Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Н-ын А-д холбогдох 2416002890047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*** ургийн овогтой ***-ын ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед *** аймгийн *** сумын төвд байрлах "***" дэлгүүрийн орчмоос *** сургуулийн урд буух замдаа таксинд хамт зорчин явсан хохирогч ***-ийн эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***-т 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед *** аймгийн *** сумын төвд байрлах "***" дэлгүүрийн орчмоос *** сургуулийн урд буух замдаа таксинд хамт зорчин явсан хохирогч ***-ийн эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***-т 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.А гэм буруутай болох нь:

1. Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд *** аймгийн *** сумын төвд *** дэлгүүрийн орчмоос такси бариад эмнэлэг дээр буугаад гар утсаа хайгаад олоогүй. Өөрийн гар утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Удалгүй холбогдохгүй болсон. Би өөрийн гар утсыг таксинд явж байхдаа ашиглаж байсан. *** дэлгүүрийн орчмоос такси бариад эмээтэйгээ хамт сууж яваад эмнэлэг дээр буусан. Тухайн таксинд нь эмээ бид хоёрыг суухад өөр 2 эмэгтэй байсан. Эмнэлэг орох замдаа *** дээр 2 эмэгтэй хүн буулгасан. Дараа нь эмээ бид 2 эмнэлэг дээр буусан. Таксинаас буугаад гар утсаа хайгаад олоогүй. Такинд үлдээж буусан гэж бодож байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гар утас нь цэнхэр өнгийн Samsung А-52 маркийн 128 gb багтаамжтай гар утас байсан. Эрвээхэйний зурагтай өнгөгүй кэйстэй, шилэн наалттай, дэлгэц нь зүүн хэсэгтэй бага зэрэг хагарсан байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Хэвийн ажиллагаатай байсан. Би өөрийн гар утсыг 2022 онд аймгийн Мобиком салбараас 1,050,000 төгрөгөөр авч байсан. Гар утсыг 800,000 төгрөгөөр үнэлж байна. Эвдрэл гэмтэл байгаагүй. Такси барих үед жолооч нь өөр 2 эмэгтэй хүний хамт явж байсан. Эмээ бид 2 таксины тооцоог бэлэн мөнгөөр хийгээд буусан. Таксинд явж байсан хүмүүсийг огт танихгүй. Таксины жолоочийг танихгүй. Зүс харвал танина. Цагаан өнгийн приус машинтай байсан. Машины марк болон улсын дугаарыг нь хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дугаар хуудас/,

2. Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "... Цагаан өнгийн приүс машин байсан. Машин дээрээ шар өнгийн таксины тэмдэг тавьсан байсан. Би таксины хойд хаалгаар нь орж суусан. Дотор талдаа улаан өнгийн суудлын бүрээстэй, хойд талын суудал дээрээ улаан өнгийн хивс дэвссэн байсан. Өөр содон зүйл анзаараагүй. Улсын дугаарыг нь сайн хараагүй. 2024 оны 10 сарын 16-нд миний сууж явсан таксины жолооч нь 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн жолоочийн царайг нь харвал танина. Зураг дээр байгаа эрэгтэй болон таксины машиныг өмнө нь харж байсан. 2024 оны 10 сарын 16-ны өдөр "***" дэлгүүрийн эсрэг талын замаас эмээ бид 2 сууж эмнэлэг рүү явсан такси мөн байна. Дотор талдаа улаан өнгийн суудлын бүрээстэй, хойд талын суудал дээрээ улаан өнгийн хивс дэвссэн байсан болохоор таньж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

3. Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "... Би *** аймгийн төвд хувиараа такси үйлчилгээнд явдаг. 2015 оноос хойш таксинд явж байна. Би *** банкны *** дугаарын дансыг 2-3 жилийн хугацаанд ашиглаж байгаа. Хэзээ нээлгэж байснаа тодорхой санахгүй байна *** банкны *** дугаарын дансны хамтран эзэмшигчээр манай эхнэр *** байгаа байх. Сайн мэдэхгүй байна. Тухайн дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Би такси үйлчилгээнд байнга явдаг. Тухайн гүйлгээ нь надаар таксидсан хүний хийсэн гүйлгээ байх. Такси үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг байдаг. 3,000 төгрөгөөр хийсэн гүйлгээ нь гар утсанд мэдээлэл ирдэггүй учир би тооцоогоо 5,000 төгрөгөөр хийлгээд 2,000 төгрөгийг нь хариулж өгдөг юм. Би *** гэх хүн танихгүй. Тийм хүнтэй өр, авлагын асуудал байхгүй. Би *** улсын дугаартай, цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явдаг. Тухайн тээврийн хэрэгсэлтэй сүүлийн 4 жил таксинд явж байна. Би 2024 оны 10 сард *** улсын дугаартай цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байсан. Миний машин нь гадна талдаа бусад приүснээс ялгагдах содон зүйлгүй. Дотор талдаа улаан хүрэн өнгийн суудлын бүрээстэй. Цоохор өнгийн хивс суудал дээрээ тавьсан байдаг. Өөр содон зүйлгүй. Бусад машинтай ижилхэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 дугаар хуудас/,

-Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ- 921/437 дугаартай "Samsung A-52 маркийн гар утасны нийт бодит үнэ цэнийг 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

-Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/7535 дугаартай албан албан бичгээр 357265990247783 ІМЕІ кодтой утсанд ***-гийн ***-гийн эзэмшлийн *** дугаар 2024.10.18-ны өдрийн 12 цаг 51 минутад, ***-ын ***-гийн эзэмшлийн *** дугаар 2024.10.18-ны өдрийн 17 цаг 12 минутад орсон байна гэх ашигласан дугаар болон эзэмшигчийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

-*** банкны ***, *** дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25/ болон "***-ын ***-гийн нэр дээр бүртгэлтэй *** дугаарын дансны 2024.10.16-ны өдөр 15 цаг 03 минутад *** дугаарын данс руу 27915149 журналын дугаараар 1 гэх гүйлгээний утгаар 5,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна..." гэх дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-гийн хохирогч ***-ийн эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч *** нь уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

                2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч ***-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж, 2-т “Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч ***-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн 7 сартай жирэмсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулах нь зүйтэй байна.

3. Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-т 400,000 (дөрвөн зуун мянга)  төгрөгийн хохирол учирсан, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

4. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч ***-д холбогдох уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр болсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОДБАЯР