Г.Г ХХК-д гэрээнээс татгалзаж буй талаараа огт мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх удаа гэрээнээс татгалзах талаар дурдсан нь гэрээнээс татгалзах санал ирүүлсэн гэж ойлгож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ковид-19 нөхцөл байдлын улмаас Т.А ХХК нь 2021 оны шугам сүлжээ засварын ажлыг явуулж чадаагүй. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд 150 мм-ийн голчтой шугамаар хангалтгүй халаалт авдаг байсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний 2022 оны 02 сарын 22-ний өдрийн 01234 дугаартай М.К ХХКийн албан бичгийн хариу 22/112 гэсэн албан бичиг дээр Т.А ХХК-ийн 400 мм голчтой шугамаас халаалт авсан талаар албан бичигт дурдсан байдаг. Хүчин чадал муутай халаалт гэдэг нь тогтоогдохгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн маргаан бүхий 4 талт гэрээ байгуулахаас өмнө Т.А ХХК болон Г.Г ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр дулааны шугамд холбогдох тухай тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлт зааснаар 219 мм цэвэр усны шугамыг Т.А ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, М.К ХХК-ийг цаашид байнга саадгүй халаах нөхцөлөөр хангах талаар дурдсан байгаа. Энэ тэмдэглэлийн дараа гэрээ байгуулагдсан. Тэмдэглэл хүчинтэй байгаа. Т.А ХХК нь шугамыг шилжүүлсэн, төвлөрсөн сургууль, цэцэрлэг хот төлөвлөлтөд орсноор бол М.К ХХК нь маргаан бүхий шугамыг ашиглах, засвар үйлчилгээ хийхийн тулд тухайн газрыг хөндөх боломжгүй болно. Өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтын дагуу Т.А ХХК болон Г.Г ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 171,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажлыг тухайн маргаан бүхий шугамын байршилд хийх шаардлагатай. 171,000,000 төгрөгийн 90,000,000 төгрөг нь шугамыг шинэчлэх, засварлах бараа материалын өртөг. Ковид-19 нөхцөл байдал нь зөвхөн хөл хорио биш бараа материалын хомсдол буюу хилээр бараа материал орж ирээгүй байсан. Эдгээр нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн. М.К ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч М.К ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-03/4251 тоот мэдэгдэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13/1989 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/2211 тоот албан бичгүүд, М.К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/121 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/127, 20/128, 20/137 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/129, 20/130, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/142, 20/143, 20/144 тоот, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 тоот мэдэгдлийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсарган шүүхэд гаргаж өгсөн.

 

5.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нотлох баримтаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, хавсралт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө хүлээлцсэн акт, Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, хавсралт, Дулааны шугамын заагийн зураг, М.К ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/, 20/139, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22/1-12 тоот албан бичгүүд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13/1501, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/234 тоот албан бичгүүдийг гаргаж өгсөн.

 

5.2. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээ, дүрэм, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, хавсралт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө хүлээлцсэн акт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-03/4251 тоот мэдэгдэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13/1989 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/2211 тоот албан бичгүүд, М.К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/121 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/127, 20/128, 20/137 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/129, 20/130, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/142, 20/143, 20/144 тоот, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 тоот мэдэгдлийг хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эт материалыг худалдан авсан баримтын жагсаалт, төлбөрийн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг, зарлагын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

6. Хариуцагч М.Т ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч Г.Г ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хариу тайлбарын хамт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ... тоот гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, ... тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийж, үзлэгийн үр дүнг тэмдэглэл, фото зургаар бэхжүүлж нотлох баримтаар цуглуулсан.

 

9. Хариуцагч Т.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хариу тайлбарын хамт компанийн гэрчилгээ, дүрмийг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ... хотхон, ф219 мм-ийн дулааны шугам сүлжээний угсралтын ажлын төсвийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Г.Г ХХК, М.Т ХХК, Т.А ХХК-иудад холбогдуулан,

 

1.1. нэгж талбарын ..., ... дугаарт бүртгэгдсэн газраар дамжин өнгөрч буй Улаанбаатар хотын төвийн дулааны 5А төв магистраль шугамд холбогдсон 219 голчтой, 600 метр урттай М.К ХХК-ийн өмчлөлийн дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байхыг хариуцагч Т.А ХХК, Г.Г ХХК, М.Т ХХК-иудад даалгах,

 

1.2. М.К ХХК-ийн өмчлөлийн дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулахыг Г.Г ХХК, Т.А ХХК, М.Т ХХК-иудад даалгах,

 

1.3. 2022 оны дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байх, нэгж талбарын ..., ... дугаартай эзэмшил газраар саадгүй нэвтрүүлэхийг Г.Г ХХК, Т.А ХХК, М.Т ХХК-иудад даалгах,

 

1.4. Нэгж талбарын ... дугаартай 7,729 квм талбай бүхий М.Т ХХК-ийн эзэмшил газар болон ... дугаартай 11,022 квм талбай бүхий Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын трассын дагуух газрыг хязгаартайгаар эзэмших эрхийг М.К ХХК-д олгох,

 

1.5. Нэгж талбарын ... дугаартай 7,729 квм талбайтай М.Т ХХК-ийн эзэмшил газар болон ... дугаартай 11,022 квм талбайтай Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаа бүрт холбогдох норм, дүрэм, журамд заасан хугацаанд хийх үед саад болохгүй байхыг хариуцагч Г.Г ХХК, М.Т ХХК-иудад даалгах,

 

1.6. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж Т.А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг Т.А ХХК-иас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч М.К ХХК нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нэхэмжлэгч М.К ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 0121 тоот гэрээний дагуу 5А магистралийн Т-519 салаа шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч байгууллага бөгөөд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж-32 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг өмчилдөг, тухайн барилгын дулааны эх үүсвэр нь 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамаар дамждаг бөгөөд энэхүү хос шугам нь 5А төв магистрал шугамаас дулаан авч, ... хотхоны дундуур дамжин өнгөрдөг. Уг шугам нь нэгж талбарын ... дугаартай 7,729 м.кв талбай бүхий М.Т ХХК, ... дугаартай 11,022 м/кв талбай бүхий Г.Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрдөг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүтэн байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж заасны дагуу бид энэхүү шугамын ихэнхийг өнгөрсөн жилүүдэд сольж шинэчилсэн байсан ба 2020 оны хавраас шугам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх гэтэл М.Т ХХК нь манай дулааны шугам дээр хашаа, саравч барьсан байсан. Манай компани 2020 оны хавраас дулааны шугамд засварын ажил хийх шаардлагатай, засвар хийж гүйцэтгэсний дараа хашаа, саравч хэвийн байдалд нь оруулах тул шугам солих ажилд саад учруулахгүй байх хүсэлтийг М.Т ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д бичгээр болон амаар удаа дараа гаргасан. Гэсэн хэдий ч М.Т ХХК нь хашаа руугаа нэвтрүүлээгүй, шугам байрлаж буй газар дээр их хэмжээгээр овоолсон барилгын хог хаягдлыг зайлуулахгүй байх, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан шугам солих ажлыг хийх гэтэл шугам байрлаж буй газар руу биднийг нэвтрүүлээгүй. Улмаар хүйтний эрч чангарсан 2020 оны 10 дугаар сарын дундуур манай объект дулаангүй болж хөлдөх, олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирол гарах аюултай нөхцөл байдал үүссэн тул П.Х ХХК-ийн шугамд түр холбогдож дулаан авсан. Хариуцагч М.Т ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж дулааны шугам дээр хашаа, саравч барьсан гэжээ.

 

3. Хариуцагч Г.Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж, татгалзлын үндэслэлээ ... Манай Г.Г ХХК нь М.Т ХХК-иас ... тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, нэгж талбарын ... дугаар бүхий, 11,022 м/кв талбайтай газрыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн авсан. Улмаар уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд тус хөрөнгийн доогуур М.К ХХК-ийн дулааны шугам явж байх бөгөөд уг шугам нь ашигладаггүй үхмэл шугам болсон байна. М.К ХХК нь шинээр трасс гаргаж нийтийн эзэмшлийн талбайгаар шугам татуулах ажлыг Т.А ХХК, Г.Г ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хамтарч гэрээ байгуулан хийхээр болсон. Одоо манай газар дээгүүр дахин трасс татуулах болон үл хөдлөх эд хөрөнгө буулгах боломжгүй. 2022 оны 05 сарын 04 өдрийн А/623 дугаартай Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж гарсан. Уг захирамжаар Г.Г ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож, ..., 1981210091 нэгж талбарын дугаартай 19,797 метр квадраттай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр эрхийг олгосон байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь 4 талт гэрээ, гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний нэг тал нь Г.Г ХХК хэвээрээ байгаа гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч М.Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан, татгалзлын үндэслэлээ ... Манай компани нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г.Г ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд тус газрыг 2 компанийн тохиролцоон дээр одоо ашиглаж байгаа болно. Бидний зүгээс М.К ХХК-ийн шугам солих ажилд саад учруулсан зүйлгүй бөгөөд харин тус газар дээр байгаа манай байгууллагын өмчлөлийн солих нэрийдлээр бидэнд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр нурааж гэм хорын хохирол учруулсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа гэж тайлбарлаж байна.

 

5. Хариуцагч Т.А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан, татгалзлын үндэслэлээ ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч М.К ХХК, Т.А ХХК, Г.Г ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иуд хооронд 4 талт оролцоотойгоор байгуулсан. Хариуцагч Т.А ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн мэдлийн ф150 мм голчтой шугамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд нэхэмжлэгч М.К ХХК-ийг дулаанаар хангасан ба 2021 оны дулаан хангамжийн улирал эхлэхээс өмнө М.К ХХК-ний шинэ трассаар татах шугамын ажил эхлэх үед Засгийн газрын шийдвэр гарч барилгын үйл ажиллагааг зогсоосон тул ажил хийгдээгүй, 4 талт гэрээгээр 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг Т.А ХХК-д хүлээлгэн өгсөн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах журмыг зөв хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3 дахь хэсэгт Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана гэж хуульчилсан. Гэрээний зарим талууд болох Г.Г ХХК-д гэрээнээс татгалзаж буй талаараа огт мэдэгдээгүй. Т.А ХХК болон Г.Г ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 171,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажлыг тухайн маргаан бүхий шугамын байршилд хийх шаардлагатай, үүний 90,000,000 төгрөг нь шугамыг шинэчлэх, засварлах бараа материалын өртөг. Ковид-19 нөхцөл байдал нь зөвхөн хөл хорио биш бараа материалын хомсдол буюу хилээр бараа материал орж ирээгүй байсан. Эдгээр нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж тайлбарлаж байна.

 

6. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-03/4251 тоот мэдэгдэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13/1989 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/2211 тоот албан бичгүүд, М.К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/121 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/127, 20/128, 20/137 тоот, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/129, 20/130, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/142, 20/143, 20/144 тоот, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 тоот мэдэгдэл, нэхэмжлэгч М.К ХХК, Г.Г ХХК, Т.А ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иундын хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан /4-т талт гэх/ гэрээ, түүний хавсралт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө хүлээлцсэн акт, Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, хавсралт, Дулааны шугамын заагийн зураг, эд материалыг худалдан авсан баримтын жагсаалт, төлбөрийн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг, зарлагын баримт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ... тоот гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, ... тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ... хотхон, ф219 мм-ийн дулааны шугам сүлжээний угсралтын ажлын төсвийг зэрэгт нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

7.1. Нийслэлийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/731 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээгээр хариуцагч Г.Г ХХК-д Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг, мөн Нийслэлийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1115 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээгээр хариуцагч Г.Г ХХК-д Баянгол дүүргийн 1 дүгээр хороо /одоо 24 дүгээр хороо/-ны нутагт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбай бүхий газрыг контор, үйлчилгээ, спорт агуулах, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг тус тус олгожээ.

 

7.2. Нэхэмжлэгч М.К ХХК нь Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, ... хотхоны дундуур дамжин өнгөрдөг 219 мм-ийн голчтой, 600 метр урттай дулааны хос шугамын эзэмшигч мөн болох нь зохигчдын тайлбар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны 13/2211 дүгээр, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 дүгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-03-4251 дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд энэхүү дулааны хос шугам нь хариуцагч Г.Г ХХК ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбай бүхий газраар, нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбай бүхий газраар дамжин өнгөрдөг, шугамын дамжин өнгөрч буй газар дээр хариуцагчийн өмчлөлийн саравч, хашаа байрлаж буй болох нь маргаан бүхий газарт шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлсэн фото зургуудаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

7.3. Хариуцагч Г.Г ХХК нь дулааны шугам эзэмшигч, нэхэмжлэгч М.К ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх шугаманд засвар үйлчилгээ хийх үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаж буй болох нь нэхэмжлэгчийн ... 2020 оны хавраас дулааны шугамд засварын ажил хийх шаардлагатай нөхцөл байдлаа тайлбарласан, засвараа хийж гүйцэтгэсний дараа хашаа, саравчийг хэвийн байдалд нь оруулах тул шугам солих ажилд саад учруулахгүй байх хүсэлтийг тавьсан. Гэсэн хэдий ч хашаа руу нэвтрүүлэхгүй, шугам байрлаж буй газар дээр их хэмжээгээр овоолсон барилгын хогийг зайлуулахгүй байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх хашаа, саравчийг нураах шаардлагыг өгснөөр барахгүй тухайн газрын төлөөллийг байлцуулан шугам солих ажлыг хийх гэтэл шугам байрлаж буй газар луу биднийг нэвтрүүлээгүй гэх тайлбар, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-03/4251 дугаар ...Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.К ХХК-ийн гадна дулааны шугамын ашиглалтыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн байцаагч С.Сэлэнгэ, М.К ХХК-ийн захирал А.Э, Т.А ХХК-ийн ерөнхий инженер Д.Х нарыг байлцуулан шалгалаа. Шалгалтаар М.К ХХК-ийн эзэмшлийн гадна дулааны шугамын хамгаалалтын зурваст танай компани Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т заасан зай хэмжээг зөрчиж агуулахын барилга барьсан байна. Хамгаалалтын зурвасыг чөлөөлж хариу ирүүлнэ үү гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

8. Хариуцагч Г.Г ХХК-д холбогдох шаардлагын талаар:

 

8.1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж зааснаар нэхэмжлэгч М.К ХХК нь өөрийн эзэмшлийн дулааны шугамын бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан хийж гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хариуцагч Г.Г ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоохыг шаардах эрхтэй тул хариуцагч Г.Г ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн /хуучнаар ... дүгээр хороо/ ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбайтай, мөн нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч М.К ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч М.К ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байхыг хариуцагч Г.Г ХХК-д даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8.2. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараахь замаар хязгаарлах эрхтэй /цаашид "сервитут" гэх/:, мөн 151.1.1-д хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах; гэж, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч М.К ХХК-ийн хариуцагч Г.Г ХХК-д холбогдуулан гаргасан дулааны шугамыг хөндөхгүй байх, шугамын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн зурвасыг чөлөөлөх, шугам солих, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй эзэмшил газраараа саадгүй нэвтрүүлэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Г ХХК-ийн эзэмшлийн газрыг хязгаартайгаар ашиглах эрхийг давхардуулан олгох шаардлагагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Хариуцагч М.Т ХХК-д холбогдох шаардлагатай иргэний хэргийн талаар:

 

9.1. Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч М.Т ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасантай нийцэх байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч М.Т ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

10. Хариуцагч Т.А ХХК-д холбогдох шаардлагын талаар:

 

10.1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж зааснаар нэхэмжлэгч М.К ХХК нь өөрийн эзэмшлийн дулааны шугамын бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан хийж гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоохыг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч хариуцагч Т.А ХХК нь Баянгол дүүргийн /хуучнаар 1 дүгээр хороо/ 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбайтай, мөн нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбайтай газруудын эзэмшигч болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.К ХХК-ийн тус компанид холбогдуулан гаргасан дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй эзэмшил газраараа нэхэмжлэгч М.К ХХК-ийг саадгүй нэвтрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10.2. Нэхэмжлэгч М.К ХХК, хариуцагч Т.А ХХК, Г.Г ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иудын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч М.К ХХК нь өөрийн эзэмшлийн 219 мм-ийн голчтой, 600 м-ийн урттай дулааны хос шугамыг гэрээний хавсралтад заасан трассаар шилжүүлэн байршуулахыг зөвшөөрөх, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 84 м ган хоолой, Л4 маркийн 60 м дулааны сувгийн тэвш, Л4 маркийн 60 м дулааны сувгийн хучилт зэрэг материалуудыг хариуцагч Т.А ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх, хариуцагч Т.А ХХК нь нэхэмжлэгч М.К ХХК-ийг өөрийн мэдлийн ф150 мм голчтой шугамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл дулаанаар хангах, 2021 оны дулааны улирал эхлэхээс өмнө М.К ХХК-ийн шинэ трассаар татах шугамын ажлыг стандартын дагуу өөрийн зардлаар хийж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч М.К ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14,369,937.12 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой 84 м орос ган хоолой, 1,805,100 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой отвод орос ган 10 ширхэг, 5,060,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60 м дулааны сувгийн тэвш 20 ширхэг, 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн хучилт 20 ширхэг, 153,000 төгрөгийн үнэ бүхий шивлер 6м зэрэг нийт 24,688,037.12 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Т.А ХХК-д хүлээлгэн өгсөн нь хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно. Энэхүү гэрээгээр хариуцагч Т.А ХХК нь өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгч М.К ХХК-ийн эзэмшлийн дээрх дулааны хос шугамыг гэрээний хавсралтад заасан трассаар шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч М.К ХХК-ийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Т.А ХХК-иас 14,369,937.12 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой 84 м орос ган хоолой, 1,805,100 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой отвод орос ган 10 ширхэг, 5,060,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн тэвш 20 ширхэг, 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн хучилт 20 ширхэг, 153,000 төгрөгийн үнэ бүхий шивлер 6м, нийт 24,688,037.12 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М.К ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 351,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Т.А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Г ХХК-ийн эзэмшлийн дээрх газрын нэгж талбарын дугаарыг нэхэмжлэлдээ ..., ... гэж ташаа бичсэн, техникийн шинжтэй алдааг шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг үндэслэн залруулж нэгж талбарын дугаарыг ..., ... гэж зөвтгөсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг баримтлан Баянгол дүүргийн /хуучнаар 1 дүгээр хороо/ 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбайтай, мөн нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч М.К ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч М.К ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байхыг хариуцагч Г.Г ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.К ХХК-ийн хариуцагч Г.Г ХХК-д холбогдуулан гаргасан дулааны шугамын дагуух газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч М.Т ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн /хуучнаар 1 дүгээр хороо/ 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 11,022 м/к талбайтай, мөн нэгж талбарын ... дугаар бүхий 7,729 м/к талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч М.К ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч М.К ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байх, газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.К ХХК-ийн хариуцагч Т.А ХХК-д холбогдуулан гаргасан дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй эзэмшил газраараа нэхэмжлэгчийг саадгүй нэвтрүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Т.А ХХК-иас 14,369,937.12 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой 84 м орос ган хоолой, 1,805,100 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой отвод орос ган 10 ширхэг, 5,060,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн тэвш 20 ширхэг, 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн хучилт 20 ширхэг, 153,000 төгрөгийн үнэ бүхий шивлер 6м, нийт 24,688,037.12 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М.К ХХК-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 351,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Т.А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР