Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Г овгийн Э-гийн С-д холбогдох 2516000870085 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овгийн Э-гийн С.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** бааранд үйлчлүүлж байх үеэрээ хохирогч ***-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрүү, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын М бааранд үйлчлүүлж байх үеэрээ хохирогч О.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрүү, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь:

1. Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 03 дугаар сарын 05-aac 2025 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө найз Ц, О нарын хамт *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** бааранд орсон юм. Би хоёр найзын хамт *** баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад гаднаас 2 залуу орилж чарлаж орж ирсэн. Тэгээд тухайн 2 залуу хаана ямар ширээнд суусан би анзаараагүй нэг мэдэхэд миний хажуу талд нэг залуу ирээд надад хандан Чи ахыгаа таних уу намайг *** сумын азарга *** гэдэг намайг таних уу гээд дахин дахин асуугаад байхаар нь би тухайн залууг танихгүй гэдгээ хэлэхэд *** гэх залуу миний зүүн хөл хэсэг рүү хавсрахаар нь би хойшоо 2-3 алхах үед *** гэх залуу манай найз О болон Ц хоёрыг цохиж авах гээд дайрах үед баарны эзэн бололтой нэг охин, зөөгч охины хамт ирээд *** гэх залууг бид нараас салгаж холдуулсан. Манай найз ***, *** бид гурав үйлчлүүлж байсан ширээн дээрээ ирж суугаад авсан пивоо ууж дуусгаад явах гэж байхад нөгөө *** гэх залуу манай ширээн дээр ирээд шууд миний нүүр хэсэг рүү цохиж авахаар нь би босож ирээд *** гэх залуутай заамдалдаж авах үед Э.С миний нүүр рүү дахиад 2-3 удаа цохиж авсан. Тэгээд бааранд цагдаа орж ирээд Э.С гэх залууг авч явах гэж байгаад үлдээгээд явсан ба би найзуудын хамт гэртээ харих гээд явсан. Маргааш өглөө босоход миний зүүн хацар эрүү хэсэг өвдөөд байхаар эмчид үзүүлэхэд миний эрүүний яс цуурсан байсан. Би Э-ийн С гэх хүнийг танихгүй. Э.С нь миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа гараараа цохисон. Би Э.С-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний эрүү хэсэгт зүүн талдаа хугарсан. Би гомдолтой байна... Э.С миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24 дүгээр тал/

2. Гэрч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2025 оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө *** баарыг ажиллуулж байхад гаднаас хоёр залуу нэлээн согтолтой орж ирэхээр би манайх архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэхэд хүнээс юм асуучхаад гарлаа гэж хэлсэн. Тэгээд нэг дээлтэй залуу нь бүжгийн талбайд бүжиглэж байсан гурван залуу дээр очоод юм ярих шиг болоод нэг залууг татаад хавирахад нөгөө залуу хойшоо 2-3 удаа алхаад газар уналгүй хоёр хөл дээр зогссон. Би тухайн бүжгийн талбай дээр байсан 3 залуу мөн сүүлд очсон дээлтэй залуу дээр очоод боль гээд цааш түлхээд битгий хэрүүл маргаан, зодоон үүсгэх гээд бай гэж хэлэхэд нөгөө дээлтэй ах би энэ 3 залуутай уулзаад хэдэн үг сольчхоод явлаа гэхэд нөгөө 3 залуу бааранд сууж байсан ширээ рүүгээ явсан. Нөгөө дээлтэй ах ширээн дээр сууж байсан 3 залуу дээр очоод нэг залууг цохих шиг болоод нөгөө залуутай барьцалдаж аваад хоорондоо нэг удаа цохихоор нь би дундуур нь ороод мөн дээлтэй залуугийн найз зодолдож байгаа хоёрын дундуур ороод салгасан. Тухайн дээлтэй залуу өөрийгөө Ж сумын азарга С, Э.С гэдэг асуугаарай та нар гээд орилоод байсан. Би Э.С гэх хүнийг танихгүй. О.Б гэх хүнийг танина. Заримдаа манай баараар үйлчлүүлээд гардаг. Миний харснаар Э.С нь О.Б-ын нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. О.Б нь Э.С нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд газар унацгаасан газар унасан байхдаа хэдэн удаа цохисныг нь би хараагүй. С, О.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр тал/

3. Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 05-06-д шилжих шөнө *** аймгийн *** сумын *** багийн *** бааранд Б, О гэх найзтайгаа гурвуулаа орсон юм. Тэнд 3-лаа тус бүрдээ 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг уусан. Тэгээд талбай дээр бүжиглэж байхад өөрийгөө Азарга Э.С гэж таних уу гээд манай найз Б-ыг хавсарч газарт унагасан. С-ийн найз нар нь салгаж аваад явахад буцаж гүйж ирээд Б-ын эрүү тус газарт 3-4 удаа гараараа цохиж бид нар салгасан. Азарга Э.С гэж танихгүй. Өөрийгөө Ж сумын Азарга Э.С гэж таних уу гээд манай найзын биед халдсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар тал/

4. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед О.Б-ыг бүжгийн талбайд бүжиглэж байхад нь нэг залуу ирээд хавсраад намайг мэдэх үү? Э.С гэж мэдэх үү? гээд орилоод байсан. Тухайн өдөр О.Б бүжгийн талбай дээр бүжиглэж байхад танихгүй ах О.Б-ыг ирээд эхлээд хөлөөрөө хавсраад түлхсэн. Тэгээд байж байхад хүн ирж салгахаар нь бид гурав ширээн дээрээ очоод суусан. Сууж байхад дахин ирснээ О.Б-ын эрүү хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгээд хүмүүс ирээд дахиад салгасан. Тэгээд манай найз зөрүүлээд тэр ахтай зөрүүлээд цохилцсон гэхдээ хаашаа цохисныг нь бол хараагүй, тэр ахын толгойноос цус гарсан байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр тал/

5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 03 дугаар сарын 11-ний зэргийн өдрийн 109 дугаартай “ 1. О.Б-ын биед доод эрүү ясны хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. О.Б-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 42- 43 дугаар тал/

6. Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...энэ хэрэгт холбогдуулан О.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 50.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна. 100900020080 тоот төрийн сангийн дансанд төлбөрийг хийлгэж өгнө үү....” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар тал/,

7. Хохирогч О.Б-ын гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлт, /хх-ийн 09, 19 дүгээр тал/

8. Яллагдагч Э.С-аас эрүүл мэндийн даатгалын санд 50.000 төгрөгийг төлсөн баримт, /хх-ийн 16 дугаар тал/ болон бусад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С-ын хохирогч О.Б-ын биед учруулсан гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр хохиролд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Э.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, баруун нүдний дээд, доод нулимсны сувгийн тасрал буюу хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч О.Б-д учирсан хохирлыг барагдуулсан зэргээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Э.С-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Г овгийн Э-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг 550 (таван зуун тавь)нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР