| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/ШШ2022/01473/И |
| Дугаар | 102/ШШ2022/01656 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/01656
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Н.Хангал, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, .. дүгээр хороо, ЧӨЧ-.., П оффис, .. давхарт байрлах, Мд ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, .. дугаар хороо, Ю төв, ... тоотод байрлах, Н ХХК /РД:......./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С,
хариуцагчийн төлөөлөгч: М.Ц,
иргэдийн төлөөлөгч: Б.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компанийн эд хөрөнгийн даатгалын даатгуулагч О.Б-Э-ийн амьдардаг Х-У дүүрэг, .. дүгээр хороо ...-р байрны .. тоот байранд 2021 оны 01 дүгээр сарын ..-ний өдөр дээд давхрын .. тоот айлын халаалтын далд шугамд гэмтэл гарч ус алдсаны улмаас даатгуулагчид ............ төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг манай байгууллагын зүгээс Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,14.7 дахь хэсэгт заасны дагуу барилга барьсан захиалагч, зураг төсөл зохион бүтээгч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигч нарын аль буруутай этгээд үйлдлийн хохирлыг хариуцан арилгана гэсэн заалтын дагуу тухайн барилгын сантехникийг хариуцаж гүйцэтгэсэн Н ХХК хариуцан гүйцэтгэсэн юм байна. Хуульд зааснаар барилгын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. Энэ хугацааны дотор барилгын далд шугамд задарч ус алдсан учраас Н ХХК-аар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлж авсан. Энэхүү шилжүүлж авсан шаардлагын дагуу даатгуулагчид олгосон нөхөн төлбөрөө Иргэний хуулийн 497.1, 510.1 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар нэхэмжилсэн. Нийт учирсан ............ төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хариуцах 10 хувь болох төлбөрийг хасаад даатгуулагчид .......... төгрөгийг олгосон. Энэхүү .......... төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч М.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай байгууллага нь Мд ХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан Х-У дүүрэг, 4 дүгээр хороо ...-р байрны сантехникийн ажлыг гүйцэтгэсэн. Тус барилгын ерөнхий гүйцэтгэгч болох Уранбилэг констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Манай хийсэн сантехникийн шугам задарсанд манай байгууллагын буруутай эсэхийг тогтоосон баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн барилгын шугам задрах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох хэрэгтэй. Тухайн үед ашиглалтад орсон 5 барилга байдаг. Энэхүү 5 барилгаас 4 барилгад зөвхөн халаалтын шугам хагарч ус алдсан. Тухайн 4 барилгын сантехникийн шугамыг 4 өөр байгууллага, 4 өөр материалаар хийсэн. Гэтэл тухайн 4 барилгад адил гэмтэл буюу шугам задарсан байна. Эдгээр 4 барилга нь нэгдсэн нэг систем, ус дулаантай. Дулаанаас болж халаалтын шугам задрах магадлал өндөр. Зөвхөн манай байгууллагын хийсэн шугам задарсан бол зөвшөөрөх боломжтой. Гэтэл 4 өөр барилгын 4 өөр гүйцэтгэл, материалаар хийгдсэн байхад эдгээр 4 барилгад нэгэн адил ус алдсан тохиолдол гарсан. Тиймээс халаалтыг шугамд задарсан асуудал нь манайхтай холбоогүй. Манай байгууллага барилгын сантехникийн шугамыг хийсэн болохоос тухайн шугам дотор явж байгаа ус, усны температур, усны даралт зэргийг зохицуулах, хангах үйл ажиллагаанд оролцохгүй. Д д п ХХК нь усны температур, даралт зэрэг ашиглалтыг хариуцан ажилладаг байгууллага. Би тухайн сантехникийн шугам дотор явж байгаа усны даралт, температураас шалтгаалсан тухайн шугам задарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
Хариуцагч Н ХХК нь энэ тохиолдолд гэм буруугүй гэж үзэж байна. Мд ХХК нь тухайн хохирлын асуудлаараа барилгыг хариуцсан компанитайгаа учраа олох нь зүйтэй санагдаж байна. Учир нь энэ шугам задарсан асуудал нь ганц Н ХХК дээр биш олон газарт гарсан байна. Тиймээс ашиглалтын буруу үйлдэл байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй гэв.
4.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн тодорхойлолт /хх-6/, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-8/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, О.Б-Э-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-9/, Д д п ХХК-ийн албан бичиг нотариатаар батлуулсан хуулбар /хх-10/, Орон сууцны зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-11-12/, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-13-21/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-22/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
5. Хариуцагч байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-29/, Н ХХК-ийн дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-30-31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мд ХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Нэхэмжлэгч Мд ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Х-У дүүрэг, 4 дүгээр хороо ...-р байрны .. тоот байрны сантехникийн шугам задарсны улмаас даатгуулагч О.Б-Э-ийн өмчлөлийн орон сууцанд хохирол учирсан бөгөөд уг хохирлыг даатгалын гэрээний дагуу Мд ХК нь даатгуулагч О.Б-Э-эд .......... төгрөгийн нөхөн олговор олгосон тул хариуцагчаас О.Б-Э-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд .......... төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Н ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ: ...Манай компани Х-У дүүрэг, 4 дүгээр хороо ...-р байрны сантехникийн ажлыг хийж, гүйцэтгэсэн боловч уг сантехникийн шугам задарсанд манай байгууллагын буруутай болохыг тогтоосон баримт байхгүй. Учир нь ус алдах олон шалтгаан нөхцөл байдаг. Тухайлбал: тухайн сантехникийн дотор байгаа усны даралт, температур зэргээс шалтгаалж ус алдаж болно. Тухайн барилгын ус дулааны ашиглалтыг өөр компани хариуцан ажилладаг бөгөөд ус алдсан шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Мд ХК болон О.Б-Э-э, Б.Болорцэцэг нарын 20.. оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, О.Б-Ээ нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, О.Б-Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д д п ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр үйлдсэн Ус алдсан тухай тодорхойлолт, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, даатгалын төлбөр шилжүүлсэн санхүүгийн баримт, Н ХХК-ийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад зохигч маргаагүй. Үүнд:
4.1.Иргэн О.Б-Ээ нь Х-У дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж, ... байрны .. тоот хаягт байршилтай 61,11 м.кв талбай бүхий хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг орон сууцаа нэхэмжлэгч Мд ХК-тай 20.. оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ээр даатгуулсан байна.
4.2.Даатгуулагч О.Б-Эийн өмчлөлийн орон сууц байрлах ... дүгээр байрны сантехникийн шугамыг хариуцагч Н ХХК хийж гүйцэтгэсэн байх бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын ..-ний өдөр тус байрны халаалтын далд шугамд гэмтэл гарч О.Б-Эийн өмчлөлийн .. тоот орон сууц руу ус алдсан болохыг тус байрны ашиглалтыг хариуцан ажилладаг Д д п ХХК тогтоожээ.
4.3.Дээрх далд шугамын гэмтлийн улмаас даатгуулагч О.Б-Эийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-аас үнэлж, хохирлын үнэлгээг 1,255,600 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагч О.Б-Ээд даатгалын нөхөн төлбөрт .......... төгрөгийг төлсөн байна.
5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Мд ХК нь даатгалын гэрээнд заасан үүргийнхээ дагуу даатгуулагч О.Б-Ээд учирсан хохиролд нөхөн төлбөр олгосон болох нь тогтоогдож байх тул уг нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, аливаа даатгуулагчид даатгалын тохиолдол үүссэн, улмаар даатгагч нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нөхцөлд шаардах эрх шилжихийг дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан. Хариуцагч Н ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн шугам задарч даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй.
6. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж, мөн хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэжээ.
Даатгалын гэрээний зүйл болох Х-У дүүрэг, 4 дүгээр хороо ...-р байр ашиглалтад ороод дээрх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй гэдэгт зохигч маргаагүй бөгөөд хариуцагч Н ХХК нь уг орон сууцны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэснээс гадна уг гэмтсэн халаалтын шугамыг өөрийн зардлаар сольсон болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Иймд хариуцагч Н ХХК нь өөрийн хийсэн сантехникийн шугамын хэвийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад тус шугамд гарсан гэмтлийн үр дагаврыг буюу тус гэмтлийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н ХХК-аас .......... төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Мд ХК-д олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Н ХХК нь тухайн хохиролд гэм буруугүй байна. Халаалтын шугам хэний буруутай үйл ажиллагааны улмаас гэмтсэн талаар тогтоогоогүй байна гэж дүгнэсэн болно.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 61,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 61,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Н ХХК-аас .......... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,671 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 31,671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дүгээр зүйлийн 1...4, 1...7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ШҮҮГЧИД Н.ХАНГАЛ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ