Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01454

 

 

 

 

 

 

 

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/01454

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Б

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 81/4 байрны 102 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Их монгол овогт Эрдэнэбатын Э  /рд:УК87042979/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б  нь Э.Э од холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э.Э той Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Mercedes Benz G500 маркийн WDB4632361X195622 арлын дугаартай автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдаж, тус төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч Э.Э  нь өнөөдрийг хүртэл автомашины төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн биеэр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 70 000 000 төгрөгийг төлнө, үүний дараагаар үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөх өдрийг тохирно гэдгээ илэрхийлсэн боловч ердөө 30 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх нийт 648 хоногийн алданги 259 200 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг үндэслэн нийт үнийн дунгийн 50 хувь болох 40 000 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 80 000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг нийт 120 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийг шүүхэд нэхэмжлэл гардаж авахдаа мэдүүлсэн хаягаар албадан ирүүлэхээр өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

  1.  Нэхэмжлэгч талаас, Н.С-ын Хаан банкны 00000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 416 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Mercedes Benz G500 маркийн 0000 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагч Э.Э ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гараар бичсэн баталгаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л.Б  би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Э.Э той Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж Mercedes Benz G500 маркийн WDB4632361X195622 арлын дугаартай автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдах, тус төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч Э.Э  нь өнөөдрийг хүртэл автомашины төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн биеэр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 70 000 000 төгрөгийг төлнө, үүний дараагаар үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөх өдрийг тохирно гэдгээ илэрхийлсэн боловч 30 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 80 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 80 000 000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар тохиролцсоны дагуу алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч Э.Э  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 416 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч Л.Б  нь өөрийн өмчлөлийн, 2011 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Mercedes Benz G500 маркийн 0000 УБП улсын дугаартай, суудлын автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Талууд тус гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч хариуцагч Э.Э  нь автомашины үнэ 110 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсоноор тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй, түүнээс гадна хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, энэ талаар шүүхэд тайлбар ирүүлээгүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй барааг бэлтгэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчид үнийг төлөх үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардаж авсны дараа гэрээний зүйл болох автомашиныг хүлээж авсан эсэх талаар болон доголдолтой талаар ямар нэг тайлбарыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэлийн хувийн гардаж авах үед хэргийн материалтай танилцахдаа хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан “...Э.Э  миний бие Б.Х Mercedes Benz G500 маркийн машины урьдчилгаа болох 70 000 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлнө. Үлдэгдэл 40 000 000 төгрөг төлбөр төлөгдсөний дараа хугацаа тохирно. Э.Э , С.Б 2020.01.28” гэх бичмэл баримтын үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч 30 000 000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарлаж байх тул хариуцагч Э.Э  автомашины үнийн үлдэгдэл 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б од төлөх үүрэгтэй.

 

Мөн талууд дээрх гэрээний 3.6 дахь заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэж байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э оос автомашины үлдэгдэл төлбөрт 80 000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 757 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б од олгох нь зүйтэй.

 

7. Шүүх 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар тус хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн шүүхэд нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 81/4 байрны 102 тоот хаягаар хүргүүлэхэд бичиг хүргэгчээс “...хаягаар очиход тус тоотод Э  гэдэг хүн байдаггүй гэв” гэх тайлбар ирүүлсэн.

 

Улмаар шүүх хариуцагч Э.Э ын мэтгэлцэх эрхийг нь эдлүүлэх, түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг энэ өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулахад хариуцагч Э.Э  нь тухайн хаягт оршин суудаггүй талаарх илтгэх хуудсыг ирүүлсэн байна.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

 

Гэтэл хариуцагч Э.Э  нь хаягаа өөрчилсөн талаараа шүүхэд мэдэгдээгүй, түүнийг албадан ирүүлэх боломжгүй, мөн шүүх тус нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусах тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор мөн өдрөөс 30 хоногийн хугацаа дууссан, сунгасан хугацаа 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дууссан зэрэг нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд үндэслэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Э оос 120 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б од олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 757 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ