Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/285

 

 

 

 2025         04            25                                     2025/ШЦТ/285                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Хыг Ххххөдөр ххх минутын орчимд Хххх дүүргийн 14 дүгээр хороо Ххххын уулзвар дээр Хххх маркийн Хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Ххххийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.        

                       

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн   дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Х нь Ххххөдөр ххх цагийн үед Хххх дүүргийн ххх хороо Ххххын уулзвар дээр Хххх маркийн Хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Л.Ххххийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай ххх дугаар мөрдөгчийн тогтоол, хххх Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-н 01, 03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Осол болсон газар нь Хххх дүүргийн хххх хороо, Ххххын уулзвар дээр урдаас хойш чиглэлийн замын ххх эгнээнд хойд зүгт харан зогссон хар өнгийн Хххх маркийн Хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчийг мөргөсөн гэх бөгөөд явган зорчигчийг мөргөсөн цэгийг явган зорчигч, жолооч нараар заалгаж А мөргүүлээд унасан цэгийг Б үсгээр замын зүүн талд байх дугааргүй гэрлийн шонг үл хөдлөх цэгээр авч В үсгээр тэмдэглэн хэмжилтийг хийхэд А-г Б хүртэл 2.0, А-с В 3.60х 4.80х 4.50м, А-с явган хүний гарц хүртэл 9.70м, авто машины зүүн талаас замын голын шугам хүртэл 4.10 м, хойд дугуйнаас 4.60 м байв. Б-с замын зүүн хашлага хүртэл 2.40м байв. Замын орчны байдал: Асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.” гэх тэмдэглэл /хх-н 04-05/,

 

Ххххөдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 06-09/,

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тухай баримт /хх-н 10/,

Хохирогч Л.Ххххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр буюу ххх цагийн үед гэрээсээ гараад Ххххын уулзварын баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гараад хойноос урагш чиглэлийн 3 эгнээг гараад урдаас хойд чиглэлийн замын хх эгнээг дуусах гэж байхад миний баруун гар талаас нэг цагаан машин миний урдуур гараад явсан. Тэгээд би цааш явах гэхэд баруун талаас хар өнгийн машин ирээд мөргөсөн. Тэгээд би тэр машинд мөргөгдөөд газарт шидэгдээд унасан. Унахдаа тэр машины урд хэсгийг мөргөсөн, намайг газарт хэвтэж байхад тэрүүгээр явж байсан танихгүй хүн босгож өгсөн. Тэгээд цагдаа болон түргэн дууд гэж хэлээд миний барьж явсан юмнуудыг газраас түүж уутанд нь хийж өгсөн. Тэгээд миний охин руу залгаж мэдэгдсэн. Манай охин нөхөртэйгээ цуг ирсэн. Тэгээд намайг мөргөсөн машины жолоочид тэрүүгээр явж байсан хүмүүс дуудлага өгөөч ээ гэж хэлж байсан. Уулзвар дээр зогсож байсан замын цагдаа ирээд бүрэлдэхүүнээ дуудсан юм. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж байхад түргэн тусламж ирээд намайг үзээд ххх очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд үзлэг хийж дууссаны дараа би хүргэн, охины хамт ххх рүү очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун 2, зүүн 2-р хавирга хугарсан, хамар яс хугарсан, духанд зулгарч шарх үүссэн, хавдсан гэмтэл үүссэн гэмтэл үүссэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 13/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Ххххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хххх хороо Ххххын уулзвар дээр ххх өдөр ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Л.Ххххийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Хххх нь нийт 174,682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174,682 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк   дахь хххх дугаартай  дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 17/, 

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ххххгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн тээврийн хэрэгсэл нь Э.Хын өөрийнх нь машин байгаа юм. Э.Х нь манай охинтой гэр бүл болсон хүн байгаа юм. Тэгээд анх тухайн тээврийн хэрэгслийг худалдан авхад нь би туслаад өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авч өгсөн юм. Үндсэндээ бол өөрийнх тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч Э.Хын өөрийнх нь машин байгаа юм. Анх худалдаж авхад нь би туслаад өөрийнхөө нэр дээр зээл авч тухайн машиныг худалдаж авч өгсөн болхоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 25/, 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14402 дугаартай:

Л.Ххххийн биед баруун 2-р зүүн 2-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-н 27-28/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хххх техникийн хяналтын үзлэгийн төвийн хххх өдрийн ххх дугаартай:

Хххх маркийн Хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх? Хариулт: Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0.5 мм. урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.3кН, баруун талдаа 1.2кН зөрүү нь 8% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа О.9кН, баруун талдаа 1 кН, зөрүү нь 10% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа О.6кН, баруун талдаа 0.7кН хэвийн ажиллаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 17600 cd, хол дээрээ 56900cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16000cd, хол дээрээ 51900cd (стандарт10000-225000cd) байна. Асуулт: Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх? Хариулт: Уг тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байна. Асуулт: Учирсан эвдрэл гэмтлүүд нь шинэ хуучин аль нь болох? Хариулт: Уг автомашины дуут дохио ажиллахгүй нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл гэж үзэж байна. Асуулт: Тоормозны ямар системтэй байна вэ? Тоормоз бүрэн ажиллаж байсан эсэх? Хариулт: Уг автомашин нь шингэн дамжуулгын АВЗ бүхий тоормозны системтэй ба урд тэнхлэгийн тоормозны хүч зүүн талдаа 2.3кН, баруун талдаа 2.3кН зөрүү нь 0% (стандарт <20%), хойд тэнхлэгийн тоормозны хүч зүүн талдаа 1.7кН, баруун талдаа 1.5кН зөрүү нь 12% (стандарт <30%) тоормозны систем хэвийн ажиллаж байна. Асуулт: Тоормозны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, АВЗ бол дээрх тоормозны системүүдүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормоз гишгэхэд дээрх тоормозны мөр зам дээр үүсэх эсэх? Хариулт: Тухайн тээврийн хэрэгсэлийн хурд замын гадаргуу цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ. Асуулт: Тээврийн хэрэгслийн урд гэрэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх? Хариулт: Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11800cd, хол дээрээ 20600cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300cd, хол дээрээ 17500cd (стандарт10000-225000cd) стандартын шаардлага хангаж байна. Асуулт: Тээврийн хэрэгсэлд суудлын аюулгүйн бүс байгаа эсэх, бүрэн ажиллагаатай эсэх? Хариулт: Уг тээврийн хэрэгслийн сууддын аюулгүйн бүс бүрэн ажиллагаатай байна. Асуулт: Тус тээврийн хэрэгсэл нь 2023, 2024 онд оношилгоонд орж тэнцсэн эсэх? Оношилгооны хугацаа дууссан эсэх? Хариулт: Тус тээврийн хэрэгсэл нь ххх техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дууссан.” гэх шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хуудас /хх-н 37-38, 39/,

Шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би хххх цагийн хооронд Хххх захын өргөтгөл орж хүнээс юм авчихаад буцаад гэр лүүгээ явах болоод Хххх маркийн Хххх улсын дугаартай авто машиныг жолоодоод Ххххын уулзвараар зүүнээс хойд зүг рүү авто машинд зориулсан ногоон гэрэл асахаар нь урд явж байсан машинаа дагаад нэвтэрсэн юм. Тэгэхэд уулзварын хойд талын явган хүний гарцны гэрэл дохио бас ногоон баруунаас зүүн тийшээ гарч явсан хүмүүст зогсож зам тавьж өгсөн, тэр хүмүүс гарч дуусахаар нь хөдлөх гэхэд дахиад нэг хар хувцастай хүн баруунаас зүүн тийш чиглэн зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар гүйж орж ирсэн. Тэгээд тэр хүнийг замын голд ирэх үед явган хүний гэрэл дохио улаан өнгөөр солигдсон. Тэгээд тэр хүнийг гараад явсных нь дараа миний урд талд зогсож байсан цагаан машин хөдлөөд явахаар нь би дагаад хөдөлсөн. Тэгээд ойр орчимд хүн байхгүй байсан. Тэгээд би явган хүний гарц өнгөрөөд чигээрээ явж байхдаа замын 2-р эгнээнд явж байгаад баруун гар талын толиндоо харчихаад буцаад чигээрээ урагшаа харах үед гэнэт л хүн гараад ирсэн. Тэгээд би шууд машинаа тоормослож зогсоох арга хэмжээ авсан. Машин зогсож амжилгүй машиныхаа жолооч талын урд хэсгээр мөргөсөн санагдаж байна. Тэгээд тэр хүн мөргүүлээд мөргүүлээд газарт унасан. Тэгээд машин зогсоод би буугаад тэр мөргөсөн хүн дээр очиход газраас босч ирж байсан. Тэгээд газарт зам дээр тарсан байсан нүүрний будаг зэргийг түүж авч байхаар нь би цуг түүсэн. Би эхнэр лүүгээ хэлээд цагдаа болон түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэнд байсан замын хажуу талд байсан нэг хүн ар гэрийнхэндээ хэл гэж байсан. Тэр мөргүүлсэн хүн хүүхдүүд рүүгээ ярьж байх шиг байсан. Удалгүй нэг цагдаа ирээд юу болсон талаар асуугаад станцаараа яриад байх шиг байсан. Тэгээд байж байтал 40 орчим насны эрэгтэй хүн тэр мөргүүлсэн хүн дээр ирж уулзаад юм ярьж байсан. Нэг эмэгтэй, эрэгтэй хоёр ирсэн. Тэгэхээр нь би юм ярих гээд л ойртоод очиход тэр сүүлд ирсэн эмэгтэй нь над руу уурлаад хүн харахад яадаг юм гээд байсан. Тэгж байхад сүүлд ирсэн залуу нь утсаа гаргаж ирээд миний зургийг дараад машины зургийг дараад намайг тэнэг, мангараар нь дуудаад байсан. Тэгэхээр нь би цагдаа ирж байгаа, би дуудчихсан учрыг нь олоод өгөх байх гэж хэлсэн. Тэр залуу намайг үгийн зөрүүгүй зүүн чамархай хэсэгт гараараа цохисон. Тэгхээр нь би нүүрээ дараад эргээд харахад хөл рүү өшиглөөд дагз руу цохиод байсан. Тэгээд цагдаа ирээд болиулсан. Тэгээд байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд явсан.” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

ххх, Хххх ХХХХ-ийн баруун урд уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-н 67-68/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн хххх-нийн өдрийн:

“...Гэрлэн дохиотой уулзвар дээр тээврийн хэрэгсэл зогсож байгаа нь харагдаж байна. Явган зорчигч нь зам хөндлөн явган хүний гарцны хажуу талаар гарч байгаа нь харагдаж байна. Тээврийн хэрэгслээр явган зорчигчийг мөргөж байгаа нь харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-н 70-71/,

 

Хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт, хохирол төлсөн баримт /хх-н 94, 114/,

 

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, хохирлын баримтууд /хх-н 96, 98/,

 

 Хохирогч Л.Ххххийн Тээврийн прокурор газарт гаргасан:

“Л овогтой Хххх миний бие хохирол төлбөрт 1.762.000 төгрөгийг авсан. Одоо гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү. Жич: би шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /хх-н 105/,

Шүүгдэгч Э.Хын Тээврийн прокрорын газарт гаргасан:

“Э.Х миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-н 113/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, хувийн байдлын талаарх тодорхойлолт /хх-н 72-93/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Тээврийн Прокурорын газраас Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Э.Х нь Ххххөдөр ххх минутын орчимд Хххх дүүргийн 14 дүгээр хороо Ххххын уулзвар дээр Хххх маркийн Хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Ххххийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудсууд, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч дүгнэлт, автотээврийн үндэсний төвийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Хын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцсоны улмаас зам тээврийн осол гарч, уг ослын улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч Л.Ххххийн эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох эмнэлгийн байгууллагуудаас үзүүлсэн төлбөр 174.682 төгрөг гарсан байх бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу уг төлбөрийг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд шүүгдэгч Э.Х ххх сангийн хх тоот дансанд 174.682 төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогч Л.Ххххд учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

 

Хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, биеийн байдлын хувьд өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын ялын саналаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүгдэгч Э.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу хэсэгчлэн биелүүлэх бөгөөд уг ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна…” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар заавал хасахаар тогтоосон байх учир түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Эийн Хыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ