Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-т холбогдох эрүүгийн 2516000000093 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*** ургийн овгийн ***-гийн ***.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 40 минутын үед *** аймгийн *** сумын *** баг, *** хороолол *** тоотод байх хадам ээж ***-гийн гэрт гал тавьсны улмаас гэрийн урд хэсэг шатаж, хохирогч ***-д 1,248,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өглөө 06 цаг 15 минутын үед босоод 06 цаг 30 минут арай болоогүй байхад аргал, нүүрсээр галаа түлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхээр 08 цаг 20 минутын үед гэрээсээ машинтайгаа гараад аймаг явсан. Аймаг явахдаа манай гэрт хүн үлдээгүй. Гэрээс гарахдаа гэрийн хаалгыг цоожлоод явсан. Гадна амбаарын хаалга цоожгүй, төмрөөр түгжсэн байсан. Манай хашаан дотор 3 гэр байдаг. Нэг нь манай илүү гэр, нэг гэр нь манай хүү ***-ын гэр байсан. Тухайн өдөр *** гэртээ байхгүй аймаг руу сургалтад явсан. Гэрт нь хадам ээж нь үлдсэн байсан. Тэгээд аймагт байхдаа миний дугаар луу *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *** залгаж хажууд байгаа хүнд утсаа өгөөрэй гээд манай бэртэй ярьсан. Манай бэртэй утсаар ярихдаа манай гэр шатсан талаар ярьсныг сонсоод, би тухайн үед орилоод бэрээс асуухад танай гэр шатсан байна. Зүгээр гэнээ гэж хэлсэн. Тэгээд шөнө 00 цаг болохоос өмнө сум дээр ирж гэртээ очиж үзэхэд амбаар аваад хаячихсан, гэрийн үүдэн хэсэг нь шатсан байдалтай байсан... Манай хүргэн *** 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай охинтой утсаар ярьж ээж хэзээ аймаг явах юм бэ? гэж асууж байсан гэсэн. Маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай хүргэн *** манай охин руу утсаар залгаж 2 хүү яасан бэ? гэж асуухад ээж аймаг аваад явсан гэж хэлсэн чинь өөр юу ч ярихгүй шууд утсаа тасалсан гэсэн. Дараа нь гэр шатсаны дараа манай охин *** хүргэн *** луу утсаар залгаж ээжийн гэрт очсон уу? Чи гал тавьсан юм биш биз гэсэн чинь би очоогүй, би гал тавиагүй шүү гэж хэлээд утсаа тасалсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

2. Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим *** сумын төвд айлд очих гээд явж байхад тухайн шатсан гэх айлын Үүдэн хэсгээс утаа, галын дөл гараад байхаар нь шатаж байсныг мэдээд шууд сумын Засаг даргын Тамгын газар дээр очиж хэлчхээд замаараа хүмүүст орилоод *** гэдэг залуу бид хоёр түрүүлж очоод бид хоёрын араас Засаr даргын Тамгын газрын жолооч ирээд араас нь бүх төрийн байгууллагын төрийн алба хаагчид болон сумын ард иргэд ирж, 2-3 минутын дотор галыг зогсоож, 5-10 минут гэхэд бүрэн унтраасан. Тухайн үед гал гарч байсан айл хүнгүй, гэрийн хаалга нь цоожтой, амбаар нь хадаасаар түгжсэн байсан. *** бид хоёр түрүүлж очсон. Бид хоёроос өмнө хүн очоогүй байсан... Тухайн үед амбаар гэрийн хаалга хоёрын завсраас гал гарсан, гэрийн үүдэн хэсэг нь шатаж байсан.... Амбаар дотор нь цахилгааны утас байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

3. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "... Одоогоор би Улаанбаатар хотод ганцаараа амьдарч байгаа. Би *** дүүргийн цэцэрлэгт туслах багшийн ажил хийж байгаа. Тус ажилд би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилд орсон. *** овогтой *** нь миний төрсөн ээж байгаа юм. Харин *** овогтой *** нь миний нөхөр. Би хувийн тааламжгүй харилцаа болон нөхрийнхөө архины хамаарлаас болоод нөхрөөсөө салах бодолтой байгаа. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд манай нөхөр болох *** нь миний *** дугаарын гар утас руу залгаад "Хоёр хүү хаана байгаа вэ?" гэж надаас асуусан. Би хариуд нь ээж хоёр хүүг аваад аймгийн төв явсан гэж хэлтэл манай нөхөр надад ямар нэгэн хариу хэлэлгүй гар утсаа тасалсан. Үүнээс 30 орчим минутын дараа манай үеэл болох *** миний фейсбүүк цахим хаяг руу ээжийн гэр шатаж байгаа зураг явуулсан. Удалгүй манай бэргэн болох *** миний гар утас руу залгаад "*** эгчийнд хүн байхгүй байгаа юм уу? Сая гэр нь шатаж онцгой байдлын алба хаагчид ирж унтрааж өглөө" гэж хэлсэн. Манай ээж болох *** нь манай нөхөр болох ***-тай таарамжгүй харилцаа өс хонзон санасан юм огт байхгүй. Манай нөхөр болох Д.А нь намайг өөрөөс нь сална гэснээс болж надад болон манай ээжид хар буруу юм санасан байж магадгүй гэж би таамаглаж байгаа. Би нөхөр болох ***-ыг манай ээжийн гэрийг шатаасан гэж бодож байгаа. Би ээжийн гэр шатаж байгааг ***-ын *** дугаарын гар утас руу залгаад "Чи яах гэж ээжийн маань гэрийг шатааж байгаа юм" гэж асуухад "Би өнөөдөр сум ороогүй" гэж хэлсэн. Үүнээс хэдэн цагийн дараа манай нөхөр над руу залгаад "Би хүүхдүүдээ харах гэж очсон. Бас цэнэглэгч хайх гэж очсон" гэж надад хэлсэн нь сэжигтэй санагдаад байгаа. Эхлээд ярихдаа би сум ороогүй гэж хэлсэн мөртлөө дахиад ярихдаа би очиж хүүхдүүдээ харах гэж, цэнэглэгч авах гэж очсон гэж хэлсэн учир надад сэжигтэй санагдаад байгаа. Мөн одоогоос 2, 3 хоногийн өмнө над руу Д.А залгаад намайг уучлаарай гэж хэлээд гар утсаа тасалсан " гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр тал/,

4. 2025 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Өрикканы хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 07-14 дүгээр тал/,

5. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Өрикканы *** аймгийн *** сумын *** багийн ***-ын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-22 дугаар тал/,

6. 2025 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Өрикжаны ***-ын эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-41 дүгээр тал/,

7. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч С.Энхбаярын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 040/02 дугаартай "Гал түймэр гэрийн үүдний хэсэгт үүсвэрлэн гарсан. Уг гал түймэр 3-4 минут уугин шатсан байдалтай байна. Тухайн гал түймэр нь шатах бодисын нөлөөгөөр шатсан тохиолдолд уугьж бус дүрэлзэн шатна, камерын бичлэгийн цаг хугацааг харахад үнс нурам, бага хэмжээний /тамхины иш, чүдэнзний гал, бусад/ гал түймэр гарсан байж болзошгүй гэж дүгнэв" гэх дүгнэлт, /хх-ийн 61-63 дугаар тал/,

8. “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны Өдрийн ТХҮ-925-12021 дугаартай "зах зээлийн бодит үнэ 1,248,000 төгрөг" гэх дүгнэлт /хх-ийн 69-73 дугаар тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрхи нотлох баримтуудаар Шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 40 минутын үед *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод байх хадам ээж ***-ийн гэрт гал тавьсны улмаас гэрийн урд хэсэг шатаж, хохирогч ***-д 1,248,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тус хэргийн тухайд шүүгдэгч Д.А нь хадам ээж ***-гийн эзгүйг мэдэж, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний гэрийг шатааж, устгасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа гэрийг нь шатааж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхэд нь зориуд хохирол учруулсан байх буюу гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Тиймээс шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.     

  Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ц.Д-гийн өмчлөх эрхэд 1,248,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн/хх 107-рт/ хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.А-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ө овогт Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Амгаланбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОДБАЯР