| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/04060/И |
| Дугаар | 102/ШШ2022/00992 |
| Огноо | 2022-03-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2022/00992
| 2022 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2022/00992 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б ХХК
Хариуцагч: АА
Үнэлгээ тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДБ ХХК нь хариуцагч ААнд холбогдуулан үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ДБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .. дугаар захирамжаар манай компаниас 1.7 тэрбум төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай компаний зээлэнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсаар 4 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж 2019 оны 11 дүгээр сар болон 2020 оны 04 дүгээр сард үнэлгээ хийлгэсэн байдаг. Манай компаниас АА болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч хуулийн тодорхой үндэслэлгүйгээр үнэлгээг дахин тогтоолгохоос татгалзсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох ..орон сууцнуудыг хариуцагч байгууллагаас хураан авч, 2020 оны 04 дүгээр сард .. ХХК-иар үнэлгээ хийлгэж 16 тоот орон сууцыг 56.285.890 төгрөгөөр, 6 тоот орон сууцыг 92.183.112 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Мөн 2019 оны 11 дүгээр сард .. ХХК-иар үнэлгээ хийлгэсэн .. тоот хаягтай 144.7 мкв талбайтай хувийн сууц, гараж, мөн хаягт 700 мкв талбайтай газар зэрэг нь 122.701.838 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлах эзэмших эрхтэй 20.000 мкв талбайтай газар 44.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Монгол улсад коронавируст цар тахал нэмэгдсэн, БНХАУ-аас орж ирж буй импортоос шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлтийн улмаас өнөөдөр барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлин үнэлгээ эрс өссөнийг бид бүгд мэдэж байгаа. Манай байгууллагын өр төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ нь 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн үнээс даруй 2 дахин нэмэгдсэн бөгөөд 2020 оноос хойш барилгын зах зээлд 1 мкв нь 1.500.000 төгрөгөөр зарагдаж байсан орон сууц 2.500.000-3.500.000 төгрөгөөр өсөөд байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэх, Яармаг орчим буюу Улаанбаатар хотын шинэ суурьшлийн бүсэд байрлах үл хөдлөх хөрөнгийн үнэ 2-3 дахин өссөн. Зах зээлин ханшийн зөрүүг тодорхойлбол ..орон сууц 92.000.000 төгрөг байсан бол өнөөдөр мөн хаягийн ойролцоо байрлах 45-59 кв талбайтай 2 өрөө орон сууц 125-150 сая төгрөгийн үнэтэй.. орон сууц 56.000.000 төгрөг байсан бол өнөөдөр мөн адил хаягийн 1 өрөө орон сууц 75-85 сая төгрөгний үнэтэй, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлах эзэмших эрхтэй 20.000 мкв талбайтай газар 44.000.000 төгрөг байсан бол өнөөдөр мөн хаягтай ойролцоо ижил газар 200-400 сая төгрөгийн үнэтэй, ..тоот хаягтай 144.7 мкв талбайтай хувийн сууц, гараж мөн хаягтай 700 мкв талбайтай газар зэрэг нь 122 сая төгрөг байсан бол өнөөдөр Сэлбэ, Бэлх, Гоодойн аманд байрлах ижил төстэй хувийн сууцнууд 350-480 сая төгрөгийн үнэтэй байна. Дээрх үнийн өөрчлөлт өнөөдрийн бодит ханш бөгөөд үнэлгээ тогтоосон 2019, 2020 оноос хойш 6 сар өнгөрсөн, анх тогтоосон үнээс 50-60 хувь хүртэл үнийн өөрчлөлт орж үнэлгээ өссөн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр харагдаж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч .. шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/0.. шүүгчийн захирамжаар хариуцагч ДБ ХХК-иас 1.711.547.559 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүрэг .. газар, Сүхбаатар дүүрэг ... 144.7 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гражийн эзэмших эрхийн . дугаарын гэрчилгээтэй 700 мкв газрын хамт, Баянгол дүүрэг .. 52.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг . 1 өрөө орон сууцнуудын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хураах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг томилсон. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд буюу 20000 мкв талбайтай газрыг 31.220.000 төгрөгөөр, Сэлбэ дэх .. тоот 144.7 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн хувийн сууц, гараж, эзэмших эрхийн 700 мкв газрын хамт 122.701.838 төгрөгөөр, 31 дүгээр байрны .. тоот 52.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 92.183.112 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол .. тоот 1 өрөө орон сууцыг 56.285.890 төгрөгөөр үнэлэгдсэнийг ДБ ХХК болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Манайд дахин үнэлгээ хийх гомдол гаргасан боловч хариуг нь албан ёсоор шүүхдээ ханд гэж өгсөн. Хоёр тал хүсэлт гаргасан тохиолдолд манайх дахин үнэлгээ хийдэг. Төлбөр авагч Капитал банк ХХК дахин үнэлгээ хийх хүсэлтийг гаргахгүй байгаа тул дахин үнэлүүлэх боломжгүй байна. Бидэнд ч гэсэн анхны үнээр зарахад хохиролтой байгаа. Яаж ч бодсон 2018-2019 оны ханшнаас хамаагүй зөрүү гарч байгаа юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №3/3799 Хүсэлтийн хариу өгөх тухай албан бичиг,
Хариуцагчаас эд хөрөнгө хураах тухай тогтоол, .. ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Барилга.мн 2020 оны 08 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сарын сэтгүүлд талуудыг байлцуулж үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019, 2020 оноос хойших барилгын материалын үнийн өсөлтийн улмаас барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эрс өссөн. Үнэлгээ тогтоосноос хойш 6 сар өнгөрсөн, анх тогтоосон үнээс 50-60 хувь хүртэл үнийн өөрчлөлт орсон тул дахин үнэлгээ хийлгэх, хариуцагч нь хоёр тал хүсэлт гаргасан тохиолдолд манайх дахин үнэлгээ хийдэг. Төлбөр авагч Капитал банк ХХК дахин үнэлгээ хийх хүсэлтийг гаргахгүй байгаа тул дахин үнэлүүлэх боломжгүй гэж тус тус шаардах эрх, татгалзлаа тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудаас ирүүлсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 102/ШШ2016/0.. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.707.200.583 төгрөгийг хариуцагч ДБ ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө ... газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 07 дугаар сарын 31, 2019 оны 08 дугаар сарын 02, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцааны хөрөнгийг хурааж битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, талууд үнийн санал гарган тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас шинжээч томилсон байна.
Хөрөнгийн үнэлгээний С ХХК нь Баянгол дүүрэг газар 44.600.000 төгрөгөөр тус тус зах зээлийн үнийг тодорхойлсон байна.
Хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд төлбөр төлөгч ДБ ХХК болон захирал Б.Баянцэцэг, хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч .. ХХК-ийн захирал нарт тус тус албадан дуудлага худалдааг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр явуулах болсныг мэдэгдэж, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хавсралтаар хүргүүлж гарын үсэг зуруулсан, улмаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж албан тоотоор хариуцагчид мэдэгдсэн, төлбөр төлөгч ДБ ХХК нь .. ХХК-ийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргаж тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 102/ШШ2020/02619 шийдвэрээр ДБ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож, шүүхийн шийдвэр, магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч ДБ ХХК нь Монгол улсад коронавируст цар тахал нэмэгдсэн, БНХАУ-аас орж ирж буй импортоос шалтгаалан барилгын материалын үнийн өсөлтийн улмаас барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эрс өссөн гэж тайлбарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хангах үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэ зах зээлд хэрхэн өөрчлөгдсөн талаар хийсэн үзлэгээр Хан-Уул дүүрэг ... тус тус үнэ ханштай байгаа болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар төлбөр төлөгч ДБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагч ААнд даалгах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар төлбөр төлөгч ДБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа үл хөдлөх хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагч ААнд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ААнаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ДБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА